Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2024/00009

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/01663 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тээврийн хэрэгсэл гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* нь 2021 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн ******* ДАА дугаартай тээврийн хэрэгслийг иргэн *******аар засуулахаар хашаанд нь аваачиж өгсөн. Гэтэл ******* нь авах ёстой гэж хэлээд машиныг аваад явсан байсан. Миний хувьд *******той ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд миний тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшилдээ авч намайг хохироосоор өдий хүрлээ. Иймд өөрийн өмчлөлийн дээрх тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******гийн нөхөр ******* нь 2021 онд “машин авах гэсэн юм, туслаач” гэж гуйсаар надаас 25,000,000 төгрөг авсан бөгөөд надаас авсан мөнгөөрөө ЗИЛ-131 маркийн машин худалдан авсан байсан. ******* надад хэлэхдээ мод хийж машинаараа зөөж удахгүй мөнгийг маань өгөх юм ярьсан боловч өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Олон удаа шаардаад мөнгийг маань өгөхгүй байсан тул би машиныг нь барьцаалж мөнгөө төлж байж аваарай гэсэн байдалтай байлгаж байгаа юм. Гэтэл ******* уг машинаа эхнэрийнхээ нэр дээр болгонгуутаа эхнэрээрээ шүүхэд нэхэмжлэл гаргуулан надаас машинаа нэхүүлж байгаа нь тодорхой хэмжээний заль хэрэглэж байгаа л асуудал. Миний хувьд *******г дүү шигээ санаж олон удаа тусалж хэд хэдэн удаа мөнгө зээлдүүлсэн. Одоо хэр нь өгөөгүй л байна.

Одоо нэхэмжлэгч ******* нь надаас ******* ДАА улсын дугаартай Зил 131 машин нэхэмжилсэн байна. Би ийм дугаартай машин аваагүй. Миний хашаандаа аваачиж тавьсан машин бол ******* ХӨҮ дугаартай машин байгаа. Гансүрэн, ******* нар заль хэрэглэж, өөр машины дугаар ашиглан нэхэмжилсэн байна гэж ойлгож байна. Иймд *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс Зил-131 маркийн ******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, бодит байдлаар үнэлж үзээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            4.1. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагт анхан шатны шүүх шүүх хуралдаан болох товыг зарлан мэдэгдсэн боловч нэхэмжлэгч ******* нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлгүйгээр хуралд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ирж "нэхэмжлэгчийг өөрийг нь оролцуулах хүсэлтэй тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байхад ирээгүй нэхэмжлэгчийг 30 гаруй минут хүлээсний эцэст нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг ч хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн.  Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцсон боловч өмгөөлөгчийг өөрийнхөө өмнөөс ярих итгэмжлэл олгоогүй, мөн өмгөөлөгч нь "нэхэмжлэгчийг оролцуулна, хурлыг хойшлуулж өгөх”-ийг хүссэн байхад түүний хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ажиллагаа гэж ойлгож, шүүх хуралдаан талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах хуулийн заалт шаардлагыг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс асуулт асуух, дүгнэлт хийх боломж алдагдсан.

            4.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас 131 маркийн ******* ДАА улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хариуцагчаас ******* ХӨҮ улсын дугаар бүхий 131 маркийн тээврийн хэрэгслийг гаргаж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд эдгээр 2 машины арлын дугаар нь ч таарахгүй байхад нэхэмжилсэн машин нь мөн гэж шийдвэрлэсэн нь шүүх зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан.

            4.3. Нэхэмжлэгч *******гийн нөхөр гэх ******* нь хариуцагч *******оос машин авахад зориулж 25,000,000 төгрөгийг зээлэн авч "энэ машиныг авлаа” гээд ******* ХӨҮ улсын дугаар бүхий бор ногоон өнгийн зил 131 маркийн машиныг үзүүлсэн байдаг. Мөнгөө өгөхгүй болохоор нь уг машиныг өөртөө туслах зорилгоор өөрийнхөө хашаанд аваачиж тавьсан ба зээлсэн мөнгөө өгөөд ав гэсэн. Энэ нь гийн нэхэмжилсэн машин биш юм.

            4.4. Шүүх хүралдааны явцад, шүүх нь "мөнгө зээлдүүлсэн бол нэхэмжлэл гаргахгүй яасан юм бэ" гэх асуултыг бидэнд тавьж байсан. ******* болон түүний нөхөр ******* нараас зээлдүүлсэн мөнгөө нэхэж сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг шүүх хүлээн авахаас татгалзсан атлаа ******* гэдэг хүнийг зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь *******гээс хураан авсан өөр дугаартай машиныг *******гийн нэхсэн машин мөн гэж хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэн гомдолтой байна. Маргааны зүйл болох машинтай холбогдуулан, хариуцагчийн талаас "нэхэмжлэгчийн нэхээд байгаа машин нь ХӨҮ ******* дугаартай машин биш, арлын дугаар нь ч биш байх тул шүүхээр үзлэг хийлгүүлэх" гэсэн хүсэлт гаргахад мөн л хүлээж аваагүй байдал нь дээрх дүгнэлтэнд хүрч байна.

Хариуцагч *******ын *******гээс хурааж авсан гэх ******* ХӨҮ дугаар бүхий машин нь ямар нэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй бөгөөд арлын дугаарыг үзэж шалгахад 750844 гэсэн дугаар бүхий машин байгаа. Гэтэл *******гийн нэхэмжилсэн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь *******д байгаа бөгөөд ******* ДАА дугаар бүхий арлын дугаар нь 557830 гэсэн дугаартай машин байна. ******* ДАА машины өмнөх дугаарыг шалгуулхад уг машин өмнө нь " СБА" улсын дугаартай байсан нь тогтоогдсон бөгөөд *******од байгаа ******* ХӨҮ дугаарын машин биш болох нь нотлогдсон. Нотлох баримтууд ийм зөрүүтэй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл *******гийн нэхэмжилсэн машиныг ******* аваагүй байх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт дутуу ирсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах, ******* ХӨҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэх зэрэг хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт байж болохоор байхад тус хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Хэргээс судлан үзэхэд:

8. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн ******* ДАА улсын дугаартай Зил 131 маркийн автомашинд засвар хийлгэхээр иргэн *******ын хашаанд аваачиж өгсөн байхад хариуцагч ******* нь дур мэдэн машиныг авч явсан учир хариуцагч *******оос ******* ДАА улсын дугаартай Зил 131 маркийн автомашиныг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч “...*******гийн нөхөр ******* нь надаас авсан мөнгөө өгөхгүй байсан учир мөнгөө авахын тулд ******* ХӨҮ улсын дугаартай Зил 131 маркийн автомашин авсан, харин *******гийн нэхэмжилж буй ******* ДАА улсын дугаартай, Зил 131 маркийн автомашиныг аваагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх боломжгүй байвал мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.

Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь хуульд заасан эрхээ эдэлж, ******* ДАА болон ******* ХӨҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслүүдийн түүхчилсэн лавлагааг гаргуулах, мөн ******* ХӨҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг тодруулах талаар үзлэг хийлгэх, иргэн *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах зэрэг хүсэлтүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байжээ. /хэргийн 24, 39, 62-63, 89/

10. Хэргийн оролцогчийн гаргасан ******* ДАА болон ******* ХӨҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслүүдийн түүхчилсэн лавлагааг гаргуулах хүсэлтийг шүүх хангаж, 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 945 дугаартай шүүгчийн захирамж гаргасан бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвөөс ******* ДАА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагааг ирүүлж, харин ******* ХӨҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагааг ирүүлээгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлж буй нотлох баримт дутуу ирсэн байхад анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 44-46, 50-52/

11. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******ын эзэмшилд байгаа ******* ХӨҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй учир тус тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэж, арлын дугаар нь ******* ДАА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаартай тохирч байгаа эсэхийг тодруулахаар үзлэг хийлгэх хүсэлтийг гаргажээ.

Дээрх хүсэлтийг шүүх “...нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос өөрийн өмчлөлийн ******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулахаар шаардлага гаргасан ба ******* ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэх хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, мөн ******* ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь маргаж буй ******* ДАА улсын дугаартай машин биш гэж маргаж гэрэл зургийг ирүүлсэн боловч уг машин биш болох талаар түүний тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж өгөөгүй”  гэх дүгнэлт хийж,  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч ******* нь ******* ХӨҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг иргэн гээс худалдан авч, ******* ДАА улсын дугаар авсан гэж мэтгэлцэж байгаа боловч ******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн гийн эзэмшилд байхдаа СБА улсын дугаартай байсан болох нь тус тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд маргаж буй ******* ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, ******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгэн дээр бичигдсэн 557830 гэх  арлын дугаар нь ******* ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаартай тохирч байгаа эсэхийг үзлэг хийж, тодруулах шаардлагатай.

12. Нэхэмжлэгч ******* нь “2021 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн ******* ДАА дугаартай тээврийн хэрэгслийг иргэн *******аар засуулахаар хашаанд нь аваачиж өгсөн. Гэтэл ******* нь авах ёстой гэж хэлээд машиныг аваад явсан байсан.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд уг автомашиныг засварлахаар авсан байсан *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байсан бөгөөд *******ын хаягийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинаас нь тодруулах боломжтой байхад шүүх дээрх хүсэлтийг “нэхэмжлэгч ******* нь Цэрэнжавын хаягийг мэдэхгүй гэж мэдүүлсэн тул шүүхээс гэрчийг дуудах ажиллагаа явуулах боломжгүй” гэх дүгнэлт хийж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. /хэргийн 63-66

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн гаргасан эдгээр алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/01663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                               

                                   ШҮҮГЧИД                                       Г.МЯГМАРСҮРЭН        

                                                                                                 Я.ТУУЛ