Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0388

 

2019 оны 07 сарын 18 өдөр           Дугаар 221/МА2019/0388                          Улаанбаатар хот

“Ч...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн төлөөлөгч Л.С, түүний өмгөөлөгч П.Н, хариуцагч Б.О нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 113/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ч...” ХХК-ийн гомдолтой, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 113/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ч...” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хариуцагч шинэ акт гаргаагүй бол Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

“Ч...” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... гомдлын шаардлага нь “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гэсэн шаардлага байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь зөрчлийн хэргийн маргаан бүхий актыг “түдгэлзүүлэх” гээгүй “хүчингүй болгох” гэсэн. Харин Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэх мөртлөө маргаан бүхий актыг хүчингүй болголгүй, түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Мөн тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “уг тогтоолд холбогдогч/ид/-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.5, 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсгийг үндэслэн зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн нь тус хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээн”, 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй”, 6.10 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.1-д “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 1.2-т “шийтгэл оногдуулах”, 1.3-д “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, тус хэсгийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасанд нийцээгүй байна” гэжээ. Энэхүү дүгнэлтээр маргаан бүхий акт бүхэлдээ хуульд нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Шүүх ийнхүү хуульд нийцээгүй маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ хүчингүй болгохын оронд түдгэлзүүлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 113/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг өөрчилж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Отгонсүрэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт маргаан бүхий актыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дүгээр шийтгэлийн хуудсаар “Ч...” ХХК, Л.С нарт Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Гомдол гаргагчаас “... шалгалтын ажиллагааны явцдаа яг ямар шаардлага тавьсан, миний зүгээс яг ямар шаардлагыг нь эсэргүүцсэн, биелүүлээгүй болохыг тодорхой дурдаагүй”, “... огт үзээгүй, хүлээлгэж өгөөгүй актаар 128,949,700 төгрөгийг төлөх үүргийг хүлээх болоод байна” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “ холбогдогч нар нь ... улсын байцаагчийн 09-06-018/73 дугаартай (нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг, түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийн) нөхөн төлбөр тогтоосон акт, 09-06-018/227 дугаартай 14 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг санаатайгаар устгасан, акт, албан шаардлагыг ирүүлэхийг мэдэгдэн утсаар болон захидал илгээн шаардсан хэдий ч хариу ирүүлээгүй, холбоо барих утасны дуудлагыг авахгүй байх зэргээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал болон бусад нотлох баримтуудаар шийтгэлийн хуудаст дурдсан “улсын /ахлах/ байцаагчийн актад дугаар олгох бүртгэлийн дэвтэр, улсын /ахлах/ байцаагчид албан шаардлагад бүртгэлийн дэвтэрт тус тус бүртгэгдсэн байдал, менежер Д.М-ын хяналт шалгалтын дүнтэй урьдчилан танилцаж, 4.2 кодтой хяналтын хуудсанд гарын үсэг зурсан байдал, захирал Л.С-ын 09-06-018/74, 09-06-018/76, 09-06-018/77 тоот улсын байцаагчийн актууд, 4.2 кодтой хяналтын хуудастай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байдал, 990841976, 70543469 дугаарын утасны билл, залгасан бүртгэл, гэрчийн мэдүүлгүүд” зэрэг нотлох баримтууд нь улсын байцаагчийн 0900001 дугаар шийтгэлийн хуудсыг зөвтгөх нотолгоо болж чадахгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “холбогдогч “Ч...” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох тус хуулийн этгээдийн “хууль ёсны төлөөлөгч”-ийг томилж, тогтоол үйлдээгүй ... Д.М-т холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй” зэрэг зөрчлийг гаргасан. Түүнчлэн, “... зөрчлүүдийн аль нь хэнд холбогдох, мөн аль холбогдогчид хамаарах ямар үйлдэл, эс үйлдэхүйг шалган тогтоож, шийтгэл оногдуулсан, хэнд холбогдох ямар үйлдэл, эс үйлдэхүйг тогтоогдохгүй хэмээн хэрхэн шийдвэрлэсэн” зэрэг нь Зөрчлийн тухай хууль,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй талаар зөв дүгнэсэн боловч дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь “Ч...” ХХК-ийн ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, тус хуулийн этгээдийн менежер Д.М-ын өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл гомдол гаргагчийг устгасан гэж буруутгаж буй улсын байцаагчийн 09-06-018/73 дугаартай нөхөн төлбөр тогтоосон акт, 09-06-018/227 дугаартай 14 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг гомдол гаргагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах болсон гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь баримтаар нотлогдоогүй, уг шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудас буюу зөрчлийн захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 113/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч...” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0900001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, гомдол гаргагч “Ч...” ХХК-ийн өмгөөлөгч П.Н-ийн давж заалдах гомдлыг хангасуай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ