Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0077/З |
Дугаар | 221/МА2019/0386 |
Огноо | 2019-07-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0386
2019 оны 07 сарын 18 өдөр Дугаар 221/МА2019/0386 Улаанбаатар хот
Л.П-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Л.П-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны)-ийн 4 дүгээр зүйлийн 4.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.П-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдэх эсэх хөрөнгийн эрхийн талаар дүгнэлт хийхдээ ерөнхий болон нарийвчилсан зохицуулалттай хуулийг зөв хэрэглээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь заалтад нийцээгүй, хууль бус, үндэслэлгүй болсон гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль гэсэн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байсаар байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хамаарах заалтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д өмчийг хэлбэр харгалзахгүй эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийхээр заасан нь ерөнхий зохицуулалт болж байна.
Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2003 он) 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж нарийвчлан зохицуулаад, гэхдээ зөвхөн төрийн өмчийн барьцааны эрх болон узуфруктын эрхийг бүртгэхээр 3.4 дэх заалтаар зохицуулсан.
Шүүх дүгнэхдээ, У хувь нийлүүлсэн нийгэмлэг ямар баримт бичгийг бүрдүүлэн, ямар этгээдийг томилон маргаж байгаа бүртгэлийг хийлгэсэнд анхаарал хандуулан, улмаар бүртгэлийн хуулийн 13.1, 14.1 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий болж чадаагүй тул хуулийн олон заалтыг зөрчсөн. Үүнийг тодруулбал,
У хувь нийлүүлсэн нийгэмлэг зохих баримтыг бүрдүүлэн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад, эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулж байсан хуулийнхаа 3.3 дахь заалтаа баримтлан бүртгэхээс татгалзсан, гэтэл дараа нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч бүртгэхдээ, нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиа бус харин ерөнхий зохицуулалттай хуулийг баримтлан бүртгэснийг хуульд нийцсэн гэж шүүх зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.5 дахь заалтыг илэрхий зөрчсөн юм. Захиргааны шүүх нь захиргааны үйл ажиллагаа, үйлдэл, акт хуульд нийцэж байгаа эсэхийг шүүдэг, хянадаг эрх бүхий байгууллага хэрнээ энэхүү практикт гарч байгаа хуулийн зөрчил, хариуцагчийн хэлсэнчлэн “дээд байгууллагаас чиглэл авсан” гэх хэдэн өдрийн өмнө бүртгэхгүй гэсэн хариугаа өгсөн атлаа хэрхэн яагаад дээд байгууллагаас чиглэл авах болсон асуудлыг ч нягтлахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
У хувь нийлүүлсэн нийгэмлэгээс бүрдүүлэн эд хөрөнгийн эрхийг бүртгэх байгууллагад өгсөн баримтын гол үндэс болж байгаа акт болох Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолыг үндэслэн хариуцагч байгууллага бүртгэх баримтын бүрдэл болж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэг тайлбарласан. Үндсэндээ энэ нотлох баримт нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.4-д “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2.1-3.2.4-д заасан эрхийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасантай нийцэж байгаа гэж үзсэн болов уу.
Харин шүүх тухайн нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй нь эд хөрөнгийн эрхийг бүртгэх хуулийн зохицуулалтаар барьцаа болон укуфруктын эрхийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн бүртгэхийг зохицуулсан байх ба тэгвэл, дээрх Төрийн өмчийн хорооны тогтоол яг л энэхүү хоёр эрхийг бүртгүүлэхийг зохицуулан ба үүнд өмчлөх эрхийн бүртгэлийн талаар дурдаагүй.
Энэхүү хуулийн заалтаар төрийн өмчийн хөрөнгөөс юуг бүртгэхийг нарийвчлан зохицуулахдаа төрийн өөрийн өмчийн хөрөнгийг хэмээн тодотгосон байх ба Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар чиглэл өгөөд тухайн маргаж байгаа хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ үүнийг төрийн өөрийн өмч гэж хэрхэн үзсэн болохыг шүүх дүгнэж чадаагүй. У хувь нийлүүлсэн нийгэмлэг хөрөнгө бол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр байгуулсан, хоёр талын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байгууллага, тэгэхээр бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө Монгол Улсын төрийн өмчийн өөрийн хөрөнгө болж байгаа эсэхийг шүүх дүгнэх шаардлага зүй ёсоор үүснэ. Ингэж дүгнээгүй хэрнээ харин бүрдүүлсэн баримттай л “ноцолдож”, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны болж чадаагүйг харуулна.
Эцэст нь, тухайн бүртгэл иргэн Л.П-ын эрхийг хөндөхгүй гэж шүүх дүгнэжээ. Уг бүртгэл У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын дарга байсан Л.П-ын байрны асуудлыг шийдэх үндэс болсон болох нь Улсын дээд шүүхийн 001/ХТ2018/01274 дугаар бүхий тогтоолоос тодорхой харагддаг.
Замын даргатай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд өмчлөх эрхийг шилжүүлэхээр заасан хэрнээ тухайн байрны өмчлөх эрхийг Л.П-т шилжүүлэх эсэхийг шийдээгүй байхдаа өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь илтэд давуу байдал бий болгох үндэслэл болсон байхад нэхэмжлэгчийг маргах эрхгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон.
Иймээс зөвхөн хуульд зааснаас үүсдэг эд хөрөнгийн эрхийг хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийж, хуульд бүртгэхээр заагаагүй байхад бүртгэх үндэстэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан, хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Л.П-аас “... бүртгэл хийгдсэнээр “У” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь өмчлөх, эзэмших эрхтэй болж конктракт гэрээний дагуу тухайн хөрөнгийг шилжүүлэхгүй байх, шилжүүлэхээс татгалзах олон үндэслэл үүсч энэ нь тухайн байгууллагад эрх зүйн давуу байдлыг бий болгож, ингэснээр өмчлөх эрх үүсэх байсан Л.П-ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн ... хөрөнгө бүртгэгдэх эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг нягталалгүйгээр бүртгэсэн” гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоот хаягт байршилтай, 370 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “У” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргажээ.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн TST05 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээр “У” хувь нийлүүлсэн нийгэмлэг (түүнийг төлөөлж тус нийгэмлэгийн замын дарга Л.П) захиалан “Өнөр девелопмент” ХХК-аар бариулжээ.
“У” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан татгалзах үндэслэл байгаагүй болох нь тогтоогдсон байх тул тус мэдүүлгийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийн “Төрийн өмчийн хороо ба Замын дарга Л.П нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контракт, “У”-ын Ерөнхий хорооны дарга М.Н.М болон Замын дарга Л.П нарын байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактуудад тус орон сууцыг Л.П эзэмшиж, контракт дуусгавар болоход өмчлөхөөр тус тус заасан” гэх үндэслэлийн тухайд:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2018/00885 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дүгээр тогтоолоор “У” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Л.П-т холбогдох “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх” үндсэн нэхэмжлэлтэй, “... орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг “... хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Контрактын 5.9-д зааснаар албан орон байраар хангах үүрэгтэй бөгөөд Контракт дуусгавар болж, ажил олгогч ажилтнаас албан орон байрыг чөлөөлөх шаардлага гаргаснаар ... орон сууцыг эзэмших эзэмшил дуусгавар болно ... ажил олгогчоос ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь эзэмшүүлж байсан орон сууцыг Контрактад нэрлэн заасан орон сууц гэж үзэхгүй” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчээс “... бүртгэл хийгдсэнээр “У” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь өмчлөх, эзэмших эрхтэй болж конктракт гэрээний дагуу тухайн хөрөнгийг шилжүүлэхгүй байх, шилжүүлэхээс татгалзах олон үндэслэл үүсч ... өмчлөх эрх үүсэх байсан Л.П-ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас буюу бүртгэл хууль бус байсан болох нь тогтоогдоогүй, уг бүртгэлээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Маргаан бүхий орон сууцыг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “У” захиалан бариулж, уг хуулийн этгээдийн өмчлөлд тус үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасан “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх ... эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар иргэний эрх зүйн өмчлөх эрх үүсэх үндэслэлүүдээр маргаж, тэр нь тогтоогдсон тохиолдолд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргах боломжтой. Нэхэмжлэгчийн уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх зөрчигдсөн талаарх маргаан нь улсын бүртгэлийг хүчингүй болгуулснаар шийдвэрлэгдэхгүй. Харин өмчлөх эрх үүссэн, шилжсэн (гэрээний үндсэн дээр) эсэх тухай маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд бүртгэлийн асуудлыг хянуулах боломжтой. Тиймээс энэхүү бүртгэл нь иргэний шүүх Л.П-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх гол үндэслэл болсон тухай “иргэний шүүхэд гаргасан маргаан дээр Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У” нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан нь тэдний талд шийдвэр гаргах үндэслэл болсон” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч хариуцагч захиргааны байгууллагаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй” гэж үзэн гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн байхад анхан шатны шүүх бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрээс уг хуулийн заалтыг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны)-ийн 4 дүгээр зүйлийн 4.5” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ