| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 141/2023/00136/И |
| Дугаар | 205/МА2024/00004 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 205/МА2024/00004
Нисэг-Агро ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141/ШШ2023/00223 дугаар шийдвэртэй
Нисэг-Агро ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шоонуу /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Нисэг-Агро ХХК нь, хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Манай байгууллага нь 2019 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Мал хамгаалах санд 333,033,200 төгрөг төлөхөөр болсон бөгөөд шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлого болон санхүүгийн байдлаас хамааран тодорхой хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллаж байна. Гэвч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд битүүмжилсэн тогтоол шийдвэр болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулаагүй нь ноцтой зөрчил гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү... гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ компанийн хөрөнгө нь хувь нийлүүлэгчийн хөрөнгөөс тусгаарлагдаагүй тохиолдолд гэсэн байдаг. Нисэг-Агро ХХК нь Завхан аймагт мал, мах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бусад хөрөнгүүд компанийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь эхний ээлжид компанийн хөрөнгийг бүрэн гүйцэд судлалгүй хувь нийлүүлэгчийн хөрөнгөд халдаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явуулсан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж болдог. Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкнуудаас холбогдох лавлагаа авсан байна. Мөн төрийн сангаас компанийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, санхүүгийн тайландаа ямар хөрөнгөтэй талаар тусгасан лавлагааг авах боломжтой байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийг барьцаа хөрөнгө байсан гэж үздэг. Нисэг-Агро ХХК-ийн Мал хамгаалах сантай байгуулсан эвлэрлийн гэрээ болон гүйцэтгэх хуудсанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт байхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоол хэрэгт авагдаагүй, энэ тогтоол нь манайд ирээгүй, мөн хариуцагч тал хэрэгт гаргаж өгсөнгүй. Тийм учраас хөрөнгө битүүмжилсэн тогтоол байхгүй юм шиг байна гэж ойлголоо. Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг зааглагдсан гэж үзэж байна. Компанийн дүрэм дээр хариуцлагыг хэрхэн хүлээх талаар заасан байгаа бөгөөд Нисэг-Агро ХХК нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээсэн байгаа. Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан эсэхийг шалгахын тулд хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн жилийн эцсийн санхүү, татварын тайланг шалгаж үзэх ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нь компанийн санхүүгийн болон татварын тайланг шалгаж үзээгүй. Нисэг-Агро ХХК-ийн өөрийн хөрөнгө үүсгэн байгуулагчийн хөрөнгөөс зааглагдсан байхад шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Даалгавар гүйцэтгүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан бөгөөд даалгавар гүйцэтгүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ажиллагааг хийнэ гэсэн байна. Үүнд албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах, албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэсэн заалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн хөрөнгийг эрэн сурвалжлах үүрэг бүхий этгээд бөгөөд Нисэг-Агро ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд байгаа хөрөнгүүд ямар үнэтэй, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан эсэхийг тогтоогоогүй. Тухайн хөрөнгүүдийг захирал О.Эрдэнэчимэг өөр хүний хөрөнгө гэж тайлбарласан боловч энэ талаар судлаагүй, шийдвэр гүйцэтгэгч эрх хэмжээгээ давуулан биелүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нэг хүн байгаа нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдаагүй гэсэн үг биш. Компанийн талаар Иргэний хуульд хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг зааглагдсан эсэхийг тогтоохын тулд төрийн сангаас лавлагаа авах, компанид үүсгэн байгуулагчийн хөрөнгийн хэдэн хувь нь орсон талаар Завхан аймгийн төрийн сангаас лавлагаа авах ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Төлбөр төлөгчийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Москва хороолол дахь байрыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр бусад хөрөнгө буюу Завхан аймгийн Тэс сумын Арц суурь боомт дахь хөрөнгөөр төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.
2. Хариуцагчийн хариу татгалзал, тайлбарын агуулга:
...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Нисэг-Агро ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурджээ. Мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шүүхийн шийдвэрээр "Нисэг-Агро ХХК-иас 61.920.000 /жаран нэгэн сая есөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулж Г.Баттүшигт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.6, 44.2.10, 44.2.11, 44.2.13 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэхэд төлбөр төлөгч "Нисэг-Агро ХХК-нийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 19-нд ШШГЕГазрын Төрийн байгууллагуудын лавлагааны системээс лавлагаа, 2019 оны 04 дүгээр сарын 22-нд арилжааны банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх мэдэгдэл, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/322 дугаартай албан тоотоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст "Нисэг-Агро ХХК-нийн үүсгэн байгуулсан баримт бичиг, компанийн дүрмийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дүгээр албан тоотоор ШШГЕГ, мэдээлэл лавлагаа дүн шинжилгээний тасагт лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/220 дугаар албан тоотоор Гаалийн ерөнхий газарт лавлагаа, Завхан аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/221 дүгээр тус тус лавлагаагаар Нисэг-Агро ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 93 дугаар зүйлийн 93.4 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу үүсгэн байгуулагч Y0916000009, Y0916000039, өмчлөлийн Y0916000150, О.Эрдэнэчимэгийн Y0916000148 Y0916000149 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Тэс сумын 2-р баг, Нисэг Арц суурь хэсэг, боомтод тус тус байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 19130049/32 дугаар тогтоолоор битүүмжлэх ажиллагааг явуулсан байна. Мөн Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 583 дугаар лавлагааны хариугаар Нисэг-Агро ХХК-ний хөрөнгө нь үүсгэн байгуулагч, захирал О.Эрдэнэчимэгийн хөрөнгөөс зааглагдаагүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч "Нисэг-Агро ХХК нь нэхэмжлэлдээ гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан" гэжээ. Энэ гомдлыг дараах үндэслэлээр татгалзаж байна. Төлбөр төлөгч "Нисэг-Агро ХХК нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа мал хамгаалах сантай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 2017//Y/26 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн барьцаа гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө нь Очирбатын Эрдэнэчимэг /ШЖ68072201/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037475 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16100/, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны 100 тоотод байрлах 87,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц юм. Энэ барьцаа хөрөнгө нь Сайжрах овогт Очирбатын Эрдэнэчимэг /ШЖ68072201/-ийн өмч /нэг хүний өмч/ болох нь 000128626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Нисэг-Агро ХХК-нийн гаргасан "Компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн гэр бүлийн дундын эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхөөс татгалзаж байна. Мөн гаргасан нэхэмжлэлд битүүмжилсэн тогтоол шийдвэр болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулаагүй, ноцтой зөрчил гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү." гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус, тус баримтлан Нисэг-Агро ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан, төлбөр төлөгч Нисэг-Агро ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Нисэг-Агро ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:
...Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн гэдэг дээр дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна: Учир нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь ШШГТХуульд заасан даалгаврыг бичиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар даалгавраар хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааг зохион байгуулах, хөрөнгийг худалдан борлуулах эрхийг олгоогүй байх бөгөөд нэгэнт хууль зөрчиж олгогдсон даалгаврын гүйцэтгэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Нэгэнт хууль бус даалгаврын үндсэн дээр гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны гэж үзэн гомдол гаргах хугацааг тоолох боломжгүй байх хууль зүйн зохицуулалттай байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль ёсны гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 олны 11 сарын 27-ны өдрийн 141\12023\00223 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд өгсөн хариуцагч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Нисэг-Агро ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх талаар лавлагааг хангалттай авсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бүх ажиллагаа хийгдсэн. Хуулийн этгээдийн эд хөрөнгийг лавлагааг заавал төрийн сангаас авах шаардлага байхгүй. Төрийн байгууллагын цахим сан, Завхан аймгийн улсын бүртгэлээс лавлагаа авахад Нисэг-Агро ХХК-д бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн даалгавраар дуудлага худалдаа явуулах, худалдан борлуулах эрх олгогдоогүй гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заасны дагуу Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэх, худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг биелүүлсэн байдаг. Нисэг-Агро ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай. Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгө нь барьцаа хөрөнгө байдаг. Нисэг-Агро ХХК нь төлбөрийн чадваргүй нь лавлагаануудаас тодорхой харагдаж байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.
Нэхэмжлэгч Нисэг-Агро ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх Нисэг-Агро ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ...даалгавраар хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааг зохион байгуулах, хөрөнгийг худалдан борлуулах эрхийг олгоогүй байхад хууль зөрчиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй учир, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй хариуцагч Нисэг-Агро ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хариуцагч Нисэг-Агро ХХК нь зээлийн барьцаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрийн баруун бүс-1 Москвагийн гудамж 39 дүгээр байрны 100 тоот орон сууцыг барьцаалжээ.
Хариуцагч Нисэг-Агро ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19130049 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нисэг-Агро ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1 сая төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй байсан болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Нисэг-Агро ХХК-ний төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.Эрдэнэчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрийн баруун бүс-1 Москвагийн гудамж 39 дүгээр байрны 100 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг О.Эрдэнэчимэгт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Гэтэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.4-д заасан хугацааны дотор хариуцагч Нисэг-Агро ХХК нь шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос, өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно... даалгавар хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаас үзвэл, шийдвэр гүйцэтгэгч Л.Шоонуугийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19130049/30 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар ...төлбөр төлөгч Нисэг-Агро ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2205037475 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хотын Баянгол дүүрэг Москвагийн гудамж 39 дүгээр байрны 100 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах ажиллагаа гүйцэтгэхийг 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг даалгаврын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10/06 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй ба шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэл бүхий байна.
Иймд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөр компанийн өр төлбөрийг барагдуулахаар албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйл, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйл, Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нисэг-Агро ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141/ШШ2023/00223 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ