Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02107

 

 

 

 

    2023          12            04                                        210/МА2022/02107

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03299 дугаар шийдвэртэй

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 64,735,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших “И” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн объектын харуул хамгаалалтын гэрээ байгуулж ажилласан.

1.2. Гэрээний 2.6-д “... гэрээнд заасан харуул хамгаалалтын ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 100  хувь буюу 7,700,000 төгрөгийг дараагийн ээлж солихоос өмнөх 7 хоногт төлөх, гэрээний 2.7-д гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэмж төлнө гэж тус тус заасан.

1.3. “И” ХХК-тай гэрээ байгуулан ажилласнаас хойш 19, 23, 24, 31, 34, 37, 38 дугаар албан бичгээр тус тус төлбөр болон төлбөрийн алданги тооцон нэхэмжлэх хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөр болон төлбөрийн алданги хугацаандаа төлөөгүйгээс байгууллагын үйл ажиллагааг хохироосон. Иймд “И” ХХК-аас гэрээний үндсэн төлбөр 26,500,000 төгрөг, алданги 38,235,000 төгрөг, нийт 64,735,000 төгрөг гаргуулна.

1.4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үндсэн төлбөр болох 26,500,000 төгрөгийг төлсөн. Тиймээс гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон 13,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн.  Хариуцагчийн зүгээс гэрээний төлбөрт 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөг төлсөн.

2.2. Талууд гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутам нийт төлбөрийн 3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид төлөхөөр тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь заалтад нийцэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн, Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан анзын хэмжээнээс давж тогтоосон алдангийг Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчингүй болох үр дагавартай. Иймд алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан “И” ХХК-аас 13,250,000 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ 51,485,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481,625 төгрөгийг улсын орлого болгож, “И” ХХК-аас 356,700 төгрөг гаргуулж, “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигч талуудын хооронд байгуулсан 2 гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хариуцагч нь гэрээний 2.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргасан хэдий ч уг гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасанд нийцүүлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй алдангийг гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөр 26,500,000 төгрөгөөс тооцож 13,250,000 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэжээ. Мөн гэрээний 2.7-д гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид нэмж төлнө гэж зааж тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээний үндсэн төлбөр 26,500,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хуульд зааснаар төлөөгүй үнийн дүнгийн 50 хувь болох 13,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж буй шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид нэмж төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зөвхөн алдангийн талаар зохицуулсан дээрх заалт хууль зөрчсөн шалтгаанаар хүчин төгөлдөр бус юм.

Иймд гэрээний 2.7 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар:

“М” ХХК-ийн зүгээс 2022 оны 08 сарын 17-ны өдөр, 2023 оны 01 сарын 01-ний өдөр 2 удаа харуул хамгаалалтын гэрээ байгуулсан. Нийт 8 ажилтан ажилласнаас ажлын хөлс болох 26,800,000 төгрөгийг 2023 оны 09 сар хүртэл бүтэн жилийн хугацаанд төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр ажиллагч нь тодорхойлсон ажил үүргийг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг зөрчиж, ажиллуулагч нь нийт 8 ажилтны 26,500,000 төгрөгийн цалинг төлөөгүй. Үүнийг үндэслэн гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар манайх алданги нэхэмжилсэн. Гэтэл манайх тухайн объект харуул хамгаалалтын гэрээгээр анзыг авахаар тохирч, гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хэдийгээр хариуцагч талаас маргаж, 3 хувь гэж заасан нь хууль зөрчсөн болохоор үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулна гэж маргасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын төлбөр торгууль нь хэт өндөр байвал багасгахаар зохицуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнд заасны дагуу анзыг нэхэмжилж, сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлээ зөвтгөж, 50 хувиар болгож бууруулсан. Манайх 8 ажилтныхаа цалинг жилийн хугацаанд аваагүйнхээ төлөө шаардах эрхийн хүрээнд анзыг нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг, алданги 38,235,000 төгрөг, нийт 64,735,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 51,485,000 төгрөгөөр багасган, алданги 13,250,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Талууд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр обьектэд 24 цагийн харуул хамгаалалтын үйлчилгээ авах, 5 ажилтныг ээлжээр хамгаалалтанд ажиллуулах, нэг ээлжинд өглөөний 09 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, харуулын даргын сарын хөлс 1,700,000 төгрөг, нэг хамгаалагчийн сарын хөлс 1,500,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг төлөх, гэрээний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл гэж тохиролцсон байна. /хх9-12/

3.б.Энэ гэрээний хугацаа дууссаны дараа талууд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дахин харуул хамгаалалтын үйлчилгээ авах гэрээ байгуулж, дээрх нөхцөлөөр  обьектэд 24 цагийн харуул хамгаалалтын үйлчилгээ авах, 3 ажилтан ээлжээр хамгаалалтанд ажиллуулах, харуулын даргын сарын хөлс 1,700,000 төгрөг, нэг хамгаалагчийн сарын хөлс 1,500,000 төгрөг, нийт 4,700,000 төгрөгийг төлөх, гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүртэл гэж тохиролцжээ. /хх-ийн 20-23/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.в. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-ийн объектэд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн талаар хариуцагч маргахгүй байна. Харин талууд гэрээний 2.6-д “... харуул хамгаалалтын ажлын гүйцэтгэлийн төлбөрийг ... дараагийн ээлж солихоос өмнөх 7 хоногт төлнө” гэж тохиролцсон байна.

3.г. Хариуцагч “И” ХХК нь ажлын хөлсөнд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 7,700,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 4,700,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдийг хүртэлх хугацааны төлбөрт 4,700,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрт 4,700,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрт 4,700,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийг төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үйл баримтад хариуцагч маргаагүй байна.

3.д. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22/46 тоот, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22/56 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр ажлын хөлсийг төлөхөө илэрхийлж байснаас гадна 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх ба энэ талаар талууд маргахгүй байна. /хх-ийн 10, 17/

4. Хариуцагч “И” ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийн зөрчилд хариуцлага тооцон алданги нэхэмжилж байгааг эс зөвшөөрч үндэслэлээ “гэрээгээр тохирсон үндсэн төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний 2.7-д алданги тохиролцсон заалт хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлан маргасан байна.

4.а. Гэрээний 2.7-д гэрээгээр  тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид нэмж төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцлийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Учир нь талууд гэрээнд алдангийн талаар тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан, түүнчлэн нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн алдангийн хэмжээг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул алдангийг дээрх хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Мөн алдангийн талаарх талуудын дээрх гэрээний тохиролцоог хууль зөрчсөн, нөгөө талын эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

4.б. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 тоот, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 31 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 34 тоот, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 тоот албан бичгээр үндсэн төлбөр болон алдангийн хамт хариуцагчаас шаардсан боловч тэрээр гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.  /хх-ийн 6-9, 11-16, 18-19/

4.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 13,250,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

               

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                       Т.БАДРАХ

                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ