Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2024/00005

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2023/00387 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчөөс 75,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... ******* миний бие *******тай 2020 онд танилцаж, 2021 оны 03 сард нэг гэрт орж амьдарсан. Хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2021 оны 10 сарын 19-ний өдөр хүү ******* төрсөн. Бид хоёр 2022 оны зунаас таарч тохирохоо больж эхэлсэн. ******* хамгийн сүүлд 2022 оны 10 сарын 19-нд хүүхдийнхээ төрсөн өдрийн баярт оролцоод түүнээс хойш гэртээ ирээгүй тусдаа амьдарч байна. Бид хоёр амьдарснаас хойш авсан дундын өмч спиртийн 6-р байрны 4-р орц тоотны 2 өрөө 75 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авах саналтай байна. Гэрийн доторх хөрөнгөө ******* авна гэвэл миний бие татгалзахгүй өгнө. Бид хоёр гэр бүлийн баталгаагүй болно. 2021 оны 10 сарын 19-нд төрсөн хүү *******д эцэг *******аас нь хүүхдийн тэтгэлэг тогтоож, миний гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү...гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ... Миний бие *******тай 2020 онд танилцсан боловч танилын хүрээнд харилцаж байсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сард санаандгүй байдлаар тааралдаж дотно харьцаанд орсон. Түүнээс хойш уулзах болон харилцаа үүсээгүй байтал над руу ярьж би чамаас хүүхэдтэй болсон тухайгаа анх хэлсэн. Би урьд нь гэр бүл зохиож байгаагүй айлын охиныг ийм байдалд хүргэсэн учир амьдрахаар шийдвэр гаргасан. Миний хүү ******* 2021 оны 10 сарын 19 өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын төрөх тасагт төрсөн. Тухайн үед хүү маань төрөөд бид гурав *******ын аав ээжийнх нь гэрт түр хугацаагаар нярай хүүхэдтэй Цацралыг биеийг нь тэнхэртэл амьдарч байсан. Айлын гэрт амьдарч байсан боловч амьдралаа авч явах орон байртай болохын тулд Улаанбаатар хотын модны зах дээр рам ажиллуулж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан. ******* удаа дараа байр авахыг шаарддаг байсан. Банкны зээлээр орон сууц авах боломжгүй эрхэлсэн тодорхой ажилгүй учир зээлийн шаардлага хангахгүй байсан. Би *******тай хамтран амьдрахаас өмнө Хатант 12 байранд 2 өрөө байртай байсан модны наймаа хийхээр байраа 2019 онд зарсан. Байр зарсан мөнгөөрөө ээжтэйгээ хамтран модны наймаагаа хийж байсан. Цацаа надад модны бизнесийн эргэлтийн мөнгө байгаа, ээжтэй байр авах талаар ярилцаж байсныг ч сайн мэдэж байсан. Эргэлтийн мөнгөөрөө байр авчихаар цаашдаа яаж амьдрахын гээд ээж зөвшөөрөхгүй байсан. Ингээд 2021 оны 12 сарын сүүлээр байр авахаар судалж байрны эзэнтэй худалдан авахаар тохиролцсон байсан. Хуучнаар спиртийн байрны 6 байр 4 орц тоот орон сууцны худалдан авсан. Би орон сууцны үнийг төлж, гэрээ байгуулж байрны гэрчилгээ над дээр гарсан. Шинэ байранд орж сайхан амьдрахыг мөрөөдөж байсан. Гэтэл өдрөөс өдөрт ааш зан нь хувирч байнгын хэрүүл маргаантай орчинд амьдрах болсон. Миний бие гэр орондоо хэрүүлтэй амьдарч үзээгүй тул надаа маш хүнд байсан. Би ажил хийж мөнгө олохын тулд ачаа тээврийн ажил эрхэлж Улаанбаатар хот руу ч байнга явдаг. Ингээд яваад ирэхэд хардаж сэрдэж хэрүүл хийх зэргээс залхаж гэртээ орохоо больж гадуур найз нөхдийндөө, машиндаа, ээжийндээ хоног төөрүүлж яваа. Бид сэтгэл санаа нийлэхгүй хоорондоо таарч тохирохоо больж тусдаа амьдраад нэг жил болж байна.

Би өөрийн хүүгээ хайрлаж асран хамгаалж эцгийн ёсоор харж хандаж амьдралд нь дэм болж явна. Одоо ч өөрийнхөө хэмжээнд ханддаг аа. Иймд *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч дундын өмчлөлийн 75000000 төгрөгийн орон сууц авах нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 12 сарын сүүлээр худалдаж авсан байрандаа өөрсдөө огт хамт амьдарч байгаагүй. Гэрийн доторх эд хогшлоо цахилгаан бараанаас бусдыг Цацралд үлдээж болно...гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2023/00387 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төрсөн хүү *******ийн эцэг ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төрсөн хүү *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төрсөн хүү *******ийг 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээний эцэг *******аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 45,950,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54,770 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлого буюу төрийн сангийн дансанд оруулж, ..зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасныг үндэслэл Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй гэж дүгнэж давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Нэхэмжлэгч ******* Хариуцагч *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах .дундын өмчөөс 75,000,000 сая төгрөгний үнэ бүхий орон сууц авах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байх хугацаандаа *******аас 45,950,000 мянган төгрөг *******аас 29,050,000 төгрөг нийт 75,000,000 сая төгрөгийг иргэн *******т шилжүүлж Сэлэнгэ аймаг Мандал сум баг ширхэнцэг үйлдвэр 3-р гудамж 300-р байр 6 байр тоот 30,4 мкв ******* дугаартай орон сууцыг авсан бөгөөд 2023 оны 01 сарын 16 өдөр өөрийн төрсөн эх Лхагважав овогтой Энхтуяад өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.

Хариуцагч ******* нь дээрхи орон сууцыг нэхэмжлэгч *******д хүлээн зөвшөөрөхгүй би өөрийн бизнесийн орлогоор авсан *******ын эгч *******гаас орон сууц худалдан авахад зээлсэн 35 сая төгрөгийн 2022 оны 3 дугаар сарын 20 өдрөөс 22 өдөр хүртэл хугацаанд буцаан төлсөн гэж маргаж байгаа боловч Гэрч ******* байр авахад нь эгчийн хувьд 40 сая төгрөг 12 сар сүүлээр бэлнээр ******* дансанд хийсэн зээл авах боломжгүй гэхээр нь 40 сая төгрөг тусламж болгож өгсөн. Ажиллаж байх хугацааны мөнгөө надруу шилжүүлж байсан 35 сая төгрөг надад зардалын мөнгө гэж өгсөн би тэр мөнгийг *******ын ажиллаж байх хугацаандаа түрээс мөнгө, гоожин ойжуулалт мөнгө өгсөн гэж........ойлгож байна ......Бид өчнөөн удаа ярилцаж байсан. Тэрийгээ өгсөн гэж ойлгосон... гэх мэдүүлгээр хариуцагчийн дээрхи тайлбар няцаагдаж байна.

Харин нэхэмжлэгч ******* нэхэмжлэлд дурдсан ******* *******ийн хамт цаашид уг орон сууцанд гэр бүлийн харилцаатай хамтран амьдрах зорилготой худалдан авсан гэх нэхэмжлэл нь үндэслэлтэй хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч ******* Балжинням нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр үүссэн дундын өмч мөн байна гэж дүгнэж Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.1, Дундын өмч Иргэний хуулийн 108.8-д заасныг үндэслэн 75 сая төгрөгөөс маргааны зүйл буй орон сууцыг худалдан авахад *******ын зарцуулсан 45,950,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.2, 115.2.3-д заасныг үндэслэн шийдвэр гаргах байтал нэхэмжлэгчийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан.

Шүүх Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.1, 108.8-р зүйлийн буруу тайлбарлаж шийдвэрт тусгасан. Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.1-д зааснаар Хуульд зааснаар буюу хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.

Гэтэл бидний хооронд хамтран амьдарч байх хугацаанд дундаа бизнес хийж, ашиг олж байгаагүй маргаан бүхий орон сууцыг аваагүй хэрэв бид дундын ашиг олсон хөрөнгөнөөс орон сууц авч дундаа өмчилсөн байсан бол дээрхи хуулийн заалт хэрэглэнэ.

Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.8 зааснаар Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй. Хэрэв ******* бид 2 орон сууцны төлбөрийг хамтран төлж орон сууц худалдан авах гэрээг хамтран байгуулж улсын бүртгэлийн газарт бүргүүлж өмчлөгчөөр бүртгүүлсэн бол ИХ-ийн 108.8 заасныг үндэслэн ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах байсан.

Гэрч ******* мэдүүлэгт: 12 сарын сүүлээр 40 сая төгрөгийг бэлнээр Цацралын дансанд шилжүүлсэн гэх мэдүүлгийг шийдвэр үндэслэх хэсэг /нэхэмжлэгч ******* нэхэмжлэлд дурдсан ******* *******ийн хамт цаашид уг орон сууцанд гэр бүлийн харилцаатай хамтран амьдрах зорилготой худалдан авсан гэх нэхэмжлэл нь үндэслэлтэй хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч ******* Балжинням нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул/ гэж дүгнээд орон сууцыг хамтран амьдарч байх хугацаандаа ******* орон сууц авахад гаргасан мэтээр дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. ******* дансны шилжүүлгийг орон сууц авахад нь дэмжлэг болгож өгсөн гэж дүгнэж харин миний байр авахдаа *******гаас зээлсэн 35,000,000 сая төгрөгийг буцаан 2022.3.20 өдөр 10 сая 2022.3.21 өдөр 19 сая 2023.3.22 өдөр 6 сая нийт 35 сая төгрөг төлсөн гүйлгээг үнэлээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрийг гаргажээ. Гэрч ******* гэрчээр орохдоо / .******* манай раманд ажиллаж байх хугацааны мөнгөө надруу шилжүүлж байсан 35 сая төгрөг надад зардлын мөнгө гэж өгсөн би тэр мөнгийг *******ын ажиллаж байх хугацаандаа түрээс мөнгө, гоожин ойжуулалт мөнгө өгсөн гэж ойлгож байна Бид өчнөөн удаа ярилцаж байсан. Тэрийгээ өгсөн гэж ойлгосон... гэжээ гэх мэдүүлэг би *******тай хөрөө раманд нь түрээсээр ажиллаж байгаагүй бидний хооронд түрээс, гойжин зардлын тооцоо хийж байгаагүй. Өөрийн дүү *******ын талд миний зээлийг эргүүлэн төлсөн мөнгийг өөр зүйлд зарцуулсан мэтээр худал мэдүүлэг өгсөн. Би *******д шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж авах бүрэн боломжтой. Дээрхи мэдүүлгүүд бүгд худал мэдүүлэг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.3 дахь заалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2023 оны 10 дугаар сарын 6 ны өдрийн дугаар 149/ШШ2023/00387 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2-дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Тус орон сууцыг худалдан авах үед манай эгч ******* 40.000.000 төгрөгийг тусламж гэж бидэнд өгсөн. *******ын ******* эгчид шилжүүлсэн гээд байгаа мөнгө нь өөр агуулгатай орон сууцны төлбөртэй огт хамааралгүй. Би шүүхэд 75.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа гаргуулахаар шаардлага гаргасан. Шүүх орон сууцанд оруулсан мөнгийг *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тул гомдол гаргаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. *******гаас нэхэмжлэгч *******д орон сууц худалдан авахад нь тусалж 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн ******* нь орон сууцны өмчлөгч *******т шилжсэн тухай баримт буюу банкны дансны хуулга авагдсан байгаа. Маргаан бүхий орон сууцыг худалдан авахад Ц.Цацарал нь тодорхой хувь хэмжээ оруулсан тул түүнийгээ гаргуулахаар нэхэмжилсэн шүүх түүний нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 75.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Сэлэнгэ аймаг Мандал сумын баг Спиртийн 6 дугаар байр тоот 30,4 мкв ******* дугаартай орон сууцыг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгч нь хуульд заасан тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч түүний дээрхи нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тухайлбал:

а. Нэхэмжлэгч нь ******* нь хариуцагчид холбогдуулан хоёр шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагаа 75.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Сэлэнгэ аймаг Мандал сумын баг спиртийн 6-р байр тоот 30,4 мкв ******* дугаартай орон сууцыг гаргуулах гэж тодорхойлсон байна.

Хэргийн зохигчид нь маргаан бүхий орон сууц нь хариуцагчийн эх болох Л.Энхтуяагийн өмчлөлд бүртгэлтэй талаар мэдүүлжээ.

Нэхэмжлэгчийн дээрхи шаардлага нь тус орон сууцны өмчлөгч гэж бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулахаар шаардаж байна уу, эсвэл нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн зөрчигдөж байгаа, түүний хуулиар олгосон эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн нь тодорхой бус өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх нь хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхийг тодорхойлохоос гадна нэхэмжлэлийн талаар эрх зүйн зөв дүгнэлт өгөх, зохигчдын гаргаж байгаа нотлох баримт нь уг нэхэмжлэлд холбоотой эсэхийг дүгнэх, тухайн хэргийн харьяалал, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх эсэх, хөөн хэлэлцэх хугацааг зөв тодорхойлох, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэрэг асуудалд ач холбогдолтой юм.

б.Нэхэмжлэгч орон сууц гаргуулах гэж тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар зохигчдын дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө гэж тодорхойлж улмаар хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн агуулгыг санаачилгаараа өөрчилсөн гэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн шаардлага тодорхой бус байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилж хэргийг шийдвэрлэснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим алдагдаж, улмаар хэргийн оролцогчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйл, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан эрх зөрчигдсөн гэж үзлээ.

в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй байх ба шүүхээс түүний нэхэмжлэлийн үнийг дүнг хэрхэн тооцсон болон тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байдлыг иргэний хэрэг үүсгэхдээ хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй байна.

3. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2023/00387 дугаар шийдвэртэй *******ын нэхэмжлэлтэй Б.*******ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 387,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН