| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0007/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч М.О,
Хохирогч С.Мөнхсүлд, С.Наранзул нарын өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Еркебуланаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Тайж овогт Магванжавын Од холбогдох эрүүгийн 1809048131071 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтай 220 дугаар байрны 301 тоотод хохирогч С.Мөнхсүлд, С.Наранзул нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч С.Мөнхсүлдийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, гараараа цохих, өшиглөх, мөн хохирогч С.Наранзулын зүүн хацар тус газар гараараа цохих зэргээр халдаж, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг
өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч С.Мөнхсүлдийн мэдүүлэг /хх-21-22, 25, 29/, хохирогч С.Наранзулын мэдүүлэг /хх-33, 35/, шинжээчийн дүгнэлт /хх-50/, шинжээчийн №12913 дугаартай дүгнэлт /хх-54/, хохирогчоос гаргаж өгсөн камерын бичлэг /хх-15-16/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогч нарын өмгөөлөгч: Хохирогч нарын эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс М.Оын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-35-36/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн 16.000 төгрөгийн баримт /хх-135/, компьютер томографид харуулсан 240.000 төгрөгийн баримт /хх-126/, нэхэмжлэлийн баримтуудыг /хх-137/ шинжлэн судлав.
Шүүгдэгч М.О тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтай 220 дугаар байрны 301 тоотод хохирогч С.Мөнхсүлд, С.Наранзул нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч С.Мөнхсүлдийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, гараараа цохих, өшиглөх, мөн хохирогч С.Наранзулын зүүн хацар тус газар гараараа цохих зэргээр халдаж, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь,
хохирогч С.Мөнхсүлдийн “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Оын гэрт очсон, 04 цагийн орчим Бадам, О нар орж ирсэн, тэгээд О “яахаараа миний гэрт ирдэг юм” гээд миний хамар руу мөргөсөн, зүүн шанаа руу гараараа цохисон, манай эхнэрийн зүүн шанаа руу гараараа цохисон, мөн хутга авч ирээд намайг хутгалахыг оролдсон. Хамар хугарсан, зүүн завьж язарсан, шүд эмтэрсэн байна. Гар хөлөөрөө цохиж зодсон. Хутгаар эхнэр бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-21-22, 25, 29/,
хохирогч С.Наранзулын “...тухайн үед М.О миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохисон, Оыг хадам аав нь хорьж байхад баруун болон зүүн гуя, шилбэ рүү 3-4 удаа хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Манай нөхрийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөөд, дараа нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-33, 35/,
гэрч А.Бадамын “...манай нөхөр Мөнхсүлд ах, Зулаа эмч тэр гурав муудалцаж байсан, тэр гурав коридор руу яваад орлилдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-39/,
гэрч Д.Амгаланбаатарын “...Зулаа нь Оыг доромжлоод хэрэлдээд улмаар зодоон болсон. Манай хүргэн Мөнхсүлдийг нэг удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-41/,
гэрч Д.Ичинхорлоогийн “...Мөнхсүлд, Зулаа, Бадам, О нар муудалцаад байсан, тэр гурав нэгнийгээ цохиод байх шиг байсан, намайг очиход Мөнхсүлдийн хамарнаас цус гоожсон байсан.” гэх мэдүүлэг /хх-43/,
гэрч Д.Оюун-Эрдэнийн “...би 3 давхарт гараад очсон чинь 301 тоотын хаалга онгорхой үл таних хүмүүс хоорондоо зодолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-44/,
шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...Мөнхсүлд ахыг би мөргөж, цохиж гэмтээсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, Зулаа эгчийн хүчтэй түлхсэн түүнд учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-5, 37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12912 дугаар шинжээчийн дүгнэлт: “С.Мөнхсүлдийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун сарвууны зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12913 дугаар шинжээчийн дүгнэлт: “С.Наранзулын тархи доргилт, зүүн хацар, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтад нөлөөлөхгүй.” /хх-54/, Дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-15/, хохирол төлсөн баримт /хх-165/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.О нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт,
хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хохирогч нарт учирсан нийт хохирол 2.601.000 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд шүүгдэгч М.Осгожаргал нь хохирогч С.Наранзулд 1.500.000 төгрөг, С.Мөнхзулд 3.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.
Хохирогч нарын өмгөөлөгчөөс “...Хохирогч нарын цаашид биеийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжлэх эрхийг тогтоолд нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг гаргав.
Харин хохирогч нарын өмгөөлөгч Ж.Батбаяр: “…эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй…” гэх,
Шүүгдэгч М.О “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэг “...учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоов.
Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар
солихыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1809048131071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг /CD/-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж овогт Магванжавын Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.О нь 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг /CD/-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, М.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч С.Мөнхсүлд, С.Наранзул нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР