Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 453

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Хохирогч С.Ганбаяр, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0229/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Нямжав /ҮД:2354/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох 1906 00537 0370 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 1 дүгээр байрны 3-00 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Б /РД:……………. /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын автомашины зогсоол дээр С.Ганбаяртай “Автомашины зогсоолын төлбөр төлөхгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Нарантуул захаас худалдаа хийхээр хашаа руу нь орсон. Нэг зогсоолд автомашинаа тавих гэхэд боломжгүй байсан. Би тухайн үед хамт явсан хүндээ “хашаатай зогсоол байна” гэж ярилцаж байсан. Би зах руу ороод 1 цагийн дараа гарч ирээд машинаа асаагаад явах гэхэд хохирогч “төлбөрөө өг” гэж хэлсэн. Би 200 төгрөгийн зогсоолд зогссон гэж бодсон. Гэтэл хохирогч “2.000 төгрөг байхгүй байсан юм бол яах гэж төлбөртэй зогсоолд зогссон юм бэ? би энэ зогсоолын эзэн нь байна” гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд машины хажуунаас татаад байсан. Би автомашинаасаа бууж, хохирогчийн нүүр шанаа хэсэгт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ганбаярын өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед зогсоолоос автомашин гарах гэхээр нь би “мөнгөө авъя” гэхэд жолооч нь “юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би автомашиных нь арын хаалгыг татаж онгойлгоход “хаалга хаа” гэж хэлэхээр нь би хаалгыг хаасан. Гэтэл жолооч машинаасаа бууж ирээд намайг заамдахаар нь би жолоочийг зөрүүлээд заамдсан. Жолооч миний шанаанд нэг удаа зөөлхөн цохисон. Би зөрүүлээд цохисон. Жолооч намайг түлхээд автомашиндаа суугаад явах гэж байхаар нь би автомашиных нь хаалгыг татахад намайг түлхсэн. Намайг газарт унасан байх үед жолооч автомашинаасаа бууж ирээд миний дээр гарч суугаад 4-5 удаа цохисон. Би хагалгааны зардал 880.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 508.000 төгрөг, эмчилгээний төлбөр 1.583.420 төгрөг, өдрийн 20.000 төгрөгийн цалинтай байсан. Би ажилдаа 48 хоног яваагүй. Ажилгүй байсны төлбөр 960.000 төгрөг, нийт 3.170.000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ мөнгөн дүнд өмгөөлөгчийн зардал ороогүй. Одоо миний биеийн байдал гайгүй. Баруун, зүүн тийшээ харахаар юмс хоёр харагддаг болсон. Би цаашид эмчлүүлнэ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ганбаярын өгсөн: “... Тухайн өдөр Нарантуул захын баруун хэсэг захиргааны зүүн талд байрлах автомашины зогсоол дээр мөнгө хураагчаар ажиллаж байсан... Үдээс хойш 15 цагийн орчим би зогсоол дээр машин зохицуулж байтал нэг машин уяа татсан 2.000 төгрөгийн төлбөртэй зогсоол руу намайг цаана ажиллаж байх явцад ороод зогсчихсон байсан. Тэгээд уг машиныг гарах үед жолоочид нь хандаж төлбөртэй зогсоолын 2.000 төгрөг өг гэхэд “хуцаад байгаа юм, яахаараа төлбөртэй байдаг юм гэж хэлсэн” тэгэхээр нь би мөнгөө авъя гэхэд өгөхгүй гээд загнаж байснаа машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад түлхсэн. Тэгээд машиндаа эргээд суучихаар нь би хаалгыг нь бариад явуулахгүй байтал дахин бууж ирээд цээж рүү түлхэхэд би газар унасан. Тэгтэл дээрээс нүүрэн тус газар 4-5 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Билгүүний өгсөн: “... Нарантуул захын захиргааны урд автомашины зогсоол дээр яваад очиход зогсоолын мөнгө хураагч гэх намхан залуу харуулын пүтик дотор нэг нүд нь хавдчихсан, хажууд нь нэг өндөр залуу зогсож байсан. Касс хийдэг эмэгтэй надад манай мөнгө хураагч залууг энэ өндөр залуу цохьсон гэж байна гэхээр нь би ямар шалтгаанаар цохьсон юм бэ гэхэд зогсоолын төлбөрөөс болж маргаан болсон. Төлбөргүй зогсоол дээр машинаа байрлуулсан байхад мөнгө нэхээд би цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Талгатын өгсөн: “... Тухайн өдөр ажил дээрээ байсан 16 цагийн орчим байх харуулын пүтикийн гадна ганцаараа тамхи татаж байтал зогсоол дээр Ганбаяр уначихсан дээрээс нь нэг залуу цохиж байхаар нь гүйж очоод болиоч ахаа гэхэд болихгүй нүүр лүү нь гараараа олон удаа цохиод дээр нь суугаад байсан. Тэгсэнээ өндийж босоод бие рүү нь өшиглөөд байхаар нь би тэр ахын хоёр гараас бариад босгоход тэр ах намайг цээж рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би Ганбаярыг татаад босгох гэтэл босч чадахгүй 5 минут орчим хэвтэж байгаад босч ирсэн. Тэгтэл нүүр нь нил цус, тэр дариудаа хавдаад хөхөрсөн. Замын цагдаа цаанаас ирээд нөгөө Ганбаярыг зодсон ахын бичиг баримтыг хураагаад авсан. Тэр үед мөн Нарантуулын 2 цагдаа ирээд нөгөө ахыг аваад явсан. Ганбаярыг зодож байхад би л гүйж ирсэн. Өөр хүмүүс ирж салгаагүй. Төлбөртэй зогсоол мөн. Авто зогсоол 2.000 төгрөг гээд самбар дээр бичсэн байсан одоо хүртэл байгаа. Уг нь уг зогсоолыг уяагаар тусгаарласан байгаа...” гэх мэдүүлэг /хх.28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1299 дугаартай: “... С.Ганбаярын биед зүүн ухархайн дотор хана, доод хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... наадах чинь төлбөртэй зогсоол гээд хаалганаас татаад явуулахгүй байхаар нь холд гээд 2 удаа хэлээд явахгүй байхаар нь машинаасаа буусан. Тэгтэл төлбөрөө төлж чадахгүй бол яах гэж машинаа тавьсан юм, арчаагүй новш чинь гээд элдэвээр хараахаар нь би гарахдаа 2.000 төгрөг авдаг биздээ, энэ төлбөртэй зогсоол биш шүү дээ гэж хэлсэн. Тэгээд маргалдсан, тэгж байгаад явлаа, холд гээд уг залуугийн цээж рүү түлхэхэд намайг зөрүүлж түлхээд зүүн шанаа руу нэг удаа цохиод авахаар нь зөрүүлж заамдаад хавирч унагаад зүүн шанаанд нь нэг удаа цохьсон. Тэгтэл тэр залуу босоод ирсэн, тэгтэл хамарнаас нь цус гарчихсан, намайг хөл гар руу өшиглөөд болохгүй байтал нэг залуу ирээд салгасан. Удалгүй 2 цагдаа ирээд намайг дагуулаад явсан... Ганбаярын биед учирсан гэмтэл миний цохилтоос учирсан гэмтэл мөн, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.45/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.12-15/,

Урьд ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас /хх.46/,

Хохирлын баримтууд /хх.64-67/,

Хохирол төлсөн болон хувийн байдлын талаарх шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын автомашины зогсоол дээр С.Ганбаяртай “Автомашины зогсоолын төлбөр төлөхгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ганбаярын өгсөн: “... Тэгээд машиндаа эргээд суучихаар нь би хаалгыг нь бариад явуулахгүй байтал дахин бууж ирээд цээж рүү түлхэхэд би газар унасан. Тэгтэл дээрээс нүүрэн тус газар 4-5 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Билгүүний өгсөн: “... Касс хийдэг эмэгтэй надад манай мөнгө хураагч залууг энэ өндөр залуу цохьсон гэж байна гэхээр нь би ямар шалтгаанаар цохьсон юм бэ гэхэд зогсоолын төлбөрөөс болж маргаан болсон. Төлбөргүй зогсоол дээр машинаа байрлуулсан байхад мөнгө нэхээд би цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Талгатын өгсөн: “... Ганбаяр уначихсан дээрээс нь нэг залуу цохиж байхаар нь гүйж очоод болиоч ахаа гэхэд болихгүй нүүр лүү нь гараараа олон удаа цохиод дээр нь суугаад байсан. Тэгсэнээ өндийж босоод бие рүү нь өшиглөөд байхаар нь би тэр ахын хоёр гараас бариад босгоход тэр ах намайг цээж рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би Ганбаярыг татаад босгох гэтэл босч чадахгүй 5 минут орчим хэвтэж байгаад босч ирсэн. Тэгтэл нүүр нь нил цус, тэр дариудаа хавдаад хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх.28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1299 дугаартай: “... С.Ганбаярын биед зүүн ухархайн дотор хана, доод хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... уг залуугийн цээж рүү түлхэхэд намайг зөрүүлж түлхээд зүүн шанаа руу нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд заамдаад хавирч унагаад зүүн шанаанд нь нэг удаа цохьсон. Тэгтэл тэр залуу босоод ирсэн тэгтэл хамарнаас нь цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хх.45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ганбаярын өгсөн: “... Гэтэл жолооч машинаасаа бууж ирээд намайг заамдахаар нь би жолоочийг зөрүүлээд заамдсан. Жолооч миний шанаанд нэг удаа зөөлхөн цохисон. Би зөрүүлээд цохисон. Жолооч намайг түлхээд автомашиндаа суугаад явах гэж байхаар нь би автомашиных нь хаалгыг татахад намайг түлхсэн. Намайг газарт унасан байх үед жолооч автомашинаасаа бууж ирээд миний дээр гарч суугаад 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэт шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч С.Ганбаярын нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.610.000 төгрөг, 20 хоног ажилгүй байсан хугацааны цалин 960.000 төгрөг, нийт 2.570.000 төгрөг нэхэмжилсэн боловч 20 хоног ажилгүй байсан хугацааны цалин 960.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхисон, шүүгдэгч Б.Б нь толгойн компьтерийн төлбөр 90.000 төгрөг, эм тарианы зардал 58.859 төгрөг, шатахууны үнэ 62.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 507.960 төгрөг, нүдний хагалгааны төлбөр 880.000 төгрөг, нийт 1.599.819 төгрөгийг нөхөн төлсөн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч С.Ганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Боос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бод сануулсугай.

5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Хохирогч С.Ганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР