Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2016/00247/И |
Дугаар | 330 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 330
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дугаар баг3 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Дүүжий овогт Дүүжийгийн Санжаа /МА-56061515/- ийн нэхэмжлэлтэй
“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Санжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Санжаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ... Миний бие нь анх 1981 оны 6 сарын 25-нд багшийн сургуулийн соёлын ангийг соёлын ажилтан мэргэжлээр суралцан төгсөж 1981.7.1-нд соёлын яамны боловсон хүчний хэлтсийн даргын 848 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг Алтанбулаг хөдөө аж ахуйн техникумын захирлын 1981.7.6-ны 148 тоот тушаалаар концерт местер /хөгжмийн багш/ ажилласан. Ингээд ажиллаж байгаад 1986.12.25-нд ЭХМ комиссын 157433 тоот актаар үндэслэн групп тогтоолгосон ба 1988.1.1-нд группийн хугацаа дуусч 1988.2.1-нд хөгжмийн багшаар эргэн ажилласан. 1990 оны үед ХАА Техникум татан буугдсан, 1993.9.18-нд тус сумын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орж 2016.3.25-нд өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 1981 он завсартай 1981-1993-оны хагас тооцсон тул 1981-1993 оны ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.
Нэхэмжлэгч Д.Санжаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1981 онд багшийн сургууль төгсөж ирээд хөгжмийн багш албан тушаалаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд хөгмийн багшаар томилогдон ажилласан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа осолд ороод 1 жил группэд орсон. 1981 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 1993 оны 10 сарын 07-ныг хүртэл улсад ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна гэх.
Шүүхэд цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Санжаагийн шүүхэд гаргасан ... улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.
Учир нь: Д.Санжаа нь 1981.07.06-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын захирлын 148 дугаар тушаалаар хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн ба 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мөн захирлын 01 тоот тушаалаар уг ажлаас нь өвчний учир түр чөлөөлж улмаар группын хугацаа дууссан тул 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн захирлын тушаалаар хөгжмийн багшаар үргэлжлүүлэн томилж 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Алтанбулаг сумын ХАА-н техникумын захирлын 72 тоот тушаалаар хөгжмийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай хэргийн 8-11-р талд авагдсан Д.Санжаагийн хөдөлмөрийн дэвтрийн нотиратаар батлуулсан хуулбар, 12-р талд авагдсан 1990.02.06-ны өдөр Д.Санжааг шагнасан тухай тушаал, 13-р талд авагдсан архивын хуулбар, ээлжийн амаралт олгох тухай захирлын 80 тоот тушаалын архивын хуулбар, 14-15-р талд авагдсан Д.Санжаагийн 1986, 1992 онд шагнагдаж байсан баримт, 16-19-р талд авагдсан Д.Санжаагийн хамт олонтой авахуулсан фото зургийн хуулбар, хэргийн 4-5-р талд авагдсан аймгийн архивын тодорхойлолт. Д.Санжаагийн хамт ажиллаж байсан гурван хүний тодорхойлолт, хэргийн 24-26-р талд авагдсан Д.Санжаагийн хамт ажиллаж байсан гурван хүний гэрчийн мэдүүлэг, Д.Санжаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Санжаагийн ...1981 оны 07 дугаар сарын 06-наас 1993 оны 10 дугаар 07-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл болон 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дүүжий овогт Дүүжийгийн Санжааг 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлхи хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН