Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2024/00010

 

 

 

 

 

  

 

2024        02          19                                        224/МА2024/00010

 

 

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй, Хархираан хөгжил ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2024/00004 дүгээр шийдвэртэй,

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хархираан хөгжил” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 355,716,135 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Хахираан хөгжил” ХХК-ийн, 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 375.4 тонн буудай хадгалсан, буулгасан зардалд 23,665,093 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/, хариуцагч “Хахираан хөгжил” ХХК-ийг төлөөлж, захирал Л.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: 375,426 тонн хүнсний улаан буудайн үнэ 355,716,135 төгрөг гаргуулах тухай.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Увс аймаг, Улаангом хот, 5 дугаар баг хаягт орших “Хархираан хөгжил” ХХК-ийн агуулахад 2017, 2018 онуудын намрын ургацын 375,426 тонн хүнсний улаан буудайг түр хадгалуулахаар тохирсон байсан. Хархираан хөгжил ХХК нь 2019 онд 19/07 дугаар албан бичгээр өөрийн агуулахад хадгалж байгаа 375,426 тонн хүнсний улаан буудайг зээлээр худалдан авах, мөн хадгалалтын хөлс тооцуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100 хувь үнийг төлөх нөхцлөөр худалдан авч болох тухай хариу илгээсэн байдаг. Гэвч уг компани нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр уг улаан буудайг 2020 оны 6-8 дугаар саруудад өөрийн үйлдвэртээ хэрэглэсэн байна.  

Манай байгууллагаас 2021, 2022 онуудад бие төлөөлөгч томилон Увс аймагт ажиллуулан төлбөрийг уян хатан боломжийн нөхцөлөөр төлөх тухай санал оруулсан боловч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 375,426 тонн хүнсний улаан буудайг 2022 онд иргэн аж ахуйн нэгжээс хүнсний улаан буудай худалдан авах тухай ХХААХҮ-ийн сайдын А-343 дугаар тушаалаар баталсан үнийн дундаж үнэ болох нэг тонн хүнсний улаан буудайг 947.500 төгрөгөөр тооцон, нийт 355,718,135 төгрөгийг Хархираан хөгжил ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч “Хархираан хөгжил” ХХК-ийн татгалзлын үндэслэл:  “Хархираан хөгжил ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт хүнсний үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаа явуулдаг.  2018 оны 11 дүгээр сард манай компани дээр  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ахлах мэргэжилтэн Ч.Б ирж уулзаад,  2017 оны ургацын 63,2 тонн, үрийн 38,49 тонн буудайг орон нутагт нь буюу Баруунтуруун суманд хадгалах нөхцөл алга, тиймээс танайд хадгалуулъя гэх хүсэлт тавьсан.

Тэгэхдээ тус сангаас буудайг хадгалах, ачиж буулгах, хатаах үйлчилгээнд хөлс тооцож олгохоор яамны сайдын тушаал гарсан, тиймээс танайд хадгалалтын хөлс, ачилт буулгалтын хөлсийг тооцож олгоно гэж тайлбарласан.

Тухайн 2018 онд тус сангийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай гүйцэтгэх захирал В.Ү-ын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний А/102 тоот тушаал гарсан байсан нь үнэн бөгөөд уг тушаалын хуулбар хувийг тус сангийн ахлах мэргэжилтэн Ч.Б бидэнд өгсөн. Энэ тушаал гарсантай холбогдуулан биднийг хүсэлтээ гаргаад ачилт буулгалт болон хадгалалтын хөлсөө тооцуулж аваарай, мөн худалдан авах хүсэлтээ гаргаарай гэсний дагуу манай компани 2018 оны 12 дугаар сарын 03-ны 18/31 тоот хүсэлтийг ТЭДСанд илгээсэн. Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчдаас манайд тушаах таваарын 3 дугаар ангиллын улаан буудайн нийлүүлэлт 2017 оны намраас 2019 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсэн бөгөөд нийт буудайн хэмжээ 375,426 кг болсон.

Мөн ачилт, буулгалтын зардал 1,689,417 төгрөг болсон. 2016-2019 онд буудайн үнэ тогтоохдоо ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А/15, 2017 оны A122, 2018 оны А/164 тоот тушаалын хавсралт дахь үнийг мөрдөж байсан болно. Бид  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19/07 тоот хүсэлтээр ТЭДСангийн захирал В.Ү-д  2017- 2019 оны нийт 375,426 кг буудайн гэрээ байгуулах, хадгалалтын хөлс тооцох, мөн урьдчилгаа төлбөртэй худалдан авалт хийх тухай хүсэлт хүргүүлсэн.

Гэвч ТЭДСангаас 2019 оны 02 сарын 12-ны 01/40 тоот мэдэгдлээр 2017 оны 63,2 тонн хүнсний улаан буудайн үнийг 100% төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан худалдан авах, мөн хадгалах хадгалуулах тухай гэрээ, орлогын маягт үндэслэн тооцох боломжтой тул анхан шатны материалыг тулган тооцоо нийлэхийг мэдэгдсэн хариу өгсөн.

 Энэ хариу ирмэгц манай компани анхан шатны бүх баримтыг дахин илгээж гэрээ байгуулахыг хүлээсэн боловч гэрээ байгуулаагүй, хариу өгөөгүй. Ингээд 2020 оны 5 дугаар сард ТЭДСангийн ахлах мэргэжилтэн Ч.Б манай компанид ирэхэд хадгалагдаж буй буудайг үзүүлж манайх худалдан авах хүсэлтийг уламжлан гэрээ байгуулах, төлбөрийн нөхцөлийг тохирох талаар ярилцсан. Дээш яриад хэрэглэж болно гэсэн чиглэл өгсөн гээд бидэнд хэрэглэхийг зөвшөөрсөн үүднээс 2020 оны 6-8 саруудад үйлдвэрлэлд оруулсан.Үүнээс хойш тооцоо нийлэх талаар удаа дараа хүсэлт явуулсан боловч хариу ирүүлээгүй.

 Тус сангаас ирүүлсэн нэхэмжлэлд авагдсан 2017, 2018, 2019 онд аж ахуйн нэгж, иргэдээс манай компанид нийлүүлсэн улаан буудайн үнийг тухайн үед баримталж байсан үнээр тооцогдож гэрээ, баримт үйлдэгдсэн байхад түүнээс хожим хойно 2022 онд гарсан Хүнс, хөдөө аж ахуй сайдын А/343 тоот тушаалын үнээр тооцож, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 Увс аймгийн иргэний анхан шатны шүүхэд гаргасан ХААДСангийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны 01/150 тоот нэхэмжлэлийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэжээ.

3. Хариуцагч “Хархираан хөгжил” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 375.4 тоонн буудайг тус компанийн агуулахад хадгалсан, буулгасан зардалд 23,665,093 төгрөг гаргуулах тухай.

3.1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: “ Хархираан Хөгжил ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд өөрийн компанийн агуулахад ХААДС-ийн иргэн, хуулийн этгээдээс авсан улаанбуудайг хадгалсан. Тухайн үед улаан буудайг хадгалуулах хөлсний талаар тохиролцохдоо Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 дугаар “Үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай” тушаалаар тогтоосон үнэлгээний дагуу буудай хадгалалтын хөлсийг 1 тонныг хоногт 80 төгрөгөөр тооцохоор тогтоосон үнэлгээний дагуу тооцож хөлсийг олгохоор харилцан тохирсон. Мөн дээрх тушаалын дагуу ирсэн улаанбуудайг хүлээн авч, буулгах зардлыг 1 тонн тутамд 4,500 төгрөг байхаар заасан тул манай компани буудайг хүлээн авч, тус үнэлгээгээр буулгаж байсан. 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 375.4 тонн буудайг барааны агуулахдаа хадгалсан. Иймд тус компанийн агуулахад улаан буудай хадгалсан, буулгасан зардалд нийт 23,665,093 төгрөг гаргуулахаар нэхэмжилнэ ” гэжээ.

4. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК / өмнө нь ХААДС нэртэй байсан/-ийн татгалзал: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгуулах тухай.

4.1. Сөрөг нэхэмжлэлийн талаарх нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл: “375,4 тонн улаан буудайн  ачилт, буулгалтын зардлыг, тонн буудайг 4500 төгрөгөөр тооцож, нийт 1,687,500 төгрөг төлөхийг  хүлээн зөвшөөрөх боломжтой. “Хархираан хөгжил” ХХК нь хадгалуулсан улаан буудайг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн учраас хадгалалтын зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 23,665,093 төгрөг гаргуулах шаардлагаас 1,687,500 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2024/00004 дүгээр шийдвэрээр:

           - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “Хархираан хөгжил” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 187,713,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 168,003,135 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 422.4.1, 422.4.2-т зааснаар “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас барааны агуулахад улаанбуудай хадгалуулах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 23,665,093 төгрөг гаргуулж, “Хархираан хөгжил” ХХК-д олгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 1,096,515 төгрөгийг хариуцагч “Хархираан хөгжил” ХХК-аас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 276,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас 276,275 төгрөг гаргуулан хариуцагч “Хархираан хөгжил” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 152/ШШ2024/00004 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангахгүй байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 сарын 18-ний өдрийн А-480 тоот тушаалыг гаргаж өгөх байсан. Энэ тушаалд 3 дугаар ангиллын улаанбуудайг 590,000 төгрөгөөр зарж борлуулахаар гарсан байгаа.

Энэхүү баримтыг гаргаж өгөх боломжоор шүүх хангаагүй, хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг зуруулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх боломжоор хангаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материал, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаагүй байхад шүүх шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

2017 оноос 2023 он хүртэл хариуцагч “Хархираан хөгжил” ХХК-аас хадгалуулсан будаагаа авах гэж удаа дараа төлөөлөгч очиж уулзсан боловч үр дүнд хүрэхгүй явсаар шүүхэд хандах болсон.

Ийм учраас “Хархираан хөгжил” ХХК-д  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийг ХХААХҮ-ын сайдын 2022 оны А-343 дугаар тушаалаар баталсан үнийн дундаж үнэ болох нэг тонн хүнсний улаан буудайг 947,500 төгрөгөөр тооцож, нийт 355.716.135 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т талууд үнэ тохиролцоогүй бол хэлэлцэн тохиролцож болно гэсэн заалтыг баримталсан  боловч талууд үнийн талаар тохиролцоогүй байхад шүүх нэг талын хүсэл сонирхлоор шийдвэр гаргасан гэж харж байна. Шүүхийн шийдвэрт улаанбуудайг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзээд үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/152 дугаартай “Үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай” тушаалын дагуу тонн нь 500.000 төгрөг тооцсон нь үндэслэлгүй.

Худалдах, худалдан авах гэрээний үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А-480 дугаартай “Хүнсний улаанбуудайн худалдах үнийг тогтоох тухай” тушаалын дагуу 3 дугаар зэрэглэлийн улаанбуудай тонн нь 590.000 төгрөгөөр тогтоосон тушаалыг хэрэглэх боломжтой байсан боловч  шүүх хэргийн материалтай танилцуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулсан бол дээрх тушаалыг гаргаж өгөх боломжтой байсан.

Иймээс улсын төсөв хохирох эрсдэлээс сэргийлж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж  өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцаж, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зурах нөхцлийг хангах тал дээр дутагдалтай ажилласны улмаас хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй. Хэрэгт нэмэлтээр нотлох баримт гаргаж өгч чадаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангахгүйгээр шийдвэр гаргасан.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд болон хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байгаа. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү

Миний хувьд 2023 оны 10 дугаар сард шүүхэд төлөөлөх итгэмжлэлээ авсан. Удаа дараа шүүгчийн туслахтай холбогдож хэргийн материал танилцах хүсэлтээ гаргаж байсан бөгөөд байнгын холбоотой байсан. Миний өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Булганд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан даалгавар гүйцэтгүүлж хэргийн материалтай танилцуулсан байсан. Булганы хувьд ажлаасаа гарсан учир би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Шүүгчийн туслахын надад цахимаар хэргийн материал танилцуулсан гэж үйлдэж хийсэн баримтуудтай би танилцаагүй.

Шүүгчийн туслахын зүгээс миний мэйл хаяг руу баримтууд ирүүлсэн байсан боловч хэргийн материалтай файл нээгдээгүй, харин шүүхийн эрх үүрэг танилцуулсан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, хэргийн материал танилцуулсан баримтууд нээгдэж байсан учир би гарын үсгээ зураад бэлдчихсэн байсан. Нэхэмжлэлд болон сүүлд өгсөн хариу тайлбар зэрэгт 3 дугаар ангиллын буудай гэдэг зүйл дурдагдаагүй бөгөөд анх удаа 3  дугаар ангиллын буудай гэдэг зүйлийг хариуцагч талаас сонсож байна. Хариуцагч талын зүгээс манай байгууллагатай худалдах худалдан авах гэрээтэй холбоотой харилцаж, холбогдож байсан зүйл байхгүй. Тухайн үеийн сайдын тушаалаар гаргасан 1, 2, 3, 4 дүгээр ангиллын буудай 947,500 төгрөг тул энэ үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан.

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн хувьд “Хархираан хөгжил” ХХК-д хадгалалтын гэрээний дагуу буудайг өгч, жил бүр мэргэжилтэн явуулж буудайг авах талаар харилцан ярьж байсан болохоос биш дур мэдэж буудайг ашиглан захиран зарцуулах эрхийг өгөөгүй. “Хархираан хөгжил” ХХК-ийн хувьд 2017-2020 онд буудайг хадгалж байгаад ашигласан байгаа. Хариуцагч тайлбартаа “Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК хадгалуулсан буудайны тоо хэмжээн дээр маргаан байхгүй, яагаад гэвэл тэр талаарх баримтгүй учир маргаан гаргахгүй байгаа” гэх тайлбар өгсөн. Манай санхүүгийн баримтад 375,4 тонн гэсэн баримт байгаа учир маргахгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь аль аль талуудын эрх ашигт нөлөөлөхүйц шийдвэр байж чадаагүй учир хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

8. Хариуцагч “Хахираан хөгжил” ХХК-ийг төлөөлж, захирал Л.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас удаа дараа төлөөлөгч ирж “Хархираан хөгжил” ХХК-тай уулзсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Б гэх хүн ирж ажиллаж байсан учир Бийг шүүхэд гэрчээр оролцуулах гэсэн боловч өндөр насны тэтгэвэртээ гараад хаяг тодорхойгүй байсан учир шүүхэд гэрчээр дуудах боломжгүй болсон.

Маргаан бүхий буудайны үнэ тогтоосон тушаалыг нотлох баримтаар хавсаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч дугаарын мэдээлэл байхгүй учир сайдын тушаалыг олж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Буудайг 1 жилийн хугацаанд хадгалаад чийгийн улмаас хөгзөрдөг учир “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийг төлөөлж ирсэн Бийн зүгээс манай компанийг урьд нь буудайг аваад ашиглаж хэрэглэж байсан учир хадгалагдаж байгаа буудайг ашиглаж болно гэж хэлж зөвшөөрөл өгч байсан боловч гэрээ байгуулаагүй асуудал үүссэн юм ” гэв.

 9. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргасан үндэслэлийн хувьд дараах тайлбарыг  гаргая.

 Шүүхээс хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, мөн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтуудад гарын үсэг зуруулахгүйгээр нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангахгүй, хэтэрхий нэг талд дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэх агуулгатай байна. Нэхэмжлэл гаргасан этгээд өөрөө компани бөгөөд нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 10 сар гаруй хугацааны дараа анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан.

Тэгэхээр 10 сарын хугацаанд нэхэмжлэгч тал тайлбар, үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангагдаагүй гэж үзэх боломжгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 3 удаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудыг хараад үзэхээр 3 итгэмжилсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулж байсан бөгөөд нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаагаар бүрэн хангасан байдаг. Мөн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг даалгавар гүйцэтгүүлж дүүргийн шүүхээр дамжуулан баримтуудыг танилцуулж гарын үсэг зуруулж байсан.

Шүүгчийн туслах С.Б-тэй холбогдож “танд даалгавар гүйцэтгүүлж хэргийн материал танилцуулах уу, эсвэл цахимаар танилцах уу” гэхэд цахимаар хэргийн материалтай танилцаад явах боломжтой учраас мэйлээр хэргийн материалыг танилцуулж өгөөч гээд мэйл хаягаа явуулсан байдаг.

Мөн С.Б-гийн зүгээс “эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, цахим гарын үсгийн баталгаа зэрэг шүүхийн баримтуудад гарын үсгээ зураад шууданд тавья” гэх хариуг утсаар өгсөн бөгөөд энэ нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байгаа юм.

Хавтаст хэрэгт шүүгчийн туслахын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 9 цагт С.Б-тэй холбогдож хариу авсны үндсэн дээр тухайн өдөр хэргийн материалыг 3 хувааж мэйлээр явуулсан баримт авагдсан байгаа. Хэргийн материалыг мэйлээр аваад танилцчихаад С.Б-гийн зүгээс “анхан шатны шүүх надад хэргийн материал танилцах боломжоор хангаагүй, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй” гэж ярих нь зохимжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй субъект байж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад худлаа ярьж байгаа нь харамсалтай байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж байна.

С.Б нь шүүх хуралдаанаас 1 сарын өмнө шүүгчийн туслахаас явуулсан хэргийн материалтай мэйлээр танилцсан, мөн цахим шүүх хуралдааны баталгаа, нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг, тайлбарласан материал, хэргийн материал танилцуулсан баримтуудын маягтуудыг бүгдийг нь мэйлээр явуулсан баримт нь хэрэгт авагдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох чиг үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж үзэж байна.

 Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гараагүй гэж үзэж байна. Давж заалдах журмаар гаргасан гомдолд “3 дугаар ангиллын үрийн буудайны үнэ тариф” гэдгийг дурдсан байсан. 3 дугаар ангилал гэдгийг тогтоогоогүй байхад 3 дугаар ангиллын үнэ тарифаар тооцож, хариуцагч тал 3 дугаар ангиллын үнэ тарифаар мөрдөх ёстой гээд 500,000 төгрөг гэж хэлсний дагуу 3 дугаар ангиллын буудайны үнэ тариф баримталсан гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл анхнаасаа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 дугаар ангиллын буюу 2022 онд мөрдөж байсан үнэ тарифын дагуу 3 дугаар ангиллын үрийн будааны үнээр буюу 947,500 төгрөгийн үнэлгээгээр бодож, тооцож оруулж ирсэн нь тухайн үрийн буудай нь 3 дугаар ангиллын үрийн буудайд хамаардаг гэдгийг нотолж байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн нотлох баримт болох 2022 оны сайдын тушаалын хавсралтын 3 дугаар ангилал гэдэг дээр үнийн дүн нь 940,000 төгрөг гэж бичигдсэн байдаг. Дээрх үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлсон. Худалдах, худалдан авах гэрээ буюу энэ харилцаа 2017-2020 оны хооронд буудайг хадгалаад 2020 оны 6-8 сард ашигласан үйлдэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, агуулахад бараа бүтээгдэхүүнийг хадгалаад 2020 онд ашиглаж байгаа үйлдэл буюу тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа хэлбэр юм.

Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах үе буюу 2022 онд мөрдөгдөж байсан үнэ тарифаар бодсон учраас үнэ тарифын хувьд ийм зөрөө гарсан. Иймд 2018 оны буюу тухайн үеийн үнэ ханш тогтоосон тариф, холбогдох тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсний үндсэн дээр буудайн үнэ буюу 3 дугаар ангиллын үрийн буудай 500,000 төгрөг байна гэдэг үнэлгээгээр бодсон анхан шатын шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Хүнсний үрийн улаан буудайг худалдаж авч байгаа, худалдаж байгаа харилцаа нь үл хөдлөх эд хөрөнгө биш учраас худалдах худалдан авах гэрээний хувьд заавал бичгээр гэрээ байгуулахыг шаарддаггүй төрлийн гэрээ юм. Амаар тохиролцож үнэ тарифаа тогтоосон тухайн үеийнхээ ханшаар 375.4 тонн үрийн буудайг худалдан авъя гэж тохирч байгаа харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан нь худалдан авах гэрээний харилцаанд хамаардаг учраас хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар үгүйсгэгдэж байгаа болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авна гэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулчхаад 14 хоногийн дараа өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлсэн. Дээрх байдлаас үзвэл удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж байгаа нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2024/00004 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

             2. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хариуцагч  “Хархираан хөгжил” ХХК-д холбогдуулан, хадгалуулсан улаан буудайны үнэ  355,718,135.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ :   “Хархираан хөгжил” ХХК-ийн агуулахад 2017, 2018 онуудын намрын ургацын нийт 375,426 кг хүнсний улаан буудайг түр хадгалуулахаар тохирч хадгалуулсан. 2019 онд “Хархираан хөгжил” ХХК нь өөрийн агуулахад хадгалж байгаа 375,426 кг хүнсний улаан буудайг зээлээр худалдан авах, хадгалалтын хөлс тооцуулах тухай хүсэлт гаргасан.

Тухайн үед  Тариалан эрхлэлтийг дэмжих сан /Хөдөө аж ахуйг дэмжих сан нь өмнө нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэртэй байсан/-аас 100 хувь үнийг төлөх нөхцөлөөр худалдан авч болох тухай хариу илгээсэн байдаг. Гэвч уг компани нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2020 оны 6-8 дугаар саруудад уг улаан буудайг өөрийн үйлдвэртээ хэрэглэсэн байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 375,4 тонн хүнсний улаан буудайг 2022 онд иргэн аж ахуйн нэгжээс хүнсний улаан буудай худалдан авах тухай ХХААХҮ-ийн сайдын А-343 дугаар тушаалаар баталсан үнийн дундаж үнэ болох нэг тонн хүнсний улаан буудайг 947,500 төгрөгөөр тооцон нийт 355,718,135 төгрөгийг “Хархираан хөгжил” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан,     

 - хариуцагч “Хархираан хөгжил” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ : “ тус сангаас ирүүлсэн нэхэмжлэлд дурдагдсан 2017, 2018, 2019 онд аж ахуйн нэгж, иргэдээс манай компанид нийлүүлсэн улаан буудайн үнийг тухайн үед баримталж байсан үнээр тооцож авсан талаар  гэрээ, баримт үйлдэгдсэн байхад түүнээс хожим хойно 2022 онд гарсан Хүнс, хөдөө аж ахуй сайдын А/343 тоот тушаалаар баталсан үнээр тооцож, нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Харин үнийг Хүнс, хөдөө аж ахуй сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/152 дугаартай “ Үрийн болон хүнсний буудайн үнэ тогтоох тухай “ тушаалын дагуу нэг тонныг 500.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх ёстой” гэж тайлбарлан маргажээ.

         3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  “Хархираан хөгжил” ХХК “ нь нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д холбогдуулан “2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 375.426 кг  буудай хадгалсан, мөн буулгасан зардалд нийт 23,665,093 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн сөрөг  шаардлага гаргаж,

           сөрөг шаардлагын үндэслэлээ: “Хархираан Хөгжил”  ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд өөрийн компанийн агуулахад Хөдөө аж ахуйг дэмжих сангийн иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан улаанбуудайг хадгалсан. Тухайн үед улаанбуудайг хадгалуулах хөлсний талаар тохиролцохдоо Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 Үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай тушаалаар тогтоосон үнэлгээний дагуу буудай хадгалалтын хөлсийг 1 тонныг  хоногт 80 төгрөгөөр тооцохоор тогтоосон үнэлгээний дагуу тооцож хөлсийг олгохоор харилцан тохирсон. Мөн дээрх тушаалын дагуу ирсэн улаанбуудайг хүлээн авч, буулгах зардлыг 1 тонн тутамд 4,500 төгрөг байхаар заасан тул манай компани буудайг хүлээн авч, тус үнэлгээгээр буулгалтын зардлыг тооцож байсан ” гэж тайлбарласан,

            -  нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК  нь хариуцагч Хархираан Хөгжил” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ: “ Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 тоот тушаалын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ачилт, буулгалтын зардлыг 375,4 тонн буудайг 4500 төгрөгөөр тооцож, 1,687,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжтой. “Хархираан хөгжил” ХХК улаан буудайг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөртөө хэрэглэсэн учраас хадгалалтын зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 23,665,093 төгрөг гаргуулах шаардлагаас 1,687,500 төгрөгийг зөвшөөрч байна” гэж тайлбарлаж, маргасан байна.

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд талуудын хооронд худалдах, худалдан авах болон барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 187.713.000 төгрөг гаргуулж, үлдэх 168.003.135 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй,  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад нийцсэн байна.

          4.1. Хэрэгт, “Хархираан Хөгжил” ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хүсэлтээр, 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд тус сангийн  иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан 375.4 тонн буюу 375.426 кг улаан буудайг өөрийн зардлаар татан авч, өөрийн компанийн агуулахад хадгалсан, улмаар “ Хархираан Хөгжил “ ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 03, 2019 оны 12 сарын 23-ны өдөр Тариалан эрхлэлтийг  дэмжих сан /өмнөх нэрээр/-д тус тус хандан, өөрийн агуулахад хадгалж буй 375.4 тонн буудайг урьдчилгаа төлбөртэйгээр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн, тус сангаас улаан буудайн үнийг 100 хувь төлөх нөхцөлтэй гэрээ байгуулах тухай хариуг хүлээн авч, гэрээ байгуулах саналаа удаа дараа хүргүүлсэн, улмаар тус улаан буудайг 2020 оны 6-8-р сард үйлдвэрлэлд хэрэглэсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

  4.2. Анхан шатны шүүх хэрэгт тогтоогдсон үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд худалдах, худалдан авах болон барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний харилцаа тус тус үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т: “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”,

мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-т: “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ”,

мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т: “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол хэлцэл хийсэн гэж үзнэ”,

мөн зүйлийн 43.2.2-т: хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэнд тооцно” гэж тус тус заасан байна.

           Хариуцагч талаас өөрийн агуулахад хадгалагдаж байсан улаан буудайг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан, нэхэмжлэгч талаас улаан буудайн үнийг 100% төлөх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг 2019 оны 2 сарын 12-ны өдрийн 01/40 албан бичгээр ирүүлсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 43.2.2-т  зааснаар зохигчдын хооронд  хэлцэл хийгдсэнд тооцох үндэслэл болно.

Мөн хариуцагч талаас 2019 оны 12 сарын 23-ны өдөр тус санд хандан, өөрийн агуулахад хадгалж буй 375.426 кг улаан буудайг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн албан тоот явуулсан байх ба энэхүү  гэрээ байгуулах тухай саналд нэхэмжлэгч талаас хариу ирүүлээгүй байх боловч хуульд заасан ердийн боломжит хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9, 43 дугаар зүйлийн 43.1.3 дахь хэсэгт  тус тус зааснаар хариуцагчийн гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, зохигчдын хооронд улаан буудай худалдах, худалдан авах хэлцэл  хийгдсэн гэж үзнэ.

            4.3. Хэлцлийн хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй учир хэн аль нь нөгөө талаасаа харилцан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу улаан буудайн үнийг төлөхийг хариуцагч талаас, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах хүртэлх хугацааны улаан буудайн хадгалалтын хөлс төлөхийг нэхэмжлэгч талаас  тус тус шаардах эрхтэй байна.          

            5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох 375.426 кг хүнсний улаан буудайн хэмжээний талаар маргаагүй, харин улаан буудайн нэгж үнийг хэрхэн тооцох талаар маргасан.

           Үрийн болон хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх, үнэ тогтоох ажлыг улсын хэмжээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам хариуцан явуулж байсан байх ба тус яамны сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/152 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар  улаан буудайн зэрэглэлээс хамаарч, нэгж тонн улаан буудай худалдан авах  үнийг тогтоосон байна.

           Анхан шатны шүүх дээрх тушаалаар тогтоосон үнийг баримталж, нэгж тоннын үнэ 500,000 төгрөгөөр тооцож, 375,426 кг улаан буудайн үнэ 187,713,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          6. Харин талууд улаан буудайн үнийн талаар тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэрт: ИХ-ийн 244-р зүйлийн 244.1-т: худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тохиролцох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заасны дагуу үнийг тодорхойлох боломжтой гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болохыг дурдав.  

          7. Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан: “нэг тонн улаан буудайн үнийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамны сайдын 2022 оны А-343 дугаар тушаалаар баталсан, 2022 онд иргэн, аж ахуйн нэгжээс хүнсний улаан буудай худалдан авах үнийг баримтлан, нэг тонн буудайг 947,500 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна” гэх тайлбар нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ 2020 онд байгуулагдсан байх тул уг гэрээний зүйлийн үнийг гэрээ байгуулагдсанаас хойш хугацаанд эрх бүхий этгээдээс баталж, дагаж мөрдсөн хэм хэмжээг баримтлан үнийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ-ны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/343 дугаар  тушаалаар баталсан хэм хэмжээг 2020 онд болж өнгөрсөн үйл баримтад хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

           8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Хархираан Хөгжил” ХХК нь  Хөдөө аж ахуйг дэмжих сангийн иргэн, хуулийн этгээдээс авсан 375426 кг улаан буудайг өөрийн зардлаар татан авч өөрийн компанийн агуулгахад 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд хадгалсан үйл баримт тогтоогдсон тул шүүхээс хадгалалтын хөлс, буулгалтын зардалд нийт 23.665.093 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар  шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй байна.

           9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн “анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй, хэргийн материал, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулаагүй тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж чадаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          9.1. Анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. 

            Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 3 удаа томилж, өөрчилсөн байх бөгөөд шүүхээс тухай бүр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулж байсныг нотолсон баримтууд хэрэгт авагдсан, хамгийн сүүлд буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01//303 дугаар итгэмжлэлээр С.Б-г нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба С.Б-гийн хүсэлтийн дагуу шүүхээс түүний е-майл хаягаар нь хэргийн материалыг танилцуулахаар хүргүүлсэн талаарх баримт 2 дугаар хх-ийн 240-246 дугаар талд авагдсан байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хангаагүй буюу хэргийн материал танилцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           9.2.Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б: шүүхээс явуулсан зарим файл нээгдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа анхан шатны шүүхэд мэдэгдсэн болон хэргийн материалтай дахин танилцах талаар хүсэлт гаргаагүй байна.

10. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2024/00004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ .

11. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.265.456 / нэг сая хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2024/00004 дүгээртэй шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.265.456 /нэг сая хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                                Н.МӨНХЖАРГАЛ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.ЖАМБАЛСҮРЭН