| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/01929/И |
| Дугаар | 210/МА2023/02180 |
| Огноо | 2023-12-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2023/02180
2023 12 18 210/МА2023/02180
Т.О ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03292 дугаар шийдвэртэй,
Т.О -ийн нэхэмжлэлтэй, “МУХБ ” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би “МУХБ ” ХХК-ийн Эрсдэлийн газарт ахлах мэргэжилтэн албан тушаалд 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн газарт зээлийн судалгааны хэлтсийн захирал, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс Экспорт, импортын худалдааны санхүүжилтийн газарт экспорт, импорт худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад “МУХБ ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Э , газрын захирал Б.А , хүний нөөцийн захирал З.Төгөлдөр нар нэр бүхий ажилтнуудыг дуудан Монгол улсын Ерөнхий сайд Л.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “МУХБ ” ХХК-ийн удирдлагуудад 20 гаруй ажилтныг ажлаас чөлөөлөх чиглэлийг өгч, уг чиглэлийн улмаас “МУХБ ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлаас халж буй талаар мэдэгдсэн. Дээрх уулзалтаар намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй, хэзээ ямар зөрчлөөр ажлаас халж буй нь тодорхойгүй, тайлбар, мэдээлэл авалгүйгээр банкинд удаан ажилласан, улс төрийн нөлөөллөөр томилогдсон байж болзошгүй талаар хэлсэн.
1.2. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “МУХБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б-40 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан бөгөөд надад 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр мэдэгдэж, уг тушаалыг гардуулсан. Тушаалын үндэслэх хэсэгт “МУХБ ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, МУХБ ны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугээр зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дах хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.6, 10.13.8, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Тушаалын тушаах хэсэгт намайг ямар зөрчлөөр ажлаас халж буйг бичээгүй, тодорхойгүй, үндэслэл шалтгааныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш МУХБ ны удирдлагуудаас тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй. Тушаалын үндэслэл болсон МУХБ ны хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд намайг ажлаас халах тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.6, 10.13.8 дахь заалтууд нэмэгдсэн. Иймд намайг болон бусад ажилтнуудыг хоморголон ажлаас халахын тулд дээрх журмыг шинэчлэн баталсан гэж үзэж байна.
1.3. “МУХБ ” ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Засаг захиргаанд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. МУХБ ны гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалаар Т.О ийг “МУХБ ” ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, МУХБ ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, МУХБ ны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8, 11.2, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичиг, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэсэн. Нэхэмжлэгч Т.О тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т ноцтой зөрчилд хамаарах зөрчлүүдийг нэрлэн заасан бөгөөд 6.3.4-т ажилтан нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон, 6.3.5-д ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн зөрчил хамаарахыг тухайлан заасан.
2.2. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.8-д зааснаар ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах бусдад дарамт шахалт үзүүлсэн бол ноцтой зөрчилд хамаарна. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд МУХБ ны үе үеийн ажилчид гэх 283 гишүүнтэй фейсбүүк группт ажил олгогчийн бизнесийн нэр хүндийг гутаасан, удирдах албан тушаалтан руу чиглэсэн, гутаан доромжилсон агуулга бүхий постуудыг удаа дараа оруулсан. Нэхэмжлэгч дээрх агуулгатай пост бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Мөн Т.О нь шууд удирдлагыг үл тоомсорлосон, баг болж ажиллаж чадахгүйгээс удирдлага болон ажилтны хоорондын зөрчил үүсч, улмаар ажил урагшлахгүй гацсан ба хэд хэдэн чанаргүй болсон зээлийн олголтод гар бие оролцсон байдаг.
2.3. Банкны захирлуудын зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал Т.О ийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг хэлэлцэж тогтоогоод хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, Захирлуудын зөвлөлийн хурлаар тухайн зөрчилтэй холбоотой пост, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдлагатай ямар таарамжгүй харилцаа үүсгэсэн талаарх баримтуудыг хэлэлцээд тогтоосон. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон, мөн журмын 11.2-т ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасныг тус тус үндэслэн Т.О ийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О ийг “МУХБ ” ХХК-ийн Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, “МУХБ ” ХХК-аас 78,880,571 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч “МУХБ ” ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч “МУХБ ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 622,553 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “тушаалд хөдөлмөрийн гэрээний заалт үндэслээгүй, нэхэмжлэгч Т.О ийн гаргасан ямар зөрчлийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар заагаагүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13-т ажилтны дараах үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцно гэж, 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон гэж, 10.13.8-д ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах ... хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах гэж, 11.2-д ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж тус тус заасныг үндэслэн “МУХБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэлд заасан зөрчлүүдийг Т.О тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байдаг. Т.О ийн гаргасан хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлийг хамааруулж, 6.3.4-д ажилтан нь ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон гэж, 6.3.5-д “ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, ... хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах... гэж тус тус нэрлэн заасан.
Хөдөлмөрийн тухай 123 дугаар зүйлийн зохицуулалтад хөдөлмөрийн сахилгын зөрчил, сахилгын шийтгэл, шийтгэл ногдуулах журмыг тусгасан болохоос шүүхийн шийдвэрт дурдсан шиг тушаалд зөрчлийг нэг бүрчлэн нэрлэн заах шаардлагыг үгчлэн тусгаагүй байхад шүүх хуулийн зохицуулалтын хүрээг дур мэдэн тогтоож хэт өргөн хүрээнд тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцсэн агуулгаар, үнэн зөв гаргасан байхад тушаалын үг, үсэг таараагүй шалтгаанаар буруутгаж байгаа нөхцөл байдлыг хэт явцууруулж байна. Түүнчлэн, ажил олгогчийн удирдлагууд удаа дараа нэхэмжлэгч Т.О тэй уулзалт хийсэн, ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн, гаргасан зөрчилд нь тайлбар авсан тухай зохигчдын мэдүүлгээр тогтоогдсон үйл баримтуудыг анхаарч үзээгүй, зохигчдын мэдүүлгийг үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн.
Нэхэмжлэгч Т.О ийн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар 25- ны өдрийг хүртэлх хугацаанд “МУХБ ” ХХК-ийн үе үеийн ажилчид гэх 283 гишүүнтэй фэйсбүүк группэд ажил олгогчийн бизнесийн нэр хүндийг гутаасан, удирдах албан тушаалтнууд руу чиглэсэн гутаан доромжилсон, байгууллага хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн агуулга бүхий постууд нийтэлсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарч байсан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг “...хөдөлмөрийн гэрээний заалт үндэслээгүй гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн ба ажил олгогчоос Т.О ийн гаргасан зөрчлийг тогтоосон, энэхүү зөрчлийг Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан байхад шүүхээс ажлаас чөлөөлсөн тушаалд зайлшгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлах ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг дурдаагүй нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны гаргасан ноцтой зөрчлийг үгүйсгэх, тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “МУХБ ” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Т.О ийг ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ ямар баримтад үндэслэсэн болон ажилтны ёс зүйн дүрэмд заасан ямар хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг тогтоосныг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хуралдсан Захирлуудын зөвлөлийн хурлаар ажилтан Т.О ийн гаргасан ноцтой зөрчлийг тогтоож хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан. Мөн ажил олгогч нь тухайн зөрчлийг шалган тогтоосон хурлын тэмдэглэл болон ажилтны гаргасан зөрчил болох тухайн үед бичсэн постыг баримтжуулсан баримтыг шүүхэд гарган өгч, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Гэвч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч нь банкны ажилтнуудын фэйсбүүк группэд хариуцагчийн баримтаар гаргаж өгсөн хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, удирдлагуудыг доромжилж, басамжилсан постыг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байхад хариуцагчийг зөрчлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
4.3. Шүүхийн шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагч “МУХБ ” ХХК-аас Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч уг баримтыг шүүхэд ирүүлээгүй, 6.2-т ...“МУХБны гүщэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 тоот тушаалд Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг үндэслэсэн байх тул Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлийг тушаалын үндэслэл болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Т.О ийн зөрчлийг хэлэлцсэн Захирлуудын зөвлөлийн хурал нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 05 минутад эхэлж, 11 цаг 34 минутад завсарлан, үргэлжлүүлэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 20 минутад эхэлж, 11 цаг 10 минутад дууссанаар хурлын шийдвэр гарсан өдөр нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бөгөөд хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх хурлын тэмдэглэлийг буруу дүгнэж нотлох баримтыг үгүйсгэсэн.
4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлд хурлын дарга болон хурлын нарийн бичиг гарын үсэг зураагүй байх тул дээрх журамд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ний өдрөөс 24-ний өдрийн ээлжит хурлаар нэр бүхий хэд хэдэн ажилтны хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хэлэлцсэн бөгөөд Т.О т хамаарахаас бусад хэлэлцсэн асуудал нь энэ хэрэгт хамааралгүй, бусад хүний хувийн мэдээлэл агуулсан байсан тул хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай холбогдох хэсгийг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нөхцөлийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй.
4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “МУХБ ” ХХК нь нэхэмжлэгч Т.О т 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан ажилтныг ажлаар хангаж, зааварчилгаа өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар байгууллага дотор хөдөлмөр хуваарилалт, зохион байгуулалт хийх ажил олгогчийн эрхийг харгалзан үзээгүй, тус хугацаанд ажилтан Т.О т цалин хөлс олгож байсан тухай хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үнэлээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.О ийг ажлаас чөлөөлөх үед МУХБ цаашлаад Хөгжлийн банканд баталгаа гаргасан Монгол Улсын Засгийн газар дампуурах эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн байсныг анхаарч үзээгүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид холбогдуулан Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар ажил олгогчоос холбогдох баримт материал гаргуулсны улмаас ажил олгогч, ажилтны дунд харилцан итгэлцэл байхгүй болж Хөдөлмөрийн гэрээний харилцааг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй. Дээрх нөхцөл байдалд ажилтан нэг бүрийн оролцоо нөлөөлсөн бөгөөд хэрэв нэхэмжлэгч Т.О нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, удирдлагатай зөрчилдөөн үүсгэхгүйгээр өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэнч, шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч энэ үүргээ зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьсан зүйл гомдолд бичигдсэн зүйлс биш байна. Нотлох баримтыг үнэлэх асуудлын тухайд хавтаст хэргийн 39 дүгээр талд байгаа захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарын үсэггүй зөвхөн тамгатай байдаг. Шүүх нотлох баримтыг бүрэн дүгнэсэн гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 65 дугаар талд захирлуудын зөвлөлийн ажиллах журмын 2.2.13 дахь хэсэгт захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлд хурал даргалагч болон хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж заасан учраас шүүх бодитой дүгнэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж ажлаас халлаа гэсэн. Гэтэл хавтаст хэргийн 39 дүгээр талд байгаа хурлын тэмдэглэл нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн огноотой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 25.2.2-т зааснаар хариуцагч өөрөө нотлох баримтаа гаргаж өгч нотлох үүргээ хэрэгжүүлнэ. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, бодитой дүгнэсэн.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, мөн сахилгын давтан зөрчил гаргасан тохиодолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг цуцлах бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үздэг. Гэтэл тушаалын тушаах хэсэг яг ямар зөрчлөөр ажлаас халаад байгаа талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх хэсэг болон тушаах хэсэг хоёр хоорондоо таарсан оновчтой, зохимжтой байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т гутаасан, гүтгэсэн, турхирсан зэрэг маш олон үйлдлүүдийн яг аль үйлдлээр нь ажлаас чөлөөлсөн гэдэг нь байхгүй учраас шүүх Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийг үндэслэж зөв дүгнэсэн.
5.3. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг заасан. Өмнө нь ёс зүйн хороотой байсан бөгөөд ажилчдын төлөөллөөс бүрдсэн ажилтны ёс зүйн зөвлөл хуралдаж ажилтныг өөрийг нь оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажилтанд зөрчил гаргасныг мэдэгдэж, тайлбар авах үндэслэл байдаг байсныг өөрчилсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.5 дахь хэсэгт заасан байна гэж яриад байна. Хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т ажилтан ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон гэж заасан байсан. Үүнийг хөдөлмөрийн дотоод журамд ёс зүйн хэм хэмжээг захирлуудын зөвлөлийн хурлаар тогтоогдсон гэж өөрчилсөн байдаг. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил хөдөлмөрийн гэрээнд үйлдэл тухай бүрийг нэрлэн заана гэдэг нь гэрээний чөлөөт байдлын зарчим буюу талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хоорондоо тохиролцдог асуудал. Гэрээг аль нэг тал дангаар өөрчлөх эрхгүй байдгаараа онцлогтой учраас хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаардах тул шүүхийн шийдвэрийн үндэслэл оновчтой, шүүх зөв дүгнэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нотлоогүй. Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад ч ийм асуудал яригдаагүй байдаг. Зөрчлийг нь урьдчилан шалгаж тогтоож, өөрөөс нь тайлбар мэдүүлэг аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч “МУХБ ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.а. Нэхэмжлэгч Т.О нь “МУХБ ” ХХК-д Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газарт Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 4-11/
3.б. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т.О ийг ажлаас чөлөөлсөн тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, МУХБ ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, МУХБ ны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8, 11.2-т заасныг тус тус баримталсан байна.
3.в. Дээрх тушаалд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталсан боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож буй үндэслэлийг заагаагүйгээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалсан үндэслэл тодорхой бус байна.
3.г. Хариуцагч нь татгалзлалын үндэслэлээ “нэхэмжлэгчийг банкны ажилтнуудын олон нийтийн сүлжээгээр дамжуулан банкны удирдлагуудыг гутаан доромжлох, ажилтнуудыг айдаст автуулж сандаргасан, уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан, мөн шууд удирдлагыг үл тоомсорлон баг болж ажиллаж чадахгүйгээс удирдлага ажилтаны хооронд зөрчил үүсч, ажил гацсан, хэд хэдэн чанаргүй болсон зээлийн олголтод оролцсон тул банкны захирлуудын зөвлөлийн ээлжит хурлаар түүнийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болохыг Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8, 11.2-т заасны дагуу тогтоосон” гэж тайлбарлажээ.
3.д. Нэхэмжлэгч Т.О ийг хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримталсан боловч “үндэслэлээ заагаагүйгээс” ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.
3.е. Хариуцагч “МУХБ ” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дүгээр тушаалаар МУХБ ны хөдөлмөрийн дотоод журмыг тус тушаалын хавсралтаар шинэчлэн баталжээ.
Дээрх Хөдөлмөрийн дотоод журмын 10.6-д журмын 10.5-д зааснаас бусад тохиолдолд ажилтаныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл гомдол, хүсэлтийг нотлох баримтын хамт Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж захирлуудын зөвлөлд гаргах, журмын 10.7-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож энэ тухай баримт болон үндэслэлийг холбогдох ажилтанд танилцуулах, журмын 10.8-д ажилтнаас хариу тайлбарыг ажлын 5 өдрийн дотор бичгээр гаргуулахаар заасан байна.
3.ё. Сахилгын зөрчлийг олж тогтоох талаарх хөдөлмөрийн дотоод журамд заасан ажиллагааг хариуцагч байгууллагын зүгээс явуулаагүйгээс гадна нэхэмжлэгчийг “шууд удирдлагыг үл тоомсорлон баг болж ажиллаж чадахгүйгээс удирдлага ажилтаны хооронд зөрчил үүсч, ажил гацсан, хэд хэдэн чанаргүй болсон зээлийн олголтод оролцсон” гэх сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
3.ж. Энэ талаар гэрч Б.А шүүхэд “Т.О ийн шууд удирдлагын хувьд миний зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй үл тоож ханддаг байсан ноцтой зөрчил гэж үзсэн. Шууд удирдлагаа үл тоосон, чанаргүй зээлтэй холбоотой оролцсон гэж ажлаас халсан...” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн нь өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8-д заасан үндэслэлд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
4. Түүнчлэн, хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан ноцтой зөрчил нэхэмжлэгчийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4.а. Учир нь хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг захирлуудын зөвлөл тогтоосон, журмын 10.13.8-д “ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, бусдад дарамт шахалт үзүүлсэн ажилтны үйлдэл эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцно” гэжээ.
4.б. Хэргийн 1-р хавтасны 39 дүгээр талд МУХБ ны захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэлээс гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхдээ “Т.О нь гарна, баг болж ажиллаж чадахгүй... шууд удирдлагыг үл тоосон... хоорондын зөрчлөөс ... ажил урагшлахгүй удааширсан гацсан... чанаргүй хэд хэдэн зээлд оролцсон... банкны ажилтнуудын байдаг олон нийтийн сүлжээний бүлэгт удирдлагуудыг харааж зүхсэн ... ажилтнуудыг айдаст автуулсан, сандаргасан, банкны хэвийн үйл ажиллагаа, ажилтнуудын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн мэдэгдлүүдийг удаа дараа бичсэн... ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил баримтаар нотлогдон үлдсэн гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн” гэжээ.
4.в. МУХБ ны гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-177 дугаар тушаалаар захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1-р хавсралтаар 11 гишүүдтэй, нарийн бичгийн дарга 1 байхаар, харин ажиллах журмыг 2-р хавсралтаар баталсан байх ба уг ажиллах журмын 2.1-д захирлуудын зөвлөлийн хурал ээлжит болон ээлжит бус байна, журмын 2.8-д захирлуудын зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, журмын 2.12-т хурлаас гарах шийдвэр нь хурлын хураангуй тэмдэглэл хэлбэртэй байх ба шаардлагатай асуудлаар гүйцэтгэх захирал тушаал гаргана, журмын 2.13-т хурлын тэмдэглэлд хурлын дарга болон хурлын нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэжээ.
4.г. Хэргийн 1-р хавтасны 39 дүгээр тал дахь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэлд хурлын дарга болон хурлын нарийн бичиг гарын үсэг зураагүй нь “МУХБ ны Захирлуудын зөвлөлийн ажиллах журмын 2.12, 2.13-т нийцээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 39/
4.д. Гэрч Ж.Э шүүхэд “Т.О ... 2-3 зээл олголтыг тухайн үед хийсэн ажлын дагуу эрсдэлийн судалгаа, хуулийн дүгнэлт гаргадаг байсан... алдаатай дүгнэлт гаргасан... хожим сонсоход хэд хэдэн зээлтэй холбоотой асуудал дээр яллагдагчаар татагдаад.. шалгагдаад явж байгаа... хариуцлага хүлээлгэх үүднээс ажлаас чөлөөлнө гэж ярьсан... 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээл олголттой холбоотой асуудал яригдсан... ажилчдын фейсбүүк групп дээр хэд хэдэн нэр бүхий хүмүүс зохисгүй өнгө аястай агуулгатай пост, мэдээлэл оруулаад байна гэсэн... би буруу санаагүй бол үйл лайгаа эдэлнэ шүү гэх мэт субьектив дүгнэлттэй байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
4.е. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил гаргасан болохыг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймээс дээрх үндэслэлүүдээр “МУХБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 тоот тушаалыг үндэслэлгүй гэж шүүх зөв дүгнэсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. /1-р хх-ийн 40-48/
4.ё. Анхан шатны шүүх Т.О ийг урьд эрхэлж байсан Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.
5. Харин шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэснийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв. Дээрх байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ