Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1286

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03689 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

2 439 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нарантуул худалдааны төвд лангуу түрээсэлж гутлын худалдаа эрхэлдэг юм. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ-ын Эрээн хотын зах орж өөрийн урьдын түншүүдээс төрөл бүрийн гутлаа бөөндөж, авсан бараагаа пресэлж Эрээн хотоос Замын-Үүд боомт руу ачаа зөөж гаргадаг ХХХХХ, ХХХХХХ нарт 220 юань төлж гаргуулсан.

Дээрх хүмүүс миний ачааг авчраад Замын-Үүдэд карго ажиллуулдаг ХХХХХХХ гэгч залууд хүлээлгэж өгөөд, тэрээр ХХд ачуулаад Улаанбаатар хот руу явуулсан байна. 2015 оны 7 дугаар сарын 25-ны өглөө жолооч ХХ надтай утсаар холбогдож “ачаа чинь ирсэн ирж ав” гэж утсаар ярьсан. Очоод ачаагаа авах гэтэл ачааг чинь замдаа гээсэн гээд өгөөгүй. Үүнээс хойш өөрийн ачааны нийт үнэ 3 159 171 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхэд 800 000 төгрөг өгсөн.

Үлдсэн төлбөрийг өгнө гэж явсаар тодорхой хугацаа өнгөрсөн учраас тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан, ХХ нь 2 439 440 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн боловч гэнэт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Иймд ХХгаас барааны үнэ 2 359 171 төгрөг, зардал 80 269 төгрөг, нийт 2 439 440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би Улаанбаатар Замын-Үүдийн хооронд ачаа зөөдөг үйлчилгээ эрхэлдэг найзынхаа битүү чингэлэгтэй автомашиныг барьдаг юм. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүдээс ачаагаа ачиж дуусаад байхад нэхэмжлэгчийн ачаа ирсэн юм.

Чингэлэгт багтахгүй, байснаас дээр нь тавьж олсоор даруулаад авч явтал олс нь тайлагдаж ачааг замд нь гээгдүүлсэн, гээгдүүлснээ мэдээд буцаж хайгаад олоогүй. Ингээд Хд ачааг нь гээгдүүлснээ хэлээд юу байсан талаар асуухад янз бүрийн гутал байсан гэж хэлсэн ба гээгдүүлсний төлбөрт 800 000 төгрөг өгсөн.

Уг ачааг ачихдаа би дээрээс нь татаж аваад ачиж байсан болохоор хүндийн жин зэргийг багцаалж мэдснээр тээврийн зардалд 15 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч өөрийн ачаан дотор юу юу байсныг хэлж мэддэггүй, одоо болохоор үлдэгдэл төлбөр 2 490 440 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Эрээнээс авдаг гутлын хамгийн үнэтэй нь 30 000 төгрөг гэж бодоход 108 хос ширхэг гутал авсан болж таарна. Ийм хэмжээний цүнхэнд нэхэмжилж байгаа мөнгөнд таарах гутлыг хийсэн гэж үзвэл дахиад арваад цүнх хэрэг болох юм. Ийм хэмжээний бараа оруулж ирсэн бол хил гаальд төлсөн татварын баримтаар нотлогдох ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгаас 1 492 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 947 407 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 822 гаргуулан нэхэмжлэгч Хд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хятад ханз үсгээр бичигдсэн барааны падаан гэх цаасны орчуулга болон барааны падаанууд дээр ач холбогдол өгч шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Замын Үүд сумын Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу ХХХХХХХХ гэдэг байцаагчид мэдүүлэг өгөхөд эдгээр падаан баримтыг гаргаж өгөөгүй өөрт нь байгаагүй, хил гаалиар орж ирсэн татвар төлсөн гэх ямар ч баримт гаргаж өгөөгүй, ачаан дотроо юу байсныг нэрлэж хэлж чадаагүйгээс уг хэрэг хаагдсан юм. Энэ талаар шүүх хуралдаанд хэлж байхад ач хопбогдол өгөөгүй. Эрээнд очоод ийм падааныг хэнээр ч бичүүлээд аваад ирж болдог гэдгийг наймаа эрхэлдэг хүн бүр мэддэг.

Хэргийн 7-13 хуудсанд бараа авсан тоо ширхэгүүдийг гуталнаас бусад барааг оруулахгүйгээр тоолон тооцоход 142 хос гутал болж байгаа юм. Ийм хэмжээний гутлыг дунд оврын 1ш цүнхэнд /гахай гэх/ яагаад ч багтахгүй, дахин 3-4 цүнх нэмж хэрэгтэй болох юм.

Ийм их хэмжээний бараа хилээр орж ирэхэд гаальд татвар төлж орж ирсэн байх ёстой, хил гаальд татвар төлсөн баримтыг үнэдэслэж тухайн барааг үнэлэх ёстой байтал 1 жилийн дараа Эрээнээс бичүүлж авчирсан падаан дээрх үнийг шүүх жагсаан тоолж тухайн өдрийн Монгол банкны ханшаар 7 170 юанийн бараа байсан гэж шууд үнэлсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч учирсан хохирлоо нөхөн төлөхийг шаардсаны дагуу 800 000 төгрөгийг барааны үнэ гэж тооцож барагдуулсан байтал бодит байдалд нийцэхгүй мөнгө гаргуулахаар шүүхээс шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх барааны үнийг нотолгооны ач холбогдолгүй баримтыг үндэслэн шууд санаагаар тогтоон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд өгч ачуулсан нэг цүнх ачаанд 2 439 440 төгрөгийн бараа /гутал/        байсан тул үнийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэг цүнх ачааг 15 000 төгрөгийн хөлс авч ачсан, уг ачааг машины дээр даруулсан нь замд гээгдсэн тул 800 000 төгрөгийг төлбөрт өгсөн,  нэхэмжлэгчийн шаардаж байгаа хэмжээний ачаа нэг цүнхэнд багтах боломжгүй гэсэн үндэслэл заан маргаж байна.

             Дээрхээс үзвэл зохигчид Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулж ачаа тээвэрлүүлсэн тухайд маргаагүй ч, гээгдүүлсэн ачааны тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар маргажээ. 

Хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Эрээн хотоос гутал худалдан авсныг нотолно гэж нэхэмжлэгчээс гаргасан хятад үсгээр бичиж, хурууны хээ дарсан бичиг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүх нотлох баримтыг цуглуулах талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

Маргааны гол үйл баримтад хамааралтай нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангахгүй байхад шүүх уг баримтыг шаардлага хангуулсан хэлбэрээр гаргуулах асуудлыг анхаараагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс тээвэрлүүлсэн цүнхэнд  2 439 440 төгрөгийн үнийн дүн бүхий гутал байсан талаар мэдэгдэж, уг хэмжээний барааг хариуцагчид хүлээлгэн өгснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийн 14692 дугаар бүхий 8272ДГО автомашины жинг пүүлж жигнэсэн тухай баримтаас өөр тээвэрлэсэн ачааны талаарх баримтгүй байна.

Шүүх тээвэрлэгч буюу хариуцагч нь шаардсан хэмжээний хохирлыг  нэхэмжлэгчид учруулсан эсэх маргааны үйл баримтыг тогтоож, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлохгүйгээр тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэсэн ерөнхий үндэслэл буюу зохигчдын маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ