Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02123

 

 

 

 

    2023         12            06                                         210/МА2023/02123

 

 

Т.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 183/ШШ2023/03238 дугаар шийдвэртэй

Т.А ийн нэхэмжлэлтэй, “Ж ” ХХК, “Э ” ХХК, Н.У нарт холбогдох,

“Ж ” ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, хуулийн этгээдийн бүртгэлд тус компанийн хувьцаа эзэмшигчээр Т.А ийг бүртгэхийг Н.У д даалгах, “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Н.У-ын өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би “ЖдА ” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан ба уг хувьцаат компани 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан ногдол ашиг тараах гэрээг байгуулан, тус гэрээний 2 дугаар хавсралтад уг компанийн хувьцаа эзэмшигчээр миний бие 31,362 ширхэг хувьцааг, харин төрсөн ах Т.Бат-Орших 47,176 ширхэг хувьцааг тус тус авч үлдэхээр холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/3829 тоот албан бичгээр тодорхойлогдсон. Улмаар “ЖдА ” ХК нь нэр, хэлбэрээ өөрчилж “Ж ” ХХК болсныг 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. Миний бие тус компанийн хувьцаа эзэмшигч байсан болохоо тогтоолгох шаардлага үүссэн ба надад хувьцаанд хамаарах хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн. Тухайн үед хувьцаат компанийн 229 хувьцаа эзэмшигч нарт ногдох 30,946 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 190 төгрөгөөр бодож нийт 5,879,740 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарын дансанд байршуулж тараасан. Хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоолгох эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй учраас нэхэмжлэл гаргасан. Мөн компанийн хувьцаа нь эдийн бус хөрөнгөд хамаарахыг мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасан байна.

Иймд Т.А намайг 31,362 ширхэг хувьцааг “ЖдА ” ХК-д эзэмшиж байсан болохыг тогтоож, уг компани нэр, хэлбэрээ өөрчилж, “Ж ” ХХК гэх нэг гишүүнтэй компани болсон байх тул хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.У д иргэн Т.А намайг хувьцаа эзэмшигчээр бүртгэж, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү.

1.2. Н.У нь өв залгамжлалын гэрээг нэг жилийн дараа хийх ёстой байтал ахыг маань нас барснаас хойш 55 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хууль зөрчиж, өв залгамжлагчаар тогтоогдон, улмаар “Ж ” ХХК-ийн хувьцааг өөрийн болгож авсан байна. Миний бие өв залгамжлалын асуудлаар захидал бичиж, Н.У тай энэхүү асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, зориудаар шүүхийн маргаантай байх үед өв залгамжлалын гэрчилгээг гаргуулж, өөрийн нэр дээр компанийг шилжүүлж авсан. Иймд Н.У нь “Ж ” ХХК-ийн хувьцааг “Э ” ХХК-д шилжүүлж, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн Н.У-ын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өв залгамжлалаар хүлээн авсан “Ж ” ХХК-ийн өв залгамжлалын гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.3. “ЖдА ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06 тоот хурлын тогтоол, компанийн 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хурал зарлан хуралдуулах тухай тогтоол, 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн компанийг шинэчлэн байгуулах тухай 01 тоот тогтоол, 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоол, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг баримтад зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш, би гарын үсэг зураагүй байхад намайг төлөөлж, янз бүрийн хэлбэрээр гарын үсэг зуржээ. Эдгээр хуурамч баримтыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага “Ж ” ХХК-ийг бүртгэж, нэг гишүүнтэй болоход бэлэглэгч талыг төлөөлж Т.А намайг гарын үсгээ зурж, төрсөн ах Т.Бат-Оршиход өөрийн ногдох хувьцаа 31,362 ширхэг буюу 22-27 хувь эзэмшиж байсан ЖдА ХК-ийн хувиа бэлэглэсэн гэж үзсэн байна. Иймд 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн гэх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.4. “Ж ” ХХК, Н.У нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өв залгамжлалын гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул “Ж ” ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тус хуулийн этгээдийн бүртгэлд Т.А ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У д даалгах, “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Н.У-ын нөхөр Т.Бат-Орших “Ж ” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, тус компанийн хувьцаа өв залгамжлалын журмаар эхнэр Н.У д бүрэн шилжсэн. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон “Ж ” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч Н.У байсан. Нэхэмжлэгч Т.А ийг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх ямар нэгэн үндэслэлгүй. “Э ” ХХК-ийн хувьд ч гэсэн хууль ёсны дагуу “Ж ” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан тул энэхүү 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь талийгаачийн өв нээгдэх үеэр маргааныг холбогдох газарт нь гаргах боломжтой байсан. Т.А бол тус компанийн жижиг хувьцаа эзэмшигч байгаагүй, тус компанийн нийт хувьцааны 27,5 хувийг эзэмшдэг байсан ба тэрээр компанитай холбоотой асуудалд оролцох, санхүүгийн жил дууссаны дараа санхүүгийн тайлантай танилцаж, ногдох ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардах зэргээр 10 гаран жил энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч нэг ч удаа ийм шаардлага гаргаж байгаагүй атлаа 2022 онд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа нь түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдаж байна. Түүний төрсөн ах Т.Баттөгс үүнийг нь мэдэж байсан ба тэрээр энэ талаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй ба үүнээс үзэхэд Т.Бат-Оршиход бүх компанийн хувьцаа шилжсэн, удирдлагын үүргийг дангаар хэрэгжүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэнт хуулийн дагуу үүссэн өмчлөх эрхэд шүүх халдах боломжгүй, нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй бөгөөд тэрээр шаардлага гаргах эрхээ мөн алдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болон тус хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний талаарх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг бүгдийг нь нэхэмжлэгч хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.У , “Ж ” ХХК болон “Э ” ХХК-д холбогдох “Ж ” ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тус хуулийн этгээдийн бүртгэлд Т.А ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Н.У д даалгах, “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.А ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх “хэргийн 1 дүгээр хавтасны 189-193 дугаар талд авагдсан “ЖдА ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол, тэмдэглэл, мөн өдрийн Т.А , Т.Баттөгс нараас Т.Бат-Оршиход хувьцаа бэлэглэх агуулгатай бэлэглэлийн гэрээ, ТАриунбилэгийн гар бичмэл бүхий өргөдөл зэргийг үндэслэн “ЖдА ” ХК-ийн хэлбэр, нэр болон хувьцаа эзэмшигч мэдээлэлд өөрчлөлт орж, “Ж ” ХХК болсон, тус “Ж ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Т.Бат-Орших бүртгэгдсэн болох нь тогтоогдов гэж, мөн тухайн бэлэглэлийн гэрээ, удирдах зөвлөлийн тогтоолд тус тус нэхэмжлэгч Т.А гарын үсэг зураагүй, түүний гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2442 дугаар дүгнэлтээр тогтоогдсон боловч уг баримтуудыг 2008 онд үйлдсэн, түүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд даруй 14 жил өнгөрсөн байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Гэвч шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Учир нь тус хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тоолох үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн хуулийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс гэж тодорхойлж өгсөн буюу шаардах эрх ямар нөхцөлд үүсэхийг хуульчлан өгсөн байгааг зөв тайлбарлан хэрэглээгүй. Тодруулвал ямар нэгэн үйл баримт болсон аль нэг цаг хугацааг зааж, түүнийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох биш, харин дээрх хуулиар тодорхойлсон нөхцөлийн хүрээнд шаардах эрх хэзээнээс үүссэн гэж үзэх үндэслэл байгааг зөв тодорхойлж үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бэлэглэлийн гэрээ хууль бусаар нэхэмжлэгчээс нууцаар хийгдсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэх ямар ч боломжгүй байсан болох нь тодорхой дүгнэгдэж, шүүхийн шатанд нотлох баримт бүрдүүлэх явцад тодорхой болж, шинжээчийн дүгнэлтээр тогттоогдсон нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Дээрх бэлэглэлийн гэрээ нэхэмжлэгчээс нууцаар хууль бусаар хийгдсэн өдөр, “ЖдА ” ХК-ийн хэлбэр, нэр болон хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь “Ж ” ХХК-ийн талаар мэдэх боломжгүй байсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн гарын үсгийг хууль бусаар үйлдсэн үйлдэл, үйл ажиллагааны дараа хийгдсэн бүх бүртгэл, түүгээр тодорхойлогдсон бусад эрхийн асуудлууд нь бүхэлдээ түүний үр дагавраар тодорхойлогдох бөгөөд уг үр дагаврыг арилгуулахаар шаардаж байхад шүүх хууль бусаар хийгдсэн бэлэглэлийн гэрээний үр дагаврыг зөвтгөн арилгаж үндэслэл бүхий дүгнэлт, шийдвэрийг гаргаж чадаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

4.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь хэсэг нь бүхэлдээ хуульд өөрөөр заагаагүй бол ...энэ хуульд өөрөөр заагаагүй бол... гэсэн гол нөхцөлтэй бөгөөд тус гол нөхцөлийн дагуу хуульд өөрөөр заасан нөхцөл байгаа эсэхийг давхар шалган тодорхойлж, холбогдох хэм хэмжээг зөв сонгон хэрэглэх ёстой. Дээрх гол нөхцөлтэй холбоотойгоор Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэсэн хуулийн зохицуулалт, мөн зүйлийн 74.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэх шууд утгаар тодорхой зохицуулсан хэм хэмжээг зөв сонгож, зөв тайлбарлан хэрэглээгүй зориуд орхигдуулж, хэт нэг талыг барьж хариуцагч талд хуульд нийцэхгүй давуу байдлыг бүрдүүлсэн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох буюу эзэмшигчээр тогтоолгох гэж байгаа зүйл нь эдийн бус хөрөнгө болох хувьцаа байхад энэ талаар зөв тайлбарлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

4.3. Шүүх нэхэмжлэгч нь “Э ” ХХК болон “Ж ” ХХК-ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байна. Н.У бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлага байгаагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн үйл баримт нь бүхэлдээ анхнаасаа нэхэмжлэгчийн гарын үсгийн хууль бусаар зурж, түүнийг ашиглан бэлэглэлийн гэрээ хийгдсэн, уг гэрээний үр дүнд нэхэмжлэгчийн хувьцааны эрх бусдад хууль бусаар шилжсэн, улмаар тус хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийн үр дүнд өөрт шилжүүлэн авсан хувьцааны эрх өв залгамжлалаар дахин шилжсэн бөгөөд түүнийг бусдад гэрээгээр шилжүүлсэн үр дагаврыг арилгуулах шаардлагын хүрээнд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангах үүднээс энэ талаарх нэхэмжлэлийн 7 шаардлагыг тодруулахгүйгээр зөвхөн “... шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байна, зөвшөөрөл авах шаардлага байгаагүй ...” гэх явцуу хүрээнд тайлбарласан. Түүнчлэн энэ шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудал яригдахгүй. Учир нь нэхэмжлэгч нь шүүхийн шатанд нотлох баримт бүрдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг гэрээнүүд байгуулагдсан болохыг шүүхийн шатанд мэдсэн учир тухайн үед нь нэмэгдүүлсэн байдаг.

4.4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан дээр гэрч н.Хандмааг оролцуулах хүсэлт тавьсан боловч хүлээн авалгүй шууд хурлыг үргэлжлүүлсэн. Бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол үндсэн гэрээ болох бэлэглэлийн гэрээнд Т.А нь гарын үсэг зураагүй, өөрийн биеэр нотариатч дээр очоогүйг бүрэн нотлож баталгаажуулах хүн нь нотариатч болно. Нотариатч Н.Хандмаа нь шүүх хуралд биеэр оролцсон тохиолдолд түүнээс өмгөөлөгчид олон асуудлыг тал бүрээс нь тодруулан асууж хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэрч байсан. Гэтэл шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахгүйгээр хуулийг ноцтой зөрчиж гэрч нь өөрийн гар бичмэлээр шүүхэд бичгэн хэлбэрээр ирүүлсээр атал уг нотлох баримтууд нь туйлын өндөр ач холбогдолтой баримтууд байсаар атал хариуцагч нарын талд хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Т.А нь эрх зүйн бүрэн чадамжтай хувьцаа эзэмшигчийнхээ хувьд өөрийн эрхийг хэрэгжүүлж тухайн асуудлыг 12 жилийн өмнө олж мэдэх бүрэн боломжтой байхад ахыгаа нас барсны дараа энэ асуудлыг гаргаж ирсэн нь үндэслэлгүй. Манай компанийн хувьд улсын бүртгэлийн газарт хууль ёсоор бүртгүүлж хувьцаа худалдах, худалдан авах хэлцэл хийж хувьцааг шударгаар худалдаж авсан. Хувьцаа нь өөрөө эдийн хөрөнгө тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч “Ж ” ХХК, “Э ” ХХК, Н.У нарт холбогдуулан “Ж ” ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, хуулийн этгээдийн бүртгэлд тус компанийн хувьцаа эзэмшигчээр Т.А ийг бүртгэхийг Н.У д даалгах, “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан нотлох баримтын үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь “Ж ” ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, хуулийн этгээдийн бүртгэлд тус компанийн хувьцаа эзэмшигчээр Т.А ийг бүртгэхийг Н.У д даалгах, “Ж ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.а. Шүүх хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд уг  хэлцлийн үр дагаварыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Энэ гэрээнүүдээс ямар үр дагаварыг шийдүүлэх гэж байгаа шаардлага тодорхойгүй байна.

3.б. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд буюу хариуцагч “Э ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хувьцааг нэхэмжлэгчийн өмчлөлд хэрхэн шилжүүлэх тухай шаардлагыг тодруулах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Н.У тай хуульд заасан үндэслэлээр эрх зүйн харилцаанд оролцсон, харин хариуцагч “Э ” ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй атлаа уг хуулийн этгээдийн өмчлөлийн хувьцааг хэрхэн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, хуулийн этгээдийн бүртгэлд тус компанийн хувьцаа эзэмшигчээр Т.А ийг бүртгэхийг Н.У д даалгах шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай байна.

3.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тодруулбал, шүүхийн шийдвэрлэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгжих боломжтой байхыг шаардана.

Гэтэл хариуцагч “Э ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хувьцааг Т.А ийг бүртгэхийг Н.У д даалгах шаардлага нь хэрэгжих боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Н.У хэрэгжүүлж болох шаардлагыг шүүх шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр заавал биелүүлэх зарчимд нийцнэ.

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/03238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ