Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

     2019         02          18                                     166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

            улсын яллагч Б.Чинзориг,

            шүүгдэгч О.Т, өмгөөлөгч П.Одонтунгалаг,

            шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонбаатарын Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Б нарт холбогдох эрүүгийн 1802004570260 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны гадаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан метамфетамын агууламжтай мөс гэх нэршилтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 3.77 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, биедээ хадгалан Г.Бд гялгар ууттай 0.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 80.000 төгрөгөөр худалдаалсан,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны гадаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан метамфетамын агууламжтай мөс гэх нэршилтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Таас худалдаж авч биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Прокуророос: “Шүүгдэгчийн гэм бурууг нотлож яллах байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 6306 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Тын биед үздэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тын биеэс биологийн дээж мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Бгийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан прокурорын тогтоол, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 11770 дугаартай дүгнэлт, 12124 дугаартай дүгнэлт, 11769 дугаартай дүгнэлт, 11765 дугаартай дүгнэлт,  Шүүх сэтгэц судлалын дүгнэлтүүд, Бгийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг, Тын сэжигтэнээр өгсөн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудыг”,

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч П.Одонтунгалаг: “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 2-3 хуудасны, хувийн байдалтай холбоотой хуудсанд авагдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 42 дугаар хуудасны гэрч Цэцэгмаагийн мэдүүлэг 52 дугаар хуудасны Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, 106 дугаар хуудасны яллагдагч Бгийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудасны яллагдагч Бгийн мэдүүлэг, АСА эмэгтэйчүүдийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Т, Г.Б нар шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүхээс шүүгдэгч О.Т, Г.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны гадаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан метамфетамын агууламжтай мөс гэх нэршилтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 3.77 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, биедээ хадгалан Г.Бд гялгар ууттай 0.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 80.000 төгрөгөөр худалдаалсан,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны гадаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан метамфетамын агууламжтай мөс гэх нэршилтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Таас худалдаж авч биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-5-8/,

О.Тын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-11-13/,

О.Тын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-14-15/,

О.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-29-30/,

Г.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-16-19/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-32-33/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-34-35/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсий хүрээлэнгийн шинжээчийн 2018.11.15-ны өдрийн 11770, 12124, 11769 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-44-45, 47-48, 50-51/, 2018.11.14-ний өдрийн 11765 дугаартай дүгнэлт /1-р хх-53-55/,

О.Т, Г.Б нарын шүүх сэтгэц эмгэг судлалын 1 дүгнэлт /1-р хх-57-58, 60-62/,

О.Т сэжигтнээр мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед байх Б гээд холбоогүй байсан охин фэйсбүүкээр надтай чатлаад “ойрд хэрэглээгүй 100.000 төгрөгөнд зарах мөс байгаа юу” гэсэн, тэгээд би утсаар нь яриад хоёулаа ярилцья гээд гэрийнхээ орцонд хүрээд ир гэж дуудсан тэгтэл удалгүй хүрээд ирсэн. Урд нь Б надаас 200.000 төгрөг зээлж авсан байсан би тэр өрөө өгчих найз нь чамд хэрэглэх юм зүгээр өгье гээд Номиндалайн зааж өгсөн тамхины хайрцагтай мөснөөс өгсөн. Тэгээд Б түрүүлж гараад явсан, би араас нь 10-20 минутын дараа гэртээ орчихоод гарч ирээд машиндаа суутал цагдаа нар баривчилсан.” гэх мэдүүлэг /1-р хх-90-91/,

Г.Б сэжигтнээр мэдүүлэхдээ  “...би Ттай 2018.11.03-ны өдрийн 19-20 цагийн хооронд гар утсаар холбогдсон юм. “100.000-д юм байна уу” гэж асуусан. Би Тыг мөс хэрэглэдэг гэдгийг мэддэг тул түүнд байж магадгүй, олдож магадгүй гээд асууж үзсэн. Тэгтэл Т юу ч гэсэн хүрээд ир Улаанбаатар их дэлгүүрийн хажуу талын UB таунд хүрээд ир, ирээд залгаарай гэж хэлсэн. Тэгээд очоод залгатал байрныхаа орцыг зааж өгөөд хамгийн дээд талын давхарт гараад ир гэсэн. ...нэг хаалга онгойгоод Т гарч ирсэн. Тэгээд надад жижиг ууттай, бага хэмжээтэй мөс өгсөн. Би хариуд нь өөр байсан 80.000 төгрөгөө өгсөн. Би Тт мөнгөө өгөхдөө 20.000 дутуу байгаа гэж хэлтэл за за гээд л буцаад орсон. Тэгээд би байрнаас нь гараад зам руу алхаж байх замдаа цагдаа нарт баригдсан. Би уг мөсийг хэрэглэж амжаагүй.” /1-р хх-89/ болон шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөн дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч О.Тыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, бусдад худалдаалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь,

шүүгдэгч Г.Бг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул тус бүр гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “....шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн санал,

“....шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн саналыг,

 

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн талаар маргахгүй, түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгчөөс “…миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй, мөн тэрээр одоогийн байдлаар дөрвөн долоо хоногтой жирэмсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч О.Т “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэсэн хүсэлтийг,

Шүүгдэгч Г.Б “...бага насны хүүхэдтэй, жирэмсэн байдлыг харгалзан үзнэ үү, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч О.Т, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь урд ял шийтгэл хүлээж байсан хэдий ч уг хугацаа нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Г.Б нь бага насны хүүхэдтэй, мөн одоогоор тэрээр дөрвөн долоо хоногтой жирэмсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгаж шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1802004570260 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.1 грамм, 3.5 грамм бодис, цэнхэр өнгийн гуурс, гялгар уутанд хийсэн хагарч бутарсан тарианы усны шил зэргийг устгах, А37090288 сер дугаартай хуйлсан 500-тын мөнгөн дэвсгэрт А26475904, АЕ4206287, А25274107 сер дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, Р51555208, А32429474 сер дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тоолох, Г.Б нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног цагдан хоригдсоныг дурдав.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1. Боржигон овогт Отгонбаярын Тыг мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

-Боржигон овогт Ганболдын Бг мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Г.Б нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заассыг журамлан, Эрүүийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн 1802004570260 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.1 грамм, 3.5 грамм бодис, цэнхэр өнгийн гуурс, гялгар уутанд хийсэн хагарч бутарсан тарианы усны шил зэргийг устгах,

-А37090288 сер дугаартай хуйлсан 500-тын мөнгөн дэвсгэрт А26475904, АЕ4206287, А25274107 сер дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, Р51555208, А32429474 сер дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тын урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тэмдэглэж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шүүгдэгч О.Тт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ИДЭР