Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2024/00006

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01474 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Гэрээний үүрэгт “12.700.000 төгрөг гаргуулах”  тухай үндсэн нэхэмжлэлийн, 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д ******* дугаар дансанд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөгийг зээлж, 2022 оны 04 сарын 18-ны өдөр 7.700.000 төгрөгийг төмсний үр авах гэж нийт 12.700.000 төгрөгийг зээлэх нөхцөлтэйгөөр өөрийн дансаар шилжүүлэн өгсөн. ******* нь өнөөг хүртэл төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд цаашид ч уг зээл, төмсний үрний төлбөр төлж барагдуулах эсэх нь эргэлзээтэй.

            Иймд хариуцагч *******гаас 2021 оны 10 сарын 04-ний өдрийн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр 7.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна

Миний бие ******* нь 2009 оноос хойш хүнсний ногоо тарьж ургуулан түүнийгээ худалдан борлуулж өрхийн амьжиргаагаа залгуулж ирсэн ногоочин хүн билээ. Нэхэмжлэгч ******* нь  миний хувийн зооринд байх луувангаас худалдаж авна гэсэн тул би *******аас 5.000.000 төгрөг урьдчилж авсан. Гэтэл 2021 оны 05 сар хавьцаа ******* нь луувангаа авах гээд манай зооринд очих үед лууван муудаж ялзарсан байсан. Намар нь би ногоогоо хураагаад Ж.*******ад 3.000.000 орчим төгрөгийн ногоо  өгсөн.

Удалгүй ******* нь төмсний үр авъя гээд 7.700.000 төгрөг шилжүүлсэн . Уг төмсний үрээ авах хугацаа нь болох үед надаас бус нэхэмжлэгч *******аас шалтгаалж өөрөө төмсний үрээ авч чадаагүй. Би түүнд намар ногоогоо хураагаад таны мөнгийг эргүүлээд өгье гээд түүнтэй тохирсон байсан.

Удалгүй би өөрийн танил н.******* ахаас 220 шуудай лууван, өөртөө худалдан авч байгаад ******* эгчид зарах гэсэн боловч надтай огт харьцахгүй байсан тул өөрийн найз н.*******аараа дамжуулж *******ад худалдахаар явуулсан. Тухайн үед 1 шуудай лууван 100.000 төгрөг байсан бөгөөд би 220 шуудай буюу нийт 22.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа худалдаалахаар явуулсан. ******* ногоог хүлээн аваад эхлээд 10.000.000 төгрөгийг төлөөд хэд хоногоос 12.000.000 төгрөг өгье гэсэн. Тухайн ногоог хүлээн аваад 10.000.000 төгрөг өгснөөс өөр мөнгө нэмж өгөөгүй. Манай нөхөр түүнээс очиж мөнгөө нэхэхэд надад зарсан лууван чинь угаасаа муу лууван байсан, бүгд ялзраад алга болсон гэж огт үндэслэлгүй худал зүйл ярьж мөнгийг минь өгөөгүй. ******* нь миний зарсан лууванг үнэхээр муу байсан бол худалдаж авч урьдчилгаа мөнгө өгөх шаардлагагүй байсан.  Гэтэл үзэж, харж хүлээн аваад зарж борлуулсныхаа дараа муу лууван байсан би зарж борлуулаагүй, бүгд муудаад дуусчихсан гэх хэн ч итгэмээргүй зүйл яриад сууж байсан. Миний бие хэдий түүнд гомдож байсан ч урьд түүнд өртэй байсан тул тухайн өрөндөө суутгаад тооцчихоорой гээд орхисон.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь өмнө нь өгсөн байсан 5.000.000 төгрөгтөө 3.000.000 орчим төгрөгийн ногоог авсан атлаа надаас худалдаж авсан 220 шуудай луувангийнхаа үлдэгдэл болох 12.000.000 сая төгрөгийг өгөлгүй өрөндөө суутгаж тохирсон атлаа тухайн мөнгөнүүдийг надад зээлдүүлсэн гэж худал хэлэн өнөөдөр эргээд нэхэмжилж байгааг миний бие яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд хариуцагч миний бие *******аас 12.700.000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

...нэхэмжлэгч *******ад өөрийн найз н.*******аараа дамжуулж 220 шуудай лууванг худалдахаар явуулсан. Тухайн үед 1 шуудай лууван 100.000 төгрөг байсан бөгөөд 220 шуудай буюу нийт 22,000,000 төгрөгийн ногоо худалдаалахаар явуулсан. ******* ногоог хүлээн аваад эхлээд 10.000.000 төгрөгийг төлөөд хэд хоногоос 12.000.000 төгрөг өгье гэсэн. Гэтэл тухайн ногоог хүлээн аваад үлдэгдэл мөнгөө нэмж өгөөгүй. Манай нөхөр түүнээс очиж мөнгөө нэхэхэд надад зарсан лууван чинь муу лууван байсан, бүгд ялзраад алга болсон гэж огт үндэслэлгүй худал зүйл ярьж мөнгийг минь өгөөгүй. ******* нь миний зарсан лууванг үнэхээр муу байсан бол худалдаж авч урьдчилгаа мөнгө өгөх шаардлагагүй, худалдаж авсныхаа дараа муу гэдгийг нь мэдсэн бол тухайн үедээ л дуудаж уулзаад буцаагаад өгөх боломжтой байсан. Гэтэл үзэж, харж хүлээн аваад зарж борлуулсныхаа дараа муу лууван байсан би зарж борлуулаагүй, бүгд муудаад дуусчихсан гэх итгэмээргүй зүйл ярьж байна.

Иймд худалдан борлуулсан ногооны үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

******* нь танил *******д үрийн төмс авах гэж 12.700.000 төгрөг өгсөн боловч, уг үүргээ биелүүлээгүй бөгөөд үр төмс аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 220 шуудай лууванг *******гаас аваагүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд *******аас ногооны үлдэгдэл 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 12.700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******гийн гаргасан нэхэмжлэгч *******аас 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 218.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлийг тус тус баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүхийн  ...шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

            Нэхэмжлэгч ******* нь өмнө нь өгсөн байсан 5.000.000 болон 7.700.000 төгрөгтөө 3.000.000 төгрөг орчим ногоог авсан атлаа, *******гаас худалдаж авсан 220 шуудай луувангийнхаа үлдэгдэл болох 12.000.000 төгрөгийг өгөлгүй өрөндөө суутгая гэж тохирсон атлаа тухайн мөнгөнүүдийг *******д зээлүүлсэн гэж худал хэлэн нэхэмжлэл гаргасан.

            ******* нь *******ын гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор түүнд холбогдуулан түүнд худалдсан луувангийнхаа үлдэгдэл төлбөрийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэн, *******гийн лууванг *******ад дамжуулан худалдсан н.******* ч тухайн лууван *******гийн өмчлөлийнх бөгөөд ******* нь луувангийн үлдэгдэл төлбөрийг *******д төлөөгүй болохыг нотолсон гэрчийн мэдүүлэг өгсөн.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.             

            6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ :   

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******д  холбогдуулан  зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, төмсний үр авахаар  шилжүүлсэн 7.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. /1 хх 1-6/

Хариуцагч ******* дээрх шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь лууван худалдаж авна гэсэн тул түүнээс 5.000.000 төгрөг урьдчилж авсан, намар ногоогоо хураагаад 3.000.000 төгрөгийн ногоо өгсөн. Удалгүй төмсний үр авъя гээд 7.700.000 төгрөг шилжүүлсэн. ******* өөрөө төмсний үрээ авч чадаагүй. Би намар ногоогоо хураагаад мөнгийг нь эргүүлж өгье гэж тохирсон байсан. Удалгүй өөрийн танил *******оос 220 шуудай лууван өөртөө худалдан авч, найз *******аараа дамжуулж *******ад худалдахаар явуулсан.  Тухайн үед 1 шуудай лууван 100.000 төгрөг, нийт 220 шуудай буюу нийт 22.000.000 төгрөгийн үнэ бүхий барааг явуулсан. Ногоо хүлээн аваад 10.000.000 төгрөг өгсөн. 220 шуудай луувангийн үлдэгдэл төлбөр болох 12.000.000 төгрөгийг өгөлгүй өрөндөө суутгаж тохирсон. *******аас 12.700.000 төгрөг зээлсэн зүйл огт байхгүй гэсэн агуулга бүхий хариу тайлбар/хх-21/-ыг бичгээр гаргасан.
            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч *******аас худалдан авсан 220 шуудай луувангийн үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага/хх-73/ гаргасан байх ба  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 220 шуудай лууванг *******гаас аваагүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбар/хх-88/-ыг тус тус  гаргаж талууд маргажээ.  

4. Анхан шатны шүүх  хариуцагч ******* нь  нэхэмжлэгч *******аас зээлж авсан 5.000.000 төгрөгийг болон худалдахаар тохиролцсон 7.700.000 төгрөгийн үрийн төмсийг өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч *******гаас 12.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох,

 ... гэрээ, хэлцэл хийсэн талуудын хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд *******, нар хоорондоо лууван худалдах, худалдан авахаар тохиролцож хэлцэл хийгдсэн, ... харин энэ хэргийн зохигч нарын хооронд лууван худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу луувангийн үнэ 12.000.000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас шаардах эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /гомдолд хариуцагчийн төлөөлөгч гэж бичсэн/  *******  ... анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт  зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

Хэргийн материалаас судлахад:

7. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргаж ирүүлсэн *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх5,6/-н гүйлгээний утга, хариуцагч *******гийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар/хх-21/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэл зэргээс үзвэл :  нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, төмсний үр авахаар шилжүүлсэн төлбөр 7.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөг гаргуулах шардлага гаргасан, энэхүү шаардлага тус бүрт нь өөр өөр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

7.а/ хариуцагч ******* тайлбартаа лууван худалдаж авахаар урьдчилан 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн байх боловч  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөгийг зээлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар,  дансны хуулгад  “shagai zeelev “ гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэгдсэн зэргийг үгүйсгэж маргаагүй.

7.б/ нэхэмжлэлд төмсний үр авахаар 7.700.000 төгрөг шилжүүлсэн ба зээлэх нөхцөлтэйгээр шилжүүлсэн гэсэн байх боловч талуудын тайлбараар *******, хариуцагч ******* нарын хэн аль нь төмсний үр авахаар 7.700.000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авсан байх тул  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь  хүчин төгөлдөр байна.

   8. Гэрээний хэлбэрийн талаар талууд “амаар” тохиролцсон нь хэлцлийн хэлбэрт тавигдах Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ...хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож  “амаар” хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байна.

Иймээс  5.000.000 төгрөгийн хувьд талуудын  тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт  заасан агуулга, шаардлагад  нийцэж  байх тул талуудын хооронд  “зээл”-н гэрээний  харилцаа үүссэн гэж  үзнэ.   

   9. Мөн талуудын тохиролцоо, тайлбар, хэргийн үйл баримт, 7.700.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга зэргээс үзэхэд зохигч нар төмсний үр  худалдан авахаар  тохирсон гэх ба энэ  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,...г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээх хуулийн агуулга, шаардлагад нийцэж байх тул талуудын хооронд  төмсний  үр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  үндэслэлтэй.  

   10. Гэтэл анхан шатны шүүх  энэ талаар дүгнэлт хийлгүй,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлага нийт 12.700.000 төгрөгийг   хангаж шийдвэрлэсэн нь энэхүү  12.700.000 төгрөгийг бүхэлд нь “зээл”-н харилцаанаас  үүссэн гэж үзжээ   гэж ойлгогдож байх тул шүүх, зохигч нарын хоорондох  эрх зүйн харилцааг зөв  тодорхойлоогүй байх тул   давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн “үндэслэх” хэсэгт энэ талаар нэмэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн.  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулгаас үзвэл:  хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ад н.*******аар дамжуулан 220 шуудай лууван худалдсан, тухайн үед 1 шуудай лууван 100.000 төгрөг байсан, 220 шуудай буюу нийт 22.000.000 төгрөгийн барааг худалдахаар явуулсан. ******* нь  10.000.000 төгрөгийг төлсөн, үүнээс өөр мөнгө нэмж өгөөгүй. Иймд худалдан борлуулсан ногооны үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг гаргуулна ” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

12. Анхан шатны шүүх, ... хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд лууван худалдах,худалдан авах гэрээ,хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч *******  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу луувангийн үнэ 12.000.000 төгрөгийг шаардах эрхгүй ... гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан байна.

13. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан гэрч , , Ч.*******  нарын мэдүүлэг/хх- 48, 65, 51/,  хариуцагч *******гийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь : нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 12.700.000 төгрөгийн тооцоо буюу өглөг, авлагын асуудал байсан болохыг хариуцагч ******* нь  үгүйсгэж, маргаагүй,   ******* нь Ч.******* гэгчээс 230 шуудай лууван, ... худалдан авсан /хх-51/ байх ба үүнээс 220 шуудай лууванг  *******ад худалдсан /хэдийгээр ******* буюу гээр дамжуулсан гэж байх боловч   нь гэрчийн  мэдүүлэгтээ ...лууван ачуулж байх үед  байгаагүй, мөн *******гийн худалдагчаар ажилладаг, ******* нь *******аас лууван худалдсаны төлбөрөө авах гэж надаар удаа дараа яриулсан  гэжээ/,  уг 220 шуудай луувангийн үнэ 22.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөг төлөгдсөн,  энэ  талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь  маргадаггүй,

харин үлдэгдэл 12.000.000 төгрөг төлөгдөөгүй шалтгааны талаар хариуцагч тал “... мөнгөө нэхэхэд лууван муу байсан, ялзраад алга болсон гэж мөнгийг өгөөгүй, нэхэмжлэгчтэй тооцоотой байсан тул түүндээ тооцуулахаар тохиролцсон боловч ******* нь *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул 12.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан” гэх агуулга бүхий тайлбарыг, 

нэхэмжлэгч тал  “220 шуудай лууванг *******гаас худалдаж аваагүй, *******,  ******* нарын хооронд ямар нэгэн гэрээ хийгээгүй” гэх  агуулга бүхий тайлбарыг тус тус гаргаж маргадаг.

14. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “ Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.” гэж,

Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж,

Хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт ” Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.“ гэж,

Хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. “ гэж тус тус заасан.

15. Дээр дурдсан нөхцөл байдал болон хэргийн үйл баримт зэргээс дүгнэхэд: энэ хэргийн зохигч нар хоорондоо  тодорхой хэмжээний өглөг, авлагын тооцоотой байсан, энэ үүднээс  хариуцагч ******* нь бусдаас худалдаж авсан лууван-г нэхэмжлэгч *******ад худалдах хэрэгцээ,  шаардлага  байж,  ******* худалдсан, түүний худалдагч ******* буюу худалдсан аль нь ч байсан нэхэмжлэгч *******ын эзэмшилд 220 шуудай лууван шилжсэн,  тэрээр луувангийн  төлбөрийн зарим болох 10.000.000 төгрөгийг төлсөн зэрэг үйлдлээр  талуудын хооронд 220 шуудай лууванг  худалдах, худалдан авах хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,...г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээх хуулийн агуулга, шаардлагад нийцэж байх тул зохигч нарын хооронд  лууван  худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.   
            16. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгтэй  тооцогдохоор байх тул тэдгээрийг хамтруулан шийдвэрлэж ,  энэ талаарх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Үүнд: нэхэмжлэгч *******ын “нэхэмжлэлийн шаардлага 12.700.000 төгрөгөөс 12.000.000 төгрөгийг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад  тооцуулан тус тус хэрэгсэхгүй болгох, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 700.000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******ад олгох”  гэж өөрчлөх.

Харин хавтаст хэргийн хуудасны дугаарлалтын өмнөх тоог  өөрчилж буй тохиолдолд  дараагийн дугаар бүхий тоо, цифрийг зөв, тодорхой, гаргацтай бичиж  байхыг цаашид анхаарах нь зүйтэйг магадлалд тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01474 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 12.700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******гийн гаргасан “нэхэмжлэгч *******аас 12.000.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг,

“ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх  хэсгүүдэд  заасныг  тус тус баримтлан  хариуцагч *******гаас 700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 12.000.000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 12.000.000 төгрөгт  тооцуулан  тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 21350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож,... “ гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  218200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

       

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МЯГМАРСҮРЭН                                                               

                                            ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА                                                                                      

                                                                                                    Х.БАЙГАЛМАА