Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0396

 

2019 оны 07 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0396                          Улаанбаатар хот

П.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 126/ШШ2019/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу П.Б-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т, хяналтын байцаагч П.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 126/ШШ2019/0016 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан П-ийн Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаарт заасан П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Түнэл сумын 6 дугаар багийн тахир дутуугийн тэтгэвэр авагч П.Б-ын тахир дутуугийн №*** дугаарын хувийн хэрэгт бүрдүүлсэн ажилласан жилийн баримт болох 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 тоот шүүхийн шийдвэр, №****** цэргийн батлахыг үндэслэж 2,892,100 төгрөгийн тэтгэврийг П.Б-оор төлүүлэх шийдвэр гаргасан.

Учир нь П.Б 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тахир дутуугийн групп тогтоолгосны дараа ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочин, ачигчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ялалт компанид ногоочин, ачигч зэрэг ажлыг хийж байсан тул улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэж нэхэмжилж, шүүх П.Б-ын хөдөлмөрийн дэвтэр, 1977-1922 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрч А.П, Ж.Ц, С.Д нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бүрдүүлсэн баримтыг үндэслэж түүнийг Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, Ялалт компанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ногоочин, ачигчаар ажилласан гэж 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн байна.

П.Б Нийгмийн даатгалын байгууллагад 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврээ тогтоолгохоор өргөдлөө өгсөн. 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Цэрэг иргэний хамгаалалтын штабаас 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл барилгын цэргийн ангид алба хаасан тодорхойлолт ирүүлсэн. 2004 оны 09 дүгээр сард Түнэл сумын нийгмийн даатгалын байцаагчид №****** цэргийн батлахыг ирүүлж тэтгэврээ нэмэгдүүлсэн.

Ийнхүү зөвхөн 2004 оны 03 дугаар сарын 09 дүгээр сар хүртэл П.Б төрийн 2 байгууллагад иргэний үүргээ зөрчин өөр өөр мэдээлэл, баримт бүрдүүлж худал мэдүүлснээс төрийн албан хаагчийг алдаа гаргах үндэс болсон.

Энэ нь 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 тоот шүүхийн шийдвэрээс харагдаж байна.

П.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цэргийн алба хаасан хугацаагаа нэхэмжлэлдээ дурдалгүй, шүүхэд хуурамч материал бүрдүүлэн өгч хугацаат цэргийн албыг 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хаасан хууль ёсны хүчин төгөлдөр баримт бичгээ үнэн зөв мэдүүлээгүй, шүүхэд бүрдүүлэх баримтаас нууж хоцроосон, ажилласан гэж худлаа мэдүүлсэн байна. Энэ нь шүүхийн байгууллага, шүүгчийг хуурсан. Үүний улмаас дээрх шүүхийн шийдвэр буруу гарч даатгалын санг хохироосон байна гэж үзэж акт тавигдсан.

П.Б түүний өмгөөлөгч нийгмийн даатгалын улсын байцаагч уг актыг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр санаатайгаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүйгээр илүү тогтоолгож авсан илүү авсан тэтгэврийн төлбөр болох 2,892,100 төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би санаатайгаар хуурамч баримт бичиг бүрдүүлж улсыг хохироогоогүй, би бичиг баримт хүсэлтээ холбогдох албан тушаалтанд өгсөн, миний бичиг баримтыг албан тушаалтан шалгаж хянаад группийн тэтгэвэр авах эрх үүсгэж, тэтгэвэр тогтоож олгосон болохоос би хууль бус зүйл хийгээгүй. Би захиргааны байгууллагын ажилтны хяналт тавих албан үүрэгт хууль бус байдлаар нөлөөлж, хохирол учруулсан зүйл байхгүй. Аль 2004 оноос хойш 2017 оныг хүртэл тасралтгүй группийн тэтгэвэр авч байсан тухай бүрт мэргэжлийн байгууллага хяналтаа тавиад л иргэн надад тэтгэвэр авах эрхийг үүсгэж олгож байсанд би буруугүй гэсэн маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүх:

П.Б-ыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан ...” гэсэн нийгмийн даатгалын байцаагчийн заалтыг хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх үйлдэл гаргаагүй байна Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэр, №370936 цэргийн батлахыг хүчин төгөлдөр гэж үзжээ.

Нийгмийн даатгалын байцаагч Я.Т, П.Д бид дээрх 2 баримтын хүчин төгөлдөртэй маргаагүй.

П.Б-ыг иргэний үүргээ биелүүлээгүй, 2004 оны 03-09 дүгээр сар буюу 6 сарын хугацаанд шүүх болон нийгмийн даатгалд 2 өөр мэдүүлэг болон баримт бүрдүүлж өгснийг, санаатайгаар төрийн албан хаагч алдаа гаргахад нөлөөлсөн учир П.Б 100 хувь хохироогүй, харин П.Б-оос болж нийгмийн даатгалын байцаагч 100 хувь хохирох шийдвэр гаргалаа.

Нөгөө талаас нь харвал П.Б-ын тэтгэвэрт илүү олгосон 2,892,100 төгрөгийн тэтгэврийг П.Б л авч, түүний амьжиргаанд хүүгүйгээр авсан зээлтэй адил урьдчилж авсан тэтгэвэр, ийм учраас 29.1.3 дахь заалт “Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй” зэрэг заалтыг тайлбарлаж, өөртэй нь тохиролцсоны, тэтгэвэр авагчийн зөвшөөрснөөр бүрэн тэтгэвэр, хувь тэнцсэн тэтгэврийн зөрүүг 2017 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл нийт 799,000 төгрөгийг суутган тооцсон байгаа. Одоо уг төлбөрөөс 2,093,100 төгрөг барагдаагүй үлдсэн байгаа үүнийг үргэлжлүүлээд хувь тэнцсэн, бүрэн тэтгэврийнхээ зөрүүнээс суутгуулж, уг төлбөрийг барагдуулж дуусгах нь л шударга ёсонд нийцнэ гэж үзэж маргаан үүсгэж байгаа.

П.Б 2004 онд сум дундын иргэний шүүхэд “цэргийн алба хаасан хугацаагаа үнэн зөвөөр мэдүүлж, ядаж цэргийн иргэний хамгаалалтын штабаас 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгын цэргийн ангид алба хаасан гэх тодорхойлолтоо” өгсөн л бол шүүхийн шийдвэр зөв гарч, нийгмийн даатгалын байцаагч алдахгүй байсан.

Захиргааны хэргийн шүүх хуралдааны үед Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн иргэний шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 тоот хавтаст хэрэгтэй танилцахад:

П.Б-ыг ажилласан жилээ худлаа мэдүүлсэн нь зөрчил гэж үзсэнээс гадна иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан жилийн нотлох баримтад “3 ширхэг баярын бичиг, сайшаалын үнэмлэх өгөхдөө шагнал авагчийн нэр засварласан, авсан шагнал нь шүүхэд нэхэмжилсэн “ачигч, ногоочин” ажил мэргэжилтэйгээ тохироогүй “барилгын ажилтан”  байхаар баримт бүрдүүлж өгсөн байсныг олж илрүүлсэн.

Мөн анхан шатны шүүхийн шүүгч Б.А Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын 70 дугаар дансны лавлагаанд П.Б-ын цэргийн алба хаасан хугацаа “1979 оны 06 дугаар сараас 1982 оны 08 дүгээр сар хүртэл” ажил хөдөлмөрийн хөлс гаргаж өгөөгүй байхад П.Б-ыг “Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ногоочин, ачигчаар” ажиллаж байсан гэж тогтоосон зэрэг зөрчил байгааг олж илрүүлсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч энэхүү шийдвэрийнхээ үндэслэлд П.Б Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд хуурамч баримт гарган өгч, худал мэдээлэн гэж хариуцагч нар маргаж байгаа боловч энэ нь хуулиар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл байхгүй ... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны хэргийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн П.Б-той холбогдсон шүүх хуралдааны нилээд цагийг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн иргэний шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 тоот шүүхийн хавтаст хэрэгтэй танилцаж, ажилласан жил сэргээлгэхтэй холбоотой П.Б-ын бүрдүүлсэн нотлох баримтын үндэслэл, тухайлбал, баярын бичиг, сайшаалын үнэмлэхийн нэр бүгд засвартай, албан тушаал зөрсөн, харин Түнэл сумын 70 дугаар дансны лавлагаагаар цэрэгт явсан хугацаанд цалин хөлс гараагүй байсныг зөв тодорхойлсон байсан. Шүүгч түүнийг ажилласнаар шийдвэр гаргасан байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч, шүүгч гурван талаас харилцан ярилцсан, хариуцагчийн талаас маргаан үүсгэж олон удаа тайлбар хийсэн. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шүүхийн шийдвэрийг, захиргааны шүүгч үндэс нь буруу баримт илрээд байхад шийдвэр гаргасан. П.Б-ын нэхэмжлэлийг түр түдгэлзүүлж, хариуцагчид боломж олгоогүй.

Зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг баримталж “нийгмийн даатгалын байцаагч хянах үүрэгтэй, нийгмийн даатгалын байцаагчийн алдаагаар буруу олгогдсон тэтгэврийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн заалтыг баримталж өрөөсгөл шийдвэр гаргасан.

П.Б-д 2,892,100 төгрөгийн тэтгэвэр илүү олгож нийгмийн даатгалын санг хохироосон нь П.Б ажилласан жилээ шүүхэд буруу нэхэмжилж, нотлох баримтаа үнэн зөв мэдээлээгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн иргэний шүүхийн шүүгч Д.А үйлчлүүлэгчийнхээ нотлох баримтыг бүрэн судлаагүй ажилласан хугацааг буруу тооцож шийдвэр гаргасан.

Түнэл сумын нийгмийн даатгалын байцаагч Ж.Пүрэвсүрэн, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Ч.Н нар П.Б-ын цэргийн алба хаасан хугацааг Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан гэх хугацаатай давхцаж байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг иргэн П.Б, шүүхийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын буюу 3 талын алдаатай үйлдлээс шалтгаалж нийгмийн даатгалын санд үүссэн 2,892,100 төгрөгийн хохирлыг дан ганц нийгмийн даатгалын байцаагчид тохоож П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаарт заасан П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч зөвшөөрөхгүй ... байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар актаар нэхэмжлэгч П.Б-ын тэтгэврийг анх тогтоохдоо “шүүхийн шийдвэрээр 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогтоосон хугацаа, 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн цэргийн алба хаасан хугацааг давхардуулан тооцож бүрэн тэтгэвэр тогтоосон зөрчил гаргасан” гэж үзэн 2,892,100 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”-ээр байна. Нэхэмжлэгчид төлбөр ногдуулсан актын үндэслэл болсон нэхэмжлэгчийн ажилласан жилийг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийг цэргийн жинхэнэ алба хаасан болохыг нотолсон баримтууд нь хуурамч болох нь тогтоогдоогүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж зааснаас үзвэл даатгуулагчийн өргөдөл, баримт бичгийг үндэслэн тэтгэвэр тогтоох эсэх шийдвэр гаргах эрх хэмжээ нь хариуцагч захиргааны байгууллагад олгогдсоны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, цэргийн батлах зэргийг үндэслэн тэтгэвэр тогтоосон хариуцагчийн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэв нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан хугацаа болон шүүхийн шийдвэрээр ажилласан жил тогтоосон хугацаа давхцаж байгаа эсэхийг тооцохдоо нийгмийн даатгалын байгууллагын ажилтан алдаа гаргасан гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр, хүчин төгөлдөр баримт бичгийг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэрт нэхэмжлэгчийг буруутгаж төлбөр ногдуулсан маргаан бүхий акт буруу байх тул хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 120 дугаар зүйлийн 120.4-д “... шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны ... талаар маргах эрхгүй” гэж заасан тул Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэр, тус шийдвэрээр тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 126/ШШ2019/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ