Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00007

 

 

 

 

 

      2023          12           22                                         210/МА2024/00007

 

“И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/043... дугаар шийдвэртэй,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.А , Б.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 140,197,548 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагч Ц.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ц.А нь “И” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 98,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сар бүрийн 22-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт ямар ч төлбөр төлөөгүй. 

1.2. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч Б.М той хамтран өмчилдөг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, Ү-220406**** дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.

1.3. Хариуцагч нар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 98,000,000 төгрөг, үндсэн хүү 20,410,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,059,616 төгрөг, нийт 122,470,466 төгрөгийг үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 10,948,077 төгрөгөөр, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүү 29,206,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,164,734 төгрөг, нийт 132,371,419 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 9,900,953 төгрөгөөр, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүү 33,153,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,931,551 төгрөг, нийт 137,371,419 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 4,713,666 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүү 35,747,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,450,279 төгрөг, нийт 140,197,548 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 3,112,463 төгрөгөөр тус тус ихэсгэсэн байна.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 140,197,548 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.А , Б.М нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч “И” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авснаас хойш ковид-19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал дайрч зээлийн хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж байсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас “таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 18,000,000 төгрөгт хүрсэн тул зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа ч бид таны зээлийг хааж өгөөд танд 98,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье гэхэд би 80,000,000 төгрөгөө төлж чадахгүй байж 98,000,000 төгрөг төлнө гэж юу байх вэ гээд зөвшөөрөөгүй байхад бид тань руу ярьж дарамт шахалт хийхгүй, 3 сарын хугацаанд хүү, алданги төл гэж шаардаж ярихгүй гэж амлалт өгч зээлийн гэрээ байгуулсан. Өмнө авсан 80,000,000 төгрөгийг төлж чадахгүй байхад дахин 18,000,000 төгрөг нэмж 98,000,000 төгрөг болгосон учир төлөөгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

2.2. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Нэхэмжлэгч тал зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага тул зээлийн гэрээний нөхцөлийг тайлбарлах, ойлгуулах байдлаар зээлийн гэрээнд тусгаагүй. Мөн хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан Ц.А гийн Хаан банкны дансны хуулгад 1 өдрийн дотор хэд хэдэн минутын зайтай зээлийг олгож, хааж, 98,000,000 төгрөгийг “И” ХХК хаав, буцаан зээл олгов, буцаан Бэк Чон Чун гэх хүний данс руу 98,000,000 төгрөгийн зарлага гаргасан. Бэк Чон Чун нь “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд хувьцаа эзэмшигч нь санхүүгийн эх үүсвэрээрээ өөрөө 98,000,000 төгрөг гаргаад, зээлийн шимтгэл гэж давхар 490,000 төгрөгийг зээлдэгч нараас авсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл болно. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, энэ зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр хүртэлх үнийн дүнг манайх төлөх саналтай байна. Харин үүнээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүүг боломжгүй. Учир нь нэхэмжлэгчээс сар бүр зээл төл гэж шаардаж байгаагүй, зээл олгосон гэх 98,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү бодож байгаа гэж тайлбарлаж өгөөгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А , Б.М нараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22/11 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 111,522,389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,675,159 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А , Б.М нар нь зээлийн гэрээний үүрэгт 111,522,389 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220406**** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... дугаар байр, ... тоот, 89,... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,304,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А , Б.М нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 785,762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Зээлийн гэрээний дагуу “И” ХХК нь 98,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлдэгч буюу Ц.А д шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд сар бүр 3.5 хувийн зээлийн хүүг буцаан төлж, 12 сарын дараа үндсэн зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. “И” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгчийн дансанд 98,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зээлдэгч нь зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй. “И” ХХК нь шүүхийн шийдвэрт тусгасанчлан нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцлаагүй бөгөөд дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Ц.А гаас шаардсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч талд зээлийн гэрээг цуцалсан талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй, энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй байхад таамгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцалсан байсан ч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан. Хариуцагч Ц.А нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш ч гэсэн зээлийг төлөөгүй тул зээлийг ашигласан хугацаа үргэлжилсээр байсан. Нэхэмжлэгч талаас тухай бүр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байсан нь хуулийн уг зохицуулалттай нийцжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 28,675,159 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн гомдолд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч Ц.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Ц.А нь “И” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/02 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг хугацаа хэтрүүлсний улмаас тухайн зээлийн хүү алдангид 18,000,000 төгрөг, нийт 98,000,000 төгрөгийн төлөлт хийхээр болсон. Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан боловч тухайн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад “И” ХХК өөрсдөө шинээр 98,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулъя гэх саналыг тавьсан боловч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Ц.А , Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,000,000 төгрөг, зээлийн хүү 11,389,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,132,910 төгрөг, нийт 111,522,389 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг нийт 4 удаа ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,000,000 төгрөг, зээлийн хүүд 35,747,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,450,279 төгрөг, нийт 140,197,548 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 81-82, 121-122, 207-209, 228-229/

3. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 98,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлсэн 80,000,000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 98,000,000 төгрөг болгон  зээлийг хааж, дараагийн зээлийн гэрээг байгуулахдаа нийлмэл хүүтэй гэрээ байгуулсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан.

Талуудын хооронд 98,000,000 төгрөг бодитойгоор зээлдүүлсэн эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээ нийлмэл хүүтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

3.а. “И” ХХК нь Ц.А тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 80,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 56-58/

3.б. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “И” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.А , Б.М нартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220406**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... дугаар байр, ... тоот, 89,... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 60-61/

3.в. Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй, харин 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 98,000,000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэж маргаж байна.

3.г. Хэргийн 1 дүгээр хавтасны 15 дугаар тал дахь “И” ХХК-ийн  эзэмшлийн 5114398766 дугаартай Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутад Ц.А 22/02 зээл хаав гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчид 98,000,000 төгрөг шилжүүлснийг, мөн өдрийн 16 цаг 55 минутад 22/11 зээл олгов гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

3.д. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ц.А гийн зээлийн гэрээг хаасны дараа “И” ХХК нь Ц.А , Б.М нартай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 98,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээг дахин байгуулсан байна. /хх-ийн 7-9/

3.е. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220406**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... дугаар байр, ... тоот, 89,... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 11-12/

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, зээл болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн. Иймд хариуцагч талын “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг нийлмэл  хүүтэй байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл  80,000,000 төгрөг, зээлийн хүүд 18,000,000 төгрөг, нийт 98,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа зээл, зээлийн хүүг нийлүүлж 98,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь нийлмэл зээлийн хүүтэй гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

Талуудын тайлбар болон гэрээний агуулгаас үзвэл зохигчид үндсэн зээл болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээний талаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

4.а. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид бодитойгоор 80,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж,  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

4.б. Хэргийн 154 дүгээр тал дахь хариуцагч Ц.А гийн ХААН банк дахь 5167...2080 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 29 минутад  “орлого” гэсэн гүйлгээний утгатай 98,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, Ц.А нь мөн өдрийн 16 цаг 40 минутад нэхэмжлэгч “И” ХХК-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5114398766 тоот данс руу 98,000,000 төгрөгийг “22/02 зээл хаав” утгатай шилжүүлсэн нь зохигчийн тайлбар болон дансны хуулгаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 15, 154/

4.в. Дээрх мөнгөн хөрөнгийг БНСУ-ын иргэн БЧЧ  нь хариуцагч Ц.А тай өөрийн хувьцаа эзэмшдэг “И” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр тохиролцон түүнд 98,000,000 төгрөг  шилжүүлснийг Ц.А цааш нь “И” ХХК-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байна. Үүний дараа “И” ХХК нь Ц.А тай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний дагуу түүнд 98,000,000 төгрөг шилжүүлснийг тэрээр БНСУ-ын иргэн БЧЧ -д шилжүүлсэн байх тул энэ талаар нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, олгосон энэхүү зээлийг нэхэмжлэгч буцаан авсан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.г. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 98,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан нь бодит байдал дээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлсэн 80,000,000 төгрөг, зээлийн хүү 18,000,000 төгрөгийг нийлүүлж нийт 98,000,000 төгрөг дээр дараагийн зээлийн гэрээг байгуулсан байна. Энэ тохиолдолд эхний зээл болох 80,000,000 төгрөг дээр зээлийн хүү 18,000,000 төгрөгийг нэмж 98,000,000 төгрөгийн  зээл олгосон гэж үзэхгүй. Учир нь хүүгээс хүү тооцох нь хуульд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүх 98,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тооцооллын хувьд өөрчлөлт оруулна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

5.а. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.

5.б. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалсан ч зээлдэгч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 29,586,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,917,333 төгрөг, мөн эхний зээлийн гэрээний хүү 18,000,000 төгрөг, нийт 133,503,999 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээг үндэслэн хариуцагч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 133,503,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/043... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.А , Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт 133,503,999 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,693,549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...785,762 гэснийг ...895,670 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 301,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ