Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/0163

 

“Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Л.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн захирал Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 2821Х, 2822Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг авсан бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанаас 1 хоног хэтрүүлэн дээрх тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг гаргасан гэдэг шалтгаанаар сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан. Энэ асуудлаар Ашигт малтмалын газрын дэд даргатай уулзахад “... одоо ямар ч аргагүй, тусгай зөвшөөрлүүдээ буцааж хүлээлгэн өгөөд өөр аж ахуйн нэр дээр дахин өргөдөл өгч лиценз ав” гэж зөвлөсний дагуу 2821X, 2822Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болоогүй байхад буцаан өгөх өргөдөл гаргаж, 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буцаан хүлээлгэн өгөөд 2008 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар “Т к” ХХК-ийн нэрээр өргөдөл гаргаж, Геологи, уул уурхайн кадастрын газрын өргөдлийн бүртгэлийн 21119Х дугаарт бүртгүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар уг өргөдөлд ажлын 20 хоногийн дотор бичгээр хариу өгөх байтал 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр буюу өргөдөл өгснөөс хойш найман сар 25 хоногийн дараа компьютерийн болон зураг зүйн шүүлт хийж, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1986 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн тусгай хэрэгцээний газартай /До-46/ хэсэгчлэн давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7-9973 дугаар албан бичгийг шуудангаар манай компанид явуулсан боловч уг хариу одоо болтол манай компанид ирээгүй байна.

Шуудангийн 38 дугаар салбарын ажилтан уг хариуг хаягаар хүргээгүй, утсаар яриагүй атлаа энэ хүн эмнэлэгт хэвтсэн, утсаар хэлсэн боловч ирж аваагүй байна гэсэн хуурамч магадалгаа гарган бичгийг буцаасан байна. Одоо энэ бичиг дугтуйтай хэвээрээ Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн архивт 21119Х өргөдлийн хувийн хэрэгт байгаа болно.

... Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 1986 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, мөн оны 7-9973 дугаар албан бичгээр хариу өгсөн гэдгийг манай компани Ашигт малтмалын газрын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3-1762 дугаар албан бичгээс мэдсэн бөгөөд уг албан бичгийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газарт 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар албан бичгээр хандсан. Ашигт малтмалын газар манай хүсэлтийг хангахаас татгалзан Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэж 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 6-4448 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

Манай компани 2008 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр өргөдөл өгснөөс хойш Геологи, уул уурхайн кадастрын газрын холбогдох ажилтнуудаас байнга лавлаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан ахлах байцаагчийн дүгнэлт гаргуулж байсан. 21119Х дугаар өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж албан ёсоор хариу өгөлгүй амаар тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэсэн хариу өгөөд байхаар нь бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан ба улсын ахлах байцаагчийн 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 08/68/2385 дугаар дүгнэлт гарч 21119Х дугаар өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэсэн боловч Геологи, уул уурхайн кадастрын газар асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын дагуу шийдвэлгүй уг дүгнэлтийг биелүүлэх боломжгүй тухай 2008 оны 7-5337 тоот албан бичгээр хариу ирүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

... 21119Х дугаар өргөдөлд 2008 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр буюу өргөдөл өгснөөс хойш 8 сар 25 хоногийн дараа компьютерийн болон зураг зүйн шүүлт хийхээс 5 сар 14 хоногийн өмнө, Дорнод аймгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэр гарахаас 8 сар гаруйн өмнө Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоол хүчингүй болж уг тогтоол хүчинтэй байх үед тусгай хэрэгцээний газартай давхцуулан олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайгаас бусад талбайг тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байна. Уг чөлөөлөгдсөн талбайд манай 21119Х дугаар өргөдлийн талбай хамрагдаж байгаа болно.

Манай компанид 21119Х дугаар тусгай зөвшөөрөл олгохоос “Дорнод аймгийн тусгай хэрэгцээний /До-46/ газартай хэсэгчлэн давхцалтай” гэдэг үндэслэлээр татгалзсан Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 1986 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь дараах баримтуудаас тодорхой харагдаж байна.

1. 21119Х дугаар өргөдлийн талбайд өмнө нь 2821X, 2822Х гэсэн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “И” ХХК 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг талбайг тусгай хэрэгцээнд авахаас өмнө авсан байсан юм. Өөрөөр хэлбэл буцааж хүлээлгэн өгсөн 2821X, 2822Х тусгай зөвшөөрлүүдийн талбайд өгсөн 21119Х өргөдлийн талбай До-46 дугаар тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй гэсэн үг. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөн олговрыг ... төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хэвээр гэсэн үг юм.

2. Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон компьютерийн болон зураг зүйн шүүлтийг Геологи, уул уурхайн кадастрын газар 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн бөгөөд 8 сар гаруйн өмнө буюу 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоол гарч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоол хүчингүй болж, уг тогтоол гарахаас өмнө тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан талбайнууд нь аймгийн тусгай хэрэгцээнд үлдсэн.

3. Өмнө нь 10777Х тусгай зөвшөөрлийг цуцлан уг талбайд 2821X, 2822Х тусгай зөвшөөрлүүдийг олгосон бөгөөд хэрвээ тусгай хэрэгцээний газар дотор байсан тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан, буцааж хүлээлгэж өгсөн бол шууд тусгай хэрэгцээний газарт хамаарна гэвэг уг 2 тусгай зөвшөөрлийг олгох ёсгүй байсан. Адилхан асуудлыг 2 өөрөөр шийдвэрлэх ёсгүй.

Үүнээс үзэхэд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын тухайн үеийн удирдлагууд ямар ч хамаагүй шалтгаанаар уг талбайг манай компанид олгохгүйн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчин янз бүрийн хууль бус материалууд бүрдүүлж, хууль бус үндэслэлүүд гарган тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр, мэдэгдэл гаргаж байсан байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэг газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн 21119Х дүгээр өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21119Х дүгээр өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... “И” ХХК-ийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан хайгуулын талбайд “Т к” ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 21119Х өргөдөл гаргасан байна.

Уг өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дах хэсэгт зааснаар “... тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй...” байх гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг биелүүлээгүй тул 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тусгай хэрэгцээний  газартай  хэсэгчлэн давхцалтай  гэдэг үндэслэлээр тусгай  зөвшөөрөл олгохоос татгалзаж хариу өгсөн байна.

Улмаар “Т к” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг мэдсэнээс хойш 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр өргөдөл хүлээн аваагүй талаар Ашигт малтмалын газарт гомдол гаргасан байна.

Т к” ХХК-аас гаргасан гомдолд 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 6/4448 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандах талаар тодорхой бичиж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасны дагуу хариу өгсөн байна.

Дээрх шийдвэр гарснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-ийн 21119Х дугаар өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21119Х дугаартай өргөдлөөр “Т к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасан байна.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар “Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэг газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн 21119Х дүгээр өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21119Х дүгээр өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн захирал Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Л.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаар магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Магадлалын Үндэслэх хэсэгт “Шүүх нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн тохиолдолд нэхэмжлэл гаргагч захирамжид заасан хугацаанаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргах учиртай. Гэтэл “Т к” ХХК нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 24-ний дотор гаргалгүй, хугацаа хэтрүүлэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан анхан шатны шүүхийн дардас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргээр тогтоогдож байна” гэжээ.

Дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэл гаргах хугацацааны эхлэх хугацааг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар буюу захирамж гарсан өдрөөр тооцсон бол дуусах хугацааг нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар буюу холбогдох захиргааны актыг хүлээж авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гэсэн заалтаар тооцжээ. Нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх хоёр заалтын аль нэгээр бүхэлд нь тооцох ёстой байтал уг хоёр заалтыг хольж хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг бүхэлд нь тооцсон тохиолдолд нэхэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 04-ний дотор гаргах ёстой. Гэтэл бид 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу нэхэмжлжл гаргах хугацаа өнгөрөөд 14 хонож байхад, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай 4825 дугаар шүүгчийн захирамжийг гардан авахдаа л мэдсэн. Өөрөр хэлбэл захирамж гараад 24 хонсоны дараа шүүх бидэнд захирамж гарсан тухай мэдэгдсэн нь бидний шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд бэлтгэх 30 хоногийн хугацааг шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болоод бүрэн эдлэх боломжгүй болсон гэж үзэж байна.

Хэрвээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг бүхэлд нь тооцсон тохиолдолд бидний шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуусах ёстой байсан бөгөөд бид нэхэмжлэлээ 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хугацаа дуусахаас 23 хоногийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн дүгнэлтэд дурдсан шиг анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэх үндэслэл үгүй юм.

2. “Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу хугацааг тоолон үзэхэд “Т к” ХХК-ийн нэхэмжлэл гаргах хугацаа 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Лхагва гарагаас эхлэн 30 дахь хоног мөн оны 7 дугаар сарын 24-ний өдрийн баасан гарагаар дуусгавар болсон байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтыг зөрчжээ” гэсэн дүгнэлтийн тухайд.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4825 дугаар шүүгчийн захирамжад хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг нянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтын дагуу захирамж гарсан өдрөөс эхлэн сэргээсэн байна. Энэ тохиолдолд захирамж гарсан өдрөөс 10 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу буюу уул хугацаа улиран өнгөрсний дараах өдрөөс эхлэн хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтын дагуу тоолбол хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу тоолбол хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус тус дуусахаар байна.

Гэтэл уг дүгнэлтэд “анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг нянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.8 дахь заалтыг зөрчжээ” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалт нь “...захиргааны актыг хүлээн авсан эсвэл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор...” нэхэмжлэлээ гаргаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг зохицуулсан болохоос захиргааны актыг гарснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг зохицуулаагүй болно.

3. Шүүх хуралдааны явцад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамж хэзээ гарсан тухай нэхэмжлэгчид хэзээ хэрхэн мэдэгдсэнийг тогтоох ажиллагаа явагдаагүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхмжлэлийг хүлээн авсан анхан шатны шүүхийн дардас, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээх шүүхийн ажиллагаанд нэхэмжлэгчид оролцоогүй тохиолдолд шүүгчийн захирамжийн тухай хэзээ хэрхэн мэдэгдэх асуудал хуулиар зохицуулагдаагүй бегөөд энэ тохиолдолд захирамж гарсан өдрийг нэхэмжлэгч захирамж хүлээн авснаар л мэдэх боломжтой бөгөөд энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч хуулиар олгогдсон 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж эхлэх болно.

4. Түүнчлэн бид нэхэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 21-нд бичээд шүүхэд өгөх гэсэн боловч тэмдэгтийн хураамж төлөөгүй байна, төлөөд ир гэсний дагуу компаний захирлыг ирэхэд мөнгийг нь авч тэмдэгтийн хураамжийг 2015 оны 7 дугаар сарын 27-нд төлөөд нэхэмжлэлээ өгсөн. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу шүүх /шүүгч/ нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж олгосон үйл ажиллагаа бөгөөд нэхэмжлэл гаргах хугацааг 7-14 хоногоор сунгасан гэж үзэх үндэстэй юм. Шүүгчийн захирамжийг хүлээн авах үед компанийн захирал хөдөө амарч байсан бөгөөд тэмдэгтийн хураамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч бус нэхэмжлэгч төлөх үүрэгтэй билээ.

Дээрх байдлуудаас үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.2 дахь хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс үндэслэлгүй байх тул уг магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийг хуулийн үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 70.2.4-т “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах;” гэж заасантай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан, “Т к” ХХК-ийн мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хайгуулын лиценз авахыг хүссэн өргөдлийг Кадастрын газрын өргөдлийн бүртгэлийн 21119Х дугаарт бүртгүүлсэн байхад төрийн захиргааны байгууллага дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэснийг зөрчиж 8 сар гаруйн дараа 2008 оны 9 дүгээр сарын 29, 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд зураг зүйн болон компютерийн тусламжтайгаар шүүлт хийжээ.

Ингэхдээ Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд газар авах тухай” 63 дугаар тогтоолыг шинэчлэн найруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн болон аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцуулан олгогдсон хавсралт 1-ийн дагуу солбицол бүхий лицензийн талбайгаас бусад тусгай хэрэгцээний газрыг хүчингүй болгосон мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоол гарснаас хойш 5 сарын дараа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын газрын ажилтан Б.Я, Г.Ө нар Дорнод аймгийн тусгай хэрэгцээний /До-46/ талбайтай хэсэгчлэн давхцалтай гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэж хариуцагч талаас тайлбар хийдэг боловч энэ нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байгаагаас гадна Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын газрын дарга маргаан бүхий захиргааны акт болох 2008 оны 1986 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;”, 19.2.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй атлаа хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн “Т к” ХХК-ийн өргөдөл “Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагуудыг хангаагүй” гэсэн ерөнхий үндэслэл дурдаж нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн 21119Х дугаарт бүртгэгдсэн өргөдлөөр Дорнод аймгийн Дашбалбар сумын “М” нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус байна.

Түүнчлэн захиргааны байгууллагын албан тушаалтнаас нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;” гэсний дагуу хүргүүлээгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэж заасан хугацаанд нэхэмжлэгчийн 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21119Х дугаарт бүртгэгдсэн хайгуулын лиценз авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлээгүй хариуцагчийн “эс үйлдэхүй” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Т к” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн 21119Х дугаар өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 21119Х дугаар өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгохдоо захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг харгалзалгүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Тухайлбал, нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн хэргийн оролцогчдыг байлцуулалгүйгээр гаргасан 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” 4845 дугаар захирамжийг нэхэмжлэгч хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоололгүй, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол”, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасныг буруу хэрэглэжээ.

Иймээс нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн захирал Л.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Л.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА