Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 224/МА2024/00008

 

 

 

 

 

 

 

 

2024       02          16                                          224/МА2024/00008

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Б.М-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2023/00564 дүгээр шийдвэртэй,

Б.А-ын нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 33,188,226 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,  хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай.

 2. Нэхэмжлэгч Б.А-ын шаардлагын үндэслэл: Миний бие Увс аймгийн Улаангом суманд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЭМ ЭН АР ЭН ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Б.М нь  Эм Эн Ар Эн ХХК-ийн өмчлөлийн, барилгын үйл ажиллагаанд ашигладаг хэрэгслүүд болох шатны хөл 42ш , тушаа 42ш, тавцан 23ш, холбоос 84ш зэрэг эд хөрөнгийг түр хэрэглээд өгье гэж авсан боловч буцааж өгөөгүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт бусдад дамжуулан ашиглаж байна. Б.М нь  Samsung A5 маркийн гар утсыг мөн түр хэрэглээд өгье гэж авсан боловч буцааж өгөөгүй.

 Увс аймгийн Өндөрхангай суманд  ажиллах байхдаа Эм Эн Ар Эн ХХК-ийн эзэмшлийн 92-03 УВХ улсын дугаартай, Nissan Atlas маркийн автомашин болон тус машин дээр ачсан байсан цохилттой өрөм, бусад багаж хэрэгсэл, 500 л түлшийг тус тус  зөвшөөрөлгүй авч явсан. Мөн 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явахдаа Өндөрхангай сум дахь Петровисийн шатахуун түгээх станцаас 60л бензинийг Эм Эн Ар Эн компанийн нэр дээр зээлээр авч явсан байсныг би төлсөн. Б.М нь дээрх эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэж байна.

 Иймд Б.М-аас манай компанийн нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн хөрөнгөө түүнээс чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3. Хариуцагч Б.М-ы татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Эм Эн Ар Эн ХХК болон Өндөрхангай сумын Засаг Даргын Тамгын Газрын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.А-тай Увс аймгийн Өндөрхангай суманд Харгана толгойн худаг засварын, сумын төвийн тохижилтын, дунд голын зам засварын, баруун голын зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Улмаар  дээрх ажлуудыг хариуцан гүйцэтгэж, хамтран ажиллаж байсан бөгөөд Nissan Atlas маркийн автомашиныг Өндөрхангай сумаас Улаангом суманд авч ирээд 2 сав шатахуун, өрөм болон бусад багаж хэрэгслийн хамт гараашид хадгалж байгаа.

Ажил гүйцэтгэж дуусах үеэр Б.А-тай маргалдаж, ажлын хөлс, ашгаа хуваахгүй байсан учраас өөртөө туслах үйлдэл хийж, дээрх машин болон түлш, бусад багаж хэрэгслийг хадгалж байгаа. Мөн дээрх Nissan Atlas маркийн автомашиныг Улаангом сум уруу авч ирэхэд зайлшгүй шатахуун хэрэгтэй учраас Өндөрхангай суманд байрлах петровисийн шатахуун түгээх станцаас 60л шатахуун зээлээр авсан.

92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож ирээгүй бол Б.А нь шатахуун болон жолоочийн хөлсөнд илүү зардал гаргах байсан. Өндөрхангай суманд ажиллаж байх үеэр  өөрийн утсыг гээсэн учраас Б.А-аас Samsung А5 маркийн гар утсыг авч хэрэглэсэн. Тэр утсыг авч хэрэглэснээс хойш Б.А-тай уулзах гээд уулзаж чадаагүй учраас гар утсыг буцаан өгч чадаагүй. Одоо тэр утас нь байгаа” гэжээ.

          5. Хариуцагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:“ Б.А-т зээлдүүлсэн 11.552.200 төгрөг, Өндөрхангай суманд хамтран гүйцэтгэх ажлын бэлтгэлд зарцуулсан 2.512.800 төгрөг, хамтран хийж гүйцэтгэсэн ажлаас олсон ноогдол ашиг болох 17.067226 төгрөг, барилгын материал, эд зүйлсийн үнэ болох 2.056.000 төгрөг, нийт 33188226 төгрөг гаргуулах.

          6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Анх танилцсаны дараахан Б.А аймгийн Цагдаагийн газар засвар хийсний үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна, дутуу ажлаа хий гээд дарамтлаад байна гэхэд Цагдаагийн газрын Захиргаа Удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Н.Б-тай уулзан ойлголцуулж, зарим дутуу ажил болох цагдаагийн барилгын гадна довжоо хийх, боржин чулууны үнэ 855,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж, худалдан авч өгч хийлгүүлсэн.

Бид Өндөрхангай суманд ажил хийхээр ярьж тохирсноос хэд хоногийн дараа Б.А Бөхмөрөн сумын эмнэлгийн өргөтгөлийн мөнгө орж ирэхээр өгье, хүмүүс цалин мөнгөө нэхээд хэцүү байна гэж хэлээд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 11,000,000 төгрөг бэлнээр зээлж авсан. Би тэр үед хамтран ажил хийх гэж байсан тул итгээд өгсөн. Үүнээс хойш сарын дараа 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн мөнгөнөөс 8,090,000 төгрөгийг Б.А-ын эхнэр Г.Г надад буцаан төлсөн.  

Тэгтэл Б.А ажилд гарахдаа суудлын машин нь Бэрс финанс ХХК-д барьцаанд байгаа, та буцаагаад уг мөнгөө зээлээч гээд 8,229,000 төгрөгийг дахин зээлж авсан. Дараа нь 7 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг  буцаан төлсөн.

Ингээд зээлийн үлдэгдэл 9,639,000 төгрөг үлдсэн. Ховд гол дэлгүүрээс материал авахад зээлсэн 855,000 төгрөг болон мөн бага хэмжээгээр буюу ламд үзүүлнэ гэж 50,000 төгрөг, хүнсний дэлгүүрт тавьсан өрөө дарна гэж бэлнээр  180,000 төгрөг, компанийн улирлын тайлан гаргуулсан хүнд өгнө гэж 50,000 төгрөг, 7 дугаар сарын 02-ны өдөр хүний төрсөн өдөрт өгнө гэж 200,000 төгрөг,  айлд бэлэг өгнө гэж 186,000 төгрөг, хүний захисан хаалганы цоож авна гэж 35,000 төгрөг, машин үзлэгт оруулахад 22,000 төгрөг, 7 дугаар сарын 06-ны өдөр машины шатахуунд 20,000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 20,000 төгрөг, Н.М инженерийг хоолонд оруулна гэж  67,400 төгрөг, хяналт шалгалтаар ирсэн хүмүүст ус, ундаа авна гэж  27,800 төгрөг, Өндөрхангай сум явахад машинд хийсэн түлшний үнэ 200,000 төгрөг зэргээр нийт 11,552,000 төгрөгийг зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно.

Бид Өндөрхангай суманд хийх ажилд хамтран ажиллахаар болж, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай компанийн оффист уулзан тооцоог танилцуулж,  ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохиролцсон. Гэрээ хийхэд Б.А нь манай компани дээр гэрээгээ хийчихье, манайх НӨАТ-ын өр ихтэй, хасалт хиймээр байна гэж гуйснаар би түүнд итгэн Б.А-ын Эм Эн Ар Эн ХХК-ийн нэр дээр гэрээг хийж хамтран гарын үсэг зурсан. Ингээд удалгүй бид ажилд гарах болж манай талаас бэлтгэл ажилд холбогдуулан гаргасан 2,512,800 төгрөгийн зардлыг гаргасан.

 Хамтран ажилласан ажлын ногдол ашиг болох нийт ашгийн 50 хувьтай тэнцэх 17,067,226 төгрөгийг манай талд олгоогүй байгаа болно. Мөн Б.А надаас авсан 1 тонн усны сав, шавар зуурагчийн мотор, цемент, хайрга зэрэг барилгын материал, тоног төхөөрөмж, манай дэлгүүрээс майхан авсан зэргийн үнэ болох нийт 2,056,000 төгрөгийг буцаан төлөөгүй байна” гэжээ.

          7. Хариуцагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Б.А-ын татгалзлын үндэслэл : “Миний бие Б.М-аас 11,552,200 төгрөгийг огт зээлээгүй юм. 2021 оны 7 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай суманд ажлын гэрээ хийж, ажил гүйцэтгэсэн ба уг ажил эхлэхэд болон дуусах хугацаанд тэр хүнээс мөнгө зээлээгүй болно.

Мөн миний бие Б.М-тай хамтарч ажиллах талаар огт тохиролцоо хийгээгүй ба ямар ч хувь ярьж, төсөв гаргаагүй. Манай компани нь 2019 онд улсын төсвийн 400,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба бусад сум, орон нутагт хувь хүмүүсийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Иргэн Б.М нь ор үндэслэлгүйгээр намайг туршлагагүй, санхүүгийн асуудалтай болгож, өөртөө хамаатуулж, хамтран ажилласан мэтээр харагдуулж, мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Би Б.М-аас ямар нэгэн барилгын материал аваагүй.

Б.М нь надаас дүүжин тааз худалдан авснаар анх танилцсан.Надад Өндөрхангай сумын ЗДТГ-аас ажлын санал ирүүлсэн. Энэ үед Б.М бид хоёр хэвийн сайн харилцаатай байсан учраас би түүнд “ ийм ажлын санал ирлээ, очиж хийх санаатай байна” гээд хэлсэн. Ингээд би очиж ажилтайгаа танилцаад, гэрээ хийхээр болоод Өндөрхангай явахаар боллоо гэж Б.М-д хэлэхэд хамт явъя, ах нь ямар хийх юм байх биш гэхээр нь би дагуулж явсан. Өндөрхангай суманд очиж гэрээ байгуулаад, удалгүй тус сумаас ажлын урьдчилгаа болох 18,000,000 төгрөгийн гүйлгээ хийж, ажилдаа гарах бэлтгэл хангаж байх үед Б.М ах нь ерөнхийдөө ажлыг чинь хариуцаад хийлгээд өгье, чи тохирсон хэдэн төгрөг өгчих гэсэн санал тавьсан. Би эхнэртэйгээ ярилцаад, зөвшөөрч ажилд гарах бэлтгэл хангаж байх үед Б.М яриад 1,500,000 төгрөг зээлээч, ах нь хүүхдийн тэтгэмжээ хийхгүй бол болохгүй байна гэж хэлсэн,  би “түүнийг бидэнтэй хамт явж ажиллах юм чинь хамаагүй, цалин хөлснөөс нь хасна биз” гэж бодоод  манай эхнэрийн 5820057673 тоот данснаас Б.М-ы данс руу ажил, А-гаас гээд мөнгө шилжүүлсэн.

Б.М нь уг ажилд мөнгө оруулах нь битгий хэл, нэг ширхэг алх ч авч ирээгүй. Б.М-ы дурдсан Бэрс финанс-д шилжүүлсэн гэх 8,229,000 төгрөг бол манай эхнэр Г-гийн данснаас Б.М-ы данс руу шилжүүлээд зээлээ төлсөн.

Учир нь миний бие Бэрс финанс Увс салбарын эрхлэгч Даваажаргалтай хувийн тооцоотой байсан учраас өөр хүний данснаас шилжүүлсэн юм. Өөрөөр Б.Мы дурдсан мөнгө төгрөгийн асуудал огт байхгүй. Б.М нь манай эд хөрөнгийг түрээслэн ашиг олж байсан талаарх материалыг цагдаагийн байгууллагын хавтаст хэрэгт хавсарган өгсөн. Иймд Б.М-ы шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Миний хувьд түүнээс мөнгө авсан, хамтарч гэрээ байгуулж ажилласан зүйл байхгүй. Иймээс түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           8. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2023/00564 дүгээр шийдвэрээр:  

       - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-аас самсунг А5 маркын гар утас, 60л шатахууны үнэ 144,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож,

- ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох, хууль бус эзэмшлээс барилгын япон шатны 42 ширхэг хөл, 23 ширхэг тавцан, 84 ширхэг холбоос, кен маркийн цохилттой өрөм болон бусад багаж хэрэгсэл, ниссан атлас маркийн 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2 сав шатахууны хамт гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 8,090,000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний дагуу 1,549,000 төгрөг гаргуулах, 1913200 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-ы нэхэмжлэлийн шаардлагаас 2,056,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцгагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлтэй Б.А-т холбогдох, Өндөрхангай суманд гүйцэтгэсэн ажлын ногдол ашиг 17,067,226 төгрөг гаргуулах, Өндөрхангай сумын гүйцэтгэх ажлын урьдчилсан зардал 2,512,800 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс 18,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51,730 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргаж нэхэмжлэгч Б.Ат олгож, хариуцагч Б.М-аас 18,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,891 төгрөгөөс 144,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 179,501 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Б.М-д олгож, нэхэмжлэгч Б.А-аас 179,501 төгрөг гаргуулж, хариуцагч Б.М-д олгож тус тус шийдвэрлэсэн байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх Б.А-аас 8,090,000 төгрөгийг  гаргуулж Б. М-д олгохоор шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна. Учир нь:

Тухайн үед Б. А, Г.Г нар Бэрс Финанс ББСБ-ын эрхлэгч болох Даваажаргалтай хувийн тооцоотой байсан. Энэ талаараа Б.М-д хэлэхэд М ах нь хийж байгаа юм шиг хийе гэж хэлснээр М-ы ах  Б.Б-ын дансанд түүний эхнэр Г.Г 8,090,000 төгрөгийг хийсэн. Б.М-ы өөрийнх нь данс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хаагдсан байсан тул төрсөн ах Б.Болдынхоо данс өгч тухайн гүйлгээ хийгдсэн.

Уг мөнгө нь түүний эхнэр болох Г.Г-гийн ХААН банкны 5820057673 тоот данснаас 2021.07.07-ны өдөр иргэн Б.М-ы ах болох Б.Болдын ХААН банк-ны ............ тоот дансанд 3,090,000 (гурван сая ерэн мянган төгрөг), мөн 5,000,000 ( таван сая төгрөг)-аар,  материалын үнэ утгаар, хамт сууж байгаад гүйлгээ хийж, арван минутын дараа Бэрс Финанс ББСБ-ын дансанд 2454 УВХ Б.А, 9854 УВХ Г.Г гэсэн авто машин барьцаалсан зээлийн төлбөрт хийгдсэн. Дансны хуулгаар дээрх мөнгө шилжүүлсэн он сар, цаг хугацаа нь харагдаж байгаа. Г.Г нь мөнгөө М-ы ах уруу шилжүүлээд Б.Б нь тухайн Г.Г-гийн шилжүүлсэн 8,090,000 төгрөгийг Бэрс Финанс ББСБ уруу шилжүүлж зээл хаасан байна. Түүнээс биш Б.М-ы ах өөрийн мөнгөөрөө Б.А-ын зээлийг хаагаагүй гэдэг нь энэхүү банкны дансны хуулгаас харагдаж байгаа юм. Б.М нь түүний ахын дансаар оруулаад гаргасан мөнгийг өөрөө зээллэсэн мэтээр худал хэлж, Б.А-т мөнгө зээллэсэн мэтээр ахынхаа банкны хуулгыг ашиглаж, хууль бусаар шүүхийн шийдвэр гаргуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.А-ын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2023/00564 дүгээр шийдвэрийн 3 дахь заалтын Б.А-аас 8,090,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “ Б.А нь надаас 11,000,000 төгрөг зээлж авч байсан. А-ын нэхэмжлэлийн хувьд компани, хувь хүн гэдэг нь ялгаатай байсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхаа. Б.А надаас байнга мөнгө зээлж байсан. Б.А-ын дүүгийн данснаас мөнгө орж ирснийг үгүйсгэхгүй боловч надаас зээлж авсан мөнгөө хэсэгчлэн төлж байгаа юм байна гэж ойлгож байсан.

Б.А “удахгүй ажилд гарах гэж байгаа учир машинаа зээлийн барьцаанаас авах шаардлагатай байна, та мөнгийг нь төлөөд өг, удахгүй дахиад мөнгө ороод ирнэ” гэж хэлж байсан учир би мөнгийг төлж өгсөн. Б.А надаас 12,000,000 төгрөг зээлж аваад хэсэгчлэн төлж байсан. Б.А надтай тулж уулзахгүйгээр шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулаад байгаа” гэв.

  11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Б.М нь Б.А-ын эхнэр Г-гийн зээлийг хаасан гэдэг үндэслэлээр 8,090,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Б.А урьд иргэний хэргийн хариуцагч болж Бэрс Финанс ББСБ-ын эрхлэгч Даваажаргалын нөхөртэй хувийн тооцоотой байж байсан бөгөөд тухайн хэрэгт шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Тухайн шийдвэрийн дагуу зээлээ хаах гэтэл Бэрс Финанс ББСБ-ийн зээлийг эхэлж төл гэх шаардлага тавьсан. Б.А-ын хувьд Б.М-тай найз нөхдийн харилцаатай байсан учир М-ы нэрээр зээлийг хаачихъя гэсэн боловч Б.М-ы данс хаагдсан байсан.

Иймд Б.М-ы төрсөн ах Б.Б-ын дансанд “Б.А-ын эхнэр Г өөрийн Хаан банкны 5820057673 гэх данснаас 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 2 хувааж 3,090,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр шилжүүлсэн бөгөөд тухайн гүйлгээг Б.М, Б.А нар хамт байж байхад шилжүүлсэн байдаг. ББСБ-ын барьцаанд байсан хоёр машины дугаарыг гүйлгээний утга дээр нь бичиж байгаад зээл хаав гэдэг утгатайгаар шилжүүлсэн. Гэтэл Б.М-ы зүгээс “Б.А-ын эхнэр Г-гийн зээлийг хаасан” мэтээр анхан шатны шүүхэд тайлбарлаж, шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй юм.

Б.А-ын эхнэр Г-гаас Б.М-ы ах Б.Б-ын дансанд ББСБ-ын зээлийг хаах мөнгө ороод 10 минутын дараа Б.Б-ын данснаас Бэрс Финанс ББСБ-ийн данс руу зээлийг хаасан гүйлгээ орсон болох нь банкны хуулгаар нотлогдож байна. Тухайн хөрөнгүүд нь Б.А-ын нэртэй компанийн нэр байдаг учир гаргах боломжгүй гэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эд хөрөнгийн бүртгэлээр тухайн компанийг Б.А дангаараа эзэмшдэг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлээгүй орхисон байдаг.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 8,090,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэж байвал хэргийг анхан шатны шүүхэд буцааж нотлох баримтад дахин дүгнэлт хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийг хангахгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  зээл хаасан гэж үзээд 8,090,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна.

Эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосонд яагаад гомдол гаргаагүй вэ гэхээр нэгэнт компанийн нэр дээрх хөрөнгөтэй холбоотой маргаан учир дахин нэхэмжлэл гаргах эрх нь бидэнд байгаа.

Үндсэн нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бэрс Финанс ББСБ-ын зээлийг хаасан өдөр нь Г-гийн данснаас Б.М-ы ах Б.Болдын данс руу 8,090,000 төгрөг шилжүүлж, тухайн мөнгөн дүнгээр зээлийг хаасан болох нь банкны хуулгаар нотлогдох болно. Б.М-ыг Б.А-тай хамтран ажиллаж байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа” гэв.

12. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцахад шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу, хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй гэдэг нь тодорхойгүй байсан.

Иргэний хэргийн маргаан учир зохигчид өөрсдийн татгалзал болон нэхэмжлэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй болох нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсгийн 8.2-д дэлгэрэнгүй тайлбарласан байсан. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өндөрхангай сумын Тамгын газраас Эм Эн Ар Эн ХХК-ийн данс руу 22.000.000 төгрөг шилжүүлсэн.

Тухайн өдөр нь Г-гийн данснаас Б.Б-ын данс руу мөнгө шилжүүлсэн бөгөөд урьд авсан мөнгөө төлж байгаа юм. Б.А Бэрс Финанс ББСБ-д зээлтэй байсан бол өөрөө мөнгөө төлөөд зээлээ хаах боломжтой байсан байхад Б.М-аар дамжуулж зээлээ хаах гэж байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Нотлох баримтаар нотлогдохгүй байгаа юм.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй юм.

Яагаад гэвэл, Б.А хуулийн этгээд буюу байгуулсан компанийнхаа захирал мөн юм бол түүнийгээ нотолж, компанийнхаа нэрээр нэхэмжлэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэл компанийн нэрээр биш Б.А гэх хувь хүний нэрээр гаргасан учир компанийн өмчийг нэхэмжлэх эрхгүй юм. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

                           

                                         ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.А-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2023/00564 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Мд холбогдуулан, түүний хууль бус эзэмшлээс “Эм Эн Ар Эн” ХХК-ийн компанийн хөрөнгө болох барилгын үйл ажиллагаанд ашигладаг угсардаг шатны 42 ширхэг хөл, шатны тушаа 42 ширхэг, тавцан 23 ширхэг, холбоос 84 ширхэг, Nissan Atlas маркийн, 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 500 литр түлш, цохилттой өрөм болон бусад багаж хэрэгсэл, Samsumg А5 маркийн гар утас, 60 литр шатахууны үнэ зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  

- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ Б.М нь  “Эм Эн Ар Эн” ХХК-ийн өмчлөлийн угсардаг шатны 42ш хөл, 42ш тушаа, 23ш тавцан, 84ш холбоос зэрэг эд хөрөнгийг түр хэрэглээд өгье гэж авсан боловч буцааж өгөөгүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт бусдад дамжуулан ашиглаж байна. Б.М нь  Samsung A5 маркийн гар утсыг мөн түр хэрэглээд өгье гэж авсан боловч буцааж өгөөгүй.

 Увс аймгийн Өндөрхангай суманд ажиллах байхдаа “Эм Эн Ар Эн” ХХК-ийн эзэмшлийн 92-03 УВХ улсын дугаартай, Nissan Atlas маркийн автомашин, тус машин дээр ачсан байсан цохилттой өрөм, бусад багаж хэрэгсэл, 500 л түлшний хамт зөвшөөрөлгүй аваад явсан. Мөн 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явахдаа Өндөрхангай сум дахь Петровисийн шатахуун түгээх станцаас 60л бензинийг  “ Эм Эн Ар Эн” компанийн нэр дээр зээлээр авч явсан байсныг би төлсөн. Б.М нь дээрх эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэж байгаа” гэж тайлбарласан байна.

3. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, үндэслэлээ “Эм Эн Ар Эн” ХХК болон Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.А-тай Увс аймгийн Өндөрхангай суманд Харгана толгойн худаг засварын, сумын төвийн тохижилтын, дунд голын зам засварын, баруун голын зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Улмаар  дээрх ажлуудыг хариуцан гүйцэтгэж, хамтран ажиллаж байсан бөгөөд Nissan Atlas маркын автомашиныг Өндөрхангай сумаас Улаангом суманд авч ирээд 2 сав шатахуун, өрөм болон бусад багаж хэрэгслийн хамт гараашид хадгалж байгаа. Ажил гүйцэтгэж дуусах үеэр Б.А-тай маргалдаж, ажлын хөлс, ашгаа хуваахгүй байсан учраас өөртөө туслах үйлдэл хийж, дээрх машин болон түлш, бусад багаж хэрэгслийг хадгалж байгаа. Мөн дээрх Nissan Atlas маркийн автомашиныг Улаангом сумруу авч ирэхэд зайлшгүй шатахуун хэрэгтэй учраас Өндөрхангай суманд байрлах Петровисийн шатахуун түгээх станцаас 60л шатахуун зээлээр авсан. 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирээгүй бол Б.А нь шатахуун болон жолоочийн хөлсөнд илүү зардал гаргах байсан.Өндөрхангай суманд ажиллаж байх үеэр  өөрийн утсыг гээсэн учраас Б.А-аас Samsung А5 маркийн гар утсыг авч хэрэглэсэн. Тэр утсыг авч хэрэглэснээс хойш Б.А-тай уулзах гээд уулзаж чадаагүй учраас гар утсыг буцаан өгч чадаагүй. Одоо тэр утас нь байгаа. 

Б.А-аас  угсардаг шатны 42ш хөл, 42ш тушаа, 23ш тавцан, 84ш холбоос зэргийг аваагүй. Харин 14 ширхэг барилгын япон шат авч хэрэглэсэн. Барилгын япон шат нь өөрөө 2 тушаа, 2 хөл, 1 тавцан, 2 холбоостойгоо иж бүрдлээрээ байдаг. Дээрх 14 шатыг 2022 оны 10 дугаар сард Б.А-ын эхнэр Б.Г ажилтнуудтайгаа ирээд аваад явсан” гэж тайлбарлажээ.

          4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь Б.Ат холбогдуулан “ Б.А-т зээлдүүлсэн 11,552,200 төгрөг, Өндөрхангай суманд хамтран гүйцэтгэх ажлын бэлтгэлд зарцуулсан 2,512,800 төгрөг, хамтран хийж гүйцэтгэсэн ажлаас олсон ноогдол ашиг болох 17,067,226 төгрөг, барилгын материал эд зүйлсийн үнэ болох 2,056,000 төгрөг нийт 33,188,226 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн сөрөг  шаардлага гаргаж,

           - сөрөг шаардлагын үндэслэлээ: “ Б.А нь 2021 оны 5 дугаар сард 11,000,000 төгрөг бэлнээр аваад 8,229,000 төгрөгийг буцааж өгсөн. Гэвч Бэрс финансад автомашинаа барьцаалж, зээл авсан тул зээл төлөх шаардлагатай гэж дахин 8,090,000 төгрөгийн зээлсэн. Дээрх зээлээс 1,500,000 төгрөгийг буцааж өгсөн ба зээлийн үлдэгдэл 9,639,000 төгрөгийг Б.А төлөөгүй. Мөн бэлнээр болон бэлэн бусаар удаа дараа зээллэсэн 1,913,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 11,552,000 төгрөг болсон.

         “ Эм Эн Ар Эн” ХХК болон Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газар нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.А бид хоёр  Увс аймгийн Өндөрхангай суманд Харгана толгойн худаг засварын, сумын төвийн тохижилтын, дунд голын зам засварын, баруун голын зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, дээрх ажлуудын төсвийн тооцоо, судалгааг гаргаж, Б.А-тай ашгаа 50, 50 хувь хуваахаар тохиролцсон.

          Б.А нь Өндөрхангай сумын уугуул, түүний “Эм Эн Ар Эн” ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй учраас түүнд дээрх ажлыг хамтран гүйцэтгэх тухай санал тавьж, түүний компанийн нэрээр гэрээ байгуулсан. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой ажлуудыг миний бие хариуцан гүйцэтгэж, инженерээр ажилласан. Хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдахгүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

        Иймд хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлснөөс өөрт ногдох хэсэг буюу нийт орлогоос нийт зардлыг хасаад үлдсэн ашгийн 50 хувь нь 17,067,226 төгрөг болсон.

        Б.А нь манай дэлгүүрээс майхан болон хайрга, цемент, 1 тоннын усны сав, шавар зуурагчийн мотор зэргийг хэрэглэхээр аваад одоо хүртэл үнийг төлөөгүй. Иймд дээрх эд зүйлсийн үнэ 2,056,000 төгрөг, Өндөрхангай сум руу явах бэлтгэл хангахад зориулж миний бие  2,512,800 төгрөгийн зардал  гарсан” гэж тайлбарласан байна.

          Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “...”Эм Эн Ар Эн” ХХК нь Өндөрхангай сум руу ажил гүйцэтгэхээр явах бэлтгэлээ хангаж байх үеэр Б.М нь “...ах нь ерөнхийдөө ажлыг чинь хариуцаад хийгээд өгье. Чи тохирсон хэдэн төгрөг өгчих” гэж хэлсэн учраас Б.Маар ойр зуурын ажил хийлгэж байсан. Бид нар Өндөрхангай суманд ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон зүйлгүй бөгөөд түүнтэй хамтран ажиллах шаардлагагүй байсан. Эм Эн Ар Эн ХХК Увс аймгийн Өндөрхангай суманд Харгана толгойн худаг засварын, сумын төвийн тохижилтын, дунд голын зам засварын, баруун голын зам засварын ажлыг гүйцэтгэх үеэр Б.М ойр зуурын л ажил хийж байсан болохоос тус суманд гүйцэтгэх ажлуудын төсвийн тооцоо хийж, ашгийг 50,50 хувь хуваах талаар  харилцан тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл, Б.А болон Б.М нарын хооронд хамтарч ажиллах тухай хэлцэл огт байгуулагдаагүй. Б.М-ы сөрөг нэхэмжлэлд дурдсан 11,000,000 төгрөг зээлсэн зүйл огт байхгүй. Б.Маас Бэрс финанс ББСБ-д шилжүүлсэн 8,229,000 төгрөг нь зээл биш, Б.А-ын эхнэр Б.Г-гийн арилжааны банкин дахь харилцах данснаас Б.М-ы данс руу шилжүүлээд зээл төлсөн. Яагаад гэвэл, Б.А нь Бэрс финанс ББСБ-ын Увс салбарын эрхлэгч Даваажаргалтай хувийн тооцоотой байсан” гэж тайлбарлаж, маргасан байна.

           5. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8.090.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

           6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. 

 7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.А-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

           7.1. Хэргийн баримт, зохигчдын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд, хариуцагч Б.М нь Б.А-ын Samsumg А5 маркийн гар утсыг түр хэрэглэхээр аваад буцааж өгөөгүй, мөн Өндөрхангай сум дахь Петровисийн шатахуун түгээх станцаас Б.М-ы зээлээр авсан 60 л шатахууны үнэ болох 144.000 төгрөгийг Б.А төлсөн нь нотлогдсон байх тул уг гар утас болон шатахууны үнийг хариуцагч Б.М-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ талаар зохигчид маргаангүй байна.

           7.2. Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжилж буй барилгын үйл ажиллагаанд ашиглах зориулалт бүхий угсардаг шат, түүний дагалдах хэрэгсэл болон Nissan atlas маркийн, 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, түүний тэвшин дээр ачсан байсан 500л түлш, цохилттой өрөм  зэрэг эд хөрөнгө нь “Эм Эн Ар Эн” ХХК-ын өмч болох нь хэрэгт авагдсан, Увс аймгийн Автотээврийн Үндэсний Төвийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 355 дугаар албан бичиг, Эм Эн Ар Эн” ХХК-ийн эд хөрөнгө худалдан авсан тухай баримтууд, нэхэмжлэгч Б.А-ын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

            Нэхэмжлэгч Б.А нь “Эм Эн Ар Эн” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэрэгт нотлогдоогүй байх ба  анхан шатны шүүх  Б.А-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн, нэхэмжлэлээс тус компанийн өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагатай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.  

          Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т: нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т: ...дээрхи үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжилж буй барилгын үйл ажиллагаанд ашиглагддаг угсардаг шат, түүний дагалдах хэрэгслүүд болон Nissan atlas маркийн, 92-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь “Эм Эн Ар Эн” ХХК-ийн өмч болох нь шүүх хуралдааны үед тогтоогдсон байна.  Нэхэмжлэгч Б.А нь дээрхи компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь хэрэгт тогтоогдоогүй, энэ талаар шүүхэд баримт гаргаж нотлоогүй байна.

            8. Анхан шатны шүүх хариуцагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Өндөрхангай суманд хамтран гүйцэтгэх ажлын бэлтгэлд зарцуулсан гэх 2.512.800 төгрөг, хамтран хийж гүйцэтгэсэн ажлаас олсон ногдол ашиг гэх  17.067.226 төгрөг, Б.А нь Б.М-аас зээлээр авсан гэх барилгын материалын  үнэ болох 2.056.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба анхан шатны  шүүхийн энэхүү шийдлийн талаар зохигчид давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмыг баримтлан давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.   

           9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “ Анхан шатны шүүх Б.А-аас 8.090.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үед Б.А, түүний эхнэр Г.Г нар Бэрс Финанс ББСБ-ын эрхлэгч Даваажаргалтай хувийн тооцоотой байсан. Энэ талаараа Б.М-д хэлэхэд тэрээр ах нь хийж байгаа юм шиг хийе гэж хэлснээр М-ы ах Б.Болдын дансанд Г 8.090.000 төгрөгөө хийсэн. Тухайн үед Б.М-ы өөрийнх нь дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хаасан байсан тул ах Б.Болдынхоо данс өгч, тухайн гүйлгээ хийгдсэн. Уг мөнгийг Г.Г-гийн ХААН банкны 5820057673 тоот данснаас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б.М-ы ах болох Б.Болдын ХААН банкны 5866009401 тоот дансанд шилжүүлж,  арван минутын дараа Бэрс Финанс ББСБ-ын дансанд Б.А, Г автомашин барьцаалсан зээлэнд гэсэн утгаар шилжсэн. Энэ нь дансны хуулгаас харагдаж байгаа. Б.М нь түүний ах Б.Болдын дансаар оруулаад гаргасан мөнгийг зээллэсэн гэж худал хэлж, Б.Ат мөнгө зээлсэн мэтээр ахынхаа банкны хуулгыг ашиглаж, хууль бусаар шүүхийн шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн 3 дугаар заалт буюу Б.А-аас 8.090.000 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга  бүхий  гомдлыг  хангах үндэслэлтэй байна.

           Анхан шатны шүүх хариуцагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8.090.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

           Хэрэгт, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолсон баримт авагдаагүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар буюу зохигчдын хооронд 11 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна гэж зөв дүгнэсэн атлаа М-ы төрсөн ах Б-ийн Б гэгч эзэмшигчтэй, ХААН банк дахь 5866009401 тоот харилцах данснаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 4.387.000 төгрөг, 3.703.000 төгрөг, нийт 8.090.000 төгрөгийг А-ын Бэрс Финанс Банк бус санхүүгийн байгууллагаас авсан автомашины зээлийн төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.А-аас 8.090.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй.

           Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтийн үндэслэл болсон, хэргийн 97 дугаар талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулга гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, уг хуулбар баримтад Бэрс финанс ХХК-ийн тамга дарсан байгаа / ХААН банкны албан ёсны баримт гэж үзэх боломжгүй/ нь хуульд заасан шаардлагад нийцээгүй байх тул уг баримтыг үндэслэн хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй болно. Нөгөөтэйгүүр, Б.Б-ын эзэмшлийн данснаас Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын дансанд мөнгө шилжүүлсэн  үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  шууд дүгнэх үндэслэл болохгүй.

            10. Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 11.552.200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            11. Давж заалдах шатны шүүхээс давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  144.390 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж олгох үндэслэлтэй байна.  

             Иргэний хэрэг шүүхэд шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2023/00564 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 8.090.000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний дагуу 1.549.000 төгрөг гаргуулах, 1.913.200 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 11.552.200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.390 /нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                ШҮҮГЧИД                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                Н.МӨНХЖАРГАЛ