Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 222/МА2024/00004

 

 

 

 

 

 

2024    02       23                                              222/МА2024/00004                          

 

 

 “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 455 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,050,000 юань буюу 3,359,184,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,

хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболдын давж заалдах гомдлоор 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд /цахимаар/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уламбадрах, Г.Ариунболд,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: “худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алдангид 7,050,000 юань буюу 3,359,184,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл:  “*******” ХХК нь хариуцагч “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК-тай 2022 оны 03 сарын 05-ны өдөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК нь 46 ширхэг машин механизм, техник, 19 ширхэг техникийн дагалдах хэрэгсэл, 2500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалуудыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь төлбөрт нийт 5,500,000 юанийг 3 хувааж төлөх, төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногт тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсаны дараа буюу 2022 оны 03 сарын 06-ны өдөр гэрээнд дурдсан тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн. “*******” ХХК өмнө нь “Цайрт Минерал” ХХК-ийн Төмөртийн овоо орд дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд оронд нь “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК туслан гүйцэтгэгч болсон. Бид манай тоног төхөөрөмжийг авах санал гаргаснаар харилцан ярилцаж уг гэрээ хийгдсэн. “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй, нийт 800,000 юань буюу 375,550,000 төгрөг төлсөн. Төлбөр төлөгдөөгүй хугацааны алданги 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөгийн 50 хувиар бодож алданги нэхэмжилж байгаа. “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК-ийн 2022 оны 12 сарын 18-ны өдрийн хариу албан бичигт үлдэгдэл 5.000.000 юанийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Худалдан авагч 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол шаардлага гаргах эрхтэй байсан. Хариуцагчийн зүгээс бараа материал доголдолтой байна гэсэн зүйл хэлж байгаагүй гэв.

 

2. Хариуцагч “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Анх гэрээ хийхдээ нэг талыг барьсан, тусгавал зохих зүйлийг тусгаагүй нь харагдаж байгаа. Бүх тоног төхөөрөмжүүдээ өгсөн боловч чанарын шаардлага хангаагүй. Өгсөн жагсаалтад тоног төхөөрөмжийн үнийн дүн байхгүй, тоног төхөөрөмжүүд эвдэрсэн. Шинээр тоног төхөөрөмжүүдийг хилээр оруулсан. Үндсэн төлбөрөөс 800,000 юань буюу 375,550,000 төгрөг төлсөн байгаа. Төлбөрөө өгөөгүй шалтгаан нь Ковид-19 өвчний улмаас компанийн үйл ажиллагаа нь зогссон, хорионы улмаас мэргэжлийн хүмүүс ирж чадаагүй. Хоёр компанийн захирлууд хоорондоо ярилцаад, манай компани бутлуурын ажил гүйцэтгээд, хөлсөнд алданги тооцохгүй гэж тохиролцсон. Маргаан нь алданги боловч тоног төхөөрөмж эвдэрсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг багасгах шаардлагатай гэж үзэж байна. Бид алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгох саналтай байгаа гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хариуцагчаас 5,170,000 юань буюу 2,463,143,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 1,880,000 юань буюу 896,040,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,953,870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,473,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг шилжүүлэн гомдол хэлэлцэхдээ хариуцагч талаас байлцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэг бөглөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж заасныг зөрчсөн. Хариуцагчийн албан ёсны хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрладаг. Шүүх хэргийн оролцогчийн эрх үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн бөгөөд мэтгэлцэх тэгш боломжийг олгоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үг утга зүйн алдаатай, орчуулга хийгдээгүй байхад үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хариуцагч тал гэрээний зүйлийг хүлээн аваагүй, тооцоо нийлсэн акт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 243  дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.     

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уламбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Ариунболдтой адил саналтай байна гэв.

6.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.6-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэлийн хувийг хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу БНХАУ-ын иргэн гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар орчуулагч байлцуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгөх ёстой байсан. Мөн Мень Шиан И гэх хүний гарын үсэг болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх нэр зөрүүтэй. Тухайн хүний гарын үсгийн баталгаат орчуулга хэрэгт байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Розагийн итгэмжлэл орчуулгагүй. 2023 оны 12 сарын 20-ны өдөр хариуцагч талаас шүүх хуралдаанд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтдээ гэрээ байгуулсан компаниудын гүйцэтгэх удирдлагууд, орчуулагч, ил уурхайн инженер нарыг гэрчээр асуулгах талаар дурдсан. Талууд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар маргадаг. Иймээс хэрэгт ач холбогдол бүхий хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хангаагүй шийдвэр гаргахдаа захирамж гаргаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар гомдлыг хэлэлцсэн процесс мөн алдаатай. Шүүгч нарын зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон захирамж алдаатай байна. Батдорж гэх хүн хэргийн оролцогч биш байтал захирамжийг гардуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүх шийдвэр гаргахдаа гаалийн мэдүүлгийг иш татаж, 2 удаагийн хүлээн зөвшөөрсөн захидал байгааг харгалзсан. Хуульд зааснаар бичмэл нотлох баримтын эх сурвалжийг тодорхойлох шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс нэг ч удаа төлбөрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан албан бичиг байхгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх удирдлага нь заавал гарын үсгээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлнэ гэж заасан байдаг. Гэтэл тэрхүү нотлох нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан. Орчуулга дутуу, хэвлэмэл, эх сурвалж тодорхойгүй нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй байсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл энэ гэрээ байгуулагдсан байх гол нөхцөл нь доголдолгүй бөгөөд эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг. Гэтэл талуудын дунд бараа материал хүлээн авсан акт үйлдэгдээгүй. Гадаадын иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох олон улсын зарчим гэж бий. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, талуудад тэгш боломжийг олгоогүй, үйл баримтыг нотлох хүсэлтийг хүлээж аваагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

                                                                                                                                                    

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орчуулагч байлцуулах, орчуулга хийлгэх, нотлох баримтыг гаргаж өгөх зэрэг нь хариуцагчийн өөрийнх нь үүрэг. Биелүүлээгүй үүргээ шүүх алдаа гаргасан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн байдаг. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан.  Гэрээний 8 дугаар зүйлд аливаа маргаан гарсан тохиолдолд Сүхбаатар аймгийн шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлүүлэх тухай заасан. Мөн хариуцагч “Цайрт минерал” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байнгын үйл ажиллагаагаа явуулдаг. Иймээс хэргийн харьяаллыг зөрчсөн гэх үндэслэл алга байна. Хэргийн оролцогчийн эрх үүргийг удаа дараа ноцтой  зөрчсөн гэх тайлбар гаргаж байна. Хариуцагч тал анхан шатны шүүхэд бараа материалыг хүлээн авсан талаар, мөн мөнгөн дүн дээр маргахгүй, зөвхөн алданги дээр маргана гэдэг. Одоо гаргаж буй тайлбар нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартай нь нийцэхгүй байна. Бараа материалыг манай тал хүлээлгэн өгсөн талаар үйлдсэн акт хэрэгт бий. Тиймээс хүлээн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бараа материал худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алдангид нийт 7,050,000 юань буюу 3,359,184,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК эс зөвшөөрч, маргажээ.

 

            3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч компаниас 5,170,000 юань буюу 2,463,143,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн зөрүү 1,880,000 юань буюу 896,040,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

            4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. Тодруулбал:

 

            4.1.Хариуцагч “*******” ХХК нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ажил хэргээ байнга явуулдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж зааснаар энэ хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээнд “Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй бол Сүхбаатар аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасан тул харьяалал зөрчсөн гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 

            4.2. Хариуцагч “Ай Эм Жи Эф индистриал энд майнинг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр буюу хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд болох тус компанийн гүйцэтгэх захирал Мэнь Шиан И нь БНХАУ-ын иргэн байх ба монгол хэл мэдэхгүй тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулах зэрэг ажиллагаанд орчуулагчтай оролцуулах шаардлагатай байжээ. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.” гэж зааснаар хариуцагчийн хүсэлтээр орчуулагч томилсон шүүгчийн захирамж гарган орчуулагчид санаатайгаар буруу орчуулбал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх орчуулагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, холбогдох баримтыг бүрдүүлсний дараа хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийн үр дагаврыг тайлбарлан өгөх зэрэг ажиллагаанд оролцуулж, холбогдох баримтуудад орчуулагчаар гарын үсэг зуруулаагүй байх тул хариуцагчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

 

            4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.” гэж зааснаар нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүгчид хуваарилах үедээ шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг албажуулах захирамжийг гаргаж байвал зохино. Энэ хэрэгт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа албажуулах захирамж гаргасан байна. /2 хх 53/

 

            4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Роза нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий дөрвөн хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2хх 56-58/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргах эрхтэй. Мөн энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж, энэ хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх шаардлагатай юм.

 

            4.5. Хэргийн 1 дүгээр хавтасны 130 дугаар хуудаст авагдсан нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад зохигчдоор гарын үсэг зуруулж, үр дагаврыг тайлбарласан учраас 148 дугаар хуудаст авагдсан ижил нэртэй баримтад хариуцагч, түүний төлөөлөгч гарын үсэг зураагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Түүнээс гадна хариуцагчийн төлөөлөгч Ц.Розад гомдол хянан шийдвэрлэх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба тэрээр уг хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн байна. /1 хх 150/

 

            4.6. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 944 дүгээр захирамжийг гардуулсан баримтад хариуцагчийг төлөөлж Т.Батдорж гэх хүн гарын үсэг зурсан байх ба хариуцагчийн төлөөлөгч Ц.Роза уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гарган шийдвэрлүүлсэн байх тул оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.  /1 хх 135, 2 хх 49/

 

            4.7. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, хэргийн оролцогчдын майл хаягт үзлэг хийж, захидлуудын эх сурвалжийг тогтоогоогүй, гаалийн мэдүүлэг үг, үсгийн алдаатай бичигдсэн, дутуу орчуулсан, орчуулга үнэн зөв гэж нотариат гэрчлээгүй, бараа, материалыг шинэ, хуучин гэж ангилж ялгах, гэрээ байгуулагдсан эсэхтэй холбоотой үндэслэлүүдийг энэ удаа хэлэлцэж, дүгнэх боломжгүй болно.

 

            5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболдын давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,473,666 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Дөрөв.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                               О.БААТАРСҮХ               

Б.ДЭНСМАА