| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0051/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0051/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Г.Баттогоо,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Б., Д. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б., Д. нарт холбогдох эрүүгийн 1839006000009 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 2-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б. /РД: /
Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 11-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д. /РД: /
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б., Д. нар нь хамтран 2018 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг Засаг даргын тамгын газрын байрны гадна иргэн Г.Баттогоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б., Д. нар нь хамтран 2018 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг Засаг даргын тамгын газрын байрны гадна иргэн Г.Баттогоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Баттогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед Б., Д. нар надад мөнгө өгч Ганчулууны баарнаас 0.75 л соёрхол нэрийн ахри 1 ширхэг 2.5 л ундаа 1 ширхэгийг авхуулсан юм. Тэгээд би найзуудтайгаа гадуур явж байгаад тэр 2 дахиж над руу яриад дахиж нэг нэг шил архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй чадахгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Гантөгөлдөр бид 2 буудал руугаа амрах гээд явж байхад буудлын үүдэнд Б., Д. нар тамхи татаад зогсож байсан. Тэгээд хажуугаар нь орох гэтэл Б. миний нүүр рүү цохиж унагаахад Д., Б. нар миний дээрээс өшиглөж эхэлсэн. Намайг тэр хоёрт зодуулж байхад Гантөгөлдөр хараад байж байсан. Буудлаас Энхтүвшин ах гэрч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
Гэрч Ж.Гантөгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 сарын 02-ны өдөр Өмнөдэлгэр суманд дулааны шугамын ажлаар инженер Д., Б. нар бусад ажилчдын хамтаар явж байсан. Орой Баттогоо бид хоёр найзтайгаа уулзахаар тусдаа явсан. Тэгтэл Д. Баттогоо руу утсаар яриад мөнгө шилжүүлээд 1 шил архи 1 ундаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд уг архи ундааг нь аваад би захиргааны үүдэнд Д. инженерт аваачиж өгсөн. Тэгээд Баттогоо бид 2 найзтайгаа нийлээд гадуур явж байгаад гэрт нь хүргэж өгчихөөд байрлаж байсан газар руугаа явж байтал Б. инженер Баттогоо руу утсаар ярьсан. Тэгэхдээ нэг шил архи авчир гэсэн юм шиг байсан. Баттогоо баар хаасан байна гэж байсан. Тэгээд байр руугаа орох гэтэл захиргааны үүдэнд Б., Д. нар тамхи татаад зогсож байснаа Б. нь шууд Баттогоог цохиод авсан Баттогоо газар унатал Б., Дэрийлааяматав нар хоёулаа дээрээс нь цохиод өшиглөж эхэлсэн. Би дотогшоо ороод дотор байсан Алтанзаяа, Түвшинтөр, Сайнбаатар, Ганбат нарт гадаа Баттогоог зодож байна гэж хэлээд гарах гэтэл урдаас цагдаа сумын засаг даргын орлогч гээд хүмүүс Баттогоог дагуулаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Т.Амартэмүүлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 сарын 03-ны өдрийн 02 цагийн орчим сумын засаг даргын тамгын газар руу онцгой байдлын жижүүрт гарахаара очиход тамгын газрын буудалд байрлаж байсан Хэнтий-Ус, ХХК-ны ажилчид буудалдаа чанга чанга дуугараад маргалдаад байх шиг байхаар нь багийн засаг дарга С.Нарангэрэл хэсгийн цагдаа М.Мижиддоржийн хамт буудал руу ороход чанга чанга дуугаралцаж байснаа больцгоосон. Тэдэн дунд дээгүүрээ цээж нүцгэн нэг танихгүй залуу нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Гэрч П.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 сарын 02-ны орой байрлаж байгаа буудлынхаа угаадсыг асгах санаатай гадаа гарсан чинь Б., Д. хоёр Баттогоотой хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай Баттогоогийн амнаас цус гарч байсан. Тэгээд би тэр хэдийг орж унт гэж хэлээд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Б.гийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй, хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг,
Д.ын шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...үйлдсэн хэргийн хувьд маргаан байхгүй, хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Баттогоогийн шүүх хуралдаанд өгсөн: “...би зодуулсандаа гомдолтой байна. 3 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б., Д. нарын дээрх үйлдэл нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б., Д. нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Г.Баттогоо нь шүүх хуралдаанд гомдолтой байна, 3 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлогдохгүй байх тул шүүгдэгч Б., Д. нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Г.Баттогоог цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б., Д. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б., Д. нарт тус бүр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт 450-500 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б., Д. нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Б., Д. нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б., Д. нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Д. нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б., Д. нар нь тэдгээрт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд 100.000, 200.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Д. нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Г.Баттогоогийн нэхэмжилсэн 3 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б., Д. нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА