Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 354

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй “Хөвч хангайн ойн” нөхөрлөлд холбогдох “168.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-нд хүлээн авч танилцаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Хөвч хангайн ойн” нөхөрлөлийн дарга Н.Ганбат нь манай сургуульд хандаж намрын ургац хураалтад ажиллах хүчин хүрэлцэхгүй байгаа тул танай сургуулийн оюутан сурагчдаас дэмжлэг хүсч байна гэсэн хүсэлтийг 2015.09.17-ны өдөр 16 тоот албан бичгээр ирүүлсэн юм. Тус хүсэлтийн дагуу манай сургуулийн 12 сурагч багшийн хамт 2015.09.19-ний өдрөөс 2015.09.21-ний өдрийг хүртэл 2 өдөр ажилласан болно. “Хөвч хангай” ойн нөхөрлөлтэй оюутан суралцагсдыг ажиллуулах гэрээ хийсэн бөгөөд, тус гэрээнд 1 сурагч 1 өдрийн ажлын хөлс 14,000 төгрөг байхаар тохиролцож 2 өдөр ажиллуулсан юм. Гэтэл нөхөрлөл нь тухайн үед дэмжлэг хүсч сурагчдыг ажиллуулсан атлаа 12 сурагчийн 1 өдрийн ажлын хөлс болох 168,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байна. Иймд “Хөвч хангай” ойн нөхөрлөлөөс 168,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхэд гаргасан тайлбртаа: Манай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжилсэн 168.000 төгрөгийг хариуцагч “Хөвч Хангай” нөхөрлөлийн зүгээс бүрэн төлсөн болно. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь “Хөвч Хангайн ойн” нөхөрлөлд холбогдуулан 168.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 168.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 5690 төгрөгний тал хувь 2845 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

 

           Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай   хуулийн  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74–р зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй “Хөвч Хангайн ойн” нөхөрлөлд холбогдох “168.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлага болох 168.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 5690 төгрөгний тал хувь 2845 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН