| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0027/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг морьт овогт Булгамаагийн Ад холбогдох 1929000230014 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн зам дээр согтуугаар, иргэн С.Батжаргалтай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаж, улмаар түүнийг гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд Б.Агийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Цогтсайханы мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,
Б.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
Шүүгдэгч Б.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/,
Хохирогч С.Батжаргалын “ ...А нь гомдол барагдуулж бид эвлэрсэн тул хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн зам дээр согтуугаар, иргэн С.Батжаргалтай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаж, улмаар түүнийг гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч С.Батжаргалын: “...сумын атаман А байна таних уу гээд намайг цохиж зодож аваад байсан. Тэгээд би кабин дотроос гараад зугтах гэхээр намайг А нь гаргахгүй байсан. Тэгээд намайг зодож байгаад яваад өгсөн. Би тухайн үед машинаа журмын хашаанд байрлуулж орхиод сумын цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,
- Б.Агийн гэрчээр өгсөн: “...Би машин дотор нь орж байгаад би толгой хэсэг рүү нь цохисон. Тэгсэн манай нөгөө залуу хажуугаар орж ирээд боль гээд намайг аваад буулгасан...” мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
- гэрч Э.Цогтсайханы: “...араас ирсэн Шланз машин гүйцэж түрүүлж чадахгүй араас сигналдаад байсан. Тэгсэн А тэр машины кабинд орж жолоочийг нь зодох болсон. ....А нөгөө жолоочийн дээр нь гарсан зодож байхаар нь би Аг буулгаж аваад явсан...” мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №74 дугаартай шинжээчийн дүгнэлтд: “...С.Батжаргалын биед зүүн шанаа, уруулын дотор салстад шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 24-р хуудас/,
Б.Агийн яллагдагчаар өгсөн: “....би машин дотор нь орж байгаад нөгөө залуугийн толгой хэсэг рүү нь цохисон тэгсэн тэр залуугийн нүд улайж хавдсан байсан. Тэгээд би машин дотор нь нөгөө залууг зодож байтал манай нөгөө залуу хажуу талын хаалгаар орж ирээд боль гээд намайг аваад буулгасан...” мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч С.Батжаргалын “ ...А нь гомдол барагдуулж бид эвлэрсэн тул хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 47-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч Б.Аг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг морьт овогт Булгамаагийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА