| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0019/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Иргэний нэхэмжлэгч Г.А
Өмгөөлөгч С.Ч
Шүүгдэгч Б.М, Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц.О,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б.М нарт холбогдох эрүүгийн 1820000590140 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, ... настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Дорноговь амйгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, И овогт Б.М,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, ... настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Г овогт Ц.О,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын цайз зах дээрээс үл таних 2 залуугаас ховор амьтан болох Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүл худалдан авсан,
Б.М-тэй бүлэглэн 2018 оны 03 сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Халиун бугын сүүл 4 ширхэгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Шүүгдэгч М нь Ц.О-тай бүлэглэн 2018 оны 03 сарын 13-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Халиун бугын сүүл 4 ширхэгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 сарын 12-нд Улаанбаатар хотоос бугийн сүүл 2 тусад нь гялгар хар уутанд хийж 2 тусад нь бэлдээд нийт 4 ширхэг сүүл нөхөр Э.Эрдэнэнэмэхийн саарал өнгийн пүүзэнд хийгээд өгч явуулсан Б.М тосч аваад хилээр гаргах гэж байгаад баригдсан. Б.М-т “300 юань өгье” гэж тохирсон юм. Харин БНХАУ-ын Эрээн хотод чамаас тосч авна гэж хэлсэн. Д гэдэг өвөрмонгол хүнд өгөх гэж байсан юм. Би 2018 оны 03 сарын 11-ний өдөр цайз зах орж түлээ нүүрс авах санаатай явж байсан чинь 2 эрэгтэй хүн таараад “арьс нэхий авдаг хүмүүс нь хаагуур байдаг юм бэ” гэж асуугаад “ийм юм авах хүн байна уу” гээд үзүүлэхээр нь харсан чинь бугийн сүүл байхаар нь нэг ширхэгийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Эр, эм бугийн сүүл гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан бугийн сүүл гэдгийг нь мэдэж байсан гэв.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 сарын 12-ны өдөр танил Ц.О миний ... гэсэн дугаар луу ... гэсэн дугаараас залгаад “4 ширхэг сүүл ургашаа гаргаад өгөөч 300 юань өгье” гэсэн. Тэхээр нь би “яаж хийхийн машинд хийж чадахгүй ш дээ” гэсэн чинь “салтайндаа хийгээд машин бариад яв” гэсэн тэгээд “... гэсэн дугаартай яагаан өнгийн Эстима машинаар өгч явуулсан” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 сарын 13-ны өглөө уг Ц.О-н 4 ширхэг сүүл өгч явуулсан автомашины жолооч над руу ... дугаараас залгаад “хотоос юм ирсэн гарах гээд байна хурдан ирж талбай дээрээс ирж юмаа ав” гэж хэлсэн. Тэгээд би Замын-Үүд сумын төв талбай дээрээс яагаан өнгийн Эстима маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч дээр очиход саарал өнгийн тортой юм өгсөн. Уг торонд хөх яагаан өнгийн пүүз байсан. Дээрхи пүүзийг аваад шууд гэртэй очоод буцаж Ц.О руу залгаад “авчихлаа яаж хийхийн” гэсэн чинь “өмдөн дотороо хийчих салтайндаа” гэж ярьсан. Тэгээд салтайндаа хийчхээд төрсөн эгч Н рүү залгаад “би БНХАУ-руу гарахдаа машиныг чинь баримаар байна, гадуур штамб даруулах хэрэгтэй байна” гэж хэлэхэд эгч “тэг тэг би Б-г явуулчихъя” гэсэн. Тэгээд хил хүртэл Б улсын дугаартай ногоон өнгийн бардактай УАЗ-469 автомашиныг бариулаад хил дээр очоод гаалийн хяналтын бүсэд ороод би барьсан. Мэргэжлийн хяналт дээр Б-г явуулж шалгуулаад Б-р шалгуулж шалгах цаасан дээр тамга даруулсан. Гааль дээр бууж гаалийн байцаагчаар машинаа шалгуулсан. Гаалийн байцаагч намайг шалгаагүй. Тэгээд хилийн цэрэг дээр очиж гадаад паспорт дээр хил нэвтэрсэн тэмдэг даруулаад Б-р машинаа бариулаад Б.Н, Н эгчийн нөхөр Э, манай найз Д нарыг суулгаад хөдлөх гэтэл цагдаад саатуулагдаад гааль дотор оруулж гаалийн эмэгтэй байцаагчаар намайг шалгуулахад миний салтайнаас Ц.О-н өгч явуулсан 4 ширхэг сүүлийг биеээс гаргаж авсан. Улсын хилээр хууль бусаар ангийн эд зүйл зөөж болохгүй гэдгийг мэднэ. 300 юань өгье гэхээр нь бас банкны мөнгө дутаад байхаар нь за гээд хэлчихсэн юм гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 03 сарын 13-ны өдөр өглөөний 11 цагийн үед хилийн цэгийн 3-н хаалтан дээр байж байхад Б миний эзэмшлийн улсын дугаартай автомашиныг барьж хилийн цэргийн 3-н хаалтаар орж ирсэн. Тухайн үед миний машинд Б.М суучихсан байсан тэгээд хил дээр очоод штамбаа дааруулах гээд зогсож байхад Б миний араас хил дээр ирсэн. Тэгээд би “Б чи миний машиныг яасан бэ” гэж асуутал “М эгч бариад гарчихъя” гэж Б надад хэлсэн. Тэгээд штамбаа даруулаад гарч иртэл миний машиныг Б.М унаад гаальд шалгуулаад гарч ирсэн байдалтай зогсож байсан. Тэгээд машиндаа суухад миний машинд Д, М 2 сууж байсан. Тэр үед нээх анзаарч юм бодоогүй. Тэгээд миний машиныг Б бариад хөдлөх гэтэл цагдаа нар ирээд саатуулж шалгатал миний машинд сууж явсан Б.М-н биенээс 3-н ширхэг гялгар ууттай зүйл гарч ирсэн би ямар зүйл авч яваа талаар мэдэхгүй гайхсан. Надад нэхэмжлэх зүйл байгаа, тээврийн хэрэгсэлээ гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 29-30/
Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэх Байгаль орчин аялал жуулчлал ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн ажилтай тул тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй танилцлаа, цаашид ашиглах боломжгүй гэсэн байна, экологи эдийн засгийн үнэлгэтэй танилцлаа, нэг амьтны эд эрхтэнг нэг амьд биет гэдгээр ойлгож болно. Цаашид эдгээр бугын сүүлийг ашиглах боломжгүй гэсэн учир экологи эдийн засгийн үнэлгээний бага доод мөнгөн дүнгээр нь хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ. /хх-ийн 32-33/
Иргэний нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч нараас экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг нэхэмжилж байна. 1 эр Халиун бугын үнэ 6.600.000 төгрөг байдаг эколгои эдийн засгийн үнэлгээгээр 4 Халиун бугын үнэлгээ 52.800.000 төгрөг болж байгаа үүнийг гаргуулана гэв.
Гэрч С.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 сарын 13-ны өглөө 11 цаг өнгөрч байхад ганцаар хил оороод штамбаа даруулаад гарч иртэл М ногоон өнгийн УАЗ-469 автомашин барьчихсан гаальд шалгуулаад гарч ирээд зогсоод хилийн цэрэг рүү штамб руу явж байхаар нь би уг автомашинд суучихсан. Уг автомашинд суусны дараа Э, Н, Б нар араас нь М орж ирээд хөдлөх гэтэл цагдаа ирээд саатуулаад шалгатал Б.М-н биенээс ангийн зүйл гарч ирсэн би юу гэдгийг нь хараагүй гэжээ. /хх-ийн 39-40/
Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 сарын 13-ны өглөө 10 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Б.М над руу залгаад “би урагшаа машиныг чинь барьж гаръя” гэсэн. Тэхээр нь “тэг” гээд Б-г явуулсан. Б манай нөхөр Д.Э эгчийнх нь хүүхэд байгаа юм. Тэгээд Б-г өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг бариулаад Б.М-х рүү явуулсан. Би нөхөртэйгээ хил дээр хүлээж байсан бид нар хил дээр штамб даруулаад гараад машинд суугаад хөдлөх гэтэл цагдаа нар ирээд Б.М-г шалгатал биенээс нь 3-н ууттай зүйл гарч ирсэн гэжээ. /хх-ийн 45-46/
Шинжээч Ш.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжилгээний дүгнэлтийн 6 дахь хариултандаа би өөрийн хариуцлаггүйгээс эр бодгаль гэж гаргасан байна. Тэр шинжилгээнд ирүүлсэн Халиун бугын сүүлний хүйсийг тогтоох боломжгүй. Зөвхөн генетикийн шинжилгээгээр л тогтооно гэжээ. /хх-ийн 64/
Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-51/
2018 оны 07 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57/
А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 59-63/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-18/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-25/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын ажлын албаны 1226 дугаартай албан тоот, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-89/
... дугаартай тэврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 91/
Улсын хилээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарах чиглэлийн хяналтын хуудас, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 95-96/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 99-101/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын цайз зах дээрээс үл таних 2 залуугаас ховор амьтан болох Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүл худалдан авсан,
Шүүгдэгч Б.М, Ц.О нар нь бүлэглэн 2018 оны 03 сарын 13-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох Халиун бугын сүүл 4 ширхэгийг шүүгдэгч Б.М биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н “...Би нөхөртэйгээ хил дээр хүлээж байсан бид нар хил дээр штамб даруулаад гараад машинд суугаад хөдлөх гэтэл цагдаа нар ирээд Б.М-г шалгатал биенээс нь 3-н ууттай зүйл гарч ирсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Д “...Уг автомашинд суусны дараа Э, Н, Б нар, араас нь М орж ирээд хөдлөх гэтэл цагдаа ирээд саатуулаад шалгатал Б.М-н биенээс ангийн зүйл гарч ирсэн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.А “...нэг амьтны эд эрхтэнг нэг амьд биет гэдгээр ойлгож болно. Цаашид эдгээр бугын сүүлийг ашиглах боломжгүй гэсэн учир экологи эдийн засгийн үнэлгээний бага доод мөнгөн дүнгээр нь хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-51/, 2018 оны 07 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57/, А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 59-63/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-18/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь үйлдсэн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.М, Ц.О нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүлийг нь 2018 оны 07 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57/ мал эмнэлгийн хяналын улсын байцаагчийн дүгнэлтээр хадгалалтын нөхцлөөс шалтгаалан муудаж цаашид хэрэглэх боломжгүй тул зохих журмын дагуу устгалд оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байх тул устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй юм.
Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзсэн. Учир нь Ц.О-н сарын орлого тодорхойгүй, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй байгааг харгалзан үзэж ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Ц.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М-н хувьд охины хамт амьдардаг, өрхийн орлогыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын цайз зах дээрээс үл таних 2 залуугаас ховор амьтан болох Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүлийг Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж худалдан авснаар Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ...худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”, мөн хуулийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан. Шүүгдэгч Ц.О-н худалдан авсан 4 ширхэг сүүлээр амьтны эр, эмийг нь тодорхойлох боломжгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд эр Халиун бугын үнэлгээгээр хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар Халиун бугын үнэлгээг эрийг нь 6.600.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд шүүгдэгч Ц.О 26.400.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны халиун бугийн түүхий эд болох сүүл 4 ширхэгийг худалдан авч улсад 52.800.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул гаргуулж улсын орлого болгох.
Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Ц.О-н явуулсан Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ иргэний нэхэмжлэгч Д.Э эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлийг ашигласан болох нь шүүгдэгч Б.М-н “...2018 оны 03 сарын 12-ны өдөр танил Ц.О миний ... гэсэн дугаар луу ... гэсэн дугаараас залгаад “4 ширхэг сүүл ургашаа гаргаад өгөөч 300 юань өгье” гэсэн. Тэхээр нь би “яаж хийхийн машинд хийж чадахгүй ш дээ” гэсэн чинь “салтайндаа хийгээд машин бариад яв” гэсэн тэгээд “... гэсэн дугаартай яагаан өнгийн Эстима машинаар өгч явуулсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Н “...байхад миний төрсөн дүү Б.М над руу залгаад “би урагшаа машиныг чинь барьж гаръя” гэсэн. Тэгэхээр нь “тэг” гээд Б-г явуулсан.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн уг тээврийн хэрэгсэл нь Д.Э эзэмшлийх болох нь ... дугаартай тэврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 91/-гээр батлагдаж байх тул тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгсэлийн үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.М, Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б.М, Г овогт Ц.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Г овогт Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийн торгох ялыг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.М, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүлийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар УАЗ-469 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Д.Э-д буцаан олгож, шүүгдэгч Б.М, Ц.О нараас тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-с 52.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б