Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч С.Онарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Малч овогт Сүхтэйгийн О-д холбогдох эрүүгийн 1803009000459 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Онь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Драмын театрын зүүн хойд замд Тоёота приус-20 маркийн 59-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч М.Чимэгбатыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/, хохирогч М.Чимэгбатын мэдүүлэг /хх-26-28/, гэрч Д.Гэрэлмаа /хх-91-92/, Х.Дэлгэрмаа /хх-94-95/, хохирлын талаарх баримт, өвчний түүх /хх-30-50, 53-77/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-78-80, 84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-97/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-104-109/, мөрдөгчийн магадлагаа /хх-113-115/, хохирогч М.Чимэгбат, шүүгдэгч С.Онарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-158-159/, шүүгдэгч С.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-122-137/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь С.Онь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Драмын театрын зүүн хойд замд Тоёота приус-20 маркийн 59-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч М.Чимэгбатыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “...том оврын тээврийн хэрэгсэл шахаад ороод ирсэн. ...би сандарсандаа баруун гар тал руугаа дарж замын баруун талд зогсож байсан нэг эмэгтэй хүнийг мөргөж, улмаар том савтай модыг мөргөөд зогссон. Хоёр найз нь 102, 103-т дуудлага өгсөн, би зам дээр зохицуулалт хийж байсан цагдааг дуудаж ирүүлсэн. Удалгүй түргэн ирж мөргүүлсэн эмэгтэйг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-121/, хохирогч М.Чимэгбатын “...цэнхэр өнгийг суудлын машин намайг мөргөж

улмаар цааш яваад савтай мод мөргөөд тулаад зогссон...” гэх мэдүүлэг /хх-26-28/, гэрч Д.Гэрэлмаагийн “...гэнэт баруун хар өнгийн том оврын тээврийн хэрэгсэл шахаад ороод ирсэн. О- баруун гар тал руугаа дарж хашлага даваад савтай мод мөргөөд зогссон. ...савтай модны хажууд зогсож байсан 3 эмэгтэй биднийг загнаад байсан” гэх мэдүүлэг /хх-91-92/, гэрч Х.Дэлгэрмаагийн “...огцом хурдтай замын хашлага даваад савтай модыг мөргөж, улмаар савтай модны хажууд зогсож байсан 3 эмэгтэйн нэгийг мөргөсөн. ...мөргүүлсэн эмэгтэй босож чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-94-95/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...М.Чимэгбатын биед ахар сүүлний 5-р нугалмын их бие болон баруун эвэр дайрсан зөрөөтэй далд хугарал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” хэх /хх-97/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-104-109/, мөрдөгчийн магадлагаа /хх-113-115/, хохирлын талаарх баримт, өвчний түүх /хх-30-50, 53-77/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-78-80, 84/, хохирогч М.Чимэгбат, шүүгдэгч С.Онарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-69-71/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч С.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч С.О-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар С.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Онь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн осол хэрэг гарсан зам орчныг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Онь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5,

36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Малч овогт Сүхтэйгийн О-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар С.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол              С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР