Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02165

 

 

 

 

    2023         12           15                                        210/МА2023/02165

 

 

                                             Ш.Г ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03793 дугаар шийдвэртэй

Ш.Г-ын нэхэмжлэлтэй, “Х ” ХХК-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, орон сууцны барилгын 125,360,000 төгрөгийн үнэлгээтэй 62,68 м.кв талбай, 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах үндсэн,

хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардалд 110,827,806 төгрөг, гаргасан зардалд 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ш.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Х ” ХХК, иргэн Н.З нартай хамтран ажиллах гурвалсан гэрээ 01 тоот гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд Ш.Г , Н.З, “Х ” ХХК оролцож, хамтын ажиллагаанд оролцох эрх, үүргийг хүлээсэн. Гэрээний 1.1-д Ш.Г нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ашиглах 3,390 м.кв хэмжээтэй, газрыг “Х ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх байдлаар газрыг чөлөөлж, газар эзэмших эрхийг харьяа газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх, “Х ” ХХК нь гэрээний 2.3, 3.3-т өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэн ашиглалтанд оруулснаар үүргээ биелүүлсэнд тооцно гэсэн үүргийг хүлээсэн.

1.2. Гэрээний 4 дүгээр зүйлд талуудын хамтын ажиллагааны үр дүн ашгийг хуваарилах асуудлыг зохицуулсан ба 4.1-д барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгснөөр Ш.Г болон “Х ” ХХК уг орон сууцны барилгыг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд Ш.Г нь нийт орон сууцны талбайн 16 хувь буюу Б блокийн 1, 2, 3 дугаар давхар бүхэлдээ, үлдсэн хэсэгт А, Б блокийн 7 дугаар давхраас үлдэгдэл талбайн 50 хувийн байршлыг Ш.Г сонгон, 50 хувийн байршлыг “Х ” ХХК заасан талбайг авна. Барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авна гэж тохиролцсон. Ш.Г нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд шаардагдах газар эзэмшигчийн гэрчилгээ, газрын захирамж болон бусад баримтын хамт өгч улмаар 3,390 м.кв хэмжээтэй өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, “Х ” ХХК-ийн нэр дээр барьцаалж, барилгын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд барилга барих газартай холбоотой асуудлыг бүрэн саадгүй түргэн шуурхай хариуцан, барилга барих нөхцөл боломжийг бүрдүүлснээр чөлөөлсөн газар дээр өндөр төвөгшилтэй нийт 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 144 айлын орон сууцны барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гэрээний 5.1-д барилгыг нийт 9,120 м.кв талбай бүхий 16 давхартай байхаар гэрээнд оруулсан боловч барилгын зургийг батлуулах явцад барилгын талбайн хэмжээг 1739.36 м.кв-аар нэмэгдүүлж, 10,859.36 м.кв талбай бүхий 16 давхрыг 2 давхраар бууруулан 14 давхар болгон зураг төслийг дахин өөрчилж 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар, 38 авто зогсоолтой 144 айлтай барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу 10,859.36 м.кв талбай бүхий 38 авто зогсоолтой барилгаас Ш.Г ын өмчлөн авах барилгын хэмжээ нь гэрээний 4.1-д зааснаар 16 хувийг тооцвол 1737.49 м.кв талбай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг “Х ” ХХК хүлээснээс 1674.81 м.кв талбайн өмчлөх эрхийг гэрчилгээ гарган өгч, 62.68 м.кв талбайг дутуу өгсөн. Мөн нийт барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авна гэж зааснаар 16 хувьд ногдох зогсоолын тоог тооцвол 3 ширхэг авто зогсоол хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч 2 авто зогсоол хүлээлгэн өгч, 1 ширхэг зогсоол дутуу өгсөн. Авто зогсоолын үнийг тухайн үеийн ханшаар 25,000,000 төгрөгөөр тооцох болохыг харилцан тохиролцсон.

1.3. 2021 оны 2 дугаар сарын сүүлээр Ш.Г ын зүгээс барилгын болон зогсоолыг бүрэн хүлээлгэн өгөхийг шаардсанаар барилгын өмчлөх эрхийг гэрчилгээ түргэн шуурхай гаргуулах үүднээс 1739.36 м.кв талбайгаас 62.68 м.кв дутуу талбай болох 1674.81 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах ажлыг “Х ” ХХК-иар хөөцөлдүүлэхээр тохиролцон хамаарах зөвшөөрлийг өгсөн. 1674.81 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах явцад “Х ” ХХК-ийн захирал Н.Э  Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас өмнө талуудын хооронд гэрээ дүгнэсэн баримт өргөдөлтэй хамт өгөхийг шаардаж, гэрээний үүргийг бүрэн дууссан гэсэн акт үйлдье гэснийг өмчлөх эрхийн гэрчилгээ түргэн гаргуулах үүднээс Ш.Г нь жинхэнэ хүсэл зоригоор биш дүр үзүүлж, үнэн санаанаас бус байдлаар хамтран ажиллах гэрээний нэг тал болох Н.З ыг байлцуулахгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээ дүгнэсэн актад барилгын ажлыг талууд хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтын ажиллагааны оролцоо биелэгдэж гэрээний зорилго биелсэн, нийт орон сууцны талбайн 16 хувийг хуваарилсан, хамтран ажиллах гэрээний үүргийг дуусгавар болсон, маргаангүй гэсэн агуулгаар үйлдсэн нь хамтран ажиллах гэрээний үүргийг дуусгавар болгосон, “Х ” ХХК үүргээ бүрэн биелүүлсэн гэдгийг нотлохгүй, талуудын жинхэнэ хүсэл зоригийг илэрхийлсэн баримт биш. Ш.Г нь дутуу талбай, зогсоолыг хүлээлгэн өгөхийг шаардсан, 2021 оны 10 сард “Х ” ХХК-ийн захиралд хандан гэрээний дагуу дутуу 62.68 м.кв талбай, 1 зогсоолыг шилжүүлж өгөх, газрын эзэмших эрхийг шилжүүлж авч цаашид гэрээний дагуу танай компани эзэмшиж газрын төлбөр хураамжаа төлөөд яваарай, гэрээний дагуу шилжүүлж авахгүй бол газрын төлбөрт 2,000,000 орчим төгрөг төлж үргүй зардал би гаргах эрсдэлтэй байгаа гэж хэлэхэд “та газрын эзэмших эрхийг “Х ” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд хэрэггүй, бид газраа шилжүүлэн авахгүй учраас танд үлдэгдэл дутуу 62.68 м.кв талбай, 1 зогсоолыг шилжүүлэхгүй” гэж хэлж гэрээний үүргээ гэрээнд заасан тоо, чанарт нийцүүлэн зохих ёсоор, шударгаар биелүүлэхээс татгалзсан. 

1.4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг газар эзэмшигч болон газрын эрхийг шилжүүлэн авах талууд хамтран холбогдох дүүргийн газрын албанд тус хуулийн 38 дугаар зүйлийн 8.2.1, 38.2.3-т заасан баримт бичгийг хавсарган өгч шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл “Х ” ХХК нь хамтран ажиллах гэрээнд заасан газрын эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлтийг хамтран гаргахаас цааргалсан нь гэрээний 4.1-д заасан нийт барилгын 16 хувь болон барилгын суурийн давхарт баригдсан зогсоолын 16 хувийг бүрэн тоо, чанарын шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөх гэрээний үндсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч “Х ” ХХК-аас 125,360,000 төгрөгийн үнэлгээтэй 62.68 м.кв барилгын талбай болон 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй барилгын суурийн давхарт байрлах нэг ширхэг автомашины зогсоол гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хамтран ажиллах гурвалсан гэрээгээр “Х ” ХХК, Ш.Г , Н.З нар Ш.Г ын эзэмших эрх бүхий Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3,390 м.кв хэмжээтэй газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барьж ашиглалтад оруулах замаар хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний 2 дахь хэсэгт Иргэний хуулийн 477 дугаар зүйлд заасан талуудын оруулах хураамжийг 2.1-д А тал нь орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа В талд газар эзэмших эрхийг шилжүүлэх байдлаар түүний хамтын ажиллагааны оролцоо биелсэнд тооцно, 2.3-т В тал газар дээр өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд гүйцэтгэснээр үүргээ биелүүлсэнд тооцно гэж заасан. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд зохих ёсоор биелүүлсэн буюу хураамжийг бүрэн оруулсан тохиолдолд хамтын ажиллагааны үр дүнд үүссэн ашгийг хүртэх буюу гэрээний 4.1-т заасан хэмжээгээр өмчлөх эрх үүснэ. “Х ” ХХК нь гэрээнд заасан хураамжийг оруулсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан актаар тогтоогдоно. Харин Ш.Г нь гэрээний 2.1-т заасан хураамжийг бүрэн гүйцэт оруулаагүй буюу өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийг “Х ” ХХК-д шилжүүлээгүй. Гэрээнд заасан хувь хураамжийг бүрэн оруулсан тохиолдолд хамтын ажиллагаанаас үүссэн хөрөнгийн 4.1-д заасан хэмжээгээр авах эрх үүсэх бөгөөд цаг хугацааны хувьд эхлэн газар эзэмших эрхийг шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэлд дурдсанчлан “та газар эзэмших эрхийг “Х ” ХХК-д шилжүүлээд хэрэггүй, бид газраа шилжүүлэн авахгүй” гэж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй. Талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж Ш.Г од шилжүүлснээс бусад талбайн өмчлөгч “Х ” ХХК гэж үзсэн учир үлдсэн бүх орон сууцыг захиалан бариулах гэрээний дагуу өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тул талбайг гарган өгөх боломжгүй байхаас гадна барилгын орон сууц 45, 55, 65, 53, 79, 04 гэсэн хэмжээтэй тул 62,68 м.кв талбайг хуваан олгох боломжгүй.

2.2. Гэрээний Б тал буюу Н.З нь гэрээний 3.2-т заасан газрын хойд хэсэгт дунд голын дагуух 92 м.кв хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төслийн дагуу хийх үүргийг биелүүлээгүй. Гэрээний 9.3-т хөрөнгө оруулалтын хэмжээг ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж заасан бөгөөд түшиц хана барих, үүнтэй холбогдох зардлыг гэрээний дагуу компани хариуцахгүй тул түшиц хана барих зардлыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасны дагуу талууд хамтран хариуцна. Талууд түшиц ханыг гүйцэтгэхэд гарах зардлыг хэрхэн хуваарилах талаар амаар тохиролцоо хийсэн бөгөөд Ш.Г нь танай компани түшиц ханыг хариуцан гүйцэтгэчих, би гарах зардалд өөрийн зүгээс суурийн давхраас 1 зогсоолыг өгье гэдэг саналыг тавьж, тохиролцсоны дагуу “Х ” ХХК түшиц ханыг барих ажлыг хариуцан ажилласан. Ш.Г Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу 1 авто зогсоолын оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу гэрээний Б тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас түшиц ханыг гүйцэтгэхэд гарсан зардал болох талуудад үүссэн алдагдалд шилжүүлсэн тул “Х ” ХХК уг авто зогсоолыг шилжүүлэх үүргийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй зайлшгүй хийх шаардлагатай ажлууд гарсан, мөн Ш.Г оос тавьсан шаардлага болон зөвшилцсөний үндсэн дээр энэхүү ажлуудыг гүйцэтгэх хөрөнгө буюу гарсан зардлыг гэрээний 9.3, 8.5 болон Иргэний хуулийн 478.11, 478.12-т заасны дагуу талууд хамтын ажиллагаанд өөрсдийн хувь оролцооны дагуу хариуцах үүрэгтэй. Үүнд:

1-рт: Барилгын орон сууцны хэсэг буюу 3-14 давхарт орон сууцны цонхыг балконтой зэрэгцүүлэн консоль гарган өргөтгөсөн ба ингэснээр 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 1,5*5 м буюу 7.5 м.кв-аар нэмэгдэн нийт барилгын талбай 396 м.кв-аар нэмэгдсэн. Энэ ажил нь барилгын батлагдсан зурагт тусгагдаагүй ба гүйцэтгэснээр барилгын орон сууцны талбайн хэмжээ нэмэгдсэн.

2-рт: Орон сууцны барилгын 1-2 давхрын гадна ханыг зурагт чулуун будаг буюу эмульсээр хийхээр тусгагдсаныг нийт 835,8 м.кв талбайг гантиг чулуун хавтангаар гүйцэтгэсэн. Мөн орон сууцны балконы вакум хаалтыг энгийн хуванцар хаалт хийхээр зурагт тусгагдсаныг нийт 1,360 м.кв балконы хаалтыг саарал өнгийн 5,5 см-ийн зузаантай металл раммтай, 6 мм хар, саарал өнгийн хатаасан шилтэй, бууралттай хаалт хийсэн. Балконы шал нь бетон байсныг вааран хавтан буюу плитагаар хийсэн.

3-рт: Барилгын баруун болон зүүн талд батлагдсан зурагт цонх тусгагдаагүй ба Ш.Г барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад ажлын талбай дээр ирж, ажлын явцтай танилцах явцдаа барилгын баруун, зүүн талд цонх хийлгэх шаардлага тавьсан. Тус компанийн ерөнхий инженер Д.Нямдулам Ш.Г од батлагдсан зургийн дагуу ажлыг гүйцэтгэх нь зүйтэй талаар хэлж, зургаас өөрөөр хийх, хийсэн ажлыг дахин гүйцэтгүүлэх зүй бус шаардлага тавихгүй байх талаар удаа дараа хэлж, санал зөрөлдсөн. Гэсэн ч Ш.Г цонх хийлгэхээр шаардсан тул барилгын нэг талд 24 ширхэг, баруун зүүн талд нийт 48 ширхэг цонх хийсэн.

4-рт: Барилгын гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх буюу түшиц хананы ажлыг гүйцэтгэх үед Ш.Г ын санаачилгын дагуу барилгын зурагт тусгагдаагүй дунд гол дагуу хананаас гол руу гарсан нэмэлт хэсэг буюу консоль барих ажлыг гүйцэтгэсэн. 

5-рт: Ш.Г ын эзэмших эрх бүхий газар нь нарны гүүрний баруун талд, дунд гол дагуу байрладаг ба эзэмших эрх бүхий газрын ард байрлах, дунд гол дагуу барилгын гадна орчинд байрлах 800 м.кв талбай бүхий газрыг Хан-Уул дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 09/1630 дугаартай албан бичгээр ногоон байгууламжаар ашиглах зөвшөөрөл авсан. Ингэснээр нэмж ашиглах хэсэгт гадна нэмэлт зам талбайн ажил хийгдэх шаардлагатай болсон ба энэ нь батлагдсан зурагт тусгагдаагүй болно. Барилгын гадна талбайн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох газраас зөвшөөрөл авахаар талууд харилцан зөвшилцсөн ба холбогдох зөвшөөрлийг Ш.Г өөрөө биечлэн авсан. Мөн газар нь дунд гол дагуу байрлах тул нэмж ашиглахаар авсан хэсэг болон гол дагуух хэсэг газрын хөрс сул, сийрэг тул ашиглах ямар ч боломжгүй байсан тул гадна зам талбайн ажлыг гүйцэтгэхдээ бүхэлд нь нэг бүрчлэн армтатурчлан бэхэлгээ хийж, их хэмжээгээр шороо, бетон асган дүүргэлт хийж ажлыг гүйцэтгэсэн. Ажлыг гүйцэтгэхэд авто грейдер 2 өдөр, индүү 7 өдөр, экскэватор 7 өдөр, ковш 7 өдөр ажиллаж, 135 машин шороо, 0,5 мм-ийн хайрга 4 машин орж, туслах ажилтнаар 7 хүн 7 өдөр ажилласан.

6-рт: Тус барилгын гадна усан хангамж, ариутгах татуургын ажлын зургийг 2018 онд Ш.Г “Жанжин-Өргөө” ХХК-аар гүйцэтгүүлэн зургийг батлуулсан бөгөөд батлагдсан зургийн дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан боловч Ус сувгийн удирдах газраас гадна ариутгах татуургын шугам хоолойг засвар үйлчилгээ хийхэд барилгаас 6м-ээс доошгүй зайтай байрласан байх шаардлага тавьсан тул суурилуулсан шугамыг ашиглах, холболт хийх боломжгүй болсон. Батлагдсан зургийн дагуу ажлыг гүйцэтгэсэн ч биднээс үл хамаарах нөхцөл буюу эрх бүхий байгууллагын шаардлагаар зургийг өөрчилж шинээр хийлгэх, шинэ зургийн дагуу гадна усан хангамж ариутгах татуургын ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай болсон. 2020 онд “Гидродизайн инноваци” ХХК-аар PWSS-04-06/2020 шифр бүхий дахин 99 зураг хийлгэж, уг зургийн дагуу гадна ариутгах татуургын ажлыг гүйцэтгэж, гэрээнд заагдаагүй зардал гарсан буюу алдагдал үүссэн.

7-рт: Барилгын B1 давхар буюу зогсоолын орох, гарах хэсэгт гадна саравч барих ажлыг гүйцэтгэсэн ба энэ нь батлагдсан зурагт тусгагдаагүй.

8-рт: Орцноос В1 давхар луу лифтээр буухад B1 давхрын шал болон лифт хоорондоо зургийн дагуу гүйцэтгэсэн боловч өндрийн зөрүүтэй байсан тул тус хэсэг явган шат барих ажлыг гүйцэтгэсэн.

9-рт: Айл бүрийн ариун цэврийн өрөөний тааз зурагт энгийн хавтан гэж тусгагдсан ба бактери үрждэггүй, металл хавтангаар гүйцэтгэсэн. 

Орон сууц бүрд гоёлын уналттай тааз нэмж хийх саналыг манай компани гаргасан боловч Ш.Г зөвшөөрөөгүй, зардлыг хариуцахгүй гэсэн тул Ш.Г өөрт ногдох барилгын Б блокийн 3, 7 давхрын орон сууцуудад уналттай тааз хийлгээгүй болно. Батлагдсан зурагт тусгагдаагүй болон тусгагдсан боловч зурагт зааснаас өөрчилж дээрх ажлуудыг гүйцэтгэхдээ Ш.Г той харилцан ярилцсаны үндсэн дээр гүйцэтгэж байсан ба ажлын явцтай Ш.Г захиалагчийн хяналт тавих явцдаа бүрэн танилцаж, зохих шаардлага тавьж байсан болно. “Х ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамаарахгүй буюу зураг төсөвт тусгагдаагүй болон Ш.Г той зөвшилцсөний үндсэн дээр зардлыг нэмэгдүүлэн гүйцэтгэсэн ажлын өртөг 692,673,792 төгрөг байна. Гэрээний 4.1-т талуудын хамтын ажиллагаанаас үүссэн үр дүнг А тал буюу Ш.Г 16 хувь, В тал буюу “Х ” ХХК 84 хувиар авна гэж тогтоосон байх тул хамтын ажиллагаанаас үүссэн алдагдал буюу гэрээнд тусгагдаагүй ажлын зардлыг талууд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478,11, 478.12-т зааснаар талууд дээрх хэмжээгээр хариуцах үүрэгтэй тул Ш.Г нь 110,827,806 төгрөгийг “Х ” ХХК-д өгөх үүрэгтэй байна. Энэ төлбөрийн үүргийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасны дагуу талуудын шаардлагыг харилцан тооцож дуусгавар болгож өгнө үү.

3.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03064 дугаар шийдвэрээр хамтран ажиллах гурвалсан гэрээний нэг тал болох Н.З нь гэрээний 3.2.1-ийн 4, 5, 8, 9, 11 газрын хойд хэсэгт дунд гол дагуух 92м хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төсвийн дагуу хийх ажлуудыг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2019 оны 10 дугаар саpaac хойш хамтын ажиллагаанд оролцоогүй болохыг тогтоож, Н.З ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын дээд шүүхээс хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Н.З дунд гол дагуу түшиц хана барих үүргийг биелүүлээгүй ба түшиц хана барих ажлыг гүйцэтгэхгүйгээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болж, хүйтний улирал эхэлж, ажил бүхэлдээ зогсох нөхцөл байдал үүссэн. Ш.Г ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэх нь зүйтэй байна, тэгэхээр А, В тал түшиц ханыг барих ажлыг өөрсдөө хийе, танайх түшиц хана барих ажлаа хариуц, би түшиц хана барих зардалд өөрт ногдох 1 авто зогсоолоо танайд өгье, үлдсэн төлбөрийг танайх хариуц гэсэн саналыг тавьж Н.Э зөвшөөрсөн. Үүний дагуу “Х ” ХХК түшиц хана барих ажлыг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж, үүргээ биелүүлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу Ш.Г од 2 ширхэг авто зогсоол ногдож байгаа бөгөөд түшиц хана барих зардалд тооцон шилжүүлэх 1 авто зогсоолыг Ш.Г “Х ” ХХК-д шилжүүлээгүй.

Иймд хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг, түшиц ханыг барихад гаргасан зардлын ногдох хувь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хамтран ажиллах гурвалсан гэрээнд зааснаар Ш.Г нь “Х ” ХХК-ийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд шаардагдах газар эзэмшигчийн гэрчилгээ, газрын захирамж болон бусад баримтын хамт өгч улмаар 3,390 м.кв хэмжээтэй өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, “Х ” ХХК-ийн нэр дээр барьцаалж, барилгын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд барилга барих газартай холбоотой асуудлыг бүрэн саадгүй түргэн шуурхай хариуцан хамтран ажиллах үүргээ биелүүлж, барилга барих нөхцөл боломжийг бүрдүүлснээр чөлөөлсөн газар дээр өндөр төвөгшилтэй нийт 10,859.36 м.кв талбай бүхий 14 давхар 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 144 айлын орон сууцны барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн.

Хамтран ажиллах гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй, санхүүжилт нэмэгдсэн асуудлаар бичгээр санал тавьж байгаагүй. Барилгын ажлын санхүүжилтыг В тал болох “Х ” ХХК өөрийн хөрөнгөөр хариуцах үүрэгтэй тул тухайн барилгын ажилд нэмэлт зардал гарсан гэх 110,827,806 төгрөгийг А тал хариуцахгүй. Хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу түшиц хана барих үүргийг Б тал буюу Н.З хүлээсэн, “Х ” ХХК нь “Лорд скай” ХХК-д түшиц хананы урьдчилгаа төлбөрт 61,109,139 төгрөг шилжүүлсэн боловч Н.З биелүүлээгүй тул гарсан зардал, хохирлыг “Х " ХХК нь Н.З оос нэхэмжлэн гаргуулах нь зүйтэй. 

Түүнчлэн, барилгын түшиц хана барих ажил нь В тал болох “Х ” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний үр дүн болох барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр 16 давхар үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэн, ашиглалтад оруулах бүх нөхцлийг хангах үүргийг хариуцах тул түшиц хананы төлбөрт зогсоол өгөх үүрэггүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Х хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилгын 58,14 м.кв талбайг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,54 м.кв талбай гаргуулах болон 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг, түшиц ханыг барихад гаргасан зардлын ногдох хувь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909,750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 995,039 төгрөг /712,089 төгрөг, 282,950 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 739,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г од олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч Ш.Г нь Х хотхоны орон сууцны барилгын зоорийн давхарт 4 болон 27 тоот хаягт байрлах тус бүр 19 м.кв талбайтай, нийт 38 м.кв авто зогсоолын зориулалтай талбайг хүлээн авч, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээгээр тохирсон хэмжээний авто зогсоолын талбайг хүлээн авсан байх бөгөөд тэрээр хариуцагчаас авто зогсоолын талбай шаардах эрхгүй байх тул нэг ширхэг автомашины зогсоол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй.

Учир нь нэхэмжлэгч Ш.Г нь “Х ” ХХК-аас хамтран ажиллах гэрээний дагуу нийт 3 ширхэг авто зогсоол авах эрхтэй. Нэхэмжлэгч Ш.Г нь гэрээний 4.1-д заасан А тал нийт ... барилгын үндсэн суурь талбайн зогсоолын 16 хувийг авна гэж зааснаар 14 давхар барилгад нийт 38 авто зогсоол, барилгын суурийн давхарт нийт 21 авто зогсоол баригдсан бөгөөд Ш.Г од ногдох 16 хувьд ногдох зогсоолын тоог тооцвол 3 ширхэг авто зогсоол ногдох бөгөөд 2 авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг “Х ” ХХК шилжүүлж 1 ширхэг зогсоолыг хүлээлгэн өгөөгүй.

6.2. Шүүхээс шмнжээчээр томилогдсон “Аркосис” ХХК-ийн дүгнэлтээр Х хотхоны орон сууцны барилгын суурь давхрын 16 хувьд ногдох зогсоолын тоог 2, 9 ширхэг авто зогсоол буюу 3 ширхэг авто зогсоол ногдохыг баталгаажуулсан. Хариуцагч “Х ” ХХК-ийн 3 ширхэг авто зогсоол өгөхөөс 1 ширхэг авто зогсоол дутуу өгснийг хүлээн зөвшөөрдөг. Харин 1 ширхэг авто зогсоол дутуу өгсөн шалтгааныг хамтран ажиллах гэрээний нэг оролцогч Б тал болох Н.З барилгын түшиц хана барих ажлыг хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар дангаар хариуцах гэрээний үүргээ биелүүлээгүй тул 1 авто зогсоолыг өгөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 ширхэг авто зогсоолыг гаргахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу 1 авто зогсоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч суурийн талбайд 51 зогсоол байгаа бөгөөд түүний 16 хувь нь 3 авто зогсоол байна гэж тайлбарладаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 16 хувьд 36 м.кв зогсоолын талбай ногдож, уг талбайн зогсоолын тоонд 9 зогсоол ногдож байна гэж дүгнэсэн. 9 зогсоолын 16 хувь гэж үзвэл 1,4 зогсоол гарч байна. Компанийн зүгээс 2 ширхэг зогсоолыг Ш.Г од хүлээлгэж өгсөн. Зогсоолын тоо, талбайн хэмжээг бодсон ч гэсэн “Х ” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа суурийн талбайд 21 зогсоол байна гэж үзсэн. 21 авто зогсоолыг нэхэмжлэгч тайлбарлахдаа практикаас үзэхэд 21 авто зогсоол байна гэж тайлбарладаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд зогсоолын тоогоор 9 авто зогсоол, суурийн талбай 36 м.кв гэж тогтоосон байдаг.

            Манайх 2 зогсоол шилжүүлж өгсөн тул нэхэмжлэгч 3 авто зогсоол шаардах эрхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1 ширхэг авто зогсоолыг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээний нэг тал Н.З гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Н.З ын биелүүлээгүй үүргийг хэн биелүүлэх талаар гэрээнд тусгаагүй. Тухайн үед талууд харилцан тохиролцож, та нар Н.З ын барих байсан түшиц ханыг барьчих, зардлаа хувааж гаргая, би танайд 1 зогсоолыг өгнө гэж Ш.Г хэлснийг манайхаас хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгч нь “би энэ үгнээсээ буцаж байна, шүүх энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг мэдэхгүй” гэх тайлбарыг өгсөн. Иймд Н.З ын үүргийг “Х ” ХХК хариуцах үндэслэлгүй гэжээ.

           8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            8.1. Шүүх Ш.Г нь хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцыг улсын комисс хүлээн авсаны дараа В тал буюу “Х ” XXK-д газар эзэмших эрхийг шилжүүлэх байдлаар түүний хамтын ажиллагаанд дахь оролцоо биелэгдсэнд тооцох ба хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар А тал болох Ш.Г нь газар эзэмших эрхийг В тал болох “Х ” ХХК-д шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн тул “Х ” ХХК нь гэрээгээр тохирсон талбайг нэхэмжлэгч Ш.Г од шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн. Мөн зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд талуудын хамтын ажиллагааны үр дүн ашгийг хувиарлах асуудлыг зохицуулсан байна гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 4.1-т Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.8-т заасан гэрээг дуусгавар болгох, дундын эд хөрөнгийг хувиарлах журмыг тусгасан байх ба энэ нь талууд гэрээний үүргийг бүрэн гүйцэт, зохих ёсоор биелүүлсэн буюу гэрээний 2 дугаар зүйл, Иргэний хуулийн 477 дугаар зүйлд заасан хураамжийг бүрэн оруулсан тохиолдолд талууд хамтын ажиллаагааны үр дүнд бий болсон хөрөнгийг буюу ашгийг хэрхэн хувиарлах асуудал юм. Гэтэл талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Ш.Г нь гэрээнд заасан хураамжийг бүрэн оруулаагүй, үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, дүгнэсэн атлаа гэрээний үр дүн буюу ашгийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

            Мөн Ш.Г нь гэрээний 2.1. 3.1.5-д барилга угсралтын ажлын бүрэн гүйцэтгэж, орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа газар эзэмших эрхийг В талд шилжүүлэн өгөх үүргийг биелүүлснээр түүний хамтын ажиллагаан дахь оролцоо биелэгдсэнд тооцно. Хамтран ажиллах гэрээний үндсэн оролцоо болох хураамж төлөх үүргээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1. 206.1-т зааснаар гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй хураамжаа бүрэн оруулаагүй байхад хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашиг буюу хөрөнгийг бүхэлд нь өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй байна. Ш.Г нь хамтын ажиллагаанд газрыг В талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, барилга угсралтын ажил дууссаны дараа газар эзэмших эрхийг шилжүүлснээр 16 хувийн хураамж оруулсан буюу үүссэн дундын хөрөнгөөс 16 хувийг авах эрх үүснэ. Зөвхөн эзэмшил, ашиглалтад шилжүүлснээр 16 хувийн хураамжийг бүрэн оруулсан гэж үүссэн дундын хөрөнгөөс 16 хувийн талбайг гаргуулах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.

            Нөгөө талаас газрыг шилжүүлээгүй нөхцөл байдлын талаарх талуудын тайлбар, үндэслэл, энэ талаарх баримт болон Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 215 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэхээс татгалзах, саатуулан барих, шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй. Ш.Г нь гэрээний 2.1 болон 3.1.5-д заасан үүргийг биелүүлэх хүртэл буюу хураамжийг бүрэн оруулах хүртэл “Х ” ХХК нь хураамжаа бүрэн оруулсан талын хувьд А талыг хураамжаа бүрэн оруулахыг шаардах, оруулах хүртэл дундын хөрөнгөөс ногдох хэсгийг шилжүүлэхээс татгалзах эрхтэй байна. Гэрээний үүргийг биелүүлэхгүйгээр хамтын ажиллагааг дуусгавар болгох, үр дүн ашгийг хувиарлан өмчлөх эрхтэй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            8.2. Гэрээний 4.1-д А тал нийт орон сууцны талбайн 16 хувь буюу Б блокийн 1, 2, 3 дугаар давхар бүхэлдээ, үлдсэн хэсэгт А, Б блокийн 7 дугаар давхраас үлдэгдэл талбайн 50 хувийн байршлыг А тал сонгон, 50 хувийн байршлыг В талын заасан талбайг авна гэж заасан байна. Ш.Г ын тодруулга, хүсэлт Ш.Г ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа болон талуудын тайлбараар Ш.Г нь Б блокийн 1, 2, 3, 7 дугаар давхрыг бүхэлд нь авсан болох нь тогтоогдож байна. Гэрээнд зааснаар үлдэгдэл 58.14 м.кв талбайг зөвхөн А, Б блокийн 7 дугаар давхраас А тал буюу Ш.Г 50 хувийн байршил, В тал буюу “Х ” ХХК 50 хувийн байршилыг тус тус зааж авахаар тухайлан байршилыг гэрээгээр тогтоосон байна. Гэтэл Х хотхоны үйлчилгээтэй орон сууцны барилгаас гаргуулан олгох гэж орон сууцны барилгын аль ч хэсгээс талбайг гаргуулж болохоор заасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь А блокийн 7 дугаар давхраас бусад байршилд талбай гаргуулахыг шаардах эрх гэрээгээр олгогдоогүй байна. Иймд энэ шаардлагыг хангаж шийвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

            Мөн гэрээ дүгнэсэн актын 2.2 дахь хэсэг болон Ш.Г ын тодруулга, хүсэлт үлдсэн бүх хэсгийг “Х ” ХХК захиран зарцуулах иргэдтэй захиалгын гэрээ байгуулах, төлбөр тооцоо хийх эрхтэй болно гэж заасан бөгөөд гэрээний 3.4.2. 9.7-т заасны дагуу Ш.Г ын нотариатаар батлуулсан бичгээр өгсөн зөвшөөрлөөр “Х ” ХХК нь А блокийн 7 дугаар давхрыг бусдад захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн байна. Б блокийн 7 дутаар давхрыг Ш.Г бүхэлд нь авсан байх тул гэрээиий үүргийг биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад энэхүү үйл баримтыг бүрэн дүгнээгүй байна.

            8.3. Шүүхээс гэрээний 4.2-т Б тал буюу Н.З гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөөс мөнгөн хэлбэрээр үр ашиг авахаар шийдвэрлэж, 478,200,000 төгрөгийг өөрийн хуваарьт хөрөнгөнөөс В тал буюу “Х ” ХХК ажлын үе шаттай холбогдуулан шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул “Х ” ХХК нь Н.З ын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, гарсан зардлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03064 дугаар шийдвэрээр Н.З нь 2019 оны 10 сараас хойш хамтын ажиллагаанд оролцоогүй гэрээний 3.2.1-ийн 4-өөс 11-т заасан үүргийг биелүүлээгүй, хамтын ажиллагаанаас гарсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэрээний нэг тал болох Н.З гэрээнээс гарсаны улмаас үүссэн нөхцөлийг хэрхэх талаар гэрээнд тусгайлан тохиролцоогүй байх ба гэрээний 8.5-д гэрээгээр зохицуулагдахгүй бусад харилцаа нь хуулиар зохицуулахаар заасан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг талууд хамтран хариуцна, гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хувиална гэж заасан. Н.З нь түшиц хана барих гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй, гэрээнээс гарсан бөгөөд үүний улмаас үүссэн нөхцөл байдлыг дээрх журмын дагуу гэрээнд оруулсан хураамжийн хэмжээгээр хариуцахаар тохиролцож, Ш.Г түшиц хана барих зардалд тооцон “Х ” ХХК-д өөрт ногдох 1 авто зогсоол өгөхөөр болсон.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар зохигч шүүхэд бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй. Дээрх нөхцөл байдал үнэн бодит болох нь “Х ” ХХК-ийн тайлбар, Ш.Г ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Э.Мягмарсүрэнгийн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүхээс Н.З ын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагавар, хариуцлагыг “Х ” ХХК дангаар хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль, гэрээ болон талуудын тохиролцоонд нийцээгүй, үндэслэлгүй байна. Н.З гэрээнд заасан ажлуудыг биечлэн гүйцэтгэх замаар хураамжийг бүрэн оруулсан нөхцөлд гэрээний 4.2-т заасан ашиг, үр дүнг авахаар харилцан тохиролцсон бөгөөд үүргийг биелүүлээгүй бол ашиг, үр дүнг хүртэх эрх үүсэхгүй. Н.З ийн өмнө “Х ” ХХК мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг гэрээгээр үүсээгүй байхад Н.Зориггын үүргийг “Х ” ХХК дангаар хариуцах, түүний үүргийг биелүүлэхэд гарах зардлыг дангаар хариуцах үүрэгтэй гэж үзэх боломжгүй.

            8.4. Шүүх хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардлын ногдох хувь 110,827,806 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд алдагдлыг хэрхэн хариуцах талаар заагаагүй байх ба гэрээний 2.2-т гэрээний В тал болох “Х ” ХХК-ийн хариуцах үүрэг, хувь оролцоог заахдаа барилга барихад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хариуцан гаргах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх байдлаар хамтын ажиллагаанд оролцох тул бүх ажлыг чанар стандарт, норм дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх үүргийг хүлээсэн байх тул гэрээний дагуу үйлчилгээтэй, орон сууцны барилгыг барихтай холбогдон гарсан нэмэлт ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн. Гэтэл гэрээний 2.3-т В тал газар дээр өөрийн хөрөнгөөр орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу чанар стандартын шаардлагад нийцүүлэн гэрээний хугацаанд гүйцэтгэснээр үүргээ биелүүлсэнд тооцно, гэрээний 9.3-т хөрөнгө оруулалтын хэмжээг ямар ч тохиолдолд өөрчлөхгүй гэж заасан. Бүх ажлын санхүүжилтийг бус зөвхөн батлагдсан зурагт тусгагдсан ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг В тал буюу “Х ” ХХК хариуцахаар гэрээгээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, батлагдсан зураг төсөлд байхгүй ажлын санхүүжилтийг В тал хариуцахгүй ба зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын зардал буюу алдагдлыг хэрхэхийг гэрээгээр зохицуулаагүй.

            Гэрээнд тусгагдаагүй ажлын зардал буюу алдагдлыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдалыг талууд хамтран хариуцна, гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хувиална гэж заасан журмын дагуу хариуцах үүрэгтэй. В талын үүрэгт үл хамаарах, гэрээгээр зохицуулаагүй нэмэлт ажлын зардал буюу гэрээний улмаас үүссэн алдагдлыг “Х ” ХХК дангаар хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд А талын ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан зардал нь зураг төсөлд тусгагдаагүй, Ш.Г ын шаардлагын дагуу зураг төслөөс өөрчлөн гүйцэтгэсэн ажлын зардлууд болно. Тухайлбал Ш.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барилгын зураг төсөлд тусгагдаагүй барилгын баруун болон зүүн талд 48 ширхэг цонх хийлгүүлэх шаардлага тавьсан, үүний дагуу цонхыг гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн.

            Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Х хотхоны 14 давхар 38 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын 125,360,000 төгрөгийн үнэлгээ бүхий 62.64 м.кв талбай гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

            9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

            Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад 1,300 м.кв талбай хариуцагчийн нэр дээр байгаа тул талбайг гаргуулах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тухайн талбайг дутуу өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хамтран ажиллах гэрээнд заасан 3 давхраас доош үйлчилгээний талбай болон 3 давхраас дээш орон сууцны талбайн үйлчилгээний талбай манайд байхгүй гэж эсэргүүцсэн. Шүүх хамран ажиллах гэрээний үүрэг биелэгдээгүй учраас үүнийг нэхэмжлэгчид олгох нь зөв гэж дүгнэсэн. Газар эзэмших эрхийг шилжүүлээгүй учраас хамтран ажиллах гэрээний үүрэг дуусаагүй гэж тайлбарладаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан.

            Газрыг шилжүүлж авахын тулд Ш.Г , “Х ” ХХК хоорондоо ярилцаад, Газрын албанд хүсэлт гаргах ёстой. Ш.Г ын зүгээс газраа шилжүүлж аваач, бид нар 8,000,000 төгрөгийн татварыг улирал болгон төлье гэхэд шилжүүлж авахтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Ш.Г руу газар эзэмших эрхийг шилжүүлж өг гэх утгатай албан бичгийг ирүүлсэн. Түүнтэй холбоотой нотлох баримтыг өгсөн нь газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой асуудалд хүсэлт гаргаагүй байна гэдгийг нотолж байна. Хоёр тал хоёулаа хүсэлт гаргаж байж энэ асуудал шийдэгддэг болохоор бид шууд газрын албан дээр очиж шилжүүлэх боломжгүй. Үүний цаана газар эзэмших эрх шилжүүлэхэд хэн, хэдэн төгрөгийн татвар төлөхтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Бидний зүгээс та нар 52 м.кв талбайгаа өгчих, бид газрыг шилжүүлж өгье, бид өөрт ногдох татварыг төлье, та нар ч гэсэн төл гэдэг зүйл ярихад газар эзэмших эрх 2034 он хүртэл гарчихсан тул 8,000,000 төгрөгийн татварыг төлөөд газар эзэмших эрхийг цуцлуулчих эсхүл өөр хүмүүст шилжүүлчих гэхэд Ш.Г зөвшөөрөөгүй. Сөрөг нэхэмжлэлд газар эзэмших эрхтэй холбоотой нэг ч шаардлага гаргаагүй. Алдагдал ярих гэж байгаа бол ашгийн асуудал ярих ёстой. 1300 м.кв талбайтай орон сууц 6,000 м.кв-аар өссөн. Хуульд зааснаар захиалагч ердийн ашиглах боломжтой багана суултуурыг өгөх ёстой. Өөр улсаас авсан зүйлийг Герман улсынхаар солиод 16 хувьд нь ногдуул гэж ярьсан. Хамтран ажиллах гэрээнд үүнтэй холбоотой нэг ч заалт байхгүй тул бид талбайгаа авсан. Шударга ёсны зарчмын хувьд та нар газраа шилжүүлж авах хүсэлт гаргаж хэрэгжүүлэх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэнэ гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, орон сууцны барилгын 125,360,000 төгрөгийн үнэлгээтэй 62,68 м.кв талбай, 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг автомашины зогсоол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний үүрэгт нэмэлт зардалд 110,827,806 төгрөг, гаргасан зардалд 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Ш.Г , “Х ” ХХК, Н.З нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гурвалсан гэрээ хэрэгт авагдсан байна./1-р хх-ийн 8-11/

3.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “Н.З гэрээний 3.2.1-д ... газрын хойд хэсэгт дунд голын дагуух 92 метр хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төсвийн дагуу хийх үүргийг хүлээсэн боловч уг үүргийг гүйцэтгэж дуусгалгүй орхин явсан” гэж тайлбарлажээ.

Гэрээний нэг тал болох Н.З гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх, хэрэв үүргээ биелүүлээгүй бол ямар шалтгаанаар биелүүлээгүй болох, тэрээр  гэрээнээс гарсны дараа түүний хийж гүйцэтгэх байсан ханыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь хариуцан гүйцэтгэх байсан, түүнтэй холбоотой зардлыг хэрхэн тохиролцсоныг Н.З оос тодруулах шаардлагатай байна.

3.б. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

3.в. Гэрээний нэг тал болох Н.З ын эрх ашиг хөндөгдсөн эсэх, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар шүүх хэргийн оролцогчдоос  тодруулаагүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гурвалсан гэрээний нэг тал болох Н.З ыг  гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогч гаргаагүй хэдий ч шүүх зохигчдод эрх, үүрэг тайлбарлах замаар чиглүүлэх, гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тайлбарлах үүрэгтэй.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/15396 дугаар захирамжаар шинжээчээр “Аркосис” ХХК-ийг томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийн агуулгаас үзэхэд шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, тодорхойгүй байхаас гадна дүгнэлтийг математикийн хийсвэрлэх аргачлалаар гаргасан эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

4.а. Мөн шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх боломжтой байсан.

4.б. Дээрх нөхцөл байдлыг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 282,950 төгрөг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 1,463,889 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                    

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

                                  ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

                                                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ