Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02129

 

 

 

 

   2023           12           11                                        210/МА2023/02129

 

 

 

Б.Б , Л.Ж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/04479 дугаар шийдвэртэй

Б.Б , Л.Ж нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Л.Ж , Б.Б нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн 01580 дугаар гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20260134/02 дугаар тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Ж гийн өмчлөлийн эрхийн Ү-220400**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 226 байрны ... тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хураан авсан.

1.2. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан зарчмыг баримтлаагүй, хөндлөнгийн гэрч нарт уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал, хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй байдлаас болоод хууль зөрчин тогтоол үйлдэгдэж, улмаар төлбөр төлөгч Б.Б , өмчлөгч Л.Ж нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэх заалтыг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн байна. Мөн эд хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцсон оюутан Б.Н , оюутан Ч.Б нартай уулзах зорилгоор хураах тогтоолд бичигдсэн хаягт очиход дээрх гэрчүүд тухайн хаягт амьдарч байгаагүй, танихгүй манайх энэ хаягт 10 жил амьдарч байгаа гэсэн хариуг өгсөн. Харин дээрх хөндлөнгийн гэрчүүдийн тогтоолд бичигдсэн гэрч Б.Н ын гар утас болох 99228800 дугаар утас руу залгаж гэрчээр оролцсон эсэхийг асуухад “сайн санахгүй байна би Худалдаа хөгжлийн банк ХХК-д 2019-2021 онуудад ажиллаж байсан, одоогоор Богд банк ХХК-д ажилладаг” гэсэн хариу өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцуулсан хөндлөнгийн гэрчийн нэг болох Б.Н нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч төлбөр авагч “Худалдаа хөгжпийн банк” XXК-д ажилладаг байсан ба маргаан бүхий хураах тогтоолын ажилтай гэсэн хэсэгт “оюутан” гэж тэмдэглэсэн нь эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ хувийн ашиг сонирхолтой этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нотлогдож байна.

1.3. Төлбөр төлөгч Б.Б миний бие хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцсон Ч.Б , Б.Н нартай ярьж дээрх мэдээллийг олж мэдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн хоёр гэрчийг дуудан ирүүлж, тэмдэглэл хөтлөж бусад байгууллагаас гэрчүүдийн хувийн мэдээлэл, нийгмийн даатгал төлдөг эсэх талаарх мэдээллийг нягтан судлаж, тогтоолгүй хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан мэтээр гомдлын хариу өгсөн. Гэтэл хууль зөрчиж, төлбөр төлөгч байгууллагын ажилтан оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж хураах тогтоолыг хүчингүй болгоогүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсыг хүлээн аваад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариу өгсөн.

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                                           2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20260134 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7835 тоот албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Б.Б , Л.Ж нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Ж гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол ... байрны ... тоотод байрлах, эрхийн улсын Ү-220400**** дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20260134/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 тоот тогтоолоор хураасан.

2.2. Төлбөр төлөгч Б.Б , Л.Ж нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул шинжээчээр “Виннэр вэй” ХХК-ийг томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 109,524,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4/17087 тоот албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс өмчлөлийн орон сууцаа бие даан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 76,666,800 төгрөгөөр оруулах тогтоол болон мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 86,050,000 төгрөгөөр худалдан борлогдсон боловч 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32020/16786 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

2.3. Төлбөр төлөгчийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахтай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03620 дугаар шийдвэрээр хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөгөөр оруулахаар нийтэд мэдээлэхэд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32021/01198 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгох, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01978 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оруулахад 150,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/11 дугаар тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-164/23740 дугаар мэдэгдлийг гардуулсан. Албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 150,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч нарын шүүхийн шийдвэрт заасан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 тогтоолоор дуудлага худалдааны ялагч Х.Б-д шилжүүлсэн. Төлбөр төлөгч Б.Б , Л.Ж нарт худалдан борлогдсон үл хөдөлөх эд хөрөнгийг султган чөлөөлөхийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийг хүргүүлж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, дуудлага худалдааны ялагч Х.Б эд хүлээлгэн өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор дуусгавар болсон. Нэхэмжлэгч нар эд хөрөнгө хураах ажиллагаанд тухайн үед гомдол гаргаагүй, үүнээс хойш хийгдсэн ажиллагаануудад удаа дараа гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б , Л.Ж нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалтыг зөрчин эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцуулсан хоёр хөндлөнгийн гэрчийн нэг болох Б.Н тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д ажилладаг байсан бөгөөд эд хөрөнгө хураах тогтоолын ажилтай гэсэн хэсэгт “оюутан” гэж тэмдэглэсэн нь тогтоол үйлдэхдээ хувийн ашиг сонирхолтой этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан болох нь баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн боловч шүүх эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг 3 өрөө орон сууцаар хангуулахаар заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Тус орон сууцанд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч, тус байрны үүдэнд байсан 2 иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулсан. Дээрх гэрчийн нэг нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д ажилладаг гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч мэдэх боломжгүй, гэрч нарыг иргэний үнэмлэхэд заасан хаягт амьдардаггүй гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг бүрдүүлж өгөх ёстой боловч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Хөрөнгө хураах ажиллагаанд гэрч нарыг оролцуулснаар төлбөр төлөгч талд ямар ч хохирол учруулж, эрсдэл үүсгэж, саад учруулаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгч нар мэдсэн. Хөрөнгө хураах ажиллагаанд төлбөр төлөгч нар өөрсдөө оролцсон бөгөөд 2023 он хүртэл хөрөнгө хураах ажиллагаатай холбоотой нэг ч гомдол гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан бол энэ асуудлыг тухайн үед шийдвэрлэх боломжтой байсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Хөрөнгө хурааж, худалдан борлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд 2022 оны 12 дугаар сард орж, маргаан бүхий хөрөнгө 150,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, төлбөр төлөгч Л.Ж д хөрөнгийн үнийн зөрүү 84,000,000 төгрөгийг олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу дуусгавар болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Б , Л.Ж нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б , Л.Ж нараас 57,521,787.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, Л.Ж гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220400**** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 13-16/

3.а. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1580 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /1-р хх-ийн 38-39, 58/

3.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03620 дугаартай шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 13 дугаарт бичигдсэн Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн Ү-220400**** дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан тодорхой ажиллагааг хүчингүй болгож, хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/12 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 190-194/

3.в. Үүний дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01978 дугаартай шийдвэрээр барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б , Л.Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /1-р хх-ийн 228-238/

3.г. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220400**** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20260134/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх-ийн 63-66, 71-75/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгох бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авахдаа мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар уг ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулахаар зохицуулсан байна.

4.а. Эд хөрөнгө хураан авах ажиллагаанд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Л.Ж , Б.Б , хөндлөнгийн гэрч  Б.Н , И.Б нар оролцсон, шийдвэр гүйцэтгэгч хууль сануулж, улмаар эд хөрөнгө хураан авах тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэлийг танилцуулж, төлбөр төлөгч Л.Ж , Б.Б , хөндлөнгийн гэрч Б.Н , И.Б нар тус тус гарын үсэг зуржээ. Уг ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн 2 гэрч оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Учир нь хариуцагч байгууллагаас эд хөрөнгө хураан авах ажиллагаа явуулахдаа  барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг байлцуулж, хөндлөнгийн 2 гэрч оролцуулан эд хөрөнгө хураах тогтоол болон тэмдэглэлд гарын үсэг зуруулан бэхжүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх-ийн 71-75/

4.б. Нэхэмжлэгч нар нь хожим “шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ хувийн ашиг сонирхолтой этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь хууль зөрчсөн тул уг тогтоолыг хүчингүй болгуулна” гэж маргасан бол хариуцагч нь “уг тогтоолд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлажээ.

4.в. Дээрх ажиллагаанд төлбөр төлөгч нар гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэх дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хөндлөнгийн гэрчийн хувьд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг этгээдүүд байсан гэдгийг шийдвэр гүйцэтгэгчийн хувьд мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4.г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.

4.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4/264 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт гомдол гаргах хугацаа хэтэрсэн, өргөдөлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдээгүй гэх гомдол үндэслэлгүй...” гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгчээ. /хх-ийн 7/

4.е. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хуульд заасан хугацаанд гомдол эрхээ хэрэгжүүлээгүйгээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/04479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ж гийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ