Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0025/З |
Дугаар | 149 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 149
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Д.Г,
Хариуцагч: Авлигатай тэмцэх газар,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тушаал, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тоот тушаалыг үндэслэн хууль бусаар хассан нэг сарын цалингийн 30 хувьтай тэнцэх мөнгийг минь буцаан олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “
“Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний 05/5357 тоот албан бичгийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Л 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тоот тушаалаар миний үндсэн цалинг нэг сарын хугацаанд 30,0 хувиар буурууулах сахилгын шийтгэл ногдуулсан нь илт хууль бус шийдвэр боллоо.
Миний бие 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр ШӨХТГ-ын дарга асан Т.А-ын “www.n*******.mn сайт хууль бусаар гүтгэсэн” тухай гомдлыг удирдлагын шийдвэрээр шалгаж, албан үүргийн дагуу улсын байцаагчийн дүгнэлт гаргасан юм.
Дүгнэлт гаргасан асуудлаар 7-8 сарын үед Авлигатай тэмцэх газрын ажилтан эмэгтэй /сар, өдөр болон тэр ажилтны нэрийг санахгүй байна/ ганцхан удаа дуудаж тайлбар авсан. Тэр ажилтан “Дүгнэлт гаргасан тухайд чинь би юм хэлэхгүй. Харин та уг дүгнэлтийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдүүлээгүй чинь хууль зөрчсөн байна. Т.А өөрийг чинь ажилд авсан нь ашиг сонирхлын зөрчил” гэж намайг буруутгасан юм. Т.Атай ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй тул би мэдүүлээгүй гэдгээ тайлбарласан боловч ямар ч нотолгоогүйгээр надад сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.
1. Миний хууль зөрчсөнийг ямар нэг байдлаар нотлоогүй, нотолсон бол түүнийгээ надад танилцуулаагүй, мэдэгдэлгүй шийдвэр гаргасан нь миний өөрийгөө хамгаалах хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Авлигатай тэмцэх газар одоо болтол ямар нэг албан ёсны баримт бичиг танилцуулаагүй байгаа.
2. Хэн нэгнийг ажилд авах нь ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж холбогдох хууль тогтоомжид заагаагүй байна.
3. Т.А намайг ажилд авахдаа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болохоос надтай хамаарал бүхий этгээд байгаагүй, тэр намайг огт таньдаггүй байсан. Шүүхээс ажилд нь эргүүлэн авах шийдвэр гарсан нийт 7 хүнийг нэг зэрэг ажилд авсны нэг нь би.
4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтыг баримтлан намайг буруутгасан. Тэгвэл ашиг сонирхлын зөрчил үүсэн хамаарал бүхий этгээдийг уг хуулийн 3.1.5-т “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг гэж заасан байх ба энд “ажилд авсан албан тушаалтан” Г дурдагдаагүй байна. Мөн хуулийн 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг гэж нарийвчлан заасан байна. Миний бие Т.Атай ашгийн буюу бизнесийн ямар ч хамааралгүй /хамтран эзэмшдэг эд хөрөнгө, аж ахуй, хувьцаа зэрэг зүйл огтбайхгүй/ төдийгүй эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүгийн холбоогүй намайг хууль бусаар “хамаарал бүхий этгээд” болгон тогтоосон байна.
Гэтэл ийм хууль бус үндэслэлийг баримтлан ШӨХТГ-аас сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг дараах байдлаар зөрчсөн байна.
1. Сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа хэлж мэдэгдээгүй.
2. Сахилгын шийтгэл ногдуулахдаа шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт болох эрх зүйн баримт бичгийг Авлигатай тэмцэх газраас шаардаж авалгүй зөвхөн албан бичгийг үндэслэл болгосон.
3. Дээр дурдсан зөрчлүүд нь “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэснийг зөрчсөн.
Энэ асуудлаар 2016 оны 10 дугаар сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгч Л.Батбаатар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8847 тоот захирамж гарган, “урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж” миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
Авлигатай тэмцэх газрын дээд шатны байгууллага нь УИХ, ШӨХТГ-ын дээд шатны байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын ажлын алба байх ба холбогдох хууль тогтоомжийг судлахад тэдгээр байгууллагуудын чиг үүрэгт төрийн албан хаагчид ногдуулсан сахилгын шийтгэлийн асуудал хамаарахгүй байна.
Иймд би төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөрт хамаарах хамгийн дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус байгууллагын дарга Б.Ц******* 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 1257 тоот албан бичгээр төрийн албан хаагч надад сахилгын шийтгэл ногдуулсан энэ асуудлыг “Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй байна” гэсэн хариу өгсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатарын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8847 тоот захирамжид дурдсаны дагуу тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ Тус Шударга өрсөлдөөн хэрэлэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаартай тушаалаар Д.Г-д тухайн сахилгын шийтгэлийг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/6538 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн шаарлагыг үндэслэн ногдуулсан.
Ингэхдээ тухайн цаг үед агентлагийн дарга томилогдоод ердөө 1 хонож байсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар 24-ний өдрийн 05/5357 дугаартай албан бичигт дурдсан хугацаанд шийдвэрлэх боломжгүй байсан учир 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/911 дугаартай албан бичгээр “Миний бие ... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр агентлагийн даргын үүрэгтажилд томилогдсон, Д.Г ээлжийн амралттай байгаа зэрэг шалтгааны улмаас дээрх хугацаанд шийдвэрлэх боломж хараахан бүрдэхгүй байх тул ...хугацаа олгож өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/6538 дугаартай албан бичиг ирүүлсэн.
Үүний дараа Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 дугаартай албан бичигт дурдсан “ШӨТХГ-ын улсын ахлах байцаагч Д.Г нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Т.А-тай холбоотой гомдлыг шалгахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Иймд улсын ахлах байцаагч Д.Г-д дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлагыг хүлээлгэж авсан арга хэмжээний талаар... хариуг ирүүлнэ үү” гэснийг биелүүлж, улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаартай тушаалыг гаргасан байдаг.
Мөн энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/1027 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Түүнчлэн агентлагийн даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаартай тушаалын үндэслэл хэсэгтАвлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 дугаартай албан бичиГ-ддурдсаны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэл болгон Д.Г-д сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан.
Үүнээс харахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаартай тушаалын үндэслэл хэсэгтАвлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 дугаартай албан бичигт дурдсаны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэл болгон Д.Г-д сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан.
Үүнээс харахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаартай тушаал нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, мөн хуульд заасныг биелүүлсэн үйл ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, ялангуяа 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/6538 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн шаардлагыг биелүүлсэн.
Иймд тус Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“www.n*******.mn веб сайтын редактор Б.А-аас тус газарт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 63 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Т.А-ын өргөдлийг хүлээн авч хянаад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/28 дугаар дүгнэлтээрээ n*******.mn веб сайтын эрхийг 6 сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын байцаагч Д.Г нь 2016 оны 01 дүгээр сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.А-ын тушаалаар уг ажилд томилогдсон. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “албан тушаалтан мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна. Д.Г-ийн энэ үйлдлээс болж манай сайтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар одо*******р 2 сая гаруй төгрөгийн бодит хохирол учрах нөхцөл бүрдээд байна. Иймд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдсээр байж, хууль бус дүгнэлт гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлд заасны дагуу шалгаж зохих хариуцлага тооцож өгнө үү” гэсэн өргөдлийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу хяналт шалгалтын ажлыг явуулсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г нь түүний даргаар ажиллаж байсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 63 дугаар тойрогтМонгол Ардын Намаас нэр дэвшигч Т.А-ын менежер Б.Г*******аас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдлыг хүлээн авч шалгахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” гаргаж эрх бүхий албан тушаалтанд бичгээр танилцуулаагүй нь тогтоогдсон. Иймд дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлагыг тооцуулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаар тушаалаар Д.Г-д албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Д.Гийн нэхэмжлэлд дурдсан асуудалд дараах тайлбарыг өгч байна. Үүнд:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана” гэж заасан байна.
Д.Г нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2006 оноос эхлэн ажиллаж байх бөгөөд тус газрын даргаар ажиллаж байсан Т.Атай холбоотой өргөдлийг шалгахдаа хуулийн дээрх заалтыг зөрчиж “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” гарга эрх бүхий албан тушаалтанд бичгээр таницуулаагүй нь тус газрын ХАСХОМ-ийн цахим системийн “Мэдэгдэл, тайлбар тэдгээрийн шийдвэрлэлтийн бүртгэл”-д мэдээлэл байхгүй байгаа болон Д.Г-өөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус газарт өгсөн тайлбараар тогтоогдсон тул түүнд хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн.
Д.Г хуулийн дээрх заалтыг зөрчсөн талаар түүнээс тайлбар авах явцад мэдэгдсэн бөгөөд түүнд дахин танилцуулж, мэдэгдэх үүрэггүй бөгөөд харин хуульд заасны дагуу түүнийг томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж зохих хариуцлагыг тооцуулсан.
2. Нэхэмжлэлийн 2, 3, 4 дүгээр зүйлд дурдсан Т.А нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Д.Гийг томилсон, дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “хамаарал бүхий этгээд”, 3.1.6-д заасан “нэгдмэл сонирхолтой этгээд”-тэй ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх асуудлууд нь нэхэмжлэгч Д.Гтэй холбоотой шалгасан гомдолтой хамааралгүй болно.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Д.Г-тэй холбогдуулан гаргасан гомдлыг тус газраас хянан шалгаад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчсөн зөрчилд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлагыг тооцуулсан нь эрх зүйн үндэслэлтэй байх тул Д.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Г тус шүүхэд хандан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тушаал, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Б/120 тоот тушаалыг үндэслэн хууль бусаар хассан нэг сарын цалингийн 30 хувьтай тэнцэх мөнгийг минь буцаан олгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ .
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана” гэж заасан байна.
Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д ”Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад хандан тус газрын улсын ахлах байцаагч Д.Г-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсанТ.А-тай холбоотой гомдлыг шалгахдаа дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага хүлээлгэж авсан арга хэмжээний талаар хариуг ирүүлнэ үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5367 дугаар албан бичгийг “...Т.А бид 2 холбоогүй, би чиг үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Авлигатай тэмцэх газрын ирүүлсэн албан бичиг нь үндэслэлгүй. Надад танилцуулагдаагүй, маргах боломж олгоогүй...” гэж үгүйсгэн маргажээ.
Харин хариуцагчаас “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан. Түүнээс биш нэхэмжлэгчийг Т.Атай нэгдмэл сонирхолтой этгээд гэж хэлээгүй...Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар гаргасан шийдвэрт нь хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа...” гэж тайлбарлаж байна.
1.Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/5357 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан комиссар Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “...“www.n*******.mn веб сайтын редактор Б.Ааас тус газарт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу хяналт шалгалтын ажлыг явуулсан. Д.Г нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2006 оноос эхлэн ажиллаж байх бөгөөд тус газрын даргаар ажиллаж байсан Т.Атай холбоотой өргөдлийг шалгахдаа хуулийн дээрх заалтыг зөрчиж “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” гаргах эрх бүхий албан тушаалтанд бичгээр таницуулаагүй нь тус газрын ХАСХОМ-ийн цахим системийн “ Мэдэгдэл, тайлбар тэдгээрийн шийдвэрлэлтийн бүртгэл”-д мэдээлэл байхгүй байгаа болон Д.Г-өөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус газарт өгсөн тайлбараар тогтоогдсон тул түүнд хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн...” гэж тайлбарыг өгчээ.
Энэхүү маргаан бүхий албан бичиг нь эрх зүйн үйлчлэлээрээ гадагш чиглэсэн, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд бусад субъектэд хандан заавал биелэгдэх чанартай, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт байна.
Гэвч энэ тохиолдолд Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч Д.Гийг албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан эрх зүйн зөрчлийг гаргасан болохыг тогтоосон гэсэн атлаа энэхүү эрх зүйн актаа түүнд танилцуулан мэдэгдээгүй, түүнд Төрийн албан хаагчийн хуулиар олгосон эрхээ хамгаалуулах боломжийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Д.Г-ийг албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримтыг тогтоохдоо зөвхөн гомдол гаргагчаас ирүүлсэн өргөдөлтэй холбогдуулан түүнээс тайлбар авсан, цахим системээс Д.Г-ийн ашиг сонирхлыг зөрчил үүсч болзошгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл бичгээр гаргасан эсэхийг шалгасны үндсэн дээр түүнийг хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа нь хариуцагч Авлигатай тэмцэх газрыг мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтын албаны даргаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлагч байцаагч Д.Г-ийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчсөн болохыг тогтоосон эрх зүйн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан” сонсон ажиллагаа” хийгээгүй, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх”, 44 дүгээр зүйлд заасан “Захиргааны актын талаар тайлбарлах” ажиллагаануудыг хийгээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Авлигатай тэмцэх газар дээр дурдсан хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж, улсын ахлагч байцаагч Д.Гийн хууль зөрчсөн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай байна.
2. “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар хассан нэг сарын цалингийн 30 хувьтай тэнцэх мөнгийг минь буцаан олгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/5367 дугаар албан бичгийг үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Л 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тоот тушаал гаргаж , уг тушаалаар Д.Г-д албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...Би төрийн албан хаагч хүн. Надад арга хэмжээ авахаар бол Төрийн албаны хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой...” гэж маргажээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Б/120 дугаартай тушаалын үндэслэл хэсэгтАвлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/5367 дугаар албан бичигт дурдсаны дагуу... эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, мөн хуульд заасныг биелүүлсэн үйл ажиллагаа юм...” гэж өөрийн гаргасан эрхийн актаа тайлбарлажээ.
Нэгэнт уг маргаан бүхий Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тоот тушаалын үндэслэн болсон Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн байхаас гадна хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга маргаан бүхий Б/120 тоот тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Г-ийн Төрийн албаны тухай хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал Төрийн албан хаагчид “Сахилгын шийтгэл ногдуулах” хуульд заасан журмыг хэрэглэлгүйгээр арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, уг асуудлыг шүүхээс илүүтэй хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой байх тул Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/5367 дугаар албан бичиг, түүний үндэслэн гарсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тоот тушаалыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгтзаасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/5367 дугаар албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 тоот тушаалыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нар шинэ акт гаргаагүй бол Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/5367 дугаар албан бичиг, нэхэмжлэгч Д.Г-д “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/120 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР