| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2019/0028/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Ж.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цэд холбогдох эрүүгийн 1829002050162 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.Ц нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон 10 075 000 төгрөгийн үнэлгээ бүхий 201.5 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч, 2018 оны оны 07 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо Уулын 1-5 тоотод зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж, Гашуун сухайт хилийн боомтоор нэвтрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 29-р хуудас/,
- Шинжлэх Ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний №150/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/,
- Ховор ургамлын жагсаалт, экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 97-113-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Норовсамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Баясгалантын өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Наранбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 170-р хуудас/,
- Шүүгдэгч Ж.Цийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ж.Ц нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон 10 075 000 төгрөгийн үнэлгээ бүхий 201.5 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч, 2018 оны оны 07 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо Уулын 1-5 тоотод зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж, Гашуун сухайт хилийн боомтоор нэвтрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт тээвэрлэсэн болох нь:
-Шинжлэх Ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн: “Уг дээж нь Манай оронд тархдаг Майлцтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Монгол улсын Байгалийн ургамлын тухай (1995) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно. Өдгөө тус ургамлын үндсийг түүж бэлтгэхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон БОАЖЯ-ны сайдын тушаалтай” гэх дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,
-Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай Экологи-Эдийн засгийн үнэлгээ батлах тухай тушаалын хавсралтаар “Дэвэргэр жиргэрүү 1 кг нь 50 000 төгрөг” гэх тушаал, тушаалын хавсралт /хх-ийн 97-113-р хуудас/,
-гэрч Ц.Норовсамбуугийн өгсөн: “...Улаанбаатар хотоос Цагаан хад руу ачаа ачуулах унаа хайж байгаа зар байхаар нь Баясгалант тэр хүнтэй нь яриад ачааг ачихаар ярьчихсан байсан учир 2018 оны 08 сарын 21-ний орой 01 цагийн үед Зүүнсалаанд байх тэр айлын хашаа руу нь ороход 3 танихгүй хүн байшин дотроос 25-26 орчим шуудайтай хөнгөн зүйл гаргаж шидээд Баясгалант бид хоёртой хамт явж байсан Наранбаатар бид хоёр машинд ачсан. Тэгээд бид нар ачаагаа ачиж дуусчхаад хөдлөх үед ачаа ачуулсан нүдний шилтэй намхан бор хүүхэн ачаатайгаа хамт явна гэхэд нь манай эхнэр ачаан дээр хүн авч явахгүй гээд тэр хүнийг үлдээсэн. ...2018 оны 08 сарын 23-ны орой 170 дахь километрийн ойролцоо цагдаад шалгуултал миний ачиж явсан зүйлийг шалгаад саатуулсан. ...тэр зүйлийг ачуулсан эмэгтэй манай эхнэртэй 700 000 төгрөгөөр ачуулахаар тохироод эхлээд 300 000 төгрөгийг бэлнээр өгөөд Цагаан хаданд буулгахаар үлдсэнийг нь өгнө гэж тохирсон байсан. Би тэр хүнийг харвал танина, манай эхнэртэй 99068668 гэсэн дугаараар холбогдож байсан. Би очиж ачсан газраа мэднэ. ...миний машинд 23 шуудайтай зүйл ачсан. Дараа нь цагдаагийн байгууллагад саатуулагдаад шуудайнаас гаргахад нэг шуудайнд 2-4 ширхэг хар өнгийн гялгар уутанд хийж скотчидсон зүйл байсан. Цагдаагийн байгууллага дээр жинлэж үзэхэд 201.5 кг, 69 ширхэг хар ууттай зүйл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
-гэрч П.Баясгалантын өгсөн: “...Цагаан хад руу ачаа ачна гэж зар тавьсны дагуу нэг эмэгтэй хүн 99068668 гэсэн дугаараас залгаад хаана байна, Цагаан хад руу ачаа ачих гэсэн юм гээд гэрийнхээ хаягыг зааж өгсний дагуу Зүүнсалааны 1-р буудал, Уулын 2-5 тоотод хүрээд ир гэхээр нь тэр хаягаар очсон. ...тэгээд тэр эмэгтэй надад бэлнээр 300 000 төгрөг өгөөд ачаагаа аваад хамт явна гэхээр нь би ачаа чинь ийм овортой болж байна бид нар жаахан хүүхэдтэй яваа учраас авч явах боломжгүй гэдгээ хэлэхэд өөр унаагаар Цагаан хад яваад ачаагаа авахдаа үлдсэн 400 000 төгрөгөө өгнө гэж хэлээд үлдсэн. ...тэр хүмүүс анх жинлээд шуудайлахдаа 190 кг гэж байсан. Цагдаагийн байгууллага дээр жинлэж үзэхэд 201.5 кг болсон байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
-гэрч Б.Наранбаатарын өгсөн: “...Тэгээд бид нар Багануураас гараад Улаанбаатар хот ороод шөнийн 01 цагийн үед Зүүн салаанаас шуудайтай хөнгөхөн зүйл ачаад хөдөлсөн. Зүүнсалаанд очиход нүдний шилтэй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн ачуулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирол төлбөрийн хувьд:
Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл хангагдаж байх бөгөөд тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний өрхийн орлого тодорхойгүй тул торгох ял шийтгэх нь тохиромжгүй учир дээрх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 176.65 кг бүхий 69 боодол “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг чанар нь муудсан талаарх дүгнэлт байхгүй тул шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн орлого болгож, Ж.Цийн Е1812014 дугаартай гадаад паспортыг буцаан олгох нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэгэр овогт Жамбалдоржийн Цийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Цийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж нийтдээ 176.65 кг бүхий 69 боодол “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсвийн орлогод оруулж, Ж.Цийн Е1812014 дугаартай гадаад паспортыг буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА