Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02181

 

 

 

 

 

    2023          12           18                                          210/МА2023/02181

 

Д.А- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дугаар шийдвэртэй

Д.А гийн нэхэмжлэлтэй, “АҮТ ” ТӨААТҮГазарт холбогдох

“АҮТ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох баримт материал дахь зөрчил бүрэн арилсан учир байгууллагаас хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/351 дугаар тушаалаар жинхэлж томилогдсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан гэдэг үндэсэлэлээр ажлаас чөлөөлсөн. Анх ажилд томилогдоход Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хариуны талаар надад мэдэгдээгүй, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаал, 2021 оны А/267 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн индекс”, 2022 оны А/160 дугаар тушаалаар батлагдсан журамд бизнесийн удирдлагад эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага нь бүгд нэг салбарын зохицуулалттай байхаар батлагдсан тул мэргэжил зөрүүгүй.

1.2.Зам, тээврийн хөгжлийн яамны хяналт, шалгалтын зөвлөмжийн талаар надад танилцуулаагүй, шалгалтын ажлын хэсэг надаас тодруулга аваагүй нь Захиргааны ерөнхий хуульд заагдсан шийдвэр гаргах ажиллагаан дахь оролцогчийн эрх, ашгийг зөрчсөн буюу сонсох ажиллагаа зохион байгуулаагүй.

1.3.Хяналт, шалгалтын талаарх дүн, аливаа зөвлөмж нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт биш. Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж нь байгууллагын хэмжээнд гарсан зөрчлөө арилгах тухай зөвлөмж болохоос энэ хүнийг чөлөөл гэсэн үг үсэг байхгүй буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар гэх үндэслэлд хамаарахгүй. Мөн албан тушаалын тодорхойлолтын үндсэн зорилтын 2.10-т ... төвийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэх мэт байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэх мэт байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэхэд нягтган бодох бүртгэлийн үйл ажиллагаа шууд уялдаа холбоотой бөгөөд тус төвийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа энэ чиглэл барьж баталсан учир миний хувьд тухайн үед мэргэжил зөрүүгүй гэж олгосон.

Иймд “АҮТ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааны хүрээнд “АҮТ ” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн хавсралтын “ХАСУМ хянуулаад албан тушаалын тусгай шаардлага хангахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байтал томилсон зөрчил” хэсэгт Д.А нь мэргэжил таарахгүй, эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч тул зөрчилтэй байна гэж тайлбарласан байдаг.

2.2.Авлигатай тэмцэх газрын 2021 оны 05/1423 дугаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичгээр Д.А нь албан тушаалын тодорхойлолтын “авто инженер-механик, тээврийн удирдлага, автомашин аж ахуй, логистикийн менежмент, төрийн болон бизнесийн удирдлага мэргэжилтэй, авто тээврийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх” гэснийг хангаагүй тул нэр дэвшигчийг холбогдох хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэн томилно уу гэх хариуг ирүүлсэн. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгаж, “АҮТ ” ТӨҮГ-ын захирлын Б/219 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тус тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан гэх заалтыг баримталсан нь үндэслэлтэй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан “АҮТ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А г урьд эрхэлж байсан Ө аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 10,365,500 төгрөгийг хариуцагч “АҮТ ” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “АҮТ ” ТӨҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АҮТ ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу хэрэглэн шүүхийн шийдвэрт “... Зам, тээврийн хөгжлийн яамны шалгалтаар аймгийн автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад нэхэмжлэгч Д.А гийн эзэмшсэн “мэргэжил таарахгүй” гэх зөрчил илэрсэн гэж үзэж, уг зөрчилтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авах чиглэл өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дуграр зүйлийн 78.1.4 -т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэж үзэхгүй буюу Зам, тээврийн хөгжлийн яамны өгсөн чиглэлийн дагуу хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3 -т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилдтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх...” гэж, үүнийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан гэж үзнэ гэж үндэслэл хэсэгт үзсэнийг эс зөвшөөрч байна. Учир нь “АҮТ ” ТӨҮГ нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Зам, тээврийн хөгжлийн яамны гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зарим ажил, үйлчилгээг гэрээгээр хариуцан зохион байгуулдаг, гэрээний биелэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хагас, бүтэн жилээр тайлагнадаг, шууд удирдлага дор ажилладаг бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам шууд удирдах эрх бүхий байгууллага юм. Мөн үйлдвэрийн газрын захирал Б.Г хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар нэхэмжлэгч Д.А д 2023 оны 05 дугаар сарын 04 -ний өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх хэсгийг баримтлан чөлөөлсөн бөгөөд энэ тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт хамаарахгүй буюу нэхэмжлэгчид заавал бичгээр мэдэгдэх шаардлагагүй.

4.2. Шүүхийн шийдвэрт Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн D-200902654 дугаар дипломд “...Данзан овогтой Амартүвшин нь Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 2007 онд элсэж 2009 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн тул захирлын 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 041 тоот тушаалаар бизнесийн удирдлагын бакалавр зэрэг олгов...” гэж дурьдсаныг Аймгийн Автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан бизнесийн удирдлага мэргэжлийн бакалавр зэрэгтэй байх шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь ажилтны эрх ашгийг хөндсөн гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын Засгийн газар “2023 оныг авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж, авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллахыг үүрэг болгосон. Үүний хүрээнд “АҮТ ” ТӨҮГ-т Зам, тээврийн хөгжлийн яамнаас Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааны хүрээнд ажлын хэсэг хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тус шалгалтаар илэрсэн зөрчил, зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 26 -ны өдрийн 05/1923 дугаар албан бичгээр ирүүлсэн байдаг. Тус албан бичгийн хавсралтын гуравт ХАСУМ хянаалаад албан тушаалын тусгай шаардлага хангахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байтал томилсон зөрчил гэсэн хэсэгт Д.А гийн мэргэжил таарахгүй, авто тэзврийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх, эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч тул зөрчилтэй байна буюу тайлбар хэсэгт АТГ-ын 2021 оны 02 дугаар сарын 03 -ны 05/1423 тоот албан бичгээр ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй байгаа талаар мэдэгдсэн боловч томилгоо хийсэн бөгөөд зөрчлийг арилгана уу гэсэн чиглэл өгсөн. Гэвч шүүх зөвхөн нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн, нэхэмжлэгчийн мэргэжил биш бакалаврын зэргийг харсан, түүнчлэн авто тээврийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх гэснийг үл тоон шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтын үнэн зөв хэрэгт хамааралтай, бодитоор талаас нь үнэлээгүй байна. “АҮТ ” ТӨҮГ нь нэхэмжлэгч Д.А г томилохдоо гаргасан алдаа, зөрчил нь эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрч, шаардлагын хүрээнд залруулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш болно.

4.3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.А гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тус үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26 -ны өдрийн Б/219 дугаар тушаалаар гарсан бөгөөд тус тушаалын 2 дахь хэсэгт ажил хүлээлцүүлэх хугацааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор гэж заасны дагуу Д.А гийн ажлыг 2023 оны 06 дугаар сарын 08 -ны дотор хүлээлцсэн. Гэвч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсгийг зөрчсөн буюу “АҮТ ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй шүүхэд шууд хандсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан. Гэтэл хууль зөрчин 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад шүүх хуралдааныг хэлэлцэн шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-ийг баримталсан, эрх бүхий байгууллага шаардсан гэж байна. Гэтэл эрх бүхий байгууллага шаардсан гэх баримт бичиг байхгүй, тухайн үед ажлын хэсэг ажиллаад ийм ийм зөрчил гарсан, энэ асуудлаа цэгцэл гэсэн агуулгатай зөвлөмж өгсөн. Зөвлөмжтэй холбоотойгоор 3 хүнийг ажлаас халсан боловч одоо 13 хүн ажлаа хийж байна. Заавал биелүүлэх хэм хэмжээний акт байсан бол 16 хүний хөдөлмөрийн харилцааг бүгдийг нь зогсоох байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан зохицуулалтыг яагаад буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа вэ гэхээр эрх бүхий байгууллагын шаардлагаар гэж байгаа боловч эрх бүхий байгууллага шаардлага гаргаагүй. Хүний тодорхой төрлийн хөдөлмөр эрхлэх эрхийг таслах эрх ганцхан шүүхэд байгаа, өөр ямар ч албан тушаалтанд олгогдоогүй. Гэтэл тухайн ажлын хэсэг энэ эрхийг эдэлж байгаа мэтээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь буруу. Түүнчлэн, шүүх зөвхөн нэг талын нотлох баримтаар шийдвэр гаргасан гэдэг байдлаар гомдол гаргасан байна. Тангараг өргөсөн шүүгч зөвхөн нэг талын баримтыг үндэслээд, нөгөө талын баримтаас юу ч авч үзэхгүй шийдвэр гаргадаг зүй тогтол Монгол Улсад байхгүй, маргагч хоёр талын гаргаж өгсөн баримтуудыг бүгдийг нь авч үзсэн. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түр ажилд томилсон, 2 жил ажилласан зэрэг бүх баримтыг судалж үзсэн. Мэргэжлийн хувьд таарахгүй байна гэсэн анхааруулга байсан нь үнэн. Гэвч тэр нь Төрийн албаны зөвлөлийн холбогдох шийдвэрээр нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагад хамаарч байгаа учраас энэ хүн зөрчилгүй байна гэсэн, 2 жил ажилласан байна гэсэн ажлын байрны тодорхойлолт байсан боловч нэхэмжлэгч 2 жил 6 сар ажилласан. Засгийн газрын холбогдох шийдвэрийг биелүүлэх зөв хэдий ч хуулийн хүрээнд биелүүлэх ёстой, хууль зөрчиж биелүүлж болохгүй. Ийм ийм зөрчил арилга гэсэн зөвлөмж өгсөн байхад эрх бүхий байгууллагын шаардлага гэдэг байдлаар өөрөөр нэрлээд тушаал гаргаж байгаа нь буруу байна.

5.2. Давж заалдах гомдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэсэн байна. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөл боломж байгаагүй. Учир нь өөрт нь аль хэдийн утсаар мэдэгдсэн гээд ямар нэгэн мэдэгдэл, бичиг баримт өгөлгүйгээр тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шууд шүүх авч хэлэлцэнэ. Хэрэв урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой гэвэл шүүх буцаагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж болох байсан боловч тийм боломжгүй хэрэг байсан. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй учраас хүчингүй болгуулна гэж хариуцагч талаас гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн цагаас эхлэн эрх ашгаа хамгаалах гэж холбогдох байгууллагуудаар тасралтгүй явж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “АҮТ ” ТӨҮГазарт холбогдуулан “АҮТ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. “АҮТ ” ТӨҮГазрын захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/68 тоот тушаалаар Д.А г 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Ө аймгийн Автотээврийн төвийн даргаар 3 сар хүртэл туршилтын хугацаагаар түр томилсон бөгөөд мөн газрын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/351 тоот тушаалаар Ө аймгийн Автотээврийн төвийн дарга Д.А г 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилсон. /хх-ийн 6-7/

3.б. Харин “АҮТ ” ТӨҮГазрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 тоот тушаалаар Д.А гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эрх бүхий байгууллага шаардсаны дагуу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5/ 

3.в. Д.А г ажлаас чөлөөлсөн захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 тоот тушаалд “...Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.5 дахь хэсэгт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан “АҮТ ” ТӨҮГазрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалтыг тус тус баримталсан байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

4.а. Учир нь “АҮТ ” ТӨҮГ-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан аймгийн Автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын В тавигдах шаардлагад “авто инженер-механик, тээврийн удирдлага, автомашин аж ахуй, логистикийн менежмент, төрийн болон бизнесийн удирдлага мэргэжилтэй байх”, туршлагад “авто тээврийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан” байх шаардлага тавигджээ. /хх-ийн 18-22/

4.б. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/1423 тоот албан бичигт “... нэр дэвшигч Д.А нь албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчийг холбогдох хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэн томилох талаар дурдсан. /хх-ийн 55/

4.в. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Монгол Улсын Засгийн газрын Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “АҮТ ” ТӨҮГазрын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд тус яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 тоот албан бичигт “... шалтгалтаар илэрсэн зөрчил, зөвлөмжийг хавсралтаар хүргүүлж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хариу ирүүлэх талаар дурдсан бөгөөд уг албан бичгийн хавсралтын “ХАСУМ” хянуулаад албан тушаалын тусгай шаардлага хангахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байтал томилсон зөрчил” хэсгийн зөрчилд “мэргэжил таарахгүй, эзэмшсэн мэргэжил нь “нягтлан бодогч” гэж дурджээ. /хх-ийн 63-67/

4.г. Анхан шатны шүүх Зам, тээврийн хөгжлийн яамны шалгалтаар аймгийн Автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад нэхэмжлэгч Д.А гийн эзэмшсэн “мэргэжил таарахгүй” гэх зөрчил илэрсэн гэж үзэж, уг зөрчилтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авах чиглэл өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэж үзэхгүй буюу Зам, тээврийн хөгжлийн яамны өгсөн чиглэлийн дагуу хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх...” гэж заасны дагуу мөн хуулийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил... хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон...” гэх нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч Д.А д бичгээр мэдэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4.д. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.А нь Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 2007 онд элсэж, 2009 онд “нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр төгсөн, тус сургуулийн захирлын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 041 дугаар тушаалаар “бизнесийн удирдлагын бакалавр зэрэг олгов” гэжээ. Харин албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд “бизнесийн удирдлага мэргэжилтэй” байх шаардлага тавигдсан тул түүнийг дээрх ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Түүнчлэн, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/1423 тоот болон Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.А нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй болох тус тус нотлогдож байна.

Иймд “АҮТ ” ТӨҮГазрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 тоот тушаалаар Д.А гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт  “ажилтан” энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргаан шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэлгүйгээр шүүхэд хандсаныг буруутгахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч “АҮТ ” ТӨҮГазарт холбогдох “АҮТ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “АҮТ ” ТӨҮГазарт холбогдох, “АҮТ ” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “АҮТ ” ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 181,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                 ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ