Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 207

 

 Д.Д, Г.Х, Г.О, “ХӨ”ХХК нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Ц.Мөнхтуяа, Т.Сайнбаяр, Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар магадлалтай, Д.Д Г.Х, Г.О, хуулийн этгээд “ХӨ” ХХК-д холбогдох эрүүгийн 171400144043 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Д ГХ, Г.О нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Ц.Мөнхтуул нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1964 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, “ХӨ”ХХК-ний кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөхөөр ажилладаг, ял шийтгэлгүй Я овогт Д-ын Д,

2. Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, “ХӨ”ХХК-ний захирлаар ажилладаг, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан П овогт Г-ийн Х,

3. Монгол улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, “ХӨ”ХХК-ний уурхайн даргаар ажилладаг, ял шийтгэлгүй П овогт Г-ийн О,

4. Монгол улсын хуулийн этгээд, Улсын бүртгэлийн 311002039, регистрийн 3123707, мэргэжлийн байгууллагын 0170451 дугаартай гэрчилгээтэй “ХӨ”ХХК.

Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт 2017 оны 08 дугаар сард улсын бүртгэлийн 311002039, регистрийн 3123707, мэргэжлийн байгууллагын 0170451 дугаартай  гэрчилгээтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-17-47 тоотод байрлах “ХӨ”ХХК нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхийн хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1,370,800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “ХӨ”ХХК-ний захирал ГХ, кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөх ажилтай Д.Д уурхайн дарга Г.О нар нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын  эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1,370,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д ГХ, Г.О нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн, хуулийн этгээд “ХӨ”ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Д ГХ, Г.О нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар хуулийн этгээд “ХӨ”ХХК-ийг техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 02 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д ГХ, Г.О нарын өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 171400144043 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ГХ, “ХӨ”ХХК нь аймгийн засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс  нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтанд зохих журмын дагуу оролцон шалгарч Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт эвдэгдсэн 11,6 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрх авч 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан ажилласан. Нөхөн сэргээлт хийх явцдаа гэрээнд заасан газрын хэмжээг өөрчлөх хэлцлийг сумдын удирдлагуудтай хийж, улмаар байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3, 6-д заасан журам зөрчсөн байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 болон 3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж эрүүгийн хариуцлага тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  буюу 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь Заг сумын зүгээс эвдэгдсэн газрыг  нөхөн сэргээх талаар иргэдийн хурлаар хэлэлцэж нөхөн сэргээх газруудыг тодорхойлж аймгийн иргэдийн хуралд санал оруулснаар тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд "... Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган нөхөн сэргээх боломж хомс байгаагийн дээр хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээх боломж хомс байгаагийн дээр хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээсэн тохиолдолд гар аргаар алт олборлогчид иргэд тухайн газрыг дахин ухах асуудал гарч, хаягдал нөөцийг ашиглах замаар нөхөн сэргээлт хийх эрх зүйн нарийвчилсан зохицуулалт байхгүй байгаатай холбоотойгоор аймгийн хэмжээнд эвдэрсэн газрууд нэмэгдэх хандлагатай байна...” зэргийг тэмдэглээд улмаар тус аймгийн засаг дарга Г.Б-д “уул уурхайн ажиллагааны улмаас эвдэрч, эзэн холбогдогч нь тогтоогдох боломжгүй бол орхигдсон, багийн Иргэдийн нийтийн хурлаар нөхөн сэргээх шаардлагатай гэж үзэж санал болгосон талбайд орон нутгийн татварын албанд бүртгэлтэй, нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, хамтарч ажиллаж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах” талаар даалгасан байна. Ийнхүү гэрээ байгуулан ажиллуулсан нь Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил гэж үзэж байгаа бөгөөд “ХӨ”ХХК-ний хувьд гэрээний дагуу ажил хийсэн үйлдэл нь хариуцлага хүлээлгэх үндэслэл биш байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэжээ. Мөн хуулийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийг хэрэглэхэд буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д ГХ, Г.О нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллах дүгнэлт үйлдэхдээ ...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж дүгнэсэн нь хоорондоо зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлт болон яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын товч агуулга, яллагдагч нарын үйлдсэн үйлдлүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн /яллах дүгнэлт шаардлага хангаагүй/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг заавал тогтооно гэсээр байтал гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болсон Заг сумын удирдлагууд “ХӨ”ХХК-иас сумандаа хөрөнгө оруулалт авах зорилгоор тусгай зөвшөөрөлгүй компанид газар ухах зөвшөөрлийг амаар олгосон гэх сумдын удирдах албан тушаалтнуудын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан боловч тэдэнд холбогдох хэргийг манай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх ёстой байтал нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар "нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсанаар Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга Д.Мөнхнасан, Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Н, Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.З зэрэг гэрээнд хамааралгүй этгээдүүд харилцан ярилцаж нөхөн сэргээлт хийх нэмэлт талбайд оруулах, гэрээг ажлын өдөр байгуулах, газар ухах ажлыг эхлүүлэх зэргээр харилцан тохиролцсон байсан бөгөөд нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбицолтой талбайгаас илүү гаргаж ухах зөвшөөрлийг Баянхонгор аймгийн Заг сумын удирдлагууд амаар өгсний улмаас “ХӨ”ХХК-ний зүгээс нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбицолтой талбайгаас илүү гаргаж газар ухах үүргийг холбогдох уурхайн ажилтнуудад өгсөн байдаг. Үүнээс харахад зөвшөөрөл олгосон этгээдүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т зааснаар урьдчилан амлаж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн "хамжигч" байхад холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгаагүйгээр шийдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “ХӨ”ХХК өмчлөлдөө ямар нэгэн тээврийн хэрэгсэл өмчилж, эзэмшиж байгаагүй талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гэж үзэх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хувийн байдалтай холбоогүй гэж үзсэн үндэслэлээ шүүх тайлбарлаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-т заасныг зөрчсөн, мөн анхан шатны шүүх гэм буруутай этгээдийн өмчлөлд тухайн хөрөнгө байсан нь тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т "... өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасныг зөрчсөн. Учир нь энэхүү баримт нь “ХӨ”ХХК-ний өмчлөлд шар өнгийн хьюндай экскаватор байхгүй болохыг нотолсон буюу тухайн компанийг эд хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон хувийн байдлыг харуулсан баримт юм. Шүүгдэгч Г.О, Д.Д нарыг өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан гэх уурхайн дарга Г.О, “ХӨ”ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Д нарыг “ХӨ" ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхийг /шийдвэр гаргах эрх мэдэлтэй эсэхийг/ тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсанаар Г.О, Д.Д нар нь тус компаний ажилчид бөгөөд хоёулаа Г.Х захирлын тушаалаар анх ажилд орсон байдаг. /3 дугаар хавтаст хэргийн 209, 210 дугаар тал/ Тэд экскаваторын оператор Г.Сандагравдан, Ж.Хасбаатар нарын адил цалин хөлс авч тус уурхайд ажиллаж байгаа компаний ажилтан юм. Г.О, Д.Д нарт компаний тухай хууль болон компаний дүрмээр шийдвэр гаргах эрх байхгүй нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх эрх бүхий албан тушаалтан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн Д.Дын өрөмдлөгийн ажлын гэрээг компанийг төлөөлөх эрхтэйгээр, компаний нэрийн өмнөөс гэрээ байгуулсан гэж гуйвуулан тайлбарлажээ. Гэтэл тус гэрээнд “ХӨ”компанийг төлөөлсөн түүний нэрийн өмнөөс хийсэн ямар ч зүйл байхгүй ба иргэн Д.Д гэрээ хийсэн байдаг.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар "Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно." гэжээ. “ХӨ”ХХК-ийг төлөөлөх эрх Г.Х-д л байгаа нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр тодорхой харагдаж байна. Тиймээс шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.Д нь “ХӨ”ХХК-ийн кемпийн дотоод хяналт хариуцсан менежерээр ажилладаг байсан ба “ХӨ”ХХК-ийн дүрэмд кемпийн дотоод хяналт хариуцсан менежерийг эрх бүхий ажилтнаар тодорхойлоогүй. Тийм учраас Компанийн тухай хуульд зааснаар эрх бүхий ажилтныг тодорхойлох ёстой. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д тодорхойлогдсон албан тушаалууд дотор Д.Дын албан тушаал байхгүй. Гэтэл түүнд ял халдаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14, 15 дугаар талд шүүгдэгч нар бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн. Гэтэл Д.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нэг ч мэдүүлэг өгөөгүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь экскаваторын гэрчилгээ хэрэгт авагдаагүй байхад үнэлгээ хийсэн, битүүмжилсэн. Тухайн экскаватор нь хэний өмчлөлд байдаг талаар ямар ч мэдээлэл байхгүй байхад 800,000,000 төгрөгөөр үнэлж, улсын орлого болгосон нь үндэслэлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шар өнгийн экскаватор нь гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдаагүй хөрөнгө байтал улсын орлого болгож шийдвэрлэсэн. Тухайн хөрөнгө нь гуравдагч этгээдийн барьцаанд байдаг бөгөөд цаашид олон хүн, компани хохирох нөхцөл байдалд байна. Мөн компанийн эрх бүхий этгээд Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба Г.О, Д.Д нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “ХӨ”ХХК нь Баянхонгор аймгийн засаг даргатай нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл авсан ба Заг сумын засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нартай ашигт малтмал олборлохтой холбоотой ямар нэгэн гэрээ байгуулах эрх олгогдоогүй байсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. Мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэргийн шинжтэй үйл явдлыг сэргээн тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцсэний эцэст шүүх нотолгооны ач холбогдол, тухайн асуудлыг нотлоход гүйцэтгэж байгаа үүрэг, гэм буруутай эсэхийг тогтоож байгаа байдал зэргээс хамааран шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын үндэслэл болгох эсэхийг дүгнэн шийдвэрлэдэг билээ.

Гагцхүү эдгээр нотлох баримт нь тухай хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шаардлагатай бөгөөд хууль зөрчиж авсан, хууль бус аргаар цуглуулж бэхжүүлсэн бол нотлох баримтад тооцогдохгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

“ХӨ”ХХК болон Г.Х нарт холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснийг шүүх хуралдаанаар нягтлан шалгаж, харьцуулан шинжлэн судалснаар тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцсэн байна.

Тухайлбал, дээрх хуулийн этгээд болон шүүгдэгч ГХ, Г.О, Д.Д нарыг 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 1,370,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход хамааралтай, ач холбогдолтой, хангалттай гэж үнэлсэн нотлох баримтуудыг шийтгэх тогтоол болон магадлалд нэг бүрчлэн, дэлгэрэнгүйгээр заан тусгажээ.

Шүүхийн дээрх шийдвэрүүдийн тодорхойлох хэсэгт заасан нотлох баримтууд, тэдгээрийг дүгнэсэн зэргээс үзэхэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хоёр шатны шүүх нь цогц байдлаар, харилцан хамаарлаар нь үнэлж хэргийн бодит байдлыг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчдийн гэм буруу, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан “Хьюндай” загварын экскаваторыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураах болон энэ хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн хэргийг нэгтгэх шаардлагагүй талаар шийтгэх тогтоол, магадлалд тус тус тодорхой дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх “ХӨ”ХХК болон ГХ, Г.О, Д.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүйн гадна энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэргийг “хэрэгсэхгүй болгох” болон “мөрдөн шалгах ажиллагаанд буцаах” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Ц.Мөнхтуул нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д ГХ, Г.О нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Ц.Мөнхтуул нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН