Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00970

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/00315 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 932 дугаар магадлалтай,

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С  ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 113.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, ажлын хөлс 52.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болдбаатар, Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болдбаатар, Д.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Ч.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С  ХХК нь Э ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5/012-13 тоот хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 тоот удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээг тус тус байгуулсан. Э ХХК 5/012-13 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 49.000.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 5/004-13 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 64.000.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус шилжүүлсэн. С  ХХК нь гэрээ байгуулснаас хойш календарийн 45, 60 хоногийн дотор хийж өгөх ёстой хугацаандаа нийлүүлэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс манай компанид нийтдээ дээрх хоёр гэрээний дагуу 113.000.000 төгрөгийн авлага үүссэн. Э ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйгээс манай компанид учруулсан хохирол болох 113.000.000 төгрөгийг С  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С  ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ерөнхий захирал Ч.Даваасүрэн нь 4 сар цагдан хоригдсоны дараа 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Хэдий нөхцөл байдал хүнд байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, эдгээр гэрээт ажлыг хийж дуусгах хүсэлтэй байсан. Иймээс С  ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т/170 тоот албан бичгээр Э ХХК-д хандаж, дээрх гэрээнүүдийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Харилцан тохиролцооны хувьд дээр дурдсан гэрээнүүдийн хугацааг сунгах талаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т/170 тоот албан бичгийг явуулах үед Э ХХК-ийн удирдлагууд өөрчлөгдсөн байсан. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Э” ХХК-иас БУ-05-12/629 тоот албан бичигт удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнүүдийн гүйцэтгэлийг дахин мөнгө төлөхгүйгээр танай авсан урьдчилгаанд тооцохоор тайлангуудыг хүлээлцэх гэж дурдсан байсан. Хэдийгээр энэ санал нь С  ХХК-д 52.000.000 төгрөгийн алдагдалтай байсан боловч бид өмнөх хамтын ажиллагаа, бизнесийн ёс зүйг харгалзан саналыг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэхгүйгээр ажлыг хийж, тайланг хүргүүлсэн. Гэрээний үүргийн биелэлт ба тайлан хүргэлтийн тухайд С  ХХК нь хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнд заасны дагуу Э ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайланг бэлтгэж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий захирал Ч.Даваасүрэн өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгсөн. Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнтэй уулзаж, тайлангаа танилцуулсан. С  ХХК нь удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээнд заасны дагуу Э ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг бэлтгэж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандсан тайлан хүргүүлэх тухай Т/176 тоот албан бичгийн хамтаар Э ХХК-д баталгаат шуудангаар илгээсэн. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Э ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх тайланг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр удирдлагын бүртгэлийн нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг хүргүүлснээс хойш Э ХХК-ийн зүгээс ямар нэг хариу ирүүлээгүй, санал тавиагүй, түүнчлэн гомдол ч гаргаагүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Э  ХХК-иас БУ-05-12/629 тоот албан бичиг ирсэн бөгөөд Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг гарын үсэг зурсан байсан. Бид хамтын ажиллагаагаа хүндэтгэн 52.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр гэрээгээ дуусгавар болгох юм байна гэж ойлгоод явж байтал энэ албан бичгээс хойш 3 жил 2 сарын дараа урьдчилгаа төлбөр 113.000.000 төгрөгийг буцаан нэхэмжилжээ.  Иймд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/012-13 тоот Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 28.000.000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/004-13 тоот удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөг, нийт  52.000.000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан, удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй.  Э ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын тайлангуудыг хүргүүлсэн гэх боловч гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй ба өнөөдрийг хүртэл дээрх 2 тайланг албан ёсоор хүлээн аваагүй, тайлан хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байна. С  ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн нь 5/004-13, 5/012-13 дугаартай гэрээнүүдээр гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн асуудлыг Авилгатай тэмцэх газарт шалгагдаж, цагдан хоригдож байсан тул гэрээнд заасан хугацаанд тайланг хийж гүйцэтгээгүй гэсэн тайлбар өгдөг. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш 6 cap өнгөрсний дараа буюу 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Т/170 тоот албан бичгээр гэрээний хугацаа сунгах талаар санал ирүүлсэн нь манай компанийн хувьд саналыг хүлээн авах боломжгүй санал гэж үзсэн ба уг гэрээт ажил зөвхөн 2013 онд манай компанид нэн хэрэгцээтэй зүйл байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 108-01 тоот, 2015 оны 6 дугаар сарын 24-ний 79/15-141 тоот албан бичгээр тус тус албан ёсоор хариу мэдэгдсэн. Иймд С  ХХК-иас нэхэмжилж байгаа 52.000.000 төгрөгийг Э ХХК эс зөвшөөрч байгаа тул уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ201700315/00315 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч С  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 52.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 932 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/00315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болдбаатар, Д.Гансүх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 932 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/00315 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 932 дугаар магадлал нь С  ХХК-ийн Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа мөнгө 119.000.000 төгрөг авч, гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэлгүй, ихээхэн хэмжээний мөнгө завших бололцоог олгосон шийдвэр гаргалаа гэж үзэж байна.Севиллиа аудит ХХК нь 5/012-13 тоот гэрээний дагуу хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээт ажлыг гэрээний 1.3-т заасны дагуу календарийн 45 хоногт, 5/004-13 тоот гэрээний дагуу Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээт ажлыг гэрээний 1.3-т заасны дагуу календарийн 60 хоногт багтаан дуусгах үүрэг хүлээсэн боловч, тохирсон хугацаанд уг ажлыг гүйцэтгээгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл гэрээний дагуу гүйцэтгэх ажил болох тайлангуудаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй.Захиалагч буюу Эрдэнэт үйлдвэр ХХК нь 5/012-13, 5/004-13 тоот гэрээнүүдийн 1.3-т заасан хугацаанд тайлангуудыг ажил гүйцэтгэгчээс хүлээж аваагүй, ажил хүлээлцсэн талаар акт үйлдээгүй бөгөөд ажил гүйцэтгэгч буюу Севиддиа аудит ХХК нь гэрээнүүдийн дээрх заалт болон Монгол Улсын Иргэний хуулийн 206 дүгээр зүйлийн 206.1 дэх заалт, 208 дугаар зүйлийн 208.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Шүүх уг иргэний хэргийг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Тухайлбал, Захиалагч нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 79/15-141 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан тус компанийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №108-01 тоот албан бичигт С  ХХК-ийн ирүүлсэн гэх тайлан нь аргачлал, онол талаас нь хийсэн, Эрдэнэт үйлдвэрийн урьд жилүүдийн тайлан тооцоо дээр тулгуурлан судалгаа, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, захиалагчийн хүссэн үр дүн шаардлагад нийцээгүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай /өвчтэй/ байсныг шүүх харгалзаж үзэлгүй шүүх хурал хойшлуулах хүсэлтийг хангалгүй, хэргийн оролцогчдын хэрэг шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх боломжийг олголгүй уг магадлалыг гаргасан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 932 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 113.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С  ХХК эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл  52.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сард байгуулагдсан гэрээгээр хариуцагч С  ХХК нь удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил, мөн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах ажил гүйцэтгэх нэхэмжлэгч нь дээрх ажлын хөлсөнд 150.000.000 төгрөг төлөхөөр тохирч, урьдчилгаанд 113.000.000 төгрөг төлсөн, энэ талаар маргаагүй байна /хэргийн 7-12  дугаар тал/.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан байх ба ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч өөрийн биеэр, удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажлын тайланг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан, эдгээрийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Гэрээний Тавын 2-т “гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэжээ.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй гэж тайлбарлаж буй боловч нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх талаар хууль болон гэрээнд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 932 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болдбаатар, Д.Гансүх нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 722.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ