| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2023/00489/И |
| Дугаар | 205/МА2024/00005 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 205/МА2024/00005
*******ийн *******ны Завхан салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00018 дугаар шийдвэртэй
*******ийн *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох *******инд учруулсан хохирол болох 149.648.750,89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбар нь хариуцагч Д.*******д холбогдуулан *******инд учруулсан хохирол болох 149.648.750,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудын үндэслэн Д.*******д ял шийтгэл оногдуулсан. Үүнтэй холбоотойгоор *******ийн *******ны зүгээс хохирол учруулсан иргэдийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу олгож хохирлыг барагдуулсан. Үүнтэй холбоотойгоор *******ийн *******ны зүгээс Д.*******д холбогдуулж 112.160.511 төгрөг, малчны зээл болон хадгаламж барьцаалсан зээл, нэмэгдүүлсэн хүү, торгууль 37.488.239 төгрөг, нийт 149.648.750 төгрөгийг Д.*******гээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга:
Иргэний хуулийн 510 дүгээр зүйлийн 510.2-т зааснаар санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан байдаг. Д.*******гийн хувьд 3 хүүхэдтэй өрх толгойлсон, 10.500.000 төгрөгийн торгуультай. Торгуулиа төлж байгаа. Эд хөрөнгө байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх эд хөрөнгийн байдлыг харгалзан бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх хэмжээг багасгаж өгнө үү гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч *******аа овгийн *******ийн *******гээс 112.160.511 төгрөг гаргуулж *******ийн *******ны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.488.239,89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906.113 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 718.753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбарт олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:
...Д.******* нэр бүхий 4 харилцагчийн нэр дээр зээл авч ашигласан эрүүгийн хэргийг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ДШМ/26 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Банк шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж С.*******, Б., Ц., Г.аа нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Ингэхдээ харилцагч С.*******, Б. нарын нэр дээр авсан зээл төлөгдөх хүртэл хугацаанд үндсэн зээл болон хуримтлагдсан хүү, торгууль, нэмэгдүүлсэн хүүд нийт 37,188,239.89 төгрөг болсон. Шүүх хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Эдгээр харилцагч нарын зээл хэвийн төлөгдөж байсан бол *******инд 37,188,239.89 төгрөгийн эрсдэл учрахгүй байсан. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.*******гээс 37.188.239 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
...*******ийн *******ны Завхан салбарын зүгээс харилцагч нарын гомдлыг бүрэн барагдуулсан. Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Д.*******гээс гаргасан 112.460.511 төгрөг болон 37.188.239 төгрөгийг Д.*******гээс бүхэлд нь нэхэмжилж байна. Д.*******гийн Эрүүгийн хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Д.******* энэ хэргийг хийгээгүй, хохирол учруулаагүй бол төрийн *******ны үйл ажиллагаа хэвийн явагдаж олох ёстой хүү, хуримтлагдсан хүү, нэмэлдүүлсэн хүү, хүүгийн орлого 37.188.239 төгрөг ямарваа нэгэн байдлаар эрсдэхгүй, тухайн *******анд ашиг болж орж ирэх мөнгө байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.*******гээс 37.188.239 төгрөг хүүгийн төлбөрийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга:
...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *******ийн *******ны зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Д.******* *******ийн *******тай ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулаагүй, дээрх мөнгө нь гэмт хэргийн улмаас бий болсон хохирол гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Д.******* нь *******ийн *******тай зээлийн гэрээ байгуулаад гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хүү, торгууль, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх боломжтой юм. Д.******* нь 10 сая төгрөгөөр торгуулсан. 3 өнчин хүүхэдтэй, төлбөрийн чадваргүй эмэгтэй хүн байгаа улсын тэмдэгтийн хураамжаа хүртэл төлж чадахгүй байгаа. Анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн. *******ийн *******ны Завхан салбарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбар нь хариуцагч Д.*******д холбогдуулан *******инд учруулсан хохирол болох 149.648.750.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаас 107.450.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 42.198.750.89 төгрөгийг эс зөвшөөрч маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Хариуцагч Д.******* нь *******ийн *******ны Завхан аймгийн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан иргэн С.*******, Ц., Г.аа, Б. нарын дансыг ашиглан зээл авч 107.450.000 төгрөгний хохирол учруулан бусдыг хууран мэхэлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байна.
Хариуцагч Д.*******г гэм буруутай болохыг тогтоосон Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч *******ийн ******* нь ажилтныхаа бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзээд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д зааснаар *******ийн *******наас 45.272.048 төгрөгийг хохирогч Ц.т, 16.888.463 төгрөгийг, хохирогч Г.аад олгуулахаар тогтоож, ...*******ийн ******* нь хохирогч С.*******ийн 10.300.000 төгрөгийн малчны зээл, хохирогч Б.ын 40.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирлыг шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэл гаргуулахыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбар нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЭУХ-ний хурлын 19/11 шийдвэрийн дагуу Б.ын хадгаламж барьцаалсан зээл 40.000.000 төгрөг, С.*******ийн малчны зээл 10.000.000 төгрөгийг хааж, Г.аад 16.888.463, Ц.т 45.272.048 төгрөгийг төлж, гэм хорыг арилгасан болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүхийн шийтгэх тогтоолоор Д.******* нь гэм буруутай үйлдлээрээ бусдад 107.450.000 төгрөгний хохирол учруулсан гэж тогтоогдсон боловч нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбар нь Д.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 112.160.511 төгрөгний хохирол төлж барагдуулсан байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.1., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнөх байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, ажилтны хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа санаатай үйлдлээр бусдад гэм хор учруулсны төлбөрийг ажил олгогчийн хариуцлага хүлээсэн хэмжээгээр нь буюу 112.160.511 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх ажил олгогч ажилтны өмнөөс хариуцлага хүлээх, түүнийг тухайн гэм буруутай этгээд нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 498, 510 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбар нь давж заалдах гомдолдоо ... Банк шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, С.*******, Б., Ц., Г.аа нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Ингэхдээ харилцагч С.*******, Б., нарын нэр дээр авсан зээл төлөгдөх хүртэл хугацаанд үндсэн зээл, болон хуримтлагдсан хүү, торгууль нэмэгдүүлсэн хүүд нийт 37.188.239.89 төгрөг болсон. Эдгээр харилцагч нарын зээл хэвийн төлөгдөж байсан бол *******инд 37.188.239.89 төгрөгийн эрсдэл учрахгүй байсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн С.*******, Ц., Г.аа, Б. нар нь өөрсдөө малчны болон хадгаламж барьцаалсан зээл авах хүсэл зориг байхгүй байхад Д.******* нь *******ны ажилтны хувьд тэдэнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан *******ны дотоод систем, данс, хохирогч нарын хувийн мэдээллийг ашиглаж, зээлийн гэрээ хийсэн байдаг.
Эндээс үзэхэд *******ийн ******* болон иргэн С.*******, Ц., Г.аа, Б. нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Д.*******гийн хууль бус үйлдлийн улмаас хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан байна.
Банк нь зээл, зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг байгууллагын хувьд иргэн С.*******, Ц., Г.аа, Б. нартай хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг Д.*******д холбогдуулан гэмт хэргийн гомдол мэдээллийг гаргах үедээ мэдэх ёстой байсан ба энэ үеэс хууль зөрчсөн зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг зогсоож, өгсөн зээлээ буцааж нэхэмжлэх боломжтой байсан байна.
Банк нь зээлийн гэрээг цуцлаагүйгээс зээл, зээлийн хүү нэмэгдэж, торгууль тооцогдож байгааг *******ийг илтэд хохирсон гэж үзэх боломжгүй юм.
Нөгөө талаар Иргэний хуулийн 498.5.-д ... гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн зохицуулалтыг тайлбарлахад *******ийн ******* нь ажилтны буруугаас бусдад учирсан хохирлыг төлж, тэр хэмжээгээр ажилтнаас хохирлыг шаардана гэж ойлгохоор байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00018 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР