Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 174

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг,  47-р байрны 21 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ЛЛ73082163 регистрийн дугаартай, Уухан овогт Ооёогийн Адъяад холбогдох “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1024076 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Онончимэг, хариуцагч О.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Онончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь 22873605, 20039149 тоот гэрээ байгуулан 99046687, 99107191 дугааруудтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулж iPhone утсыг зээлээр худалдан авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон гар утасны төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1024076 төгрөгийг гаргуулж өгнө үү. О.Адъяагийн 99107191, 99046687 дугаарын нэхэмжилж буй 1024076 төгрөгийн төлбөрийн дүнг задалбал:

20039149 гэрээ бүхий 99107191 дугаарын ярианы төлбөр 241156.27 төгрөг,  iphone лизингийн үлдэгдэл төлбөр 661811.27 төгрөг, нийт 969148.67 төгрөг үүнээс барьцааны 100000 төгрөг суутгагдан 869149 төгрөгийн төлбөр үлдсэн болно. Хэрэглэгч дугаараа 2015 оны 04 сард хамгийн сүүлд ашигласан ба дугаарыг нь 2016 оны 02 сарын 26-ны өдөр дахин худалдаанд гаргасан.

22873605 гэрээ бүхий 99046687 дугаарын ярианы төлбөр 184926.89 барьцаа 30.000 төгрөг нь төлбөрт суутгагдаж 154926 төгрөг үлдсэн. Хамгийн сүүлд 2013 оны 08 сард ашигласан ба дугаарыг нь 2014 оны 07 сарын 02-ны өдөр худалдаанд гаргасан” гэжээ. 

Хариуцагч О.Адъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.Адъяа нь Мобиком корпораци ХХК-ийн 99107191, 99046687 дугаарыг хэрэглэж байсан нь үнэн. Би дугаараа олон жил барьж цаг тухайд нь төлбөрөө хийж байсан. Гэвч хүүхэд гадаадад сургууль  төгсөж би 2 сар гаруй гадаад яваад ирэхэд дугаар ашиглах боломжгүй байсан. Удаа дараа Бор-Өндөр дэх Мобикомын эрхлэгч С.Онончимэгтэй уулзахад дээш нь бичсэн байгаа. Хариу нь ирэхгүй байна гэж надад хариу өгсөн. Миний бие О.Адъяа нь 99107191 дугаарыг олон жил барьсан. Би бизнес түнш болон олон хүмүүстэй холбоо барьж чадахгүй хохирсон. Надад таны энэ хоёр дугаарыг манай компани татаж авна гэж мэдэгдэл ирээгүй. Iphone утас зээлээр авсан нь үнэн. Мөнгөний дүн нь бага үлдсэн байгаа. Миний өөрийн хэрэглэж байсан 99107191, 99046687 хоёр дугаар нь үнэтэй дугаар учир би төлөх боломжгүй. Ийм шалтгаантай учир Мобиком корпораци ХХК-ийн үйлчилгээний хэрэглээний төлбөр зээлээр худалдаж авсан утасны төлбөр нийт 1024076 төгрөгийг төлөх боломжгүй” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч О.Адъяагаас “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1024076 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч О.Адъяа нь Мобиком корпораци ХХК тай 20039149 тоот гэрээг 2013 оны 11 сарын 18 ний өдөр байгуулан 99107191 дугаарын хэрэглэгч болсон бөгөөд ярианы төлбөр 241156,27 төгрөгийг төлөөгүй, Iphone гар утасны лизингийн үлдэгдэл төлбөр 661811,27 нийт 969148,67 төгрөг болж байгаа ба гэрээ байгуулахад барьцаалсан 100000 төгрөгийг суутгаж 869149 төгрөгийн төлбөртэй болох хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Мөн хариуцагч О.Адъяа нь нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК тай 22873605 дугаартай гэрээг 2013 оны 03 дугаар сарын 20 ний өдөр байгуулан 99046687 дугаар утасны хэрэглэгч болсон бөгөөд ярианы төлбөр болох 184926,89 төгрөгийг төлөөгүй гэрээг зөрчсөн бөгөөд гэрээ байгуулахад барьцаалсан 30000 төгрөгийг төлбөрт суутган 154926 төгрөг үлдсэн байна. Ipohe гар утасны лизинг, ярианы төлбөр нийлээд 1024076 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч О.Адъяа нь дээрхи төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа бөгөөд ямар үндэслэлээр төлөхгүй болох тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд Мобиком корпораци ХХК тай байгуулсан гэрээний 5.8.1 –д заасан төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, 5.6.1-д заасан нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй, гэрээг цуцлах хүсэлтээ өгөөгүй тохиолдолд тухайн гэрээнд төлбөр гарсанаас хойш 4 сарын дотор төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн барьцаа төлбөрийг төлбөрт суутган авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Иймд хариуцагч О.Адъяагаас Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1024076 төгрөгийг  гаргуулан олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Адъяагаас 1024076 төгрөгийг гаргуулан Мобиком корпораци ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Адъяагаас 29128 төгрөгийг гаргуулан Мобиком корпораци ХХК д олгосугай.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

 5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 С.БАЙГАЛЬМАА