Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2024/00008

 

*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/01151 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-******* дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг *******, ******* нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах" тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           *******, ******* бид нар *******тэй өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө (Улсын бүртгэлийн №Ү-*******, гэрчилгээний №*******), газар (Улсын бүртгэлийн №Э-*******)-ыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба өөрийн төрсөн ах гийн д бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Гэтэл ******* нь *******тэй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 23,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулсны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Эндээс харахад тухайн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

******* нь манай ах *******тай зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард 23,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо ******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ бүхнээс харахад ******* нь бидний хэдэн зуун сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тиймээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө (Улсын бүртгэлийн №Ү-*******, гэрчилгээний №*******), газар (Улсын бүртгэлийн Э-*******)-ыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө (Улсын бүртгэлийн №Ү-*******, гэрчилгээний №*******), газар (Улсын бүртгэлийн Э-*******) зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч *******, ******* бидний өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

 Худалдах, худалдан авах гэрээг 20,000,000 төгрөгөөр байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед ******* ахын биеийн байдал тааруу эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа гэсэн учраас бид татвар болох 400,000 төгрөгийг тушаасан. Үүний дараа бид Дархан хотод байрлах ******* ахын сувилалд очиж төлбөр тооцооны талаар харилцан ярилцаж бичгээр гэрээ үйлдсэн. Хэлцлийн дагуу бид сар сардаа төлж ирсэн бөгөөд нийт 23,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 77,000,000 төгрөгийг анх ярихдаа 5 жилийн хугацаанд, хэрэв зээл авах тохиолдолд богино хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож хамгийн бага хугацаагаа хэлцэлдээ бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх хариуцагч ******* өөрөө бид нарт санал тавиад, өөрийнх нь эзэмшлийн гэж хэлээд, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдах саналыг удаа дараа тавьсны эцэст бид нар хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би тохирсны дагуу үлдэгдэл төлбөрийг төлнө гэжээ.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

...Хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар хууран мэхэлж ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлд өөрчлөлт оруулж байна. Урдах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гэрчилгээ шилжүүлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүнд өвчтэй байсан тул эмчилгээний мөнгө шаардлагатай болж, хариуцагч ХААЯ-ны Дарханы арьс шир боловсруулах шинэ үйлдвэрийн цонх хаалгыг хийх 300 сая төгрөгийн зээл авсан байгаа, үйлдвэрийн байр хэрэгтэй мөнгө нь бэлэн байгаа гэж хууран төөрөгдөлд оруулан хуурсан байдаг. Хариуцагч Төрмаа нь ХААЯ-ны сайдын хэвлэлийн албаны дарга байсан гэх албан тушаалаа ашиглан жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлээс хамаарал бүхий этгээд болох /нөхрийн/ нэрээр зээл авсан гэдгээ улсын дээд шүүхийн хурал дээр хүлээсэн байдаг. Хариуцагч 21 сая төгрөг дансаар өгсөн гэж дахин хууран мэхэлсэн байдаг. Бодит байдал дээр хариуцагч 11-13 сая төгрөг өгсөн байдаг. Шүүхийг давхар мэхэлсэн байдаг. Өвчний байдлыг далимдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг улсын дээд шүүх хянаад тогтоосон гэжээ.

   4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

...Бид шүүхийн бүх үе шатанд хэлцлийг хэрхэн, яагаад хийх болсон талаараа тухай бүрд тайлбар гарган өгч байсан. Бидний тайлбар гуйвшгүй үнэн бөгөөд ахин тайлбарлахад анх энэ объектыг авах саналыг ******* өөрөө бидэнд удаа дараа тавьсан. Төлбөрийн нөхцөлөө ч өөрөө хэлж, өөрөө биеэрээ Дархан-Уул аймгийн бүртгэлийн газарт очиж худалдах, худалдан авах гэрээгээ тус газарт хийсэн. Өнөөдрийн байдлаас харин эргээд харахад хуурамч дүр үзүүлсэн хүн нь ******* өөрөө, ноцтой төөрөгдөлд орсон нь бид болж таарч байна. ХХААХҮЯ-аас зээл авсан зүйл байхгүй бөгөөд хэрвээ зээл авсан бол тодорхой хугацаа заасан, сард төлөх төлбөрийн хуваарь гаргасан хэлцлийг бид хийхгүй, ******* ч зөвшөөрөхгүй байсан. Хугацаа заасан график бүхий төлбөрийн нөхцөлийг гар бичмэлээр үйлдэж, аль аль тал нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сар сард төлөөд явж байтал хэлцлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 08 дугаар сард шүүхэд хандсан байдаг. Бид эхний заасан хугацаандаа 23 сая төгрөгөө өгөөд энэ хугацаандаа хийх ажлын гэрээгээ яриад энэ тухайгаа байнга *******д тайлагнаж байсныг ийнхүү огт өөр санаа зорилго бүхий худал яриа болгож шүүгчийг хуурч байгаад харамсаж байна. Тухайн үед бид Дарханы арьс ширний цогцолбортой гэрээний түвшинд очсон ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж бүх ажил зогссон. Мөн үл хөдлөх болох объектыг барьцаанд тавьж эргэлтийн хөрөнгө босгох боломжгүй, банк балгас байна гэж үзээд үнэлэхгүй байсан. Энэ нөхцөл байдлыг *******тай байнга утсаар ярьж хэлж байсан төдийгүй ковидын хүнд үед өөрсдийн хүч хөдөлмөрөөр объектыг засварлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ үед хашааны гаднаас хүмүүс ирж зураг авах, дрон нисгэх зэрэг үйлдлүүд гарч эхлэх болсон. Одоо бодоход хийж байгаа бүтээн байгуулалтыг тагнасан, давхар хүмүүстэй найцаалцсан байж болохыг үгүйсгэхээргүй хардлага төрж байна. Улсын дээд шүүхээс *******гийн гүтгэлэгт надаас асуулт асуухад тийм зүйл огт байхгүй талаар хариулсныг ийнхүү мушгин гуйвуулж шүүхийг хуурч байна. Хавтаст хэргийн материалд Хаан банкны тоот ******* дансаар 14 сая төгрөг, бэлнээр 2020 оны 07 дугаар сарын 02-нд Да Оюут сувилалд 5 сая төгрөг, мөн сувилалд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4 сая төгрөг, нийтдээ дансаар 14 сая төгрөг, бэлнээр 9 сая төгрөг өгсөн болохоо нотлох баримт дансны хуулгаар баталгаажуулан өгсөн байгаа. Бид бүх тайлбартаа энэ талаараа байнга бичиж тайлбарласан байхад ******* мөнгөн дүнг байнга өөр өөрөөр хэлж шүүхийг төөрөгдөлд оруулах гэж оролддог. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 23 сая төгрөг авснаа бичсэн байдаг ч дараа нь бэлнээр авсан мөнгөө хасч хэлэх, сүүлдээ дансаар авсныгаа хүртэл бууруулж хэлэх болсон. Улсын дээд шүүхийн шийдвэрт өвчний байдлыг нь далимдуулан *******г ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг хянан тогтоосон тухай нэг ч өгүүлбэр байхгүй бөгөөд ******* нь ийнхүү бичсэн үйлдлээрээ шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулж, өөрсдийн дур зоргоор тайлбарлан, шүүхийн бүрэн эрхэд халдаж байна. Яг үнэндээ хамгийн их хохирол амсаж байгаа нь бид бөгөөд оруулсан хөрөнгө оруулалт, алдагдсан боломж, цаг хугацаа, эрүүл мэнд, бизнесийн өсөж дэвжих бүх боломжоо их хэмжээний объектыг албан тушаал, танил талаа ашиглан үнэгүйдүүлэн авч цуглуулсан, түүнийгээ зарчхаад үнэ цэнэ ороод эхлэхээр шүүхээр далайлган дээрэмдэн авдаг зуршил бүхий хүний золиос болж байна гэж хардаж байна. Энэ хугацаанд бид объектод барилгын материалаар хөрөнгө оруулсан хүний итгэлийг алдаж оруулсан хөрөнгө оруулалтдаа хүү тооцож эхэлсэн, байнга цагдаад хандаж худал зүйлээр шалгуулдаг зэрэг олон дарамтыг туулж байна. Түүгээр зогсохгүй цонх, хаалганы үйлдвэртээ гэрээлсэн бартерын гэрээнүүд, гэрээлсэн байсан ажлуудаа хийж, өрөө дараад оруулж ирэхээр төлөвлөж байсан тэжээлийн үйлдвэрийн контракт гээд бизнесийн бүх төлөвлөгөө маань шүүхэд хандсанаар царцаагдсанаас үүссэн маш их хохирол амсаж байна гэв.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйл, 63 дугаар зүйлийн 63.3, 63.4-т тус тус заасныг баримтлан *******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******эд холбогдох "******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-******* дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг *******, ******* нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д даасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 343,150 төгрөгөөс 328,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр магадлалын хянавал хэсгийн 2-т: анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зарим хэсэлтийг шийдвэрлээгүй. Шуух хуралдаан даргалагч томилсон шийдвэр гаргаж албажуулаагүй, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

5-д: Улсын дээд шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 817 дугаар тогтоолоор тус хэргийг хянан шийдвэрлэхдээ "...нэхэмжлэгч нар хариуцагч *******д өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон, нэхэмжлэгчийг гэрээний нэг тал гэж үзэх эсэх, улмаар ******* нь 100,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар хэлцэл хийсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн, дүр үзүүлсэн. Төлөөлүүлэгчид хохиролтой хэлцэл хийсэн эсэх. Нэхэмжлэгч Гэрээг хүчин төгөлдөр бус гэж эсвэл гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах аль үндэслэлийг гаргаж байгааг тодруулах шаардлагатай" гэх дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. /1 дүгээр х.х-220-225/ анхан шатны шүүх улсын дээд шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж үзнэ.

8-д: ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан "шүүхийн харьяалал өөрчлүүлэх тухай" хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Орхигдуулсан / 2 дугаар х.х-130-131/ зэрэг зөрчлийн улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх дээрх магадлалд заагдсан зарим нэг ажиллагааг хийгээгүйгээр шүүх хурлыг хуралдуулж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шүүхээс гарч байгаа аливаа шийдвэр, магадлал, тогтоол заавал биелэгдэх учиртай байх хуулийн зарчим байсаар байхад, анхан шатны шүүхийн шүүгч хуулийн дээрх шаардлагыг хангаж ажиллахгүй байгаад маш их гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаар магадлалын дээр дурдсан шаардлагуудыг биелүүлээгүй шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3.Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******, ******* нарт холбогдуулан ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Н-20050000023 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-******* дугаартай газрыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг *******, Түвшинбат нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. /1 дүгээр хх-ийн/

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар *******г хариуцагчаар татан оролцуулахаас татгалзаж, түүнд нэхэмжлэгч нарыг төлөөлөн оролцох итгэмжлэл олгож, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ. /1 дүгээр хх-ийн 236/

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа хуурамч, дүр үзүүлэн, итгүүлэх замаар хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэж өөрчилж,  мөн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд  нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна. Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр заалтуудыг зөрчсөн, Улсын бүртгэлийн газар болон Монгол улсын Нотариатчидыг хууран мэхлэх аргаар татвараас зайлсхийх арга хэрэглэж хийгдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж тодруулсан байна. /3 дугаар хх- 3-4, 2 дугаар хх-ийн 15/

6. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “ ...бид харилцан тохиролцсоны үндсэн дээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын урд байрлах нурсан объектыг худалдан авсан. ******* нь 5,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулъя гэхээр нь 20,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, татварт нь 400,000 төгрөгийг бид төлсөн. ....гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Төлбөр тооцооны талаар бичгэн хэлцэл хийж, хэлцлийн дагуу сар сардаа төлбөрийг төлж, нийт 23,000,000 төгрөг төлсөн.  Худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлөх гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...үлдэгдэл 27,000,000 төгрөг үлдсэн, үүнийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэж тайлбарлаж, маргажээ.

7. Анхан шатны шүүх талууд анхнаасаа худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан, гэрээний үнийн дүн зөрүүтэй байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх бүх хэлцлийн шинжийг агуулаагүй,

-талууд татвараас зайлсхийж гэрээний үнийн дүнг бууруулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ноцтой төөрөгдөлд орж, хууран мэхлэгдэж уг хэлцлийг хийсэн гэж үзэхгүй,

-******* нь *******, ******* нараас олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар, гэм хорыг төлөөлүүлэгчийн өмнө хариуцна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Уг шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч “...анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдэгсэн төлөөлөгчийн гаргасан зарим хүсэлтийг шийдвэрлээгүй, орхигдуулсан гэх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна. /3 дугаар хх-ийн 27/

Хэргээс судлан үзэхэд:

10. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр *******д Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр багт байрлах 800м.кв талбайтай, засварын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “...бусдад худалдах, арилжих, бэлэглэх, түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах, зээлийн барьцаанд тавих...” зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгожээ. /1 дүгээр хх-ийн 49/

Уг итгэмжлэлийн дагуу ******* нь хариуцагч *******тэй 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дараах гэрээг байгуулжээ.

Үүнд:

-“Иргэн *******гаас *******, ******* нар нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах ******* дугаар гэрчилгээ бүхий Э-******* улсын бүртгэл бүхий газар, 800 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан болно. Урьдчилгаа 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд ямар ч нөхцөлд хэлцлийг буцаахгүй, урьдчилгааг эргүүлэн төлөхгүй болно. Нийт 100,000,000 төгрөгийг 1,5 жилийн дотор хуваарийн дагуу төлж барагдуулна” гэх агуулгатай “зээлийн гэрээний баталгаа” нэртэй гар бичмэл бүхий гэрээг,

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, 800 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.  /1 дүгээр хх-ийн 7, 42/

11. Талууд дээрх үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож, татварыг бага төлөх зорилгоор 20,000,000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн талаар маргадаггүй, харин дээрх худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан байна.

11.а. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар, 58 дугаар зүйлийн 58.1-д “ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох талаар, 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй байхаар тус тус хуульчилсан.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хоёр өөр үнийн дүнгээр байгуулсан, татвар бага төлөхийн тулд 20,000,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Талууд дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулах хүсэл зорилготой байсан, улмаар татвар бага төлөх зорилгоор гэрээг хоёр өөр үнийн дүнгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн байгаа нь талуудын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.8-д заасан хэлцэл нь  анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг хэлэх бөгөөд талууд өөр үнийн дүн бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулсан нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх бүх шинжийг агуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11.б.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг татвараас зайлсхийж, улсын бүртгэлийн газар болон нотариатчидыг хууран мэхлэх арга хэрэглэж байгуулсан гэж тайлбарласан.

Ноцтой төөрөгдлийг улмаас хийсэн хэлцэл гэдэг нь хүсэл зоригоо илэрхийлэхдээ төөрөгдсөн этгээд уг төөрөгдөлд хөтлөгдөн хийсэн хэлцлийг, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь хэлцэл хийж буй этгээд бодит бус худал зүйлийг бодитой үнэн мэтээр итгүүлэх идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно.

Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө борлуулж олсон орлогод ногдох 2 хувийн татварыг хөрөнгө борлуулагч төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар төлөх үүрэгтэй байсан бөгөөд түүнийг татвар бага төлөх зорилгоор үнийн дүнг бууруулан гэрээ байгуулсныг ноцтой төөрөгдөлд орж, хууран мэхлэгдэж уг хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г ноцтой төөрөгдөлд орж, хууран мэхлэгдэж уг хэлцлийг хийсэн гэж үзэхгүй, Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан ноцтой төөрөгдөж, хууран мэхлэгдэж хийсэн хэлцэл биш гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

11.в. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр *******д Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр багт байрлах 800м.кв талбайтай, засварын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “...бусдад худалдах, арилжих, бэлэглэх, түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах, зээлийн барьцаанд тавих...” зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т заасантай нийцсэн.  /1 дүгээр хх-ийн 49/

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, гэж, 63.4-т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татварыг зөв мэдүүлээгүй,төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас талууд хоёр өөр үнийн дүн бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь *******г *******, ******* нараас олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс үүсэх үр дагавар, гэм хорыг төлөөлүүлэгчийн өмнө хариуцна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            12. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* маргасан.

1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан зээлийн гэрээний баталгаа гэх гэрээнд талууд төлбөрийг төлөх хуваарийн талаар тохиролцсон байна. 

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний баталгаанд заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын байдлаар 23,000,000 төгрөг өгсөн байхаас 19,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, *******ийн ХААН банкны дипозит дансны хуулгаар, мөн хариуцагч талаас 50,000,000 төгрөгийг төлсөн болох нь /2023-9-13/ ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /2 дугаар хх-ийн 46-107, 3 дугаар хх-ийн 1/

Гэвч нэхэмжлэгч тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй байх тул  анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд шийдвэрийн үндэслэл болгоогүй гэх дүгнэлт хийж, хариуцагч талыг гэрээний төлбөр төлсөн талаар шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/01151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 343150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

  

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА                                                            

                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ                                                                                  

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН