Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1820002620003 тоот хэргийг 2019 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б ХХК-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороонд оршин суух хаягтай, Т овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн гар цүнхэндээ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтын 93.03 дугаарт багтсан 10 ширхэг ангын зориулалттай бууны сумыг Монгол Улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаан болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-нд тус компаний ажилчдын хамт БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж байгаа хүнд машин механизмын үзэсгэлэн худалдаанд оролцохоор яваад 2018 оны 11 дүгээр сарын 25-нд Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомын рентген дээр очоод шалгуултал миний бариж явсан цоохор өнгийн цүнхнээс Тоз-8 маркийн бууны сум гарч ирсэн. Тэгтэл нэг гаалийн байцаагч ирээд таны гар цүнхэнд сэжиг бүхий зүйл байна гээд асуухад би надаа янз бүрийн зүйл байхгүй үз үз гэж хэлсэн. Тэгээд тэр гаалийн байцаагч та наад гар цүнхээ өөрөө гараараа онгойлгоо гэж хэлсэн тэгээд би өөрийн бариж явсан гар цүнхээ онгойлгож шалгуулахад миний гар цүнхний доод хэсгийн цоорхойноос 10 ширхэг калибр бууны сум гарч ирсэн тэгтэл таны авч яваа наад бууны сум Монгол улсын хилээр гарч болохгүй гэж тэр гаалийн байцаагч надад хэлсэн тэгээд намайг дагуулж яваад надаас байцаалт аваад миний бичиг баримтыг хураан авсан ийм л зүйл болсон юм гэжээ. /хх-ийн 32-33/

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг 10 минутын үед авто замын шалган нэвтрүүлэх гарах талын дотор Рентген аппратанд зорчигч нар ачаа тээшээ шалгуулж байх явцад нэг жижиг гар цүнхэн дотор Рентген аппратаар харахад сэжиг бүхий эд зүйл илэрхээр нь шалгаж үзэхэд иргэн Б-р өөрөөр нь онгойлгож цүнхэн дотор байсан эд зүйлийг шалгахад 10 ширхэг жижиг хэмжээтэй бууны сум гарч ирсэн. Тэгээд тухайн хэрэгт холбогдох материалыг Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт шилжүүлж ажилласан гэжээ. /хх-ийн 19/

- Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Шинжээчийн 6761 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь ажиллагаатай буудлага үйлдэнэ. 3.Шинжилгээнд ОХУ-ын “Восток” үйлдвэрт үйлдвэрлэсэн 5,6х15 мм-ийн спорт ангийн зориулалттай ердийн сумнууд ирүүлсэн байна. Эдгээр сумнууд нь 5,6х15 мм-ийн сумаар буудлага үйлддэг бүх төрлийн буунуудад таарна. 4.Дээрх сумнууд нь үйлдвэрийн хийцийнх. 5.Сумнуудын зах зээлийн үнэлгээг хийх боломжгүй /хх-ийн 24-25/

- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35, 41/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 43-44/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн гар цүнхэндээ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтын 93.03 дугаарт багтсан 10 ширхэг ангын зориулалттай бууны сумыг Монгол Улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Б.Б “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг 10 минутын үед авто замын шалган нэвтрүүлэх гарах талын дотор Рентген аппратанд зорчигч нар ачаа тээшээ шалгуулж байх явцад нэг жижиг гар цүнхэн дотор Рентген аппратаар харахад сэжиг бүхий эд зүйл илэрхээр нь шалгаж үзэхэд иргэн Бямбадоржоор өөрөөр нь онгойлгож цүнхэн дотор байсан эд зүйлийг шалгахад 10 ширхэг жижиг хэмжээтэй бууны сум гарч ирсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 6761 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй, сард 450.000-500.000 төгрөгийн өрхийн орлоготой, 2 хүүхдийн сургалтын төлбөр төлдөг болох нь Шинжлэх ухаан техникийн Их сургууль, Монгол улсын Их сургуулийн тодорхойлолтууд, шүүгдэгчийн мэдүүлэгээр тогтоогдож байна. Иймд түүнд оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5,6х15 мм-ийн спорт ангийн зориулалттай ердийн сумны 4 сумыг буудлага үйлдэх эсэхийг тогтоох зорилгоор туршалтын буудлага хийхэд хэрэглэсэн болох нь Шинжээчийн 6761 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд үлдсэн 6 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5,6х15 мм-ийн спорт ангийн зориулалттай ердийн 6 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шилжүүлжсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Э.Б