Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Д.З /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тулга овогт Дэлгэрбатын Зд холбогдох эрүүгийн 1929000160016 дугаартай  хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Д.З нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ажилчдын кемпэд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гэрэлт-Одтой хувийн таарамжгүй харьцаанаас маргаж, улмаар шураг тайлагч /газув/-аар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Гэрэлт-Одын мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Х.Дүүрэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Х.Санжаасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Хүрэлбаганы мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Эрболдын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №72 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

Д.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,

  Шүүгдэгч Д.Згийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/,

  Хохирогч Б.Гэрэлт-Одын “ ...Д.З нь эмчилгээний зардал болох 1,100,000 төгрөг төлсөн тул хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Зд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

    Шүүгдэгч Д.З нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ажилчдын кемпэд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гэрэлт-Одтой хувийн таарамжгүй харьцаанаас маргаж, улмаар шураг тайлагч /газув/-аар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 - хохирогч Б.Гэрэлт-Одын: “...Би нөгөө Энхболдтой зууралдаад гарсан чинь З араас гарч ирээд сантехникийн Газув гэх зүйлээр миний толгойн ар хэсэг, дух хэсэгт цохисон. Би тухайн үед хойшоогоо савж газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- гэрч Х.Дүүрэндэмбэрэлийн: “...З гарч ирээд контейрнерийн хажууд байсан газув түлхүүр барьж Гэрэлт-Од ахыг толгой хэсэгт нь цохиод газар саваад унасан..” мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- гэрч Х.Санжаасүрэнгийн: “...З гарч ирээд “гартаа нэг төмөр зүйл барьсан шүү гэж хэлсэн. Тэгсэн нэг мэдсэн Гэрэлт-Од ахын толгойн хэсгээс нь цус гарч байхаар нь үзсэн чинь толгойн хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон байхаар нь би хүүе З ахаа та хүн алчлаа, цагдаа дуудлаа шүү гэж хэлээд бид нар хамт Цогтцэций сумын эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

- гэрч С.Хүрэлбаганы: “...Гэрэлт-Од ахыг аваад явах гэтэл З ах төмөр газув барьж ирээд Гэрэлт-Од ахыг цохиж авсан тэгтэл Гэрэлт-Од ах нүүр ам нь цус болсон байдалтай газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- гэрч Д.Эрболдын: “...Тэгээд юм ярьж байгаад З ахтай маргалдаад байснаа тэр хоёр барилцаад зодолдсон. Тэгээд З ах төмрөөр Гэрэлт-Од ахын толгой хэсэг рүү цохиод авсан. Тэгээд нүүр хэсэг нь цус болсон байсан ба бид нар салгаж аваад бид хэд кемпийн байр руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар дүгнэлтэд “...Б.Гэрэлт-Одын биед зулай, зүүг чихний ар хэсэг, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

    Хохирогч Б.Гэрэлт-Одын “ ...Д.З нь эмчилгээний зардал болох 1,100,000 төгрөг төлсөн тул хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 71-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч Д.Зг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Д.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тулга овогт Дэлгэрбатын Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зг 1100 /нэг мянга нэг зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000  /нэг сая нэг зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8  дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 40 см урттай сантехникийн ажилд ашигладаг хавчих зориулалт бүхий газув 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА