Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 467

 

                    

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ст холбогдох 1906 01179 0494 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоолны газар зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 6 дугаар гудамжны 6716 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Жийн С /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.С нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн Олон үндэстний хоолны газарт хамт ажиллаж байсан Б.Эрдэнэчимэгийн цүнхнээс ХААН банкны картыг нь нууцаар, хууль бусаар авч, улмаар АТМ-с 800.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би ажил дээрээ байж байхад 12 цаг 46 минутанд миний гар утсанд 800.000 төгрөгний зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Би тухайн мессежийг хараад ХААН банктай холбогдоход таны данснаас “Жанжин” захын эскпресс АТМ-ээс 800.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн... миний виза картны нууц дугаарыг том охин Оюун-Эрдэнэ, манай цайны газарт ажилладаг С мэднэ...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Б.Эрдэнэчимэгийн 5065371509 дугаарын дансны хуулга /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сийн яллагдагчаар өгсөн: “... Эрдэнэчимэг эгчийн гар цүнхнээс ХААН банкны картыг нь нууцаар авчихсан юм... код нь 0228 гэдгийг мэдэж байсан... таксины танихгүй жолоочид хөл өвдөөд байна, энэ картнаас мөнгө уншуулаад аваад өгөөч гэж гуйгаад 800.000 төгрөг авахуулсан. Би машины дугаарыг харж чадаагүй. Би хүнд өртэй байсан болохоор энэ хэргийг үйлдчихсэн юм. Би 800.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан, анх удаа энэ хэргийг үйлдэж, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэмшиж байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн арга хэмжээ оногдуулж өгнө үү гэж гуйж байна...” гэх мэдүүлэг /хх.35/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.С нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн Олон үндэстний хоолны газарт хамт ажиллаж байсан Б.Эрдэнэчимэгийн цүнхнээс Хаан банкны картыг нь нууцаар, хууль бусаар авч, улмаар АТМ-с 800.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би ажил дээрээ байж байхад 12 цаг 46 минутанд миний гар утсанд 800.000 төгрөгний зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Би тухайн мессежийг хараад ХААН банктай холбогдоход таны данснаас “Жанжин” захын эскпресс АТМ-с 800.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн... миний виза картны нууц дугаарыг том охин Оюун-Эрдэнэ, манай цайны газарт ажилладаг С мэднэ...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Б.Эрдэнэчимэгийн 5065371509 дугаарын дансны хуулга, /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сийн яллагдагчаар өгсөн: “... Эрдэнэчимэг эгчийн гар цүнхнээс Хаан банкны картыг нь нууцаар авчихсан юм... код нь 0228 гэдгийг мэдэж байсан... таксины танихгүй жолоочид хөл өвдөөд байна, энэ картнаас мөнгө уншуулаад аваад өгөөч гэж гуйгаад 800,000 төгрөг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх.35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ж.Сийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Ж.С нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.Эрдэнэчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Сийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст хорих ял оногдуулахгүйгээр 6  сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Ж.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ж.С нь сэжигтэнээр 2 хоног баривчлагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Жийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ж.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг Ж.Ст сануулсугай.

5. Хохирогч Б.Эрдэнэчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Ж.С нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, сэжигтэнээр 2 хоног баривчлагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эрдэнэчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР