Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 214/МА2024/00001

 

 

Д.Э*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00489 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Э*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б*******ад холбогдох

44 190 000 /дөчин дөрвөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Б*******, эхнэр А******* хоёрт 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 138 369 000 төгрөгийн хонь, үхрийн мах зээлээр өгсөн. Мах авахдаа Б******* эхнэрийн хамт ирж үзэж зээлээр авсан. Манайх нөөцийн мах гаргадаг 3 дугаар сарын 01-ний өдрөөс махаа зараад 4 дүгээр сарын 01-ний өдөр 60 хувь, 5 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдлийг өгч бүрэн дуусгана, 200 000 000 төгрөгийн зээл бүтэж байгаа гэж ярьсан. Би махаа өгөхдөө та хоёрыг танихгүй гээд Э******* хотын мах маркетаас урьдчилгаа 91 000 000 төгрөгөө буцааж үйлдвэрийн дансанд хийж энэ 2 хүнд өгсөн. Өгөхдөө би ноолуур авна шүү мөнгөө 5 дугаар сарын 01-ний өдөр өгөөрэй гэж тохирсон. Б*******, А******* хоёр 4 дүгээр сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөг өгөөд хугацаа дууссан. 5 сарын 9-ний өдөр утсаар яриад борлуулж чадахгүй бол буцааж авч мөнгөө гаргуулж авъя гээд 10 тн машинтай ирээд 6 цаг хүлээж буцсан. 5 сарын 12-ны өдөр 10 тн машин, 3 ачигч 450 000 төгрөгөөр хөлслөөд очсон. Эхнэр А******* нь Э*******эд бүх махыг жижиглэнгээр зараад дуусгасан. Мөн кг тутамд 2 000 төгрөгийн урамшуулал авсан. Урамшуулал авах үед нь сахиж байж мөнгө авсан. Чи шүүхээр орж мөнгөө олж ав гэдэг, энэ хоёр хүн миний мөнгөөр наймаа хийж өр зээлээ дарж, машин авч унаж байгаа нь нүдэнд ил байна. Б*******аас 7 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 23 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгийг авсан. Хонины мах 3 745 кг * 6 800=25 466 000 төгрөг, мөн хонины мах 50 кг * 6 800=340 000 төгрөг, үхэр 23 кг * 9 200=211 000 төгрөг, амьд хонь 50 толгой=үнэ 10 000 000 төгрөг нийт 96 017 000 төгрөг авсан. Үлдэх авах махны үнэ 138 369 000-96 017 000=42 352 000 төгрөг, бензин 1 488 000 төгрөг, машины хөлс 350 000 төгрөг, нийт 44 190 000 төгрөг байна. Энэхүү гэрээг Д.Б*******тай хийсэн тул Д.Б*******аас 44 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.Э*******аас үхэр хонины махыг гуйсных нь дагуу хиллэж авч хагас тооцоог нь бэлэн хийж, үлдэгдэл 138 369 000 төгрөгийг Булган аймгийн хаврын нөөцийн махны борлуулалтын дараа төлж барагдуулахаар тохиролцож гэрээ хийсэн. Тухайн үед 3 сард нөөцийн махны худалдаа борлуулалт эхлэх байсан боловч Аймгийн Засаг дарга, Булган сумын Засаг дарга нарын захирамж 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон 4 дүгээр сарын 13-ны өдөр гарч 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нөөцийн мах дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дахин сунгалт хийж, хаврын тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж ажилласан. Нөөцийн үхрийн махыг 10 600 төгрөг, хонины махыг 8 600 төгрөгөөр худалдаж, борлуулсан махны 1 кг тутамд 2 500 төгрөгийн зөрүү урамшууллыг Аймгийн Засаг Даргын Тамгын газраас гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Уг борлуулалтын мөнгө, зөрүү урамшууллын мөнгө зэргийг тухайн үед нь Д.Э*******ын ХААН банкны 52******* данс, эхнэр С.Должинсүрэнгийн 50******* дансуудад нийт 60 000 000 төгрөг шилжүүлэн өгч байсан. Д.Э******* бид хоёр гэрээ хийхдээ махны үнэ мөнгийг өгөлцөж, авч тооцоо хийнэ гэж гэрээ хийсэн. Мах буцааж өгч авна гэж гэрээ хийгээгүй. Харин 2023 оны 5 сард харилцан тохирч 1 кг махыг 12 000 төгрөгөөр үнэлж тооцож үлдсэн үлдэгдэл үнийн дүнгээсээ хасч Д.Э*******т 3 909.9 тн хонины мах ачиж өгсөн. Д.Э******* нь хот руу борлуулж би өөрөө ашгаа гаргаж авна гэж байсан. Д.Э******* нь шөнө оройн цагаар ирж мах ачиж явахдаа хөргүүрийн хаалга эвдсэн, хиллэсэн махныхаа тооцоог гаргаж гэрээ баримт хийлгүй явсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сар хонины махыг хөргүүрт хадгалж, хөргүүрт багтахгүй махыг 4 хүнийг 2 сарын хугацаатай түр ажиллуулан махыг хөрөөдөж, зүсч савлан, хаяг шошго нааж нөөцийн маханд бэлдэж хураасан. Э******* мах маркетын хөргүүрээс 18.808 махыг 2 том амбаартай машин тус бүрд 600 000 төгрөг, 4 хүн грушикээр ажиллуулсан. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс махны хөргүүрийг ажиллуулж тогны мөнгө 916 609 төгрөг төлж байсан. Энэ мэтчилэн зардал их гарсныг үл тоож харанхуйг далимдуулан 3 сар хөлдөөж зардал гаргасныг минь үл тоон, ачсан махыг 02 дугаар сарын 15-ны өдөр надад өгсөн үнээр үнэлж нийт тооцооноос хасна гэж луйвар хийж хүн дээрэлхэж, дарамталж байна. Одоогийн байдлаар Д.Э*******т 60 000 000 төгрөг дансаар өгсөн. Хонины мах 3 909.9 кг*12 000 төгрөг=46 918 800 төгрөг, Э*******эд авсан хонины мах 50 кг*12 000 төгрөг=600 000 төгрөг, үхрийн гуя 32.6 кг*15 500=505 300 төгрөг, 50 ширхэг хонь *250 000 төгрөг=12 500 000 төгрөг, хөргүүрийн хаалга, тээврийн болон ажлын хөлс 2 300 000 төгрөг, нийт 122 824 100 төгрөгийг өгч 15 544 900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б*******аас 42 351 400 /дөчин хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 838 000 /нэг сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 900 /гурван зуун далан найман мянга есөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 369 707 /гурван зуун жаран есөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Б******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Э*******т 42 351 400 төгрөг биш 15 544 900 төгрөг өгөх ёстой. Анх 2023 оны 02 дугаар сарын 15-нд харилцан ярилцаж тохиролцоод 2023 оны хаврын нөөцийн махны борлуулалт хийж дуусгаад өгч авсан махныхаа мөнгөний тооцоог дуусгана гэж тохиролцоод зээлээр өгч авалцаж гэрээ хийсэн. Гэтэл аймгийн нөөцийн махны борлуулалт 2023 оны 3 сараас биш 4 сарын 13-наас эхэлж борлуулалтанд гарч эхэлсэн. 6 сарын 25-ны өдөр хүртэл сунаж борлуулалт хийгдсэн. Тохиролцож гэрээ хийсний дагуу 4 сарын 25-наас 6 сарын 7-ны хооронд орлогоосоо Д.Э*******ын дансаар мөнгө хийж байсан. 2023 оны 5 дугаар сарын 9-нд хонины махны зах зээлийн ханш 1 кг нь 12 000 төгрөгөөр үнэлж хот руу мах ачуулсан. Гэтэл Д.Э******* урьдаас төлөвлөж харанхуйг далимдуулан мах ачиж, албаар хэрүүл маргаан үүсгэж, хөргүүрийн хаалга эвдүүлж, маргаанаар далимдуулан махаа гүйцэд жигнэхгүй зөвшөөрөлгүй авч явсан. Ачсан махны тооцоог кг-р хийж, гэрээ баримт үйлдэхгүй зугтааж явсан зэргийг шүүх үнэнээр нь харж шүүсэнгүй. Мөн иргэн Ш.Б*******ы тодорхойлолтонд 200 ширхэг хонь ямар үнээр хаанаас авсан өөрөө морьтой тууж Булганд авчирсан, өөрөө маллаж ямар үнээр зарсан зэргийг тодорхой бичсээр атал нотлогдохгүй гэж шийдвэрлэсэн байх юм. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд Д.Э*******т ачуулсан 3 909.9*12 000 нийт 46 918 800 төгрөгийн махны үнийг тэмдэглэсэн хуудас юм. Хуудасны эхнээс дуустал хиллэж ачсан махны кг тоо ширхэгийг нэг бүрчлэн тэмдэглэсэн тэмдэглэгээ. Өрөөтэй махнаас гадна 3 745 кг болсон гэдгийг тооцож гаргаад тэмдэглэж байсан хуудас. Тухайн үед мартахгүй гэж тэмдэглэснийг буруугаар мушгиж шийдвэрлэсэнд шүүх нэг талыг барьж шийдвэр гаргаад байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах, Д.Э*******тай мах ачихаар ирсэн эмэгтэй хөргүүрийн хаалга эвдсэнээ хүлээн зөвшөөрч, хөргүүрийн хаалга төлж өгөх шүүхийн шийдвэр гарсныг одоо болтол хэрэгжүүлж биелүүлээгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар хавсаргуулах, Б*******ыг гэрчээр оролцуулах, Д.Б******* миний болон Өнө мөнх бадрах ХХК-ийн дансны хуулгыг нотлох баримтаар өгөх гэхэд аваагүй тул эдгээр баримтыг оруулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч Д.Э******* тайлбартаа: “Хариуцагч Д.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 138 369 000 төгрөгийн хонь, үхрийн мах зээлээр авсан. Нийт 96 017 000 төгрөгийг авсан. Үлдэх 42 352 000 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Д.Б******* надад 15 544 900 төгрөгийг өгнө гэдэг нь үндэслэлгүй. Би Д.Б*******аас мөнгөө авч чадахгүй болохоороо махаа буцаагаад авсан юм. 156 кг махыг авсан гэдэг худлаа. Д.Б*******ын эхнэр данс тооцоо хөтлөөд хажууд байж байсан. 50 хонийг 10 сая төгрөгт тооцож түүний эхнэр бичиг хийж өгч байсан” гэв.       

 ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б*******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

3. Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Д.Б*******ад 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 138 369 000 төгрөгийн хонь, үхрийн мах зээлээр өгсөн. Нийт 96 017 000 төгрөгийг авсан. Үлдэх 42 352 000 төгрөг, бензиний мөнгө 1 488 000 төгрөг, машины хөлс 350 000 нийт 44 190 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж,

4. Хариуцагч Д.Б******* нь Д.Э*******т нийт 122 824 100 төгрөгийг өгч одоо 15 544 900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж мэтгэлцэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах, гэрч асуулгах, нотлох баримтуудыг гаргаж өгөх шаардлагатай байх тул анхан шатны шүүхэд бцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.

5. Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Д.Б******* нар нь үхрийн мах 10 000 000 /1 087 * 9 200/ төгрөг, хонины мах 127 874 000 /18 805*6 800/ төгрөг, ачилтын хөлс 495 000 төгрөг нийт 138 369 000 төгрөгийг хариуцагч Д.Б******* 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Э*******т өгөх, Д.Э******* нь махаа хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээний дагуу махыг Д.Б******* хүлээн авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч Д.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа 122 824 100 төгрөгийг өгч одоо 15 544 900 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, шүүхийн хэлэлцүүлэгт үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргадаг.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6а. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь өмчлөлийг шилжүүлэх, хариу төлбөр төлөх үүргийг хүлээсэн байдгаараа онцлогтой бөгөөд худалдагч Д.Э******* мах шилжүүлэн өгөх, худалдан авагч Д.Б******* хэлэлцэн тохирсон мөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.

6б. Тохирсон хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч мөнгө гаргуулахаар шаардах эрхтэй ба махаа Д.Б*******аас буцаан авсан нь түүнийг Д.Б*******аас мах худалдан авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

6в. Харин 50 ширхэг амьд хонины тухайд зохигчид тоо толгойд маргаагүй боловч нэг ширхэг хонь 200 000 төгрөгөөр тохирч 10 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцож авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг эс зөвшөөрч хариуцагч 250 000 төгрөгөөр нэг хонийг худалдан борлуулж байсан гэж мэтгэлцдэг. Шүүх тухайн хонь бүгд эр хонь байгаагүй, бүх насны хонь байсан гэдэг тайлбараас дүгнэлт хийж нэг хонины үнийг 200 000 төгрөгөөр тооцсоныг буруутгах аргагүй бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ш.Б*******ы тодорхойлолтод 230-250 000 төгрөгөөр иргэдэд худалдаж байсан нь үнэн гэсэн баримт, хонь худалдан борлуулах нэгжийн үнэ, 50 ширхэг хонь буюу бөөний үнийн дүнг харгалзан үзэж нэг хонийг 200 000 төгрөгөөр тооцсон байх боломжтой гэж үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан.

7а. Хариуцагч Д.Б******* давж заалдах гомдолдоо миний гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хүлээж аваагүй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт хариуцагчийн эрхийг зөрчсөн ямар нэгэн алдааг анхан шатны шүүх гаргаагүй тул түүний гомдол үндэслэлгүй гэж үзнэ. Мөн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах, нотлох баримт бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх эрх хариуцагч Д.Б*******ад нээлттэй байсан ба уг эрхийг шүүх эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.Б*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00489 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.Б*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 369 707 /гурван зуун жаран есөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

 

Л.АРИУНЦЭЦЭГ