Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00391

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОВ63101001 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавд холбогдох,

       162000115771 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.171.539,44 төгрөг, зээлийн хүү 441.595,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.703,93 төгрөг, нийт 5.654.838,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны  4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Пүрэвжав нь манай банктай 2012 оны 2 дугаар сарын 01-ний 16200011577 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Улмаар нэмэлт зээлээр 2012 оны 3 дугаар сарын 06-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 03-нд 2.500.000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 25-нд 3.900.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 17-нд 900.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 05-нд 1.500.000 төрөг тус тус авсан. Зээлийн барьцаанд цалин, 2013 онд худалдан авсан хөлдөөгч барьцаалсан. Зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 5.171.539,44 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 441.595,01 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 41.703,93 төгрөг байна. Иймд зээлдэгч С.Пүрэвжав нь гээрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 162000115771 тоот зээлийн гэрээний 5.1, 6.1-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 5.654.838,38 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 105.427.00 төгрөгийг зээлдэгч С.Пүрэвжаваас гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү. С.Пүрэвжав нь Хаан банкнаас мөн олон удаа зээл авсан байдаг бөгөөд манай банкнаас авсан зээлээ зориуд төлөхгүй хохироож байгаа тул түүнийг тайлбарыг зөвшөөрөхгүй” гэжээ.

           Хариуцагч С.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Төрийн банкинд цалингийн зээлтэй. Цалингийн зээлээ удаа дараа хожигдуулж байсан нь үнэн. Би энэхүү цалингийн зээл, хүү, нийт мөнгөө 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүгдийг нь төлж барагдуулна. Банкны өр зээлийн асуудлаа шийдчихээд болохгүй бол энэ хугацаанд Хаан банкнаас цалингийн зээл авч бүгдийг төлж барагдуулна” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч С.Пүрэвжавт холбогдуулан 162000115771 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.171.539,44 төгрөг, зээлийн хүү 441.595,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.703,93 төгрөг, нийт 5.654.838,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Зээлдэгч буюу хариуцагч С.Пүрэвжав нь Төрийн банкны Увс салбартай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 162000115771 тоот зээлийн гэрээ байгуулан 8.299.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан байх ба зээлийн барьцаанд цалин болон Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод байрлах хөлдөөгч нэг ширхэгийг тус тус барьцаалсан байна.

         Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк гэрээнээс татгалзаж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

          Мөн нэхэмжлэгч Төрийн банкнаас 2015 оны 5 дугаар сарын 22, 2016 оны 2 дугаар сард тус тус мэдэгдэх хуудас хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсуудаар нотлогдож байгаа ба биечлэн удаа дараа уулзаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч С.Пүрэвжаваас шаардсан байна.

           Хариуцагч нь “Төрийн банкнаас нэхэмжилсэн бүх зээлийн үлдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлж барагдуулна” гэсэн тайлбарыг гаргаж байгаа ба зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5.654.838,38 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

           Түүнчлэн зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 162000115771 тоот зээлийн гэрээний 5.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлахаар заасан байх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн “зээлийн гэрээг цуцлах” тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна.

           Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк болон хариуцагч С.Пүрэвжав нарын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 162000115771 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Пүрэвжаваас үндсэн зээлийн үлдэгдэл 5.171.539,44 төгрөг, зээлийн хүү 441.595,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.703,93 төгрөг, нийт 5.654.838,38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 105.427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк болон хариуцагч С.Пүрэвжав нарын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 162000115771 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Пүрэвжаваас нийт 5.654.838 /таван сая зургаан зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.427 /нэг зуун таван мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 105.427 /нэг зуун таван мянга дөрвөн зуун хорин долоо/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА