| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0045/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч Д.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Дэмбэрэлийн Ц-ад холбогдох эрүүгийн 1809043991124 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Ц-нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр байрны 34 тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч С.Цолмонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож зүүн ташаа, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ц-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн хохирогчийн мэдүүлэг /хх-5-6/, шүүгдэгч Д.Ц-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8, 31-32/, шинжээчийн дүгнэлт /хх-10/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Д.Ц-: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Ц-нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр байрны 34 тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч С.Цолмонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож зүүн ташаа, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хохирогч С.Цолмонгийн “...би хоёр муудалцсан, тэгсэн чинь ирээд миний хоолойг боогоод орноос татаж унагаагаад шал мөргүүлсэн, ингээд чамайг алчихья гээд байсан, бас дундуур нь над руу хүүхдийн тоглоом авч шидсэн... толгой дагзаар 2 удаа шал мөргүүлсэн, хүүхдийн хатуу хуванцар тоглоомоор зүүн хөлний ташаа, өвдөг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-5-6/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11321 дүгээр шинжээчийн дүгнэлт: “С.Цолмонгийн биед зүүн ташаа, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-10/, шүүгдэгч Д.Ц-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд “...зууралдаж байхдаа хоолойнд зулгаралт үүссэн байх...” гэх /хх-8, 31-32/, аюулын зэргийн үнэлгээ /хх-14-15/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-16-25/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц-нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг
хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Д.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц-нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хохирогч С.Цолмон нь биед учирсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх шаардлагагүй гэснийг дурдаж шүүгдэгч Д.Ц-нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг гаргав.
Харин шүүгдэгч Д.Ц-“…эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй…” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоов.
Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1809043991124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц-нь энэ хэрэгт цагдан хорих
таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Дэмбэрэлийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-нь 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Ц-нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР