Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1331

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХХ” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Хамтын гэрээний 8.8.1-т зааснаар хоол унааны хөнгөлөлтийг өдрийн 3 800 төгрөгөөр тооцож 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар,

Хамтын гэрээний 4.2-т заасны дагуу миний нэг сарын үндсэн цалин болох 800 000 төгрөгийг 15 хувиар нэмэгдлийг буюу нэг сарын 120 000 төгрөгөөр тооцож 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны нэмэгдлийг,

Цалин хөлсний журамд заасны дагуу 2015 оны удаан жилийн нэмэгдэлд 100 000 төгрөгийг,

2015 оны үр дүнгийн шагналт цалинд 883 000 төгрөгийг,

2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 сар хүртэлх ээлжийн амралтын олговорт дутуу олгосныг Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тогтоосноор 1 688 519 төгрөгийг,

Үйлдвэрчний эвлэлийн хорооны өмнөх дарга нар авч байсан 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74/09 тоот цалин хөлсний журмын дагуу шагналт цалинг үндсэн цалин 800 000 төгрөгийн 40 хувиар тооцож сард 320 000 төгрөгөөр тооцож 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож тус тус гаргуулах,

Нийгмийн даатгалын дэвтэрт өмнөх цалин хөлснөөс суутгасан шитмгэлийг бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо/цаашид ҮЭХ гэх/-ны даргаар сонгогдон ажиллах болсон. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна”, Авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийн 5.4 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын тухайн байгууллагын ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан шагнал хөнгөлөлт үзүүлнэ гэж тус тус зааснаар хамтын гэрээнд заасан урамшуулал, нэмэгдэл, хөнгөлөлтийг эдлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Өмнө нь 2013, 2014 онд холбогдох урамшуулал, нэмэгдэл, хөнгөлөлтийг эдлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/03583 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1116 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 865 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Уг тогтоол гарснаас хойш дахин миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, дараах цалин хөлс нэмэгдэл хөлсөө өгөхгүй хохироож байгаа тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хамтын гэрээний 8.8.1-т зааснаар хоол унааны хөнгөлөлтийг өдрийн 3 800 төгрөгөөр тооцож 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар байгууллагаас гаргуулах, хамтын гэрээний 4.2-т заасны дагуу миний нэг сарын үндсэн цалин болох 800 000 төгрөгийн 15 хувиар нэмэгдлийг тооцож /нэг сарын 120 000/ 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны нэмэгдлийг байгууллагаас гаргуулах, цалин хөлсний журамд заасны дагуу 2015 оны удаан жилийн нэмэгдэлд 100 000 төгрөгийг байгууллагаас гаргуулах, 2015 оны үр дүнгийн шагналт цалинд 883 000 төгрөг олгуулах, 2005 оны 05 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэлх ээлжийн амралтын олговорт дутуу олгосныг Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тогтоосноор 1 688 519 төгрөгийг олгуулах, ҮЭХ-ны өмнөх дарга нар авч байсан 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74/09 тоот цалин хөлсний журмын дагуу шагналт цалинг үндсэн цалин 800 000 төгрөгийн 40 хувиар тооцож сард 320 000 төгрөгөөр бодож 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, өмнөх цалин хөлснөөс нягтлан бодогч ХХХХХХ нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан атлаа нийгмийн даатгалын дэвтэрт хийж өгөөгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү.

Хамтын гэрээний 8.1-д заасны дагуу хоол унааны мөнгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 996 000 төгрөг, хамтын гэрээний 4.2-т заасны дагуу 15 хувийн нэмэгдэл 1 444 000 төгрөг, урьд нь ҮЭ-ийн хорооны дарга нарт олгодог байсан урамшуулал цалин үндсэн цалингийн 40 хувь буюу 320 000 төгрөг, нийт 11 840 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үндсэн цалин 800 000 төгрөг, хоол унааны 83 000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 120 000 төгрөг, шагналт цалин 320 000 төгрөг, нийт 1 сард 1 230 000 төгрөгийн цалин авах ёстой гэж тооцсон. Хамтын гэрээний 4.7-д заасны дагуу 1 сарын дундаж цалингаар тооцож урамшуулал цалин олгох ёстой. Гэтэл надад 2013-2015 он хүртэл урамшуулал цалин олгоогүй, бусад ажилчид цалингаа авсан. Тэгэхээр энэ хугацааны үр дүнгийн шагнал цалин 3 969 000 төгрөг, би энэ байгууллагад 10 жил ажилласан бөгөөд удаан жилийн нэмэгдэл 100 000 төгрөг, нийт 19 307 519 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Х нь хамтын гэрээний дагуу хоол унааны хөнгөлөлт, нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Х нь манай байгууллагад 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар ажилд орж 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 144 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь “Автобус нэг” ОНӨААТҮГ болон ҮЭ-ийн хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хамтын гэрээ юм. Уг хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачилан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч “Автобус нэг” ОНӨААТҮГ нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоолоор татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “ХХХХ” ОНӨААТҮГ болж байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслээд байгаа хамтын гэрээг бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдье, нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХ-ноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажиллаж байна. Мөн байгууллагын захиргааны зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 онд байгуулсан хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй тухай ҮЭХ-нд мэдэгдсэн болно. Энэ маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх” гэж заасныг баримтлаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын нэгдүгээр шаардлагын тухайд 2005 оны 05 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэлх ээлжийн амралтын олговрыг дутуу олгосон гэх шаардлагыг нэхэмжлэгч урьд нь тус дүүргийн шүүхэд гаргасан ба уг шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Мөн нэхэмжлэгч уг асуудлаар МХЕГ-ын улсын байцаагчид хандсан бөгөөд улсын байцаагчаас гарсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05/092/03 дугаар бүхий актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу байгууллагаас гомдол гаргасан болно. Гомдлын хариу гарах хуулийн хугацаа дуусаагүй тул хариу ирээгүй байна. Улсын байцаагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул ээлжийн амралтын дутуу олгосон зөрүүг олгуулахыг дахин шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй.

Хоёдугаар шаардлагын тухайд ҮЭХ-ны өмнөх дарга нар авч байсан гэх 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74/09 тоот тухайн үеийн “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын цалин хөлсний журмын дагуу шагналт цалинг үндсэн цалин 800 000 төгрөгийн 40 хувиар тооцох нь хуулийн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй юм. Учир нь Х даргын ажлын гүйцэтгэлийг хэн хэзээ хэрхэн үнэлэх, үнэлсний дүнд шагналт цалинг хэдэн хувиар хэрхэн тооцож олгохыг зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам байгууллагад байхгүй.

Гуравдугаар шаардлагын тухайд тодорхой бус ойлгомжгүй байх тул дахин тодруулах шаардлагатай. Ээлжийн амралтын олговрын асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч тал улсын байцаагчийн актыг үндэслэж байгаа бол уг маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд хэргийн харъяалал зөрчсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас ээлжийн амралтын мөнгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“ХХХХ” ОНӨААТҮГ цалин хөлсний журамд ажилласан хоногоор тооцож хоол унааны хөнгөлөлтийг олгоно гэж заасан. Хавтаст хэргийн 10 дугаар хуудаст 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн НИТХ-ын тогтоолоор “Автобус нэг” ОНӨААТҮГ гэсэн байгууллагыг татан буулгаж, “ХХХХ” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан. Тэгэхээр хамтын гэрээний 4.2-т байгууллагад мөрдөгдөж байгаа журмыг мөрдлөг болгон үр дүнгийн шагнал цалин, урамшуулал зэргийг олгоно гэж заасан. Нэхэмжлэгч хэдэн оны ямар журмыг үндэслэж нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй, энэ талаар баримт байдаггүй.

“ХХХХ” ОНӨААТҮГ нь 3 баазыг нэгтгэж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээс “Автобус нэг” ОНӨААТҮГ гэж байхгүй. Манай байгууллагаас 2015 оны үр дүнгийн шагнал, удаан жилийн нэмэгдэл олгох талаар тушаал шийдвэр гараагүй. 2014 оны шийдвэрээр хоол унааны олговор гэж 883 000 төгрөг олгосон. Түүнээс цалин хөлсний олговор гэж олгоогүй учраас нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэж байгаа нь боломжгүй. Энэ талаар баримт байхгүй учраас уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тарифийн хэлэлцээрийг үндэслэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр нийгмийн зөрчлийн 3 талт үндэсний хороогоор шийдвэрлүүлэх ёстой. “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын цалин хөлс олгох журам хүчингүй болсон. “ХХХХ” ОНӨААТҮГ-тай байгуулсан шинэ дотоод журам, цалин хөлсний журам дээр Х эдгээрийн үзүүлэлтүүдийг үндэслэж ийм цалин олгоно гэсэн нэг ч баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2013-2014 оны урамшуулал, цалин аваагүй гэж яриад байна. Уг шаардлага дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХХ” ОНӨААТҮГазраас 2 294 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хад олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгуулах болон 14 997 519 төгрөг гаргуулах шаардлагыгхэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 654 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Нэхэмжлэлийн шаардлагаа үндэслээд байгаа хамтын гэрээг бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт "хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө" гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХХХХ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан /цаашид ОНӨААТҮГ гэх/ хамтын гэрээний 8.1, 4.2 дахь заалт, цалин хөлсний журамд зааснаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны хоол, унааны мөнгө 996 000 төгрөг, үндсэн цалингийн нэмэгдэл 1 444 000 төгрөг, 2015 оны удаан жилийн нэмэгдэл 100 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны хамтын гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр өөрчлөн байгуулагдсан “Нийслэлийн зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ мөрдөхгүй гэж, цалин хөлсний журамд үндсэн цалингийн нэмэгдлийг мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан 15 хувь хүртэл тогтоохоор заасан, нэхэмжлэгчийн тухайд журамд заасан ямар шалгуурыг хангасан нь тодорхойгүй, удаан жилийн нэмэгдлийн тухайд байгууллагад хүсэлт гаргаж, шийдвэрлэсэн баримт байхгүй гэх үндэслэлээр маргасан байна.

             Хариуцагч “ХХХХХ” ОНӨААТҮГ нь “Автобус-1” ОНӨҮГазар, ажилтны төлөөлөл оролцон 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтын гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан,  гэрээний ерөнхий нөхцөлд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах тохиолдолд хамтын гэрээг мөрдөх хугацааг хамтын хэлэлцээрийг шинэчлэн батлах хүртэл гэж тогтоосон тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд ажилтанд хоол, унааны мөнгө, цалингийн нэмэгдлийг олгохдоо хамтын гэрээний заалтыг үндэслэх нь хууль болон гэрээнд нийцнэ.

Мөн 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тарифын/ хэлэлцээрийн 5.4-т заасанд нийцүүлэн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын дагуу олгох үндэслэлтэй.

Иймд шүүх 2015 оны 5 дугаар сарын 01-нээс хойшхи хоол, унааны хөнгөлөлтийг ажлын 230 өдрөөр тооцож 874 000 төгрөг /230 өдөр *3 800/, үндсэн цалингийн 15 хувь буюу 120 000 төгрөгийн /120 000 төгрөг *11 сар/ нэмэгдлийг 11 сараар тооцож 1 320 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100 000 төгрөг, нийт 2 294 000 төгрөгийг Хамтын гэрээний 8.1, 4.2 дахь заалт болон цалин хөлс олгох журмын 5.5.3-т зааснаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, илүү тооцож нэхэмжилсэн 246 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

            Харин нэхэмжлэгч Хын тухайд шагналт цалинг бодох аргачлал, үзүүлэлтийн дагуу 2015 оны үйл ажиллагаа, ажлын үр дүнг дүгнүүлсэн болон эрх бүхий этгээдээс үр дүнгийн шагналт цалинг олгохоор шийдвэрлэсэн баримт гаргаагүй тул уг үндэслэлээр 1 223 000 төгрөг, мөн өмнөх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарт 40 хувийн урамшуулалт цалин олгож байсан гэж 11 840 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасанд болон хамтын гэрээний 4.7, цалин хөлс олгох журмын 6-д заасанд нийцсэн байна.

            Мөн нэхэмжлэгч Х нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24-ний өдрийн 02-08-24/328 тоот улсын байцаагчийн актыг үндэслэн ээлжийн амралтын олговрын зөрүү мөнгийг хариуцагч “Нийслэлийн зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-аас нэхэмжилснийг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар мэдснээс хойш 3 сарын дотор холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/03583 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байх ба дээрх хугацаанд хамаарах ээлжийн амралтын олговрыг дахин нэхэмжилсэн байх тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

            Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05/092/03 тоот актаар 2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор 1 688 519 төгрөг дутуу олгосон гэсэн нь хугацааны хувьд өмнөх шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн үйл баримт байх ба улсын байцаагч өмнөх актаар тогтоосон асуудлаа дахин шинээр огноолон гаргасныг шинэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр улсын байцаагчийн актаар  тогтоосон гэж ээлжийн амралтын олговрын дутуу 1 688 519 төгрөг нэхэмжилснийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлийг  нотлосон баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ба  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үүргээ ажил олгогч зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь буруу боловч шийдвэрийг бүхэлд нь өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ