Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1332

 

  Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2002 онд өөрийн төрсөн ах болох ХХтэй ярилцаж өөрсдийн гэсэн өмчтэй болох үүднээс хамт ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод орших 216 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг хамтын хөдөлмөрийн үр дүнд барьж, ашиглалтад оруулсан. Бид ашиг олох зорилгоор уг барилгыг хамтарч барьсан бөгөөд энэ үйлчилгээний барилгад миний бие ашиглалтад орсон цагаас хойш өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулж байгаа.

Тухайн үед миний төрсөн ах ХХийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсныг миний бие мэдээгүй ба саяхан хувийн бизнесээ өргөжүүлэхээр банк санхүүгийн байгууллагад хандах үедээ энэхүү барилгыг ах ХХ өөрийн нэр дээр бүртгүүлсэн болохыг мэдлээ.

Миний бие барилгын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх саналаа өөрийн төрсөн ахдаа удаа дараа хүргүүлсэн боловч тэрээр миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул намайг ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод орших 216 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод орших 216м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х уг барилгад яг хэдэн төгрөг оруулсан болохыг нотлох баримт хэрэгт хангалттай биш байгааг анхаарна уу. Одоохондоо Хийг уг барилгын хамтран өмчлөгчөөр оруулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, энэхүү барилгыг одоо бусдад зарж борлуулах гэж байгаа бөгөөд харин зарж борлуулсны дараа нэхэмжлэгч Хэд тодорхой хувийг өгөхөд татгалзах зүйл байхгүй.  

Маргаан бүхий барилгыг Х болон ХХ нар хамтарч барьсан, Х тодорхой хувь оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, энэ талаар ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Х нь ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод орших 216м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг ХХийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХэс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 116 дугаар зүйлийн 116.2 / дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Х нь тус барилгыг барихад төрсөн дүүгийн хувиар туслалцаж байсан ба хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай огт яригдаж байгаагүй, Хийн оруулсан гэх хөрөнгийг нотлох нэг ч баримт байхгүй байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Мөн тус барилга нь банк санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавигдсан тул өмчлөлд өөрчлөлт оруулах боломжгүй хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулж, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод байршилтай 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хамтарч барьсныг үгүйсгэхгүй, харин уг барилгыг бусдад зарж борлуулах гэж байгаа учраас борлуулсны дараа Хэд тодорхой хувийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

            Зохигчдын тайлбараас үзвэл барилгыг хамтарч барьсан талаар талууд маргаангүй байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

            Барилгыг бусдад зарж борлуулах гэж байгаа учраас борлуулсны дараа Хэд тодорхой хувийг өгнө гэх хариуцагчийн тайлбар нь хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаахгүй бөгөөд зохигчид барилгыг барихад оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлсон баримт гаргаагүй тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хураамжийн хэмжээг талууд тодорхойлоогүй,  тэнцүү хариуцахаар байна гэж үзнэ.

Дээрх байдлаар  тэнцүү хэмжээгээр хураамж оруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байхад  ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод байршилтай 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын хамтран өмчлөгчөөр ХХ бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

            Иймд нэхэмжлэгч Х нь ХХд холбогдуулан хамтран өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардлага гаргах эрхтэй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

            Шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаантай харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ