Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 0051

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгч Ч.Э

Хохирогч Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-т холбогдох эрүүгийн 1925000150046 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  Ч.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 37-02 тоотод эхнэр Н.Э-н хэвлийн зүүн талд хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 сарын 25-ны өдөр Энхдолгортой уулзсан. Шартсан гээд байхаар нь архи авч өгсөн. Тэгээд 4 хоног гадуур явсан болохоор уур хүрч бөөр хавьд нь хутгаар хатгасан. Миний буруу. Бид 2 урьд нь маргалдаж барьдаггүй байсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 12 сарын 20-ны өдөр зурагтаа засуулах гээд гэрээсээ гарсан. Тэгээд зурагтаа засварт өгчихөөд Мэнд-Амар дээр хүнтэй таарч архи уусан. Тэгээд 4 хоногийн дараа Энхбаяр утсаар яриад уулзсан. Энхбаяраар архи авахуулж уусан. Энхбаяр надаас юм асуухаар нь жаахан уурласан. Тэгээд намайг хутгаар хатгасан. Одоо гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Гэмтэл эдгэж зүгээр болсон гэсэн мэдүүлэг

 

-Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Энхбаяр, Энхдолгор нар манай гэрт байсан. Бид архи уусан, би согтоод унтаж байсан. Гэтэл Энхдолгор намайг сэргээгээд Энхбаяр намайг хутгаар хатгачихлаа гэсэн харахад ар нуруу хэсэгт нь хутгаар хатгаад цус гарч байхаар нь би боож өгсөн, түргэн дууд гэтэл Энхдолгор хэрэггүй гээд дуудуулаагүй гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

 

-Яллагдагч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Энхдолгорыг хаагуур явсан талаар асуухад хэлэхгүй зурагтаа яасан юм бэ гэж асуухад барьцаанд тавьсан гэж хэлсэн, тэгээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад би Сэрээнэн ахын ямааг гаргаж өгсөн хутгаа гутлынхаа түрийнд хийсэн явж байсан тэрийгээ гаргаж ирээд Энхдолгорын ар нуруу бөөр хавьд нь нэг удаа хатгачихсан байсан. Би хэнтэй хаагуур юу хийж бүхэл бүтэн 4 хоног явсан юм бол гэж бодоод уур хүрээд байсан, гэтэл Энхдолгорын биенээс цус гарсан. Энхдолгор Цагаанаа ахыг сэрээсэн, Цагаанаа ах юу болж байгаа юм бэ гэж хэлээд орныхоо даавууг урж шархыг нь боож өгсөн. Энхдолгор намайг түргэн, цагдаа дуудвал мэснийх гэж мэдээд чамайг барьчихна чи яв зугт гээд байхаар нь гарч яваад аавындаа очоод түргэн тусламж руу утасдаж дуудлага өгсөн. Тэгээд аавындаа байж байтал орой цагдаа нар ирээд намайг авсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Болсон асуудлыг санаж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 61-62 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 50 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.Энхдолгорын биед хэвлийн зүүн талд шарх, нүүрэнд олон тооны зулгаралт үүсчээ.

2. Нүүрэнд олон тооны зулгаралтууд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэвлийн зүүн талын шарх нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Хэвлийн зүүн талын шарх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд олон тооны зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 34 ху/,

 

            -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 9 ху/

            -Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8 ху/

-Ч.Э-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 61-62 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/

              -Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 51-55 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 37-02 тоотод эхнэр Н.Энхдолгорын хэвлийн зүүн талд хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2018 оны 12 сарын 25-ны өдөр Энхдолгортой уулзсан. Шартсан гээд байхаар нь архи авч өгсөн. Тэгээд 4 хоног гадуур явсан болохоор уур хүрч бөөр хавьд нь хутгаар хатгасан” гэсэн, хохирогч Н.Энхдолгорын “...Энхбаяр надаас юм асуухаар нь жаахан уурласан. Тэгээд намайг хутгаар хатгасан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Эрдэнэчулууны /хх 29 ху/  өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хэвлийн зүүн талд шарх, нүүрэнд олон тооны зулгаралт үүссэнийг тогтоосон 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Ч.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Э-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн тооцож төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА