Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00348/и |
Дугаар | 00390 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00390
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залгамжлагчийн 02-12 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЭ66060168 регистрийн дугаартай, Булгадар овогтой Замбалын Дэлгэрийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Дэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Дэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай, 1982 онд 8 дугаар анги төгсөж, 1983 оны 1 дүгээр сарын 18-нд Нийтийн аж ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. Тухайн үед Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ авч чадаагүй юм. Аймгийн архивын газраас ажилд орсон, гарсан тушаал болон цалингийн тодорхойлолтоо шүүлгэсэн боловч надтай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй байсан тул ахуй үйлчилгээнд ажиллаж байсан 8 жилийг тухайн үед хамт ажиллаж байсан О.Янжмаа, Л.Жавзан нарыг гэрчээр асууж, тухайн үед шагнуулж байсан баярын бичиг, хамт олноороо авахуулсан зураг, хүндэт самбарт байсан зураг, оёдолчны үнэмлэх, бусад шагнал болох үйлчилгээний тэргүүн, хүндэт жуух зэргийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү. Манай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний комбинат 1990 оны 1 дүгээр сард зохион байгуулалтын өөрчлөлтөд орж олон жижиг хоршоонд хуваагдсан бөгөөд би “Баянбулаг” хоршоонд 1990 оны 1-5 дугаар сарыг дуустал хугацаанд оёдолчноор ажилласан. Харин О.Янжмаа, Л.Жавзан нар өөр өөр хоршоо руу хуваарилагдаж явсан. Хоршоо татан буугдсанаас хойш би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа ба одоо ч гэсэн оёдолчноор ажиллаж байгаа юм. Хэргийн материалд авагдсан гэрэл зургийн эхнийхийг нь 1986 онд авахуулсан бөгөөд манай комбинатын залуучууд нэгдэн бригад болж болзолт уралдаануудад амжилттай оролцдог байсан үеийн зураг юм. Харин доод талын зургийг 1985 онд авахуулсан ба бид ажлын байран дээрээ авахуулсан байгаа” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Дэлгэр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 120 тоот болон 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128 тоот лавлагаанд “Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 1983-1989 оны тушаалуудыг шүүх үзэхэд Замбал овогтой Дэлгэртэй холбоотой баримтууд гараагүй, мөн тус газрын цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул З.Дэлгэрийн цалинг шүүх үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт З.Дэлгэрийн хамт олонтойгоо 1984, 1986 онд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1985, 1986 онуудад ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, улсын төлөвлөгөө, уралдааны амлалтаа давуулан биелүүлснийг нь үнэлж Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын Захиргаа, Намын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгож байсан 2 ширхэг “Баярын бичиг” эх хувиараа, 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатаас З.Дэлгэрт олгосон оёдолчны мэргэжлийн үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд авагдсан байна.
Үүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Янжмаа, Л.Жавзан нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч О.Янжмаа: “Би Увс аймгийн Улаангом сумын Ахуй үйлчилгээний төвд 1970 оноос эхлэн гуталчин, оёдолчин, чанар шалгагч гэх ажлуудыг хийдэг байсан. З.Дэлгэр нь 1983 оноос эхлэн Ахуй үйлчилгээний төвийн Оёдолын цехэд оёдолчноор ажилд орж ажиллаж эхэлсэн. Бид нар хамтдаа тус төвийн оёдолын цехэд массын бригадад ажилладаг байлаа. З.Дэлгэр нь ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэлтэй, баярын бичиг, хүндэт жуух, тэргүүний ажилтан гэх мэт шагнал урамшуулал их авдаг байсан. Манай бригадынхан бүгдээрээ ажилдаа сайн идэвхи зүтгэлтэй хүмүүс байсан. Бид хамтдаа 1990 оныг хүртэл тухайн байгуулагадаа ажилласан. Увс аймгийн Ахуй үйлчилгээний төвийн даргаар Б.Ядмаа, С.Загиржав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Жавзан: “Би 1970 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Ахуй үйлчилгээний оёдолын тасагт оёдолчноор ажиллаж байхад З.Дэлгэр нь 1983 оноос эхлэн манай байгууллагад анх 8 дугаар ангиа төгссөн жаахан охин ажилд орж байсан. Ахуй үйлчилгээний оёдолын цехийн массын бригадад 25 оёдолчинтой ээлж ажиллаж байсан. Манай төвд оёдолын 3 тасаг ажилладаг, том байгууллага байсан. З.Дэлгэрийн ажиллаж байсан тасаг нь Дуламжав ахлагчтай Залуучуудын гавьшгайч бригад гэж ажиллаж байсан. 1992 он хүртэл бид хамтдаа ажиллаад өмч хувьчлалтай холбоотойгоор бид өөр өөр хоршоонд ажилласан. З.Дэлгэр нь сайн ажилчин байсан, шагнал урамшуулал авдаг тэргүүний ажилчин байсан юм” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт тус тус авагджээ.
Мөн гэрч Л.Жавзангийн хөдөлмөрийн дэвтэрт “1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул Ахуй үйлчилгээний комбинатын оёдолчны ажлаас чөлөөлж, Ахуй үйлчилгээний удирдах газрын оёдолчноор ажиллуулав” гэсэн тэмдэглэл хийгдсэн байгаа ба үүнээс үзэхэд Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинат нь 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газар болж нэр нь өөрчлөгдөж байсан нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, З.Дэлгэрийн 1983 оны 1 дүгээр сараас 1987 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт, 1990 оны 1 дүгээр сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн “Баянбулаг” хоршоонд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Дэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булгадар овогтой Замбалын Дэлгэрийн 1983 оны 1 дүгээр сараас 1987 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт, 1990 оны 1 дүгээр сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн “Баянбулаг” хоршоонд тус тус оёдолчноор нийт 7 /долоо/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Дэлгэрийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА