Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00392

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, ОМ68111503 регистрийн дугаартай, Шаавай овогтой Сампилын Ариунаагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч С.Аринаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1968 онд төрсөн, 48 настай. Би 1984 оноос эхлэн Тариалан сумын Туяа нэгдэлд саальчнаар ажиллаж байгаад нэгдэл тарах үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй ба одоо нөхөн бичилт хийлгэх боломжгүй байна. Иймд Тариалан сумын Туяа нэгдэлд 1984 оны 12 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан 5 жил 1 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч С.Ариунаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Тариалан сумын Туяа нэгдлийн Гурван тээл бригадын малчин Сампилын Ариунаагийн 1984 оны 12 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

            Үүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Мундааж, Х.Дүрвээн нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч Д.Мундааж: “С.Ариунаа нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. С.Ариунааг 1984 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж эхэлснийг би сайн санаж байна. Түүнээс хойш С.Ариунаа 1990 он хүртэл Тариалан сумын Туяа нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Би 1968-1970 оны хооронд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд зоотехникчээр ажиллаж байгаад, 1970-1973 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс 1973 оны намар халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1983 оныг дуустал зоотехникчээр, 1983-1994 оныг дуустал Туяа нэгдлийн Тарвагатай бригадын даргаар ажиллаж байсан тул С.Ариунаагийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байгаа юм. С.Ариунаа нь одоо ч хөдөө мал маллаж байгаа. Намайг нэгдлийн зоотехникч байхад С.Ариунаа нь 16 наснаасаа эхлэн  аав Сампилын хамтаар Туяа нэгдлэлд саальчнаар, аав нь малчнаар тус тус ажиллаж байсан. Би тэднийхээр байнга очдог байсан Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Дүрвээн: “Би Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад 1978 оноос 1993 оныг дуустал буюу нэгдэл, компани тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан. С.Ариунаа нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оноос эхлэн 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. С.Ариунаа нь бага наснаасаа ээжээ өнчин хоцорч аавынхаа хамтаар нэгдэлд ажиллаж байсан. Аавыг нь Сампил гэдэг. С.Ариунаа нь одоо ч Тариалан сумандаа мал маллаж байгаа. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилж, ажлаас чөлөөлж байсан тухай нэгдлийн даргын тушаалуудын хуулбар гэх баримтууд тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ариунаагийн 1984 оны 12 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогтой Сампилын Ариунаагийн 1984 оны 12 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ариунаагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА