Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 322

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8-р баг 2-р хэсэг 8-р байр 2 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Гантөмөрийн Энхчимэг РД: /ЖИ-88090326/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 3-р баг Цөх гэх газар оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав ээж, дүү нарын хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Бямбацогтын Үүрцайх, РД: /МА-90060216/-д холбогдох “хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхчимэг, хариуцагч Б.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Урангоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би Үүрцайхтай 2010 оны сүүлчээр танилцаж гэр бүлийн харьцаа тогтоож түүнээс хойш 2012 оны 09 дүгээр сар хүртэл нэг гэр оронд хамт амьдарч байсан. Бид хоёр тухайн үед гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хэн хэн нь бүртгүүлэх санаачлага гаргаагүй юм. Бид хоёрын дундаас 2011.10.16-нд хүү төрсөн юм. Миний хүүгийн нэр нь Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа, одоо 4 нас 6 сартай миний асрамжинд байдаг. Энэ хүүгийн эцэг нь Б.Үүрцайх мөн юм. Цаашид бид хоёрын гэр бүлийн амьдрал сэргэх боломж байхгүй нэгэнт ийм болсноос хойш хүүгийнхээ ирээдүйн эрх ашгийг бодож шүүхэд хандаж байна. Б.Үүрцайхыг хүүгийн эцэгээр тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэх.

 Нэхэмжлэгч Г.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна. Эцэг тогтоолгохоо хүлээн зөвшөөрсөн учраас хүүхдийнхээ эрх ашгийн төлөө тэтгэлэг тогтоолгомоор байна. 2011 оны сүүлээр танилцаж хамтран амьдарсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Таарч тохирохгүй байсан учраас салсан. Хүү маань над дээр байгаа учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна. 1 хүүхэдтэй. 2011 оны 10 дугаар сарын 16-нд хүү маань төрсөн. Одоо тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдраад 1 жил болж байна гэх.

Хариуцагч Б.Үүрцайх шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Үүрцайх би Г.Энхчимэгийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Линбэнэгшигмичигболджалбааданзанравжаа миний хүү болох нь үнэн тул тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх.  

Хариуцагч Б.Үүрцайх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2011 онд хамтран амьдарсан. Тэр жил хүүхэд төрсөн. 1 жил гаруй хамт амьдарсан. Тэгээд болж бүтэхгүй байсан учраас тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэлийн шаадлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэх.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Энхчимэгийн шүүхэд гаргасан “... хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй  байна. 

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн ... нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар, хэргийн 3-8-р талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн 2011 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн  хүү Линбэнэгшигмичигболджалбааданзанравжаагийн эцэг Б.Үүрцайх мөн болохыг тогтоож, хүүдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.  

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Линбэнэгшигмичигболджалбааданзанравжаагийн эцэг Боржигон овогт Бямбацогтын Үүрцайх болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Линбэнэгшигмичигболджалбааданзанравжааг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Үүрцайхаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28.209 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН