Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХК /РД:*******/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч, П.Д, Х.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ тоот актаар тогтоосон 991382866,70 төгрөгийн төлбөрөөс 4.3, 4.4-д хэсгээр тогтоосон 121,256,934,50 төгрөгийг 4.1-д тогтоосон төлбөрөөс 64,851,657.59 /2012-2014/ нийт 186,108,592.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 4.1, 4.2-т заасан  805,274,274.27 төгрөгийн төлбөрийг эс хүлээн зөвшөөрч байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлж өгнө үү” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, Х.Т, Ж.А, Д.Нямаа, Г.Э, хариуцагч П.Д, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов. 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №************ тоот актаар тогтоосон 991,382,866,70 төгрөгийн төлбөрөөс дараах үндэслэлээр 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг үл зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага гаргаж, 186,108,592.29 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

1. НӨАТ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 хуулийн үйлчлэх хүрээ Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн, Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахад үйлчилнэ гэж заасан байтал Татварын улсын байцаагч нар сансар огторгуйд байрлах хиймэл дагуул дээрх төхөөрөмжөөр дамжуулан хийсэн 1,817,262,177.36 төгрөгийн гадаад ярианы төлбөр, 1,998,569,638.20 төгрөгийн сувгийн түрээс зэргийг Олон улсын цахилгаан, холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцид “Дэлхий нийтийг бүрхсэн сүлжээг хил хязгаараар заагладаггүй” гэсэн зарчим, мөн ******* E10 станцыг БНХАУ-ын Шанхай хот дахь *********************** компани луу явуулж засуулсан байтал уг засварын ажлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ гэж үзэн НӨАТ-ын тухай хуулийн үйлчлэх хүрээ нутаг дэвсгэрийн зарчмыг алдагдуулан НӨАТ-ын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-ыг үндэслэн акт тавьжээ. Энэхүү зөрчлийн дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. 

а. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Монгол улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10,0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна гэж заасны дагуу мөн зүйлийн 7.3.5, 7.4.9-д заасан үйлчилгээг авсан тул Монгол улсын оршин суугч бус этгээдээс НӨАТ нэмж авч төлөх үүргээ зөрчсөн гэжээ. Гэтэл энэхүү заалтын үндсэн гипотиз болох Монгол улсын нутаг дэвсгэрт гэсэн нөхцөл нь олон улсын конвенци, НӨАТ-ын хуулийн үйлчлэх хүрээнд хамрахгүй буюу хангагдаагүй, НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн шаардлагыг хангаагүй байтал буруу үндэслэлээр хариуцлага тооцсон байна. 

b. М ХК нь эдгээр гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлогодоо НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.2-ийн дагуу НӨАТ ногдуулж тайлагнасан болно. Гэтэл хэрэглэгчээс авсан нэг үйлчилгээний орлогод нийт дүнгээр 1, гадаад карьер өгөх мөнгөнөөс дахин 1 удаа НӨАТ-ыг давхардуулан тооцож байна.

с.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Олон улсын цахилгаан, холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцид Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан байтал авч үзээгүй байна. Гадаад ярианы карьер, гадаад ярианы төлбөр нь нэг ойлголт байтал 2 өөр зөрчил мэт үзсэн байна.

2.ААНОАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 заалтын “Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод” гэсэн нэмэлт өөрчлөлт (Төрийн мэдээлэл 2011 оны 12 дугаар сарын 17-ны №47/716/)-ийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2012 оноос хэрэгжиж эхэлсэн гэтэл татварын улсын байцаагч нар энэхүү өөрчлөлтийг үндэслэн 2010-2011 оны 166,265,638.62 төгрөгийн зөрчилд хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг урагшлуулж хэрэглэсэн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасан шаардлагыг хангаж байх тул УТОХГ-ын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №************ тоот актаар тогтоосон 991,382,866.10 төгрөгийн хүү, нийт 332,392,783.50 төгрөгийн алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлж өгнө үү. 

Иймд Татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ************ тоот аар тогтоосон 991,382,866.70 төгрөгийн төлбөрөөс дээрх зөрчилд ногдох 472,881,490.77 төгрөгийн нөхөн татвар, 254,797,898.10 төгрөгийн алданги, 76,276,000.30 төгрөгийн торгууль, 1,318,885.10 төгрөгийн хүү, нийт 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг хасч, актын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ тоот актаар тогтоосон 991.382.866,70 төгрөгийн төлбөрөөс 4.3, 4.4 дахь хэсгээр тогтоосон 121.256.934,50 төгрөгийг 4.1-д тогтоосон төлбөрөөс 64.851.657,59 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 4.1, 4.2-д 805.274.274,27 төгрөгийн төлбөрийг эс хүлээн зөвшөөрч байна. Мөн анхны ардчилсан сонгууль болж парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлж өгнө үү. 4.1 дэх зөрчлийн хувьд өмнө тайлбарласантай адилхан.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх хэсэгт өөрчлөлт орсон хугацаанаас буюу 2012 оноос хойших зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Харин үүнээс хойших зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012-2014 оны нийт 648.516.657,79 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2010-2011 оны 59.855.630,12 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Актын 4.2 дахь зөрчлийн хувьд гадагш шилжүүлсэн мөнгөнөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсад оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөөгүй гэдэг үндэслэлээр захиргааны актыг тавьсан. Дээрх актыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулна. Гадагшаа төлбөрийг шилжүүлсэн компаниудын үзүүлж байгаа үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй. Татварын улсын байцаагч нарын  акт тавьсан 7.3.5-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах, 7.4.9-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд 16.1.2 буюу Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус Монгол Улсад байрладаггүй этгээдээс 7.3.5, 7.4.9 дэх хэсэгт заасан бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлнө гэх заалтыг заалтыг зөрчсөн гэсэн. Бидний хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд үйлчлэхгүй байна, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа гүйцэтгэсэн ажил үйлчилгээ биш гэж үзсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь ямар асуудлаар хариуцах талаар 5.1 дэх хэсэгт заасан байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон, борлуулсан, экспортолсон этгээд түүнчлэн бараа импортолсон, борлуулсан ажил, гүйцэтгэсэн үйлчилгээ үзүүлсэн иргэн хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна. Тэгэхээр Япон Улсын К компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил үйлчилгээг борлуулсан хуулийн этгээд биш юм. 5.2 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт үйлчилнэ гэж заасан. Тэгэхээр 5 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш байна. 1-д хуулийн үйлчлэх хүрээнээс хальсан, 2-д нэмэгдсэн өртгийн албан татвар биш байна. 7.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Үүнд: Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, худалдах хэрэглэх ашиглах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа, худалдах, хэрэглэх, ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа, Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно. 7.2 дахь хэсэгт Монгол Улсад байрладаггүй гадаадын иргэн, хуулийн этгээд түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн нь 10 сая төгрөг ба түүнээс дээш байвал 7.1.4 дэх заалт хамаарна гэж заасан. Тэгэхээр татварын улсын байцаагч нарын  үндэслэл болгож байгаа заалтуудын эхний хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт гэдэг үг орсон байдаг. Гэтэл олон улсын цахилгаан холбооны байгууллагын дүрэмд юу гэж заасан бэ гэхээр дэлхий нийтийг бүрхсэн сүлжээг хил хязгаараар заагладаггүй. Огторгуй дахь хиймэл дагуул, станцуудаар мэдээллээ солилцдог. Нутаг дэвсгэрийг тодорхойлох тодорхойлолт Монгол Улсын хууль тогтоомжид байдаггүй. Н.Лүндэндоржийн Төрийн онол гэх номонд нутаг дэвсгэр гэдгийг дэлхий нийтийг сүлжээг хил хязгаараар заагладаггүй, нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд нутаг дэвсгэртэй адилтгах объект, хуурай гадаргуу, усан гадаргуу, газрын хэвлий, агаарын орон зай хамаарна. Харин нутаг дэвсгэрт үл хамаарах нь задгай тэнгис, антарктик, агаар мандал болон түүний дээр оршиж буй сар,  сансрын бусад биет нь хэн нэгний ашиглалтад хамаарахгүй, зөвхөн хамтаар ашиглана гэх журам байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч байгаа 001 гэх гарцаар дохиог илгээнгүүт огторгуй дээр байгаа хиймэл дагуул дээр тэр дохио нь очиж, Япон Улсын буюу бусад цахилгаан холбооны компаниуд нь тэр дохиог хүлээж аваад нөгөө хүнтэй нь холбож өгдөг ийм үйлчилгээ юм. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.4, 7.2 буюу харилцаа холбооны рүүминг үйлчилгээний төлбөр нь оршин суугч бус этгээдээр дамжин хийгддэг. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн ажил, үйлчилгээ мөн үү гэхэд Татварын ерөнхий газраас 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн хууль хэлтсийн даргын бичигтэй лавлагаагаар  нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаггүй хуулийн этгээдийн гүйцэтгэж буй үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ биш байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.4.1 заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ биш байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахааргүй байх тул Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн ажил үйлчилгээ биш байна гэсэн хариуг өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь нутаг дэвсгэрийн зарчмаар үйлчилдэг учраас хуулийн хамрах хүрээнээс хальсан асуудал байна. Иймд татварын улсын байцаагч нарт акт тавих хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. ” гэжээ.

Хариуцагч П.Д, Х.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа:”...“М” ХК нь гадаад яриа болон дотоод ярианы төлбөрт НӨАТ ногдуулж төсөвт төлж НӨАТ-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу борлуулалтын орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнасан. Харин карьер компаниудаас үйлчилгээ авсаны төлөө төлж буй төлбөр / зардал / нь ААНОАТ-ын тайлангийн хасагдах зардалд орж өртөг бүрдүүлэн хасагдан тооцогдсон зардал бөгөөд эдгээр үйлчилгээг Монгол Улсад оршин суугч бус этгээдээс авсан тул НӨАТ-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасны дагуу М ХК нь суутгагчийн үүрэг гүйцэтгэн, үйлчилгээний үнийн дүн дээр нэмж нэмэгдсэн өртгийн албан татварыг авч, НӨАТ-ийн ТТ-03 б маягтаар тайлагнаж, төсөвт төлөх үүрэгтэй. Тийм учир энэ нь 1 татварыг давхардуулан авч байгаа асуудал биш юм. 

Монгол Улс нь Олон улсын цахилгаан, холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан боловч нэгдэн орсноор аливаа төрлийн татвараас хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх холбогдох заалт үгүй байгаа болно. Харин татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухайн улсуудтай байгуулсан гэрээнүүдийг шалгалтын явцад авч хэрэглэн ашигласан болно.

Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн актын зөрчилд гадаад ярианы төлбөрийг 2 өөр төрлийн 2 зөрчил үүсгэсэн гэж ташаа ойлголтоор тайлбар өгсөн байгаа нь буруу байна.

“Татвар суутгагч“ гэж татвар татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд”-ийг хэлнэ. Мөн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд. Татварын улсын байцаагчийн бүрэн эрх 29.1.5-д татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх“ гэсэн заалтын дагуу ААНОАТ-ын тухай хуулийн 17.2.9-д заасны дагуу нөхөн татвар ногдуулж, холбогдох хуулийн дагуу 2010-2011 онд 166,265,638.62 төгрөгийн зөрчилд нөхөн татвар ногдуулж, холбогдох хуулийн дагуу 2010-2011 онд 166,265,638.62 төгрөгийн зөрчилд нөхөн татвар ногдуулж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон.

Татварын улсын байцаагчийн ************ тоот актын зөрчлийн дүнг тооцохдоо механик алдаа гаргаагүй болно. Татварын улсын байцаагчийн актын 4.1-ийн 490,523,927.56 төгрөгийн зөрчил нь ААНОАТ-ын хуулийн дагуу татварыг давхардуулан ногдуулахгүй байх гэрээ байгуулаагүй Япон улсын К, АНУ-ын А компаниудад шилжүүлсэн 490,523,927.56 төгрөгийн ярианы төлбөрөөс суутгал хийж төсөвт төлөх үүргээ гүйцэтгээгүй дүн бөгөөд тус актын 4.2-ийн 4,396,283,630.50 төгрөгийн гадагш шилжүүлсэн үйлчилгээний төлбөрийн дүн нь сувгийн төлбөр 3,962.838,724.91 төгрөг, оршин суугч бус нэр бүхий харилцагчдад төлсөн ажил үйлчилгээний төлбөр 433,444,755.59 төгрөг юм. Иймд энэ нь давхардуулан тооцоогүй юм. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг үндэслэн нийт 332392783,5 төгрөгийн өршөөлд хамруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Дээрх хууль нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс өмнө тус компанийн актын төлбөрөөс зөвшөөрч 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нийт 83607479,3 төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл хууль хүчин төгөлдөр болох хууль заасан хугацаанаас өмнө татвар төлөгчийн төсөвт төлсөн төлсөн хүү, торгууль алдангийг өршөөлд хамруулан буцаан олгох буюу хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК-ны оршин суугч бус харилцагч Япон Улсын К компани, АНУ-ын А компаниудад шилжүүлсэн орлогын тооцооллын хувьд татварын хяналтын байцаагч бид шалгалт хийхдээ шилжүүлсэн биш, тооцоолсон дүнгээр зөрчлөө тооцсон. Ийнхүү тооцох үндэслэл нь Татварын хяналт шалгалтын удирдлага арга зүйн газраас 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 8/1365 тоот албан бичгээр хяналт, шалгалтын байцаагч нарт чиглэл зөвлөмжийг хүргүүлсэн. Дээр албан бичигт шилжүүлэх орлогыг нэхэмжлэлийн дүнгээр авлагаа бууруулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9г дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар тооцно гэж заасанд хамруулан, татвар ногдох эсэхийг дараах байдлаар ойлгож, хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд: Бусдад төлөх өглөгийн дүнгээр авлагаа бууруулсан нягтлан бодох бүртгэлийн дансны бичилт хийгдсэнийг албан татвар оногдсон гэж үзэж татвар ногдуулах үндэслэлтэй гэсэн. Татвар төлөгч нь тооцооллын хэмжээгээр өглөг үүсгэж байгаа.  Өөрөөр хэлбэл харилцагч компанийн үйлчилгээ үзүүлсэн буюу нэхэмжлэлийн дүнгээр өглөгийг үүсгэсэн. Өглөг үүсгэсэн хэмжээгээр өглөгийг барагдуулахдаа авлага барагдуулснаар бууруулж байгаа. Гэтэл энэ 2 компани нь харилцан бие биедээ үйлчилгээ үзүүлж байсан учраас тооцооллын дансны өглөгийг авлагаар бууруулж хорогдуулсан. Шилжүүлсэн гэх баримтууд нь байдаг. Татварын улсын байцаагч нарын  хувьд өглөгийг яагаад авлагаар бууруулсан бэ гэх журналын бичилтийг үндэслээд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тооцоолсон хэмжээгээр тайлангийн зардалд орсон. Нөгөө талаас өглөгийг буруулахдаа авлагын хэмжээгээр бууруулсан. Тухайн 2 компанийн харилцан тооцоолол хийхэд бичигдэх бичилт мөн боловч татварын татвар ногдуулах орлогыг тооцоолохдоо бид өгөх ёстой нэхэмжлэлийн дүнгээр суутган тооцож, төсөвт төлөх ёстой гэж үзэж холбогдох хуулийн дагуу нөхөн татварыг ногдуулсан. Хэрвээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй, 15.1.3 дахь хэсэгт энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр гэж заасан. Тэгэхээр энэ байгууллага нийт дүнгээр аж ахуйн нэгжийн тайланд хасагдах зардалдаа оруулж тооцсон. Бид энэ шалтгаанаар дахиж зөрчил үүсгэж, нөхөн төлбөр ногдуулаагүй. Учир нь зардалдаа 100 хувь нэхэмжлэлийн дүнгээр оруулсан байгааг бид хүлээн зөвшөөрсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх хэсэгт зааснаар бодитой хэрэгжсэн гэж үзсэн учраас нөхөн татварыг ногдуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтийн хувьд би өмнө нь тайлбар хэлсэн. Эх үүсвэр буюу захиалагч нь хаана байгаа, үр дүн нь хаана бий болж байгаа, тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой юу гэх асуудал яригдаж байна. Монгол улсад олсон орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалт нь үйлчилнэ. Үйлчилгээг хүлээн авч байгаа байгууллага нь “М” ХХК юм. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаггүй хуулийн этгээдээс үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч, төсөвт төлөх үүрэгтэй. Мөн татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт татвар төлөгчийн үүргийг заасан. Бусдад төлөх төлбөрөөс шилжүүлсэн орлогод тооцох орлогыг үнэн зөв суутган тооцож тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд тухайн үйлчилгээг хүлээн авч байгаа хэрэглэгч нь “М” ХХК байгаа учраас дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байна. Тиймээс татварын улсын байцаагч нарын акт нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нар “М” ХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд  хяналт шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ тоот татварын улсын байцаагчийн актаар  нийт 6.120.542.603.10 төгрөгийн зөрчилд 658.990.083.2 төгрөгийн нөхөн татвар, 254.797.898.1 төгрөгийн торгууль, 76.276.000.3 төгрөгийн алданги, 1.318.885.1 төгрөгийн хүү, нийт 991.382.866.7 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                        

“М” ХК-иас дээрх актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар тогтоолоор  татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ дугаар актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Улмаар “М” ХК-иас Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын “2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ тоот актаар тогтоосон 991,382,866.70 төгрөгийн төлбөрөөс 4.3, 4.4-д хэсгээр тогтоосон 121,256,934,50 төгрөгийг 4.1-д тогтоосон төлбөрөөс 64,851,657.59 /2012-2014/ нийт 186,108,592.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 4.1, 4.2-т заасан 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг эс хүлээн зөвшөөрч байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий актад тооцооллын алдаа байгаа талаар дурьдсаныг хариуцагч нараас уг тооцооллын алдааг дахин нягтлан шаардлагатайг дурдан шүүх хуралдааныг хойшуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч дээрх саналаасаа татгалзаж зөвхөн актаар оногдуулсан бүхэл тоон дээр хууль хэрэглээний маргааны хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх хүсэлтийг гаргасаныг шүүх хүлээн авч ************ тоот актаар тогтоосон төлбөрөөс 186,108,592.29 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн зөвшөөрлийг хүлээн авч, үлдэх эс зөвшөөрч хүчингүй болгуулах 805,274,274.27 төгрөгийн төлбөр, Өршөөл үзүүлэх тухай хуульд алданги, торгууль, хүүний төлбөрийг хамруулах хэсэгт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Ингэхдээ шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүх хуралдааны оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэг: 2010-2014 онуудад Япон улсын К, Америкийн нэгдсэн улсын  А компаниудад нийт 490.523927.56 төгрөгийн яриа сүлжээ ашигласны төлбөрийг шилжүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, 17.2.9г, мөн хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5 дахь  заалтыг зөрчсөн тухайд: 

Нэхэмжлэгч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр: “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олсон орлогод оногдуулна гэж хуучин хуульд байсан. Япон Улсын К компани болон АНУ-ын А компани зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн ажил, үйлчилгээ үзүүлээгүй. Учир нь гадаад ярианы төлбөр нь сансрын хиймэл дагуулыг ашиглаж хийж байгаа учраас Монгол Улсаас илгээсэн дохиог авч, Япон улсад үйлчилгээ үзүүлсэн байдаг. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дээрх ажил үйлчилгээг үзүүлээгүй гэх үндэслэлээр татварыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2.9г дэх заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа ажил, үйлчилгээ биш, Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогод гэдэг нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Монгол Улсаас эх үүсвэртэй дараах орлогод татвар ногдуулна гэх өөрчлөлт нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл татварын улсын байцаагч нар 2010-2011 оны зөрчлүүдэд хариуцлага ногдуулсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Оршин суугч бус этгээдээс төлбөр авсан учраас суутгагчийн үүргийг “М” ХХК нь хариуцах ёстой. Хуулийг тайлбарлахад олсон буюу өнгөрсөн цаг дээр олсон орлого гэж үзсэн...”гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар”, 17.2.9.г “ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого” гэж албан татварын хувь хэмжээг тодорхойлон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заажээ.

Харин албан татвараас  хөнгөлөх  асуудлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд тодорхойлсон байх бөгөөд энэ хуулийн 19.9-д “Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

  Тодруулбал тухай улс нь Монгол Улстай давхар татварын гэрээтэй бол гэрээнд заасан нөхцөл, хувь хэмжээг баримталдаг. Энэ тохиолдолд Япон, Америк улстай Монгол Улс давхар татварын гэрээ байгуулаагүй учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасны дагуу “20 хувиар” ногдуулахаар байна.

Учир нь дэлхийн бүх улс орон сансарын уудам орон зайд байрлуулсан хиймэл дагуулын тусламжтайгаар харилцан хоорондоо цахилгаан холбоогоор холбогдож байгаа бөгөөд уг ашиглаж байгаа дамжуулах хиймэл дагуулын байрлах орон зай нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй боловч Монгол Улсад байрладаггүй хуулийн этгээд болох Япон Улсын К компани болон АНУ-ын А компанийн олсон дээрх орлогыг Монгол Улсын аж ахуйн нэгж болох “М” ХК-ийн ажил үйлчилгээгээр олж байгаа учир Монгол Улсаас эх үүсвэртэй гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл энэ 2 компанийн үйлчилгээний төлбөр нь Монгол Улсад бий болсоноор тухайн ажил үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэхдээ суутган татвар нь мөнгийг олгох үед суутгахаар хуульд заасан байна. Хэрэв яриа сүлжээ ашигласны 490.523927.56 төгрөгийн төлбөрийг зарим хэсгийг шилжүүлсэн бол шилжүүлсэн хэсэгт л нөхөн татвар, торгууль тооцох нь зөв боловч нэхэмжлэгч талаас тооцооллын зөрүүтэй асуудал байгаа боловч үүнийг орхигдуулан зөвхөн бүхэлд дүнгийн хувьд хууль хэрэглээнд маргана гэснийг дурьдах нь зүйтэй.

Хоёр: “М” ХК нь 2010 онд 849,592,910.70 төгрөгийн, 2011 онд 881,538,522.20 төгрөгийн, 2012 онд 1,005,722,047.50 төгрөгийн 2013 онд 869,025,034.03 төгрөгийн, 2014 онд 790,405,0116.05 төгрөгийн нийт 4,396,283,630.50 төгрөгийн гадаад яриа, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, ТЭҮЗ боловсруулах үйлчилгээ зэргийн төлбөрийг Монгол Улсад оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 ”Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрлагдаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” заалтыг зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт “... нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2-т заасантай хамаарахгүй. Гадагшаа төлбөрийг шилжүүлсэн компаниудын үзүүлж байгаа үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа гүйцэтгэсэн ажил үйлчилгээ биш. 

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь ямар асуудлаар хариуцах талаар 5.1 дэх хэсэгт заасан байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон, борлуулсан, экспортолсон этгээд түүнчлэн бараа импортолсон, борлуулсан ажил, гүйцэтгэсэн үйлчилгээ үзүүлсэн иргэн хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна. 

Тэгэхээр Япон Улсын К компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил үйлчилгээг борлуулсан хуулийн этгээд биш юм. 5.2 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт үйлчилнэ гэж заасан. Тэгэхээр 5 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш ...” гэж тайлбарлан маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  үйлчлэх хүрээг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Иргэн хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ “ гэжээ.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах”, 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” зэрэг ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар зохицуулагджээ.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт татвар төлөгчийн үүргийг заасан. Бусдад төлөх төлбөрөөс шилжүүлсэн орлогод тооцох орлогыг үнэн зөв суутган тооцож тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж хуульчилсан.  

Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт ... үзүүлсэн үйлчилгээ ... “, 7.2-т “Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, ... Монгол Улсын нутаг дэвсгэрт ... үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш энэ хуулийн 7.1.4 заалт нэгэн адил хамаарна ...”, 7.6-т “Энэ хуулийн 7.5.1 дэх заалтад 7.3.5, 7.4.9 дэх заалт хамаарахгүй” гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасны дагуу гадаад яриа, сувгийн түрээс, засварын ажлын хөлс, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, ТЭҮЗ боловсруулах үйлчилгээ зэргийн төлбөрийг Монгол Улсад оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д зааснаар “М“ ХК–иас НӨАТ ногдуулж төсөвт төлөх үүрэгтэй байна. 

Учир нь тухайн үйлчилгээг хүлээн авч байгаа хэрэглэгч нь “М” ХХК байгаа учраас нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаггүй хуулийн этгээдээс үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч, төсөвт төлөх үүргээ биелүүлэх нь зүйтэй байна.

Гурав: Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх” тухайд: 

Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн актаар тогтоосон “...торгууль, алданги, хүүгийн төлбөрийг 2015 оны “...Өршөөл үзүүлэх тухай...“ хуульд зааснаар чөлөөлүүлэхийг хүссэн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэх, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна. 

Мөн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ гэжээ.

Энэ хуулийн 10-р зүйлд “...3-р зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт ...гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд Татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны хариуцлага гэдэг бол холбогдох этгээдийн хуулиар тогтоосон захиргааны журмыг  гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд ногдуулж буй шийтгэл юм.

Татварын хууль тогтоомжид зааснаар татварын  хүү нь тухайн татварын орлого төсөвт ороогүй байгаа хугацааны төсвийн санд нөхвөр болдог, мөнгөн хөрөнгө, харин алдангийг нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт ногдуулан тооцдог байна.

Энэ ойлголтын хүрээнд ч татварт ногдуулсан алданги, хүүг захиргааны хариуцлага гэж үзэж өршөөлийн хуульд хамааруулах боломжгүй. 

“Торгууль” нь хэлбэрийнхээ хувьд захиргааны хариуцлагын нэг төрөл боловч татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын хариуцлага тул эд хөрөнгийн шинжтэй нэмэлт үүрэг гэж үзнэ. Иймд торгуулийг захиргааны хариуцлага ногдуулсан шийтгэл гэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд маргаан бүхий Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын “2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ дугаар акт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХК-ийн Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ************ дугаар актаар тогтоосон 991,382,866.70 төгрөгийн төлбөрөөс, актын 4.1, 4.2-т заасан 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР