| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0030/Э |
| Дугаар | 0023 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Я.С
Хохирогч П.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.С-т холбогдох эрүүгийн 1925000280020 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Я.С,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Я.С нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-23 тоотод П.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Я.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 100.000 төгрөг өгсөн. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Цаашдаа хамтдаа аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Эхнэрээ дахиж зодохгүй. Ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч П.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нөхөр гэр бүлээсээ гадуур харилцаатай болж 2018 оны 09 сараас хойш гэртээ ирээгүй. 12 дугаар сарын 31-нд гэртээ ирж надтай хэрүүл зодоон хийсэн. Тэгээд зурагтны удирдлагаар 3 удаа цохисон. Мөн хөл рүү өшиглөсөн. Хохиролд 100.000 төгрөг өгсөн нь үнэн. Бид 2 эвлэрсэн. Хамтдаа амьдарч байгаа гэсэн мэдүүлэг
-Гэрч Л.Ядамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 12 сарын 31-ний орой хүү Сугар нь эхнэрээ зурагтны удирдлагаар цохисон сураг гарч байна. Миний хүү Сугар надад энэ талаар хэлэхдээ Эрдэнэчимэгтэй маргалдаж байгаад зурагтны удирдлагаар 2-3 удаа толгой руу нь цохиод мөн хөл рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм гэж хэлсэн. Яг юунаас болж маргалдсанаа надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Гэрч Ц.Борын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би энэ хэргийн талаар дүү Сугараас асуухад Эрдэнэчимэг намайг өөр хүүхэнтэй явалдаад өөрөөс нь сална гэхэд хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд зурагтны удирдлагаар толгой руу нь 2-3 удаа цохиж аваад нэг удаа түлхсэн гэж хэлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,
-Гэрч Д.Алтан-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би энэ хэргийн талаар тэр өдөр нь буюу 2018 оны 12 сарын 31-ний өдөр мэдсэн. Дүү Сугар нь манайд ирээд эхнэр Эрдэнэчимэгтэй маргалдаад уур хүрээд байхаар нь зурагтны удирдлагаар толгой руу нь 2-3 удаа цохисон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,
-Яллагдагч Я.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 09 сараас гэр бүлийн дунд хэрүүл маргаантай байсан учир би гэртээ ирээгүй. 2018 оны 12 сарын 30-ны өдөр гэртээ ирж 2 хүүхэдтэйгээ хоносон. Маргааш нь эхнэр хотоос ирээд уурлан орилж хашгичин хажууд байсан хүүхэд цааш нь түлхэхээр нь би уур хүрээд гартаа байсан зурагтны удирдлагаар толгой руу 2-3 удаа цохиж аваад цааш нь түлхэхдээ зүүн хөлний шилбэ рүү нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх40-41 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 68 дугаартай дүгнэлтэнд:
1. П.Э-н биед тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт үүсчээ.
2. Гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.
3. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн шилбэнд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 13 ху/,
-Я.С-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-41 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Я.С нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-23 тоотод П.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн, хохирогч П.Эрдэнэчимэгийн “...12 дугаар сарын 31-нд гэртээ ирж надтай хэрүүл зодоон хийсэн. Тэгээд зурагтны удирдлагаар 3 удаа цохисон. Мөн хөл рүү өшиглөсөн. Хохиролд 100.000 төгрөг өгсөн нь үнэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Л.Ядамсүрэн /хх 16-17 ху/, Ц.Бор /хх 18-19 ху/, Д.Алтан-Од /хх 22 ху/ нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт үүссэнийг тогтоосон 68 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Я.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Я.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
1. Шүүгдэгч Я.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.С-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА