Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00384

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хороолол, 15-9 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ55062563, Цорос овогтой Тоймоогийн Дуламжавын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 1-12 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ68020101, Булгадар овогтой Журдаагийн Баянтөгсөд холбогдох,

             Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Т.Дуламжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Итгэл” зах дээр лангуу түрээсэлдэг. Ж.Баянтөгс нь  2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Манай нөхөр хөдөө ажиллаад ирсэн, мөнгө төгрөгөө аваагүй байна. 1 дүгээр сарын 20-оос 2 дугаар сар гэхэд мөнгийг нь өгнө, нүцхэн хүмүүс хэцүү байна” гэхээр нь 210.000 төгрөгийн бараа дулаан хувцас өгөөд явуулсан. Тэрнээс хойш нэхэл дагал болж, худал үнэн үгэнд нь хууртагдаад одоог хүртэл явж байна. 2 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч  “Энэ хүн ирж уулзахгүй одоог хүрлээ” гээд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Ж.Баянтөгсийг дараагийн шатанд нь өгөхөөс өөр аргагүй боллоо гэсэн чинь Ж.Баянтөгс “Чи муу авч харагдаач” гэсэн. Иймд Ж.Баянтөгсөөс 210.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ж.Баянтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.Дуламжавын нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Ж.Баянтөгс миний бие нь энэ 210.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд өгч барагдуулна” гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Дуламжав шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Баянтөгсийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 210.000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон тул шүүх хуралдаан хийхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Дуламжав нь хариуцагч Ж.Баянтөгсөд холбогдуулан, худалдан-худалдан авах гэрээний үүрэг 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Баянтөгс нь нэхэмжлэлийн шаардлага болох 210.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгөөс 3.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн  150000941 тоот данснаас 3.475 төгрөг, мөн хариуцагч Ж.Баянтөгсөөс 3.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Дуламжавд олгох нь зүйтэй байна.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Баянтөгс нь “2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдах-худалдан авах гэрээний үүрэг 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Дуламжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 /зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь буюу 3.475 /гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3.475 /гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Ж.Баянтөгсөөс 3.475 /гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Т.Дуламжавд олгосугай. 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА